Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/012

 

Ж.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Ж.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Мд холбогдох эрүүгийн 1814000050051 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хиад боржигон овогт Ж.М, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВК81030314/

Ж.М нь 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Богд сумын Сум дундын цагдаагийн тасгийн байранд М.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/          

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ж.Мд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хиад боржигон овогт Ж.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Мг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж Мд оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.Мгийн цагдан хоригдсон /41/ дөчин нэг хоногийг нэг хоногийн торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 5. 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Мд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4. 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ж.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Бын эмчлүүлэгчийн картыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Ж.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрзг үйпдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсаныг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй буюу миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэх хангалттай, эргэлзээгүй баримт, үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа билээ. Үүнд:

1. Хх-026-д авагдсан Шинжэзчийн дүгнэлт №48, Хх-117-д авагдсан Шинжээчийн дүгнэлт №540 болон Шүүхийн шатанд томилж гаргасан Шинжээчийн дүгнэлт №1148 нь ноцтой зөрүүтэй байхад шүүх түүнийг анхаарч үзээгүй нь “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй" гэж үзэх үндэслэл болж байна. Гэрч Эрдэнэболдын мэдүүлэгт үндэслэн гэм буруутай гэж үзэж байгаа бол түүний мэдүүлэгт “... Бын нүүрэнд ил харагдах гэмтэл, шарх анзаарагдаж харагдаагүй.", М нь Бын зүүн хацарт алгадаж байсан гэсэн, тэгэхээр Бын биед учирсан гэмтэл уг алгадалтаас үүссэн үү? Мэдэхгүй” гэж байгаагаас үзэхэд 1, 2 удаагийн алгадах шиг болсон үйлдэл хийсэн бол бусад буюу “2 нүдний доод зовхи, цээжний баруун дээд хэсэгт 1x1 см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, Духны баруун дээд хэсэгг 3.5x0.2 см, 3x0.2 см, хамрын хянганд 0.8x0.5 см хүрэн ягаан өнгийн зулгаралт" гэмтлүүд хаанаас үүссэнийг тогтоох, түүнд дүгнэлт хийх ёстой байсан.

Түүнчлэн гэрч Я.Баярмаагийн мэдүүлэгт “хохирогч М.Б нь хамрын хэсэгт зулгарсан, амны хэсэгт цус болсон ирсэн нөхцөл байдлыг мэдүүлсэн байдаг/хх-18. 42/ ба энэ нөхцөл байдлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 25 өдрийн №1148 тоот дүгнэлтийн үндэслэлд:

хохирогч М.Бын хамрын хянган хэсэгт зулгаралт" тогтоогдсон тул гэмтлийн "хөнгөн зэрэгт хамаарна" гэж дүгнэлт хийсэн.

Гэрч Я.Баярмаа нь гэрчийн мэдүүлэгт дурьдсан нөхцөл байдлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 25 өдрийн №1148 тоот дүгнэлт гарахаас өмнө мэдүүлэг өгсөн, шүүх хуралд оролцохоор нэг удаа шүүхэд хүрэлцэн ирсэн байдаг.

Шүүгдэгч Ж.М нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 25 өдрийн №1148 тоот дүгнэлт нь Я.Баярмаагийн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг нотолсон тул шүүх хуралдаанд гэрч Я.Баярмааг оролцуулж гэрчийн мэдүүлэг сонсох нь зүйтэй талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй боловч шүүх Я.Баярмаагийн мөрдөн байцаалтын явцад өгсөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруугүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.

2. Мөн шүүгдэгчээс шүүх хуралдаанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хангахаас татгалзсан нь ЭХХШ тухай хуульд шинжээчийн дүгнэлтийг уншиж сонсох, асуулт хариулт тавих журам зөрчигдсөн буюу өөрөөр хэлбэл Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Б.Баяртогтохын дүгнэлтэд дурдсан “чихний хэнгэрэг цоорсон тул хөнгөн зэрэгт хамаарах" нөхцөл байдал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 25 өдрийн №1148 тоот дүгнэлтээр үгүйсгэгдсэн байтал шүүх хуралдаанд Б.Баяртогтохыг оролцуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 25 өдрийн №1148 тоот дүгнэлтийн үндэслэлийг тодруулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Хх-5: Хохирогч М.Б “2017 оны 12.26-ны өдрийн шөнийн 01-02 цагийн үед хадам ээж Баярмаагийнд очсон". Х-011: Гэрч Н.Эрдэнэболд “2017.12.26-ны шөнийн 01-02 цагийн үед намайг эхнэрээ гэртээ хүргэж өгчихөөд соёлын төв дээр буцаад очиход", Х-017: Гэрч Баярмаа “2017.12.26-ны шөнийн 01 цагийн үөд байх', X- 042: 2017.12.25-26-нд шилжих шөнө 00 цагийн үед хүргэн Б нь манайд ирэхдээ” гэж мэдүүлсэн нь Баярмаагийнд үйл явдал 01-02 цагийн хооронд болсон ч X- 043: гэрч Т.Болортуяа: "Манай ажилчид 00 цаг хүргээд гараад явсан Б нь 00 цаг хүргээд бид нартай цуг гараад явсан Х-4 5 ар: гэрч Т.Насантогтох: "Манай ажилчид 00 цагийн үед бүгд гараад явсан. Тухайн үед ч гэсэн Б цуг гараад явсан." гэж тус тус мэдүүлсэн байгаа нь 00 цагийн үед үдэшлэг тараад 01 цаг хүртэл хэнтэй уулзсан, хаагуур явсан талаар өөрөөр хэлбэл хохирогчийн явсан маршрутыг тогтоогоогүй байгаа юм Учир нь хх-18 гэрч Баярмаа “...манай хүргэн Бын хамрын үзүүр орчимд зулгарсан юм шиг, мөн амнаас нь цус гарсан юм шиг болсон байсан. Би харснаа хэлсэн дээрх хүмүүс ямар өнцгөөс харсныг мэдэхгүй.", хх- 42:"... 2017.12.25-26-нд шилжих хүргэн Б нь манайд ирэхдээ архи уусан нилээн согтолттой хамарны үзүүр хэсэгтээ шалбарсан уруул амнаас цус гарсан байдалтай орж ирээд", хх-22 гэрч Насанжаргал : “Манай нөхөр согтуу ирсэн ба нүүрний хэсэгт шарх, гэмтэл байхыг хараагүй. Харин ам нь улаан юм шиг харагдсан.", хх-34 “ ..Ямар ч байсан манай ээж бид 2-ын дундуур ороод салгахад би хувцсаа өмсөөд гарахдаа харахад ам нь улаан харагдсан" гэж тус тус мэдүүлсэн байдаг ба үүнээс үзэхэд Соёлын төвөөс гараад Баярмаагийн гэрт очих хүртэлх хугацаанд гэмтэл авсан байх боломжтой байгаа юм. Уг баярт тухайн байгууллагаас 14 хүн оролцсон баримт хэрэгт авагдсан байгаа бөгөөд эдгээр хүмүүсээс асууж тодруулахад дээрх хугацаанд Б хэнтэй хаагуур явсан талаар тогтоох боломжтой. Хохирогчийн явсан маршрутыг тогтоох нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.

4. 2018.11.16-ны өдрийн 2018/ЕШЗ/412 дугаартай Шүүгчийн захирамжаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ЭХХШТХ-ийн 10.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу хуульд заасан журмаар шийдвэрлээгүй гэж үзэж байна.

5. Миний үйлчлүүлэгчийн буруутгагдаж буй хэрэг нь Эрүүгийн хуулийн 1.10- р зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 1 жил хүртэл тоолох гэмт хэрэг бөгөөд мөн хуулийн 1.10-р зүйлийн 2 дэх хэсэг зааснаар "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох” хуулийн зохицуулалттай, хэргийн үйл явдал 2017 оны 12 сарын 25-26 өдрүүдийн хооронд цаг хугацаанд хамаарах учраас 2018 оны 12 сарын 26 өдөр дууссан байгааг анхаарч үзнэ үү.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шинжээчийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогчийн явсан маршрутийг тогтоох, шүүгчийн 2018.11.16-ны өдрийн 2018/ЕШЗ/412 дугаар захирамжийг хууль зөрчиж гаргасан гэж үзэж байна.Гомдолдоо тодорхой бичсэн, гомдлоо дэмжиж байна гэв.

Прокурор В.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн 2018.11.16-ны өдрийн 2018/ЕШЗ/412 дугаар захирамж хууль зөрчөөгүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч Ж.М нь шүүгч Ч.Байгалмааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтээ шүүх хуралдааны үед гаргасныг шүүгч Ч.Байгалмаа хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2018/ЕШЗ/412 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр тал/

Тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ЕШЗ/03 дугаар захирамжаар өөрийгөө түр эзгүйд шүүгч Ч.Байгалмааг Ерөнхий шүүгчийг орлон ажиллах шүүгчээр томилсон, шүүгч Ч.Байгалмаа Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахыг хүссэн шүүгдэгч Ж.Мгийн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэхээр заасан байхад өөрөө шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэл болох тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 343 дугаар захирамжид Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг Шүүхийн тухай хууль гэж хүчингүй болсон хуулийн нэрээр бичсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3-т заасныг тус, тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.Мд холбогдох эрүүгийн 1814000050051 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Мд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ