Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 27

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “СГ” ББН,

Хариуцагч: ӨА-ийн Ц-О сумын ЗД,

“ӨА-ийн Ц-О сумын ЗД-ын “СГ” ББН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох, “СГ” ББН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “СГ” ББН-ийн дарга Ц.Б, хариуцагч ӨА-ийн Ц-О сумын ЗД Э.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“СГ” ББН-ийн дарга Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор Ц-О сумын ЗД-д 2017, 2019, 2020 онуудад удаа дараа хүсэлтийг хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлэхгүй байна.

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 1.3-д “энэхүү журмын зорилго нь үйлдвэрийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад журмын зорилго оршино”, мөн журмын 6.1.3-д “энэ журмын 7.1, 7.1.1, 7.1.2 заасны дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг бичил уурхай эрхлэгч этгээдтэй гэрээг тухайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулна” гэж заасан байдаг.

ӨАИТХ-н 2017 оны 12 сарын 04-ний өдрийн дугаар 5/9 тогтоолоор Ц-О сумын Даянгар, Үзүүр-Овоо нэртэй солбицол бүхий 1506,29 га газрыг бичил уурхайн зориулалтаар 5 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд Газрын тухай хуулийн 16.1.11-д заасны дагуу бичил уурхайн зориулалтаар авсан.

2019 оны 06 сарын 11-ний өдрийн 83 дугаар ӨАИТХ-ын дарга Х.С-ын “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг Ц-О сумын ЗД Э.Ч, Бортээг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга В.Д нарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу Засаг дарга нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж ажиллах чиглэлийг хүргүүлсэн. Энэ нь одоог хүртэл хэрэгжээгүй, Ө аймгийн ЗД орлогч С.М-ын 2019 оны 06 сарын 03-ны өдрийн №1-1382 бичгээр Ц-О сумын ЗД Э.Ч-д дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг мөн хүргүүлсэн.

Урьд өмнө нь олборлолт хийсэн 5 нөхөрлөл нь Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гараагүй талбайд Ц-О сумын ЗД Э.Ч-ийн шийдвэр тогтоолыг дагуу гэрээ хийгдэн ажиллаж байсан, Эдгээр нөхөрлөлөөс хоёр нөхөрлөл нь бичил уурхайгаар ашигласан газраа нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгч, төлбөр тооцоогоо дуусгасан. Тухайн 5 нөхөрлөл нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, 2019 оны 05 дугаар сарын 13, 2019 оны 04 дүгээр сарын 11, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрүүдийн Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгээс өмнө сумын Засаг дарга гэрээ байгуулан ажиллаж байсан, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №1-85 дугаар Ц-О сумын ЗД Э.Ч-ээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.С-т Бортээг багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажиллуулахгүй тогтоолыг гаргасан албан бичиг ирсэн.  Мөн Ө аймгийн бичил уурхай эрхлэгчдийн холбооноос удаа дараа албан тоотуудыг хүргүүлсэн боловч хариу ирүүлдэггүй байдал нь Ц-О сумын ЗД Э.Ч нь энэхүү үйл ажиллагаанд хувийн эрх ашиг, сонирхол байна гэж үзэж байна.

Бичил уурхай эрхлэгчдийн холбооноос асуудлыг шийдвэрлэх тухай Ц-О сумын Бортээг багийн иргэдийн гарын үсэг зурсан баримтыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар албан бичгээр Ц-О сумын ЗД Э.Ч-д хүргүүлсэн. “СГ” ББН нь 2017 онд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 5 сая төгрөгийг тусгай дансанд байршуулан, Ц-О сумын ЗД-тай гэрээ байгуулан Ц-О сумын Бортээг багийн Баруун даянгар гэх газар бичил уурхайн үйл ажиллагаа явуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварыг бүрэн төлж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ц-О сумын газрын даамал И.А-д нөхөн сэргээлт хийсэн газрыг албан ёсоор хүлээлгэн өгсөн байтал “Даянгар, үзүүр овоо” гэх газарт бичил уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулахаар өргөдөл 2017 онд гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар төлөгдөөгүй, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө байршуулаагүй, нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгөөгүй, багийн иргэдийн 50 хувийн гарын үсгийг цуглуулаагүй гэх хууль бус үндэслэлээр гэрээ байгуулахгүй эс үйлдэхүй гаргаж байна.

Гэрээ байгуулах тухай өргөдлийг Засаг дарга өргөдлийг буцаах үндэслэл байхгүй бөгөөд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2.5-д Энэхүү журмын 9.1.1-д заасан дүгнэлтээр бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй нь тогтоогдвол тухайн сум, дүүргийн Засаг дарга бичил уурхай эрхлэгч этгээдэд мэдэгдэж, өргөдлийг буцаана гэсэн ба Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 05 дугаар 13-ны №7/3728 дугаартай дүгнэлтээр Ц-О сумын Даянгар үзүүр овоо гэх газарт бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах боломжтой тухай дүгнэлт гарсан.

Ц-О сумын ЗД Э.Ч бичил уурхай эрхлэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйгээс болж бичил уурхай үйл ажиллагааг тухайн газарт явуулах шаардлагыг бүрэн хангасан байхад манай нөхөрлөлийн дүрэмд заасан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа явуулах, орлого олох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр зөрчиж байгаа тул шүүхээс тус хууль бус эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргаснаар бидний бичил уурхайгаар ашигт малтмал эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол эргэн сэргэх нөхцөл бүрдэх юм.

Багийн нийтийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол нь яг ямар  үндэслэлээр ажиллуулах зөвшөөрөл олгохгүй байна вэ гэдгийг Хурлын тогтоолдоо тусгаагүй. Өөрөөр хэлбэл бичил уурхайн тухай хуулийн энэ заалтыг үндэслээд багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарсан эсэх нь ойлгомжгүй. Мөн бичил уурхайтай холбогдолтой хууль тогтоомжийн эмхэтгэл гэсэн номд багийн иргэдийн нийтийн санал, зөвшөөрөл авах талаар зохицуулагдаагүй байна. Хэрэв үнэхээр заавал багийн иргэдийн нийтийн зөвшөөрлийг авах ёстой гэсэн хуулийн зүйл, заалт буюу хуулиар зохицуулагдсан байвал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзъя. Тэгтэл хуулиар зохицуулаагүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Иргэнд зөвшөөрснөөс бусдыг хориглоно. Гэтэл хуулиараа хориглосон зүйл байхгүй байна.

Бичил уурхайн хууль тогтоомж, журмын дагуу тухайн орон нутгийн иргэдээс санал авч гарын үсэг цуглуулах тухай үг үсэг заалт байдаггүй. Тухайн сумын Засаг дарга Э.Ч нь Засгийн газрын журмыг хэрэгжүүлэхгүй ард иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа тул асуудлын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, Ц-О сумын ЗД-ын “СГ” ББН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “СГ” ББН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч ӨА-н Ц-О сумын ЗД /Э.Ч/ шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус сумын Бор тээг багийн нутагт орших  Даянгар, үзүүр овоо нэртэй газарт Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 05 дугаар 13-ны 7/3728 албан бичгээр ирүүлсэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулах дүгнэлт гарсан байдаг. Тухайн газар нь 1990-ээд оны сүүлээс эхлэн тухайн үеийн нэршлээр нинжа нэртэй хүмүүс тал талаас цуглан он удаан жил ухагдан сүйтгэгдсэн газар юм.

Бид аймаг, сумынхаа Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тухайн эвдэгдсэн газруудыг ээлж дараатай нөхөн сэргээх, улмаар иргэдийг зохион байгуулалтын хэлбэрт оруулан дүрэм журмын хүрээнд ашиглуулахаар заасан ба түүний дагуу зохих шийдвэрүүд ч гарсан. Аймгийн удирдлагуудаас ч бичил уурхай эрхлүүлэх чиглэл ирсэн.

Гэтэл Бор тээг багийн малчид, иргэд тухайн газарт алт олборлох үйл ажиллагааг эсэргүүцэн 2018 оны 09 дүгээр 12-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн хурлаас 3/1 дүгээр тогтоолоор сумын Засаг даргад уламжлан багийн Засаг даргадаа үүрэг болгосон. Аймгийн удирдлагууд, Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр холбоо, бичил уурхай эрхлэх сонирхол бүхий нөхөрлөлийн төлөөллүүд олон удаа уулзаж ярилцсан. Улмаар сумын Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн хурлын дарга, багийн Засаг дарга бидний зүгээс багийн иргэдийн олонх дэмжсэн гарын үсэг цуглуулбал хурлыг дахин хуралдуулж, тухайн тогтоолыг хүчингүй болгох талаар ярилцана гэдэг шийдэлд хүрсэн. Ийнхүү нөхөрлөлийн төлөөллүүд багийн малчидтай уулзаж гарын үсэг нэлээдгүй цуглуулснаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах болоход дэлхий нийтийг хамарсан цар тахал болох Ковид-19 өвчний улмаас өнөөг хүртэл боломж нь бүрдээгүй байна. Хорио цээр цуцлагдсан үед хурлыг хуралдуулан тухайн асуудлыг дахин хэлэлцүүлснээр шийдэгдэнэ.

Иймээс “СГ” ББН-ийн гаргасан нэхэмжлэлийг багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гарах хүртэл хүлээн авах боломжгүй хэмээн үзэж байна.

Бичил уурхайтай холбоотой хууль тогтоомжийн эмхэтгэлд зааснаар зохицуулагдахгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын болон сумын Засаг даргын эрх, үүрэг байгаа. Тиймээс ганц бичил уурхайтай холбоотой хуульд хамаарал бүхий асуудал биш юм. Мөн аймгийн удирдлагууд, бичил уурхай нэгдсэн тээврийн удирдлагуудтай уулзахад багийн нийтийн иргэдийн хурлыг дахин хуралдуулъя гэсэн санал тавьсан. Дахин хуралдуулахад иргэд зөвшөөрвөл зөвшөөрөл олгож, үйл ажиллагааг нь дэмжинэ  гэсэн байгаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан өвчний улмаас хурлыг зохион байгуулах боломжгүй байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “СГ” ББН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “СГ” ББН нь “ӨА Ц-О сумын ЗД-ын “СГ” ББН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “СГ” ББН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэр бүхий талбайд бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох нөхцөл, шаардлагыг хангасан байхад сумын Засаг дарга хууль бусаар татгалзаж байна...” гэж тайлбарладаг.

Хариуцагч Ц-О сумын Засаг даргын зүгээс нэхэмжлэгч “СГ” ББН-ийн бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх болзол, шаардлагыг хангасан эсэх тал дээр маргадаггүй, “...урьд нь гэрээ байгуулж, бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байсан таван нөхөрлөлөөс хамгийн сайн ажиллаж, гэрээний үүргээ хангалттай биелүүлэн, нөхөн сэргээлт хийсэн, цаашид энэ нөхөрлөлтэй гэрээ байгуулан ажиллахад татгалзах зүйлгүй, харин Бортээг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1 дүгээр тогтоолоор тухайн газар нутагт “бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал ашиглуулахаас татгалзсан” тул гэрээ байгуулах боломжгүй болсон...” гэж тайлбарладаг  тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэхэд шүүхээс дүгнэлт хийв.

Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан  “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ журмын 7.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу байгуулна”;

  • 2.5-д  “Энэхүү журмын 9.1.1-д заасан дүгнэлтээр бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй нь тогтоогдвол тухайн сум, дүүргийн Засаг дарга бичил уурхай эрхлэгч этгээдэд мэдэгдэж, өргөдлийг буцаана”;
  • 7.1.2-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аймгийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй;
  • 9 дүгээр зүйлийн 9.1.1-д бичил уурхайн зориулалтаар ашиглахаар сонгосон газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-д “энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох” заасан дүгнэлт гарсан байхаар хуульчилсан.

ӨАИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/9 дүгээр тогтоолоор[1] Ц-О сумын нутаг дэвсгэрт орших Даянгар үзүүр овоо нэртэй, солбицол бүхий 1506,29 га газрыг бичил уурхайн зориулалтаар 5 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 7/3728 дугаар албан бичгээр[2] бичил уурхайн зориулалтаар ашиглах дүгнэлт гарсан байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаар албан бичиг[3], аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 03-ны 1-1382 дугаар албан бичгээр тус нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулахыг Ц-О сумын  Засаг даргад үүрэг болгосон боловч Бортээг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1 дүгээр тогтоолоор “ бичил уурхайн зориулалтаар ашиглуулахаас татгалзсан” тул бичил уурхай эрхлүүлэх гэрээ байгуулах боломжгүй байгаа талаар хариуцагч хариу өгч байжээ.

Мөн хариуцагч Ц-О сумын  Засаг дарга бичил уурхай эрхлэх өргөдөл өгсөн нөхөрлөлийн төлөөлөлтэй уулзаж, багийн иргэдийн зөвшөөрөл бүхий гарын үсэг цуглуулах талаар санал тавьж, цуглуулсан гарын үсгийг нь иргэдийн 50 хувьд хүрээгүй, алдаатай байсан тул зөвшөөрөөгүй гэх мэт үйл баримт шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан тайлбар болон хэргийн 37 дугаар талд авагдсан баримтаар тогтоогддог.

Гэтэл Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.5-д өргөдлийг буцаах үндэслэлийг тодорхой заажээ.

Ийм байдлаар бичил уурхай эрхлэх гэрээ байгуулахаас татгалзаж байгаа сумын Засаг даргын эс үйлдэл нь Ашигт малтмалын тухай хууль болон дээрх журамд нийцээгүй буюу бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох эрх олгохоос татгалзахад багийн иргэдийн саналыг харгалзах, багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг тусгах талаар үндэслэлгүй шаардлага тавьж байгаа нь хууль бус байна.

Нэхэмжлэгч “СГ” ББН нь бичил уурхайгаар үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан нөхөрлөл байх бөгөөд нэгэнт гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байгаа нөхцөлд,  энэ нөхөрлөлтэй гэрээ байгуулан ажиллахад татгалзахгүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг баримтлан, нэхэмжлэгч “СГ” ББН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ӨА Ц-О сумын ЗД-ын “СГ” ББН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “СГ” ББН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг хариуцагч Ц-О сумын Засаг даргад  даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч ““СГ” БНН-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц-О сумын Засаг даргаас  70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.БАЯРМАА

[1] Хэргийн 51 дүгээр хуудас

[2] Хэргийн 44 дүгээр хуудас

[3] Хэргийн 38 дугаар хуудас