| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0077/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/39 |
| Огноо | 2017-03-18 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэгийг суулцуулан
Улсын яллагч Л.Отгончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү
Шүүгдэгч М.О- нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-т холбогдох эрүүгийн 201622000669 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М.О.
Шүүгдэгч М.О- нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 11-14 тоотын гаднаас хохирогч Д.Э-ы мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн,
2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Хөх толгойд оршин суух З.Б-ийн хашаан дотроос түүний мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн,
2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Тэнхлэг плаза дэлгүүрийн гаднаас хохирогч У.Б-ийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.О- нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 11-14 тоотын гаднаас хохирогч Д.Э-ы мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн,
2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Хөх толгойд оршин суух З.Б-ийн хашаан дотроос түүний мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн,
2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Тэнхлэг плаза дэлгүүрийн гаднаас хохирогч У.Б-ийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О- мэдүүлэхдээ: "...Гурван мотоцикль хулгайлан авсан. Энэ хийсэн хэрэгтээ гэмшиж байна." гэв.
Хохирогч С.Д.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 08-р сарын 12-ны өдөр би Түнэл сумаас Мөрөнгийн төв рүү явж байгаад замдаа М.О-тэй тааралдаад М.О- Мөрөнгийн төв рүү явна гэхээр нь хамт наашаа Мөрөнгийн төвд орж ирсэн. Бид хоёр Мөрөнгийн төвд орж ирээд 5-11-14 тоотод байх төрсөн ах Буянхишигийн гэрт хамт очсон юм. Тэнд ороод байж байхад М.О- надаас түрүүлээд гараад явсан, тэгээд би араас 20 орчим минутын дараа гарсан чинь миний мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...М.О-ийн ээж нь барьцаанд тавьсан байхад нь олж авлаа гээд авчирч өгсөн. Мотоцикль маань бүрэн бүтэн байсан. ...би мотоциклио 400.000 төгрөгөөр худалдаж авсан байсан тэр үнээрээ үнэлнэ. ..Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Мотоциклио бүрэн бүтнээр нь олоод авчихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Хохирогч У.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 09 сарын 01 өдөр би Түнэл сумаас Мөрөн лүү дүүгээ хотоос тосож авах гээд өөрийнхөө хар өнгийн мустанг-5 маркийн мотоциклиор Мөрөн сум ороод зах руу ажилтай болохоор захын Тэнхлэг плаза дэлгүүрийн баруун талд нь мотоциклио үлдээгээд зах руу ороод гараад ирсэн чинь миний мотоцикль алга болсон байсан. ....би мотоциклио 300.000 төгрөгөөр үнэлнэ. ...би хохирлоо барагдуулж авсан, одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. М.О-т гомдолгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Хохирогч З.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 08-р сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд Мөрөн сумын 10 дугаар хороонд байх гэртээ охин Төгөлдөрийн хамт унтаж байгаад хашаан дотроосоо мустанг-5 маркийн мотоциклио хулгайд алдсан. ...миний мотоциклийг М.О- гэдэг нөхөр Х.Б- гэдэг хүнд 85.000 төгрөгөөр зарсан байна лээ. ...мотоциклио 700.000 төгрөгөөр үнэлнэ. ...М.О-ийн ээж нь миний мотоциклийг Х.Б- гэдэг хүнээс бүрэн бүтэн авч өгсөн. Одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас,
Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2016 оны 08-р сарын 18-ны өдөр Хядгийн рашаан орж рашаан аваад буцаад Нисэх онгоцны буудлын цаад талд явж байтал нэг мотоцикльтой хүн араас давхиж ирээд сигналдаад байхаар нь зогсоод уулзтал та мотоцикль худалдаж авах уу гэхээр нь би ямар мотоцикль юм бэ гэж асуухад энэ унаж яваа мотоциклио зарчихмаар байна, манай ээж надад шинэ мотоцикль авч өгсөн, хуучин мотоциклио зарчихмаар байна гэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад 100.000 төгрөгөөр зарчихмаар байна гэсэн. Тэгэхээр нь би өөрөө мотоцикль унаж чадахгүй хүнээс асууж өгье гээд тэр залууг дагуулаад 9-р хороонд байх гэртээ дагуулж очсон. Гэртээ оччихоод 9-р хороонд байх дүүгийнхээ гэрт дагуулж очоод нөгөө мотоциклийг нь ямар мотоцикль байна вэ гэж үзүүлсэн манай дүү босгочихсон мотоцикль байна, 100.000 төгрөгөнд худалдаж авахад болох мотоцикль байна гэхээр нь би худалдаж авахаар болсон. Тэгээд гэрлүүгээ явах замд би мотоциклийнх нь араар суугаад явтал диск нь хий эргээд байсан, тэгэхээр нь би дискийг нь засаж өг гэхэд тэгвэл 15.000 төгрөг хасъя, та өөрөө диск худалдаж аваад тавьчих гээд 85.000 төгрөгөөр мотоциклийг нь худалдаж авахаар болсон. Тэгээд тэр өдрөө нөгөө залууд 85.000 төгрөгийг бэлэн өгөөд мотоциклио аваад үлдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Б.Ж-ы мөрдөн байцаалтад өгсөн: "...М.О-ийг дагуулж мотоциклио зарсан айлд нь очиж мотоциклыг нь аваад 100.000 төгрөгөөр зарсан гэхээр нь 100.000 төгрөгийг өгөөд мотоциклийг нь эзэнд нь хүлээлгэж өгсөн..." гэх мэдүүлэг /ххийн 25 дугаар хуудас/,
Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 08-р сарын 12-ны өдөр Д.Э- усанд явчихаад ирье гээд мотоциклио унаад явсан, тэгсэн тэр өдөртөө ирээгүй. Мөрөн ороод мотоциклио алдчихсан сураг гарсан. Тэгэхээр нь Д.Э-тай холбоо барихад М.О-тэй хамт Мөрөнгийн төв ороод айлд очсон чинь М.О- мотоциклийг маань хулгайлаад аваад явчихлаа гэсэн. ...нилээн хугацааны дараа М.О-ийн ээж нь Д.Э-ы мотоциклийг барьцаанд тавьсан байсныг авч өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаартай "...1.М.О- нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй, хяналтанд байдаггүй. 3. Сэтгэцийн хувьд эрүүл, 4. Албадан эмчилгээ шаардлагагүй. 5. Хэрэг хариуцах чадвартай" гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ. Иймд шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байна /хх-ийн 55 дугаар хуудас/, Шүүгдэгч М.О-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг согтуурсан үедээ давтан үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож үзлээ.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгчээс эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 201622000669 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч М.О- нь 77 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.О-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.О-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтны засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн 201622000669 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О- нь 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР