Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/388

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0366/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч Л.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Л.Ж холбогдох эрүүгийн 1818000000423 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Л.Ж 1986 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Ж нь архидан согтуурсан үедээ 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Блисс” нэртэй гоо сайхны салон дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Х-г эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Ж нь архидан согтуурсан үедээ 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Блисс” нэртэй гоо сайханы салон дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Х-г эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Л.Ж-ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Блисс” салонд 14:00 цагийн үед ганцаараа 0.33 литрийн “Хараа” нэртэй архи уусан. Тэгээд Халиунаа намайг “гэртээ хариад амар” гэхээр нь би харихгүй гэж хэрэлдээд зүүн гараараа нүүр лүү нь цохиж, толгой руу нь баруун гараараа 3 удаа цохисон.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 5-6/,

-Хохирогч Б.Х-г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би өөрийн ажилладаг “Блисс” нэртэй салонд ажлаа хийгээд байж байсан бөгөөд манай хамтран амьдрагч болох Жаргалсайхан согтуу орж ирээд орж гараад янз бүр болоод байхаар нь би “үйлчилгээний газар шүү дээ, гэр лүүгээ харь” гэж хэлсэн. Тэрнээс болоод бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд би хаалганы хажууд яв гээд түлхээд бас алгадсан. Гэтэл Ж намайг гараараа нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан. Миний хамарнаас цус гараад би цагдаад дуудсан чинь Ж гараад явсан.

...Би “Бид” эмнэлэгт хамраа үзүүлж янзлуулсан. Нийтдээ 70000 төгрөг болсон. Энэ мөнгөө би Ж гаргуулж авсан. Одоо ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 11-12/,

-“…Б.Х-г биед хамар ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, доод эрүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 985 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 13/,

-“Хохирогч Б.Х-г хохирлын баримт “Бэлэн мөнгөний орлогын баримт”  /хэргийн 18/,

-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 30-31/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч  Ж ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч  Ж-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч  Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-гэрүүл мэндэд “ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, доод эрүүний цус хуралт” бүхий гэмтэл учирсан /хэргийн 31 бөгөөд хохирогч Б.Халиунаа нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Л.Ж нь архидан согтуурсан үедээ 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Блисс” нэртэй гоо сайхны салон дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Х-гэрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч  Ж ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч  Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Л.Ж-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.Ж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгуулийн ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Л.Ж-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Л.Ж-д анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Я.ТУУЛ