| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0161/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/176 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0161/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын орлогч прокурор У.Дэндэвдорж, хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч Б.Г, Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Б нарт холбогдох эрүүгийн 2018001280136 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овогт Б.Г /РД: /, ........ төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын үйлдвэрийн техник технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд: 4 удаагийн ял шийтгэлтэй.
2. Монгол Улсын иргэн, Б овогт Ч.Б /РД: /, .......... төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн Үйлчилгээний төвийн дэргэд байрлах ХААН банкны АТМ-д иргэн Т.Бхийн орлого тушаахаар 660000 төгрөг хийгээд мартаж явсан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 660000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бусдын орхисон буюу гээгдэл хөрөнгийг Б.Г хууль бусаар авсан гэдгийг мэдсээр байж түүнээс 160000 төгрөгийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,
-Хохирогч Т.Бхийн Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4/,
-Хохирогч Т.Бхийн ХААН банк дахь 5086хххххх тоот дансны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 5/,
-Хохирогч Т.Бхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд би тухайн үед өөрөө ХААН банканд очоод камерын бичлэгээ шүүж үзсэн ба миний ард байсан хүн мөнгийг авсан байсан. Мөн миний бие АТМ-д тушаасан мөнгөө банкны ажилтантай тулгаж шалгахад нийт 685000 төгрөгийн орлого хийснээс 25000 төгрөгийг буцаж гаргахаар нь тухайн үед тэдгээр мөнгөн тэмдэгтийг голоод гаргасан гэж бодсон тул аваад явсан. Цаана нь 660.000 төгрөг үлдсэн байсныг ард зогсож байсан хүн авсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,
“...би өнөөдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 50 минутаас 14 цагийн хооронд Шинэ Дархан Үйлчилгээний төвд байрлах ХААН банкны АТМ-д очиж өөрийн ХААН банк дахь 5086хххххх тоот дансанд орлого хийгээд зогсож байтал АТМ-д тэнцэхгүй 25000 төгрөг буцаж гарахаар нь аваад шууд гараад явчихсан. Тэгээд удалгүй тус АТМ-д виза карт болон хийж байсан үйлдлээ дутуу хийснээ санаад эргээд иртэл байхгүй байсан. Тэгээд ХААН банкны лавлах руу залгаж асуухад “цагдаад дуудлага өг, дараагийн үйлчлүүлэгч мөнгө, карт хоёрыг чинь аваад явсан байна” гэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,
-Гэрч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би энэ асуудлыг тухайн үед мэдээгүй. 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр над руу цагдаагаас яриад учир байдлыг хэлэхэд мэдсэн. Тэгээд ахаасаа ямар учир болсон талаар асуухад тэр өдөр АТМ-аас мөн олсон. Тэгээд тэр мөнгөө яахаа мэдэхгүй баахан сандарсан. Олон сая төгрөг байсан бол яана аа, намайг цагдаа дээр аваад очихоор хаанаас хулгай хийсэн бэ гэх вий гэж айсан” талаараа хэлсэн. Манай ах хүн харахад согтуу юм шиг байдаг, тэгээд сэтгэц нь эрүүл биш учир хэн нэгэнд хандаагүй юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,
-Гэрч Г.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн асуудлын талаар одоо бол сайн санахгүй байна. Камерын бичлэгээс хэдэн төгрөг гарсныг мөнгөн дүнгээр тооцож хэлж чадахгүй. Харин эхлээд нэг хэсэг мөнгө гарсан, дараа нь дахин хэсэг мөнгө гарсныг арын үйлчлүүлэгч нь авсан гэж хэлсэн байх гэж бодож байна. Мөнгө 2 хуваагдаж гарах боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,
“Т.Бхийн өмнө ашиглаж байсан 949618хххххх6124 дугаартай картыг Үйлчилгээний төв дээр байх К200795 маркийн АТМ төхөөрөмжид 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 57 минут 36 секундэд уншуулан 20000 төгрөгийн дэвсгэрт 18 ширхэг, 10000 төгрөгийн дэвсгэрт 14 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 32 ширхэг нийт 660000 төгрөг уншуулсныг тоолж хүлээн авахад бэлэн болсон болох нь АТМ-ын гүйлгээний үйлдэл дээр бичигдсэн байна. Мөн үүний дараа 13 цаг 58 минут 23 секундэд чанарын шаардлага хангахгүй мөнгөн дэвсгэрт гаргасан байна. Тухайн мөнгийг таних боломжгүй тул нийт хэдэн төгрөг гаргасныг бол мэдэхгүй. Үүний дараа 13 цаг 58 минут 41 секундэд 660000 төгрөгийн гүйлгээ цуцлагдаж мөнгийг нь буцааж гаргасан болох нь АТМ-ын гүйлгээний үйлдэл дээр бичигдсэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119/,
-Шүүгдэгч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Тухайн үед Гийн дэргэд байсан. Тэр үед буруу, болохгүй гэдгийг нь мэдэж байсан учраас Гэд “тухайн мөнгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх ёстой” гэж хэлсэн. Тэгэхэд Г нь “болно болно, зүгээр” гэж хэлсэн. Тэгээд бид цайны газар ороод 20000 төгрөгөөр хоол авч идээд Г байсан бүх мөнгийг 2 хуваагаад надад 160000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33/,
-Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “АТМ-аас мөнгө гараад ирэхэд Б “бусдын мөнгийг авч болохгүй, цагдаад хандах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгэхэд нь би Цагдаагийн байгууллагад очиж мөнгийг өгөх юм бол биднийг хулгай хийсэн байна гэж гэмт хэрэгт сэрдэж бөөн ажил болох байх гэж бодоод очоогүй. Тэгээд АТМ-аас гарч ирсэн мөнгийг 2 хуваагаад талыг нь Бт өгөөд өөрөө талыг нь авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40/,
-“Иргэн Б.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн Тархины өвчин гэмтэл, үйлийн хямралын шалтгаан бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгтэй байсан боловч өөрийнхөө болон бусдын хийсэн үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна. Иргэн Б.Г нь сэтгэцийн өвчнөөр 2003 оноос хяналтад байдаг. Иргэн Б.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хүлээх чадвартай болно” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №19/20 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 42/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Г нь иргэн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр болох Үйлчилгээний төвийн дэргэд байрлах ХААН банкны АТМ-д иргэн Т.Бхийн орлого тушаахаар 660000 төгрөг хийхээр мартаж явсан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 660000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бусдын орхисон буюу гээгдэл хөрөнгийг Б.Г хууль бусаар авсан гэдгийг мэдсээр байж түүнээс 160000 төгрөгийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийн, шүүгдэгч Ч.Бын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.Гийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч.Быг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, Капитрон банкны орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 128/, хохирогч Т.Бхийн “...хохирол 660000 төгрөгийг Б.Г, Ч.Б нараас авч хохирлоо бүрэн барагдуулсан гомдол саналгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 129/-ээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Г, Ч.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Г, Ч.Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Гэд анхааруулж, шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Быг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхийг прокурорын газраас санал болгож ирүүлсэн боловч шүүгдэгч Ч.Б нь 61 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар /хавтаст хэргийн 82/ нотлогдож байх тул түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г, Ч.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Г, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Гийг гээгдэл эд хөрөнгө завшиж, бага хэмжээнээс дээш буюу 660000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б овогт Ч.Быг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Б.Гэд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Ч.Быг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Гэд үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Гэд анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Бт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Бт анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг сиди-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ