| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0367/ |
| Дугаар | 2018/шцт/389 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2018/шцт/389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0367/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ******ын *****д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818007230422 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Б 1978 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэс петролиум” шатахуун түгээх станцын баруун талд дулааны шугам сүлжээ солих ажил гүйцэтгэж байсан “******” ХХК-ийн хуванцар хоолой гагнадаг гагнуурын аппаратыг хулгайлж 4500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэс петролиум” шатахуун түгээх станцын баруун талд дулааны шугам сүлжээ солих ажил гүйцэтгэж байсан “******” ХХК-ийн хуванцар хоолой гагнадаг гагнуурын аппаратыг хулгайлж 4500000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Ц.Б ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгээс гараад орой 17 цаг өнгөрч байхад Дарханд орж ирээд 2 ягаан байрны тэнд буусан. Тэгээд би эгчийнхээ гэр лүү явж байгаад “Тэс петролиум” шатахуун түгээх станцын хашааны баруун талд ухсан байсан нүхний хажууд саарал өнгийн гагнуурын аппарат байхаар нь аваад явсан.
...Гэм бургуугийн тал дээр маргаан байхгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан учир хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-3/,
-Эд зүйлийг түр хураан авах тухай тэмдэглэл /хэргийн 12/,
-Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 13-14/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 15/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 16/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 4500000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 18-19/
-Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр цэвэр усны шугам сольж байхад манай ажилчид хуванцар хоолой гагнадаг аппаратаа ухсан нүхний ирмэг дээр гаргаад тавьсан байсан чинь ухсан нүхнээс гарч ирээд хартал алга болсон байсан. Тэгээд тэд нар хайгаад олохгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн.
... надад гомдол санал байхгүй эд зүйлээ бүрэн бүтэн олж авсан ” гэх мэдүүлэг /хэргийн 26-27/,
-Гэрч М.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 17 цаг 54 минутад манай ажилтан *****над руу залгаад “та гагнуурын аппарат далд хийсэн үү?” гэж асуусан. Тэгээд би одоо очиж байна гэж хэлсэн. Очиход гагнуурын аппарат дөнгөж сая алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та нар юугаа хийгээд байцгаагаад байгаа юм, ийшээ тийшээ явж хай” гэж хэлсэн. Би******эд хурдан цагдаад мэдэгд гэж хэлсэн.
... Дөрвөлжин саарал өнгийн хуванцар хоолой гагнадаг аппарат байгаа. Бариул нь улаан өнгөтэй. Марк нь HME-9C гэсэн бичигтэй 220 вольт хүчин чадалтай аппарат.” гэх мэдүүлэг /хэргийн 28/,
-Шүүгдэгч Ц.Б ийн “2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Тэс петролиум” колонкийн хашааны гадна байсан гагнуурын аппаратыг хулгайлсан учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин тийм асуудал гаргахгүй. Гагнуурын аппаратыг буцааж өгсөн, эзэн нь хохирол байхгүй талаар хэлсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 57/,
-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 58/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Б нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэс петролиум” шатахуун түгээх станцын баруун талд дулааны шугам сүлжээ солих ажил гүйцэтгэж байсан “******” ХХК-ийн хуванцар хоолой гагнадаг гагнуурын аппаратыг хулгайлж 4500000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч “******” ХХК-нд 4500000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 18-19/ нотлогдож байх бөгөөд хохирогчийн төлөөлөгч******эд алдагдсан гагнуурын аппаратыг буцааж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хэргийн 13-14/ нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэс петролиум” шатахуун түгээх станцын баруун талд дулааны шугам сүлжээ солих ажил гүйцэтгэж байсан “******” ХХК-ийн хуванцар хоолой гагнадаг гагнуурын аппаратыг хулгайлж, 4500000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Ц.Б үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4500000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Ц.Б-д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Б-д анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ