Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0082/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч Ш.Р, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч П.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.Ө-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718003800183 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ,,,,,,,,,,,,,өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, Дархан-Уул аймгийн, Дархан сумын ,,,,,,,,,,,,тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт П-н Ө /............/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

Шүүгдэгч П.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн .......... багийн нутаг дэвсгэр “Цагаан нуур”-н 247/98 км-ийн заалттай шонгийн орчим Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймаг орох чиглэлд асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн ......... улсын дугаартай “Toyota Kluger” загварын шаргал өнгийн авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Н-ийг мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн ......... багийн нутаг дэвсгэр “Цагаан нуур”-н 247/98 км-ийн заалттай шонгийн орчим Слэнгэ аймгаас Дархан-Уул аймаг орох чиглэлд асфальтан зам дээр өөрий өмчлөлийн ......... улсын дугаартай “Toyota Kluger” загварын шаргал өнгийн авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1 дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ш.Н-ийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9/,

Гэрч Ж.Б-ын “...Хар морьтын хөтөл өнгөрөөд Цагаан нуурын харалдаа явж байсан гэнэт хүн зам дээр гараад ирсэн. Тэгэхээр нь хүн байна гэхэд манай нөхөр Ө шууд тормосоо гишгэсэн боловч чадалгүй тэр хүнийг мөргөчихсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

Гэрч Г.С-ын “...Сэлэнгэ аймгаас гараад Улаанбаатар хот руу явж байтал Дархан-Уул аймгийн Цагаан гэдэг газрын орчимд урдаас Дархан чиглэлээс нэг машин ирж байсан машинтай зөрөх шиг болсон чинь дугуйгаараа шүргэлцчихсэн тэгээд би зам чөлөөлөөд зогссон, нөгөө машин ч цаашаа нилээн явж байгаад буцаж эргээд миний машины урд ирээд зогссон. Тэр машины жолооч 50 орчим насны эрэгтэй хүн ирээд өөрийнхөө машины дугуйг хараад мөн миний машины дугуйг харчихаад юм ярих гэтэл хэлгүй, дүлий хүн байж таараад бие биенээ ойлголцохгүй байсан. Тэгээд эргээд хартал нөгөө машины жолооч нилээн цаана очсон гар утасныхаа гэрлийг асаагаад зам дээр алхаж байсан. Сэлэнгэ талаас машин ирж байхаар нь би араас чинь машин хөөе гэж орилоод гараараа дохио өгсөн чинь ах ерөөсөө анзаараагүй манай 2 найз бид 3 замын хажуу руу үсрээд нөгөө залуу нь бас гараараа дохиод замын хажуу руу үсэрсэн,  тэгтэл ард тас няс буугаад ахыг мөргөөд чигээрээ яваад зогссон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

Гэрч Ч.Б-ын “...бид хэд замынхаа баруун гар тал руу шахаад машин руугаа эргээд алхахад С 2-3 алхамын урд явж байснаа хөөе машин гээд хашгирсан, тэгтэл хурц гэрэл гэнэт туссан. Би замын хажуу талын шороо руу үсрээд унасан. Манай найз Т байна уу гэхээр нь би энд байнаа гээд босч ирээд юу болсон яасан бэ гэсэн машины жолооч замын хажуу талын шороон дээр хэвтэж байсан. Тэгээд дөхөөд очсон чинь тэр хүн мөргөсөн машинаас нэг эмэгтэй бууж ирээд бид нар луу энэ зам дээр юугаа хийж байгаа юм гэхээр нь бид нар юу гэсэн үг юм бэ хүн мөргөчихсөн байна, цагдаа эмнэлэг дуудаач ээ гэж хэлсэн. Манай 2 машин Дархан явах чиглэлийн зорчих хэсгийг чөлөөлөөд замын баруун гар тал руугаа аваарын гэрлээ асаагаад зогсоосон байсан. Талийгаачийн машины гэрэл бүр асаалттай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,

Гэрч Д.Т-ын “...С талийгаач 2 машинаа ар араас нь замын баруун гар тал руу шахаад зорчих хэсгээ чөлөөлөөд аваарын гэрлээ асаагаад зогссон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,

Зам тээврийн ослын талаах шинжээчийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн ...... дугаартай “...T.Klugger маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч .....нь замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлэг 9.1 /Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна/ гэсэн заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40/,

Замын цагдаагийн албаны шинжээч нарын ,,,,,,өдрийн 27 дугаартай “...Тоёота Клугер маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэглсийн жолооч П.Ө нь замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлэг 9.1 /Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. П.Ө нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасны дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж осол зөрчил гаргахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох ёстой болно. Жолооч суурингийн гаднах замд 80 км цагийн хурдтай явах ёстой хэдий боловч замын нөхцөл байдалд тохируулан аюул, саад бий болсон тохиолдолд мөргөлгүйгээр, осол гаргахгүйгээр, зогсох боломжтойгоор хурдаа тохируулан замын хөдөлгөөн оролцох ёстой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 214/,

Талийгаач Ш.Н-ийн оршуулгын зардалтай холбогдолтой баримтууд /хавтаст хэргийн 143-191/,

Хохирогч Ш.Р-ийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /2-р хавтаст хэргийн 22-46/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Л.У-ийн өгсөн “...Зам тээврийн осол гарсан шалтгаан нь П.Ө урд байсан машинуудын ослын дохио гэрлийг харсан бөгөөд харснаас хойш зогсох арга хэмжээ авч явган зорчигчийг мөргөхгүй байх боломжтой байсан. Мөн энэ нь автомашины эвдрэлээс харахад тодорхой харагдаж байна. Хэдийгээр үзэгдэх орчин хязгаарлагдмал бороо орсон байсан ч жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг сахиж оролцох ёстой. Иймд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг

Шүүгдэгч П.Ө-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг руу ахыгаа хүргэж өгсөн. Буцаад Сэлэнгэ аймгаас гарахад 18 цаг болж байсан.  Тэгээд замдаа Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байдаг дүүгийндээ очсон. Тэднийд 15 орчим минут болсон. Уг нь хонь авахаар очсон боловч бороотой байсан болохор норсон хонь авалгүй гарсан. Би эхнэр Б, хүү Э нарын хамт явсан. Тэгээд Х-ын хөтөл даваад уруудаад явж байтал зам дээр анивчсан гэрэл дохиж харагдсан. Гэрэл байна даа гээд явж байтал гэнэт хүмүүс гараад ирсэн. Би тухайн хүмүүсийг харангуутаа тормос гишгэсэн боловч машинаа зогсоож чадалгүй хохирогчийг мөргөсөн” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Ө нь болсон хэрэг явдал, үйл баримтын талаар маргаагүй, харин “шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед 50 км цаг хурдтай явж байсан, тогтоосон хэмжээнээс дээш хурд хэтрүүлээгүй, зогсоох арга хэмжээ авсан” гэж маргажээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасан.

Нас барсан хохирогчийн жолоодож явсан машин эсрэг урсгалд явсан машинтай шүргэлцсэний улмаас осол гаргасан гэх 2 машин Сэлэнгээс Дархан явах чиглэлд зам чөлөөлөн зогсож, ослын зогсолтын гэрлээ асаасан байхад шүүгдэгч П.Ө ослын гэрэл анивчиж байгааг харсан атлаа хурдаа хасаж, ямар ч тохиолдолд бусдад аюул учруулахгүйгээр зогсох хэмжээний хурдыг сонгож яваагүйгээс осол гарсан гэх бүрэн үндэслэлтэй байна.

Дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднахь замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасан нь жолоочийн сонгох хурдын “дээд” хязгаарыг тогтоосон заалт ба 60 км-ээс доош хурдтай явж байсан нь 9.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Ослын зогсолтын анивчсан гэрэл нь тухайн орчинд аюултай нөхцөл байдал байгааг илэрхийлнэ.

Шүүгдэгч П.Ө уг гэрлийг харсан даруй тээврийн хэрэгслийн хурдыг хасаж үзэгдэх орчин, замын нөхцөл байдал зэрэгт тохируулан хурдыг сонгож явсан бол осол гарахгүй байх бүрэн боломжтой байжээ.

Замын хөдөлгөөний дүрмээр тухайн нөхцөл байдалд ямар хурдтай явахыг тохиолдол бүрийг нарийвчлан зааж өгөх боломжгүй ба жолооч тогтоосон хурдын дээд хязгаар дотор тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явах учиртай.

Жолооч үзэгдэх орчин хязгаарлагдан цасаар шуурч байгаа бол 20-30, мөстсөн гадаргуутай замд 5-10, орон сууцны талбай гаднах орчинд хүүхдүүд тоглож байгаа бол 0-5 км/ц гэх мэтээр тухайн үед өөртөө болон бусдад аюул учруулахгүй байхаар тооцоолон хурдаа тохируулах үүрэгтэй.

Иймд шинжээчийн “П.Ө нь замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлэг 9.1 /Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна/ гэсэн заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогч зорчих хэсэг дээр явж байсан буруутай боловч энэ нь ослын үндсэн шалтгаан биш байна.

“Хурдыг тогтоох боломжгүй” гэж шинжээч дүгнэсэн нь 50 км цаг хурдтай явсан гэж үзэх үндэслэл биш ба хохирогчийн биед учирсан гэмтэл, мөргөсөн автомашинд учирсан эвдрэл, А цэгээс зогсох хүртэл туулсан зам зэргээс үзэхэд тогтоосон хэмжээнээс илүү хурдтай явж байсан болох магадлалтай байна.

Гэвч шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “хурд хэтрүүлсэн” гэж үзээгүй, харин “тохирох хурдыг сонгох” үүргээ биелүүлээгүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч “хохирогч нас барснаас учирсан гэм хор”-ын төлбөр, оршуулгын зардалд 14,062,504 төгрөг, банкнаас авсан зээлийн 12,000,000 төгрөг, амь хохирогчийн эхнэрт нас барагчийн авч байсан дундаж цалин хөлснөөс тооцож “гэм хор учруулсны төлбөр сар бүр гаргуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.

Шүүгдэгч оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна, Нийт 14,062,504 төгрөг нэхэмжилснээс 12,000,000 төгрөг төлсөн байна. Үлдэх хэсгийг эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг шийдвэрлэх хуралдааны өмнө төлж барагдуулжээ. Хэн аль нь энэ талаар маргаагүй байна.

Шүүх нас барсан хохирогчийн эхнэрт “гэм хор учруулсны төлбөрийг сар бүр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд нас барсан хохирогч ажил хөдөлмөр эрхэлдэг байсан гэх боловч хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан эсэх нь тодорхойгүй байна.

Аж ахуйн нэгжийн цалингийн тодорхойлолт нь хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр баталгаажих ба нэхэмжлэгч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 508-р зүйлд зааснаар нас барагчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй ба нэхэмжлэгч Ш.Р болон түүний өмгөөлөгчид энэ талаар төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна.

Нас барагчийн хүү Н-ийн М-ийн нэр дээр авсан зээлтэй холбоотой гэх 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь энэ хэрэгт хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн шүүх хуралдаанаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэх ба нас барагчийн өмнө авсан зээлтэй холбоотой нэхэмжлэл нь гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай хамааралгүй юм. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “нас барсан хохирогч амьд байсан бол уг зээлийг өөрөө төлөх байсан, банк өөрийнх нь нэр дээр зээл гаргахгүй байсан учраас арга буюу хүүгийнхээ нэр дээр зээл авсан” гэж тайлбарлаж байх боловч уг зээлээр авсан хөрөнгө ослын улмаас устаж, гэмтээгүй байх тул энэ хэрэгт хамааралгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэлийг дахин гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Ө-д рүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хэргийн улмаас учруулсан матзериаллаг хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Зам тээврийн осол, хэрэг нь ихэвчлэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба ослын улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээнээс хамаарч зүйлчлэгддэг.

Шүүгдэгч шинжээчийн дүгнэлтийн үндэслэлийн талаар маргаснаас бус өөрийнх нь үйлдлийн улмаас учирсан гэм хор, үйл баримтын талаар маргаагүй, болсон хэргийн талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн байх тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үр дагаврыг ямар ч аргаар арилгах боломжгүй боловч дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул П.Ө-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  А овогт П-н Ө-ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар үйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч П.Ө нь хохирогч Ш.Р-д 14,062,504 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508, 509 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Р-ийн “гэм хор учруулсны төлбөрийг сар бүр гаргуулах” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, “12,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан А овогт П-н Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Ө-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар П.Ө-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дугаар зүйлд зааснаар ялтанд хяналт тавих үүргийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг П.Ө-д сануулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар П.Ө-д оногдуулсан эрх хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдаж хэрэгт хураагдаж ирсэн П.Ө-ы жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ө-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД