| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0376/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/381 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0376/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгч Б.Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Г-од холбогдох эрүүгийн 1718002410178 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г-, 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1160 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б.Г- нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын урд талын автомашины буудлын орчим иргэн Б.Б.Б-той маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.Г- нь нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан захын урд талын автомашины буудлын орчим иргэн Б.Б.Б-той маргалдаж улмаар нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “доод 2-р шүдний бүрэн хугарал, доод уруулын зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүгдэгч Б.Б.Г-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...захын үүд орчмоор хот явах хүн сураглаж “хот явна” гээд хашхираад явж байтал Б.Б- халамцуу байдалтай надтай таараад -чи хот руу эндээс хүн ачдаг хэн бэ гэж хэлж эндээс хүн ачдаггүй юм авто вокзал дээрээс хүн ачдаг би олон жил хот хооронд таксинд явлаа гэх зэргээр надтай маргасан. Ингээд би ч гэсэн Б.Б-той маргаад Б.Б-ыг -чи цаашаа яв чамайг лангуу руу чинь оруулж өгье гэж хэлж дагуулж явтал намайг Б.Б- ирээд эхлээд түлхсэн. Б.Б-ыг түлхэх үед нь би унаагүй. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Ингээд би уурандаа Б.Б-ыг зөрүүлээд түлхчихээд явсан. Миний түлхэлтээс Б.Б- жижиг төмөр хашлага даваад уначихсан. Ингээд би шууд тэнд зогсож байсан Б- ахын машины кабинд орж суусан. Ингээд Б.Б- унасан газраасаа босоод шинэ зах руу чиглээд явсан. Би Б.Б-ыг араас нь харж байгаад өөрийнхөө лангуу руу явж байна гэж бодсон. Ингээд би тэндээс машинд суугаад яваад өгсөн гэх мэдүүлэг,
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би айлын байрны найранд очоод тэндээсээ гарч өөрийнхөө ажиллуулдаг зах дээрх лангуун дээрээ очих гээд 15-16 цагийн алдад Дархан захын гадна Шинэ Дархан явах таскины буудал дээр таксинаас буугаад зах руу алхаж байтал нэг хүн над руу дөхөж ирээд Улаанбаатар явна гэхээр нь урьд нь огт харж байгаагүй залуу байсан. Тухайн үед би айлын найрнаас ирж байгаа учир дунд зэргийн согтолттой байсан тул тухайн залууг чи хэзээ хот руу таксинд явдаг байсан юм гэхэд тэр залуу чамд ямар хамаатай юм гэсэн. Энэ залуу миний шүдийг гэмтээдэг Б.Г- гэх залуугийн төрсөн ах нь байсан. /сүүлд мэдсэн/ Тэгэхээр нь би тухайн залууг ална шүү новш минь гэтэл тухайн залуу бас намайг зөрүүлээд хараасан. Тэгж байтал машины цаанаас Б.Г- /бас сүүлд нэрийг нь мэддэг болсон/ гарч ирсэн. Тухайн үед би Б.Г-ыг огт таньдаггүй байсан. Тэгсэн Б.Г- ахыгаа өмөөрөөд над руу “чи муу одоо юу гээд байгаа юм” гэхээр би Б.Г-ыг чи юу юм, хуцаад байгаарай дуугүй бай гэхэд Б.Г- намайг чи өөрөө юу юм хуц гэсэн. Тэгэхээр нь би Б.Г-ыг тийм овоо юм бол хоёулаа үзье гэтэл Б.Г- тэгье гэснээ намайг дагаад явсан. Ингээд Сэлэнгэ явах зогсоолын цаашаа явж байтал Б.Г- шууд гараараа миний ам руу нэг удаа хүчтэй цохиод зугтаачихсан. Тухайн үед миний амнаас цус гараад амаа дараад шүд эвгүй болчихоор нь гараараа шүдээ тэмтрээд үзтэл үүдэн доод шүдний зүүн талынх нь унасан, баруун талынх нь унахад бэлэн болсон санжигнаж байсан. Мөн хажуугийнх нь 2 шүд бас хөдөлгөөн орсон байсан. ...Ингээд би эхнэрийнхээ хамт шууд цагдаа дээр иртэл цагдаа намайг шүд чинь гэмтсэн бол та эхлээд эмнэлэгт очоод шүдээ үзүүлээд цусаа цэвэрлүүлээд ир гэсэн. Тэгээд би шууд эхнэрийн хамтаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээн авах дээр нь очиж гэмтлийн жижүүр эмчид нь үзүүлсэн. Надад үзлэг хийсэн эрэгтэй эмч “чиний үүдэн доод 2 шүд чинь унасан байна, бас хажуугийн шүд нь яг унахад бэлэн болоод нилээд хөдөлгөөн орсон байна. Хөдөлгөөн орсон шүд чинь бараг унах байх” гэсэн. Тэгээд үзлэг хийсэн талаараа тодорхойлолт хийж өгсөн. Ингээд би маргааш нь эмчийн тодорхойлолтоо аваад өргөдлөө бичээд цагдаад хандсан. Цаашид 2 шүдээ хийлгэх зардлаа нэхэмжилмээр байна гэх мэдүүлэг /хх 26-27/,
Гэрч Д.О- мөрдөн байцаалтад өгсөн:
...Манай нөхөр Б.Б- бид 2 Дархан зах дотор тус бүрдээ бэлэн хувцасны лангуу ажлуулдаг. 2017 оны 9-р сарын сүүлээр ямарч байсан хичээл эхэлсэн намар байсан. Өдрийг нь тодорхой санахгүй байна. Бүтэн сайн өдөр л байсан. Энэ өдөр манай нөхөр өглөө гэрээсээ 09 цаг өнгөрч байхад найзынхаа байрны найранд явсан. Ингээд өдөр би лангуун дээрээ байж байтал 15 цагийн орчим шиг санаж байна Б.Б- амнаас нь цус гарчихсан хүрээд ирэхээр нь яасан юм бэ гээд амаа ангай гээд хартал Б.Б-ын доод 2 үүдэн шүд нь уначихсан, амнаас нь цус гарсан байсан. ...Тэгээд би нөхрөө Дарханы Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр авч очиж жижүүр эмчид нь үзүүлэхэд доод үүдэн 2 шүд уначихсан байна, хажуугийн шүд нь яг унахад бэлэн болсон хөдөлчихсөн байна гэж хэлээд тодорхойлолт хийж өгсөн. Тэр эмч нөхрийг маань шүдний эмчид ажлын өдөр буюу маргааш ажил цуглахаар ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Ингээд маргааш нь тухайн эмчийн тодорхойлолтоо аваад өргөдөл бичээд цагдаад хандсан болно гэх мэдүүлэг /хх 32-33/,
Гэрч Б.Г- мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би өөрийн машинтайгаа Улаанбаатар хот руу хүн авч явах гээд Дархан зах дээр ирээд зогсож байгаад хүмүүс өнгөрөхөөр нь хот явна гэж хэлтэл Б.Б- /зүс таних төдий/ согтуу явж таараад над руу чи яахаараа эндээс хот явдаг юм, би олон жил Улаанбаатар Дарханы хооронд явсан гээд доромжилсон. Тухайн үед би согтуу хүнтэй юм яриад яахав гэж бодоод “чи яв харьж амар” гэхэд явахгүй байсан. Гэтэл цаанаас миний төрсөн дүү Б.Г- ирж таараад Б.Б-ын над руу гаргаж байгаа зан байдлыг хараад намайг өмөөрч Б.Г- Б.Б-ыг чи цаашаа яв энэ тэр гэхэд Б.Б- өөрөө л Б.Г-ыг хоёулаа үзье энэ тэр гэж өдсөн. Тэгээд Б.Г- Б.Б- 2 хоёулаа хамт машины цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь санаа зовоод хартал хүмүүс бөөгнөрөөд байхаар нь яваад очтол Б.Г- Б.Б- 2 зодолдсон юм уу гэсэн байдалтай Б.Б-ын амнаас цус гарч байсан. Харин Б.Г- зүгээр байхаар нь Б.Г-ыг би “чи цаашаа яв” гэж хэлээд Б.Г-ыг явуулсан. Б.Б-ыг чи согтуу байна харь гэж хэлсэн. Ингээд би тэнд уур амьсгал эвгүй болсон тул гэр рүүгээ харьсан болно. Б.Г-ыг явсны дараа Б.Б- амнаасаа гарсан цустай шүлсээ газарт хаяад үүдэн доод шүд нь хөдөлсөн бололтой гараараа ухаад байсан. Би бодохдоо цохиулаад цус гарч хөдөлсөн шүдээ аваад хаячихлаа гэж бодсон. Б.Г- Б.Б-ыг яг цохиж байгааг хараагүй. Харин тухайн үед Б.Б- танай дүү намайг цохьчихлоо гээд байсан гэх мэдүүлэг / хх 36-37/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 948 дугаартай шинжээчийн дүгнэлт:
"1.Б.Б.Б-ын биед доод 2-р шүдний бүрэн хугарал, доод уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. 2 шүдний булгарал гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө” гэжээ /хх 47/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүйг дурдаж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Б.Б.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 68-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б.Г-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б.Г-од оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Хохирогч Б.Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ