Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О

            Хариуцагч: Д.Б

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд  тайлбарлахдаа: Д.Бтай 2003 онд танилцан хамтран амьдарч 2004 онд том хүү Б.Б, 2011 онд бага хүү Б.Би нар төрсөн. Бид 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Амьдралын хугацаанд таарч тохирохгүй маргалдсаар ирсэн. Таарч тохироогүйн улмаас 2017 оны 03 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд хааяа утсаар ярьдаг боловч маргалдаад дуусдаг. Бид хэн аль нь цаашид хамт амьдрах хүсэлгүй тул шүүхээс эвлэрүүлэх  хугацаа авахгүй, дахин эвлэрүүлэн зуучлагчид хандахгүй. Гэрлэлтээ цуцлууна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авахаар бид харилцан тохирсон. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2003 онд танилцан хамтран амьдарч хоёр хүүхэд төрүүлсэн. 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байна. Би хөдөө орон нутагт ажилладаг тул хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээнэ. Хөдөөнөөс ирэхээрээ 7 хоногоор хүүхдүүдээ авч байхаар тохиролцсон. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаангүй. Эвлэрүүлэн зуучлагчид хандахгүй, эвлэрэх хугацаа авахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                             

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Д.Б нар нь 2003 онд танилцаж, 2004 оны 01 дүгээр сарын 16-ны хүү Б.Б, 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Би нарыг төрүүлсэн, 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь №0068365/Г-2908 гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчид амьдралын болон зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн харьцаагүй болсон, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тул дахин эвлэрүүлэн зуучлагчид хандах шаардлагагүй, шүүхээс эвлэрэх хугацаа авахгүй гэж тайлбарласан, талууд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад уригдсан тал Д.Б эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй гэж үзэж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгч Б.О, хариуцагч Д.Б нарын гэрлэлтийг цуцалж, тэдний тохиролцсоноор хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, эцэг Д.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

Хэдийгээр хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг Д.Б нь хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр болохыг дурьдав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.