Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч О.Мөнхцэцэг,

гэрч Б.Эрдэнэбаяр,

хохирогч, шүүгдэгч С.Батзориг, түүний өмгөөлөгч Ү.Буяндүүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1924),

хохирогч, шүүгдэгч С.Үнэнболд, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0596) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол овогт Сүхийн Батзоригт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, Боржигон овогт Сүхбаатарын Үнэнболдод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010771 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Монгол овогт Сүхийн Батзориг, Улаанбаатар хотод 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 113 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧВ84061513.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Сүхбаатарын Үнэнболд, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1989 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Цэнгэлдэх оснок ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 6, аав, ээж, эгч, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг, Баянцагаан, Вокзал урд 1 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФД89041239.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Сүхийн Батзориг нь 2016 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич бааранд хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн С.Үнэнболдыг хавсарч унагаж танхайрсан,

Шүүгдэгч Сүхбаатарын Үнэнболд нь 2016 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич бааранд иргэн С.Батзоригтой маргалдан түүний хамарт цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч С.Үнэнболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө найз Эрдэнэбаярын хамт Цамбагаравын ар талын Рич бааранд орж 0.45 л Сэнгүр пиво авч...бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. Бүжгийн талбайд 5-уулаа бүжиглэж байсан. Удалгүй Батзориг миний мөр дээр гараараа цохиж...аятайхан байгаарай гээд намайг хавсарч унагаасан. ...би олуулаа явж байна гээд айгаад зугтаасан. ...Араас өндөр, халзан, том биетэй ах татаад 2-3 удаа өшиглөөд, фудволкноос татаад байхаар нь би тек рүү орсон. ...Манай найзыг боосон...тэд нар гарах шинжгүй болохоор нь...би өөрөө цагдаа дуудсан. ...Би нурууны суулттай, урьд нь эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхдээ томографийн зураг авахуулж чадаагүй. ...Өвчин намдаах эмнүүд авч хэрэглэсэн байгаа. ...гомдолтой байна. Эм авсан мөнгөө нэхэмжилнэ гэв.

Шүүгдэгч С.Батзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө хамт ажилладаг 3 ахтай...шөнийн 01-02 цагийн үед ажлын талаар ярих зорилготой пабад орж суугаад хаах цаг нь болоход гараад Гантулга, Санждамба, Баярсайхан бид нар 4-үүлээ манай гэрийн зүг алхаж яваад дахиад жаахан ярьж суух зорилготой Рич бааранд орсон. ...2 дууны аян дээр бүжиглэж байхад...урдуур хойгуур ороод, хөл дээр гишгээд өдсөн. Тэгэхээр нь би хажууд байгаа залууд мөрөн дээр нь цохиод хөл дээр гишгэчихлээ гэж хэлсэн чинь ах хөгширч өгөх гэж байж хол очиж бүжиглэ гэж хэлсэн. Тэгэхэд нь би хавсарч унагасан. Тэгтэл гэрчээр ирсэн байгаа залуу зүүн гараараа шууд миний хамар руу цохисон, намхан залуу нь намайг дахиад 1-2 удаа цохисон. ...Миний хамраас цус гарч, хамар хугарсан байсан. ...Би хамар хугарчихлаа гэж хэлэхэд хамар чинь хугархай байсан гэж хэлсэн. ....Маргааш нь энэ хоёр залуутай цуг Гэмтлийн эмнэлэг орж хамраа тэгшлүүлсэн, компьютер графикийн зураг авахуулсан. ...1.000.000 гаран төгрөгийн хагалгаанд орно гэж хэлсэн. ...Манай эхнэр жирэмсэн, би гэртээ ганцаараа ажил хийдэг. Хагалгаанд орж чадалгүй явсаар байгаад өдийг хүрсэн. Хагалгаанд орох хүсэлтэй байна. Гомдолтой байна... гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч С.Үнэнболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг өнгөрөөд...найз Б.Эрдэнэбаярын хамтаар Сонгинохайрхан дүүрэг Цамбагарав-ын автобусны буудлын хойно байрлах Рич бааранд бүжиглэхээр орсон. ...Бүжгийн талбай дээр 10 гаран хүмүүс бүжиглэж байсан. Бид хоёрын хажуу талд нэг саравчтай малгайтай биерхүү залуу 2 охины хамт бүжиглэж байсан. ...Тэгээд бүжиглэж байтал саравчтай малгайтай залуугийн хажуу талд бүжиглэж байсан нэг охин манай найз Эрдэнэбаярын хажуу талд ирж бүжиглэсэн. Удалгүй нөгөө саравчтай малгайтай залуу миний мөрөн дээр гараараа цохиж дуудсан ба аятайхан байгаарай гэж хэлсэн. Тэрнээс өмнө би уг залууг харж байгаагүй, танихгүй, хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Тэгээд нөгөө залуу дуудахад баар чимээтэй байсан болохоор би яасан бэ гээд тэр залуу руу толгойгоороо дөхсөн. Тэр үед нөгөө залуу шууд үгийн зөрөөгүй намайг...хавсарч газар унагаасан. Тэр үед би ахар сүүлээрээ буюу бөгсөөрөө сууж унасан ба маш хүчтэй унасан...намайг хавсарч унагаасан залууг Батзориг гэдэг гэснийг дараа нь мэдсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал),

2. Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 03-нд шөнө өөрийн найз Үнэнболдын хамтаар...Рич нэртэй бааранд бүжиглэх зорилготой орсон. Бүжгийн талбай дээр 2 охин, 4-5 залуучууд бүжиглэж байсан. Үнэнболдын хажууд нэг охин болон түүний цаана саравчтай малгайтай биерхүү залуу бүжиглэж байсан. Тэгээд нөгөө охин тэр хоёрын голд бүжиглэж байгаад миний хажуу талд ирж бүжиглэсэн. Тэр үед нөгөө саравчтай малгайтай залуу Үнэнболдын мөрөн дээр гараараа цохиж дуудах шиг болж байсан. Тэгээд Үнэнболд нөгөө залуу руу толгойгоороо дөхөөд яасан бэ гэх шиг болсон. Тэр үед нөгөө саравчтай малгайтай залуу Үнэнболдыг 1 удаа хавсарч унагасан... Тэгэхээр нь Үнэнболдыг газраас босгох гэж очоод араас нь нөгөө залуугийн араас нь тэвэрч авсан.  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3361 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэг: Нурууны нугалам дагуу тэмтрэхэд бүсэлхийн 3-р нугалмаас доош ахар сүүл хүртэл эмзэглэлтэй...ДҮГНЭЛТ

1. Үнэнболдын биед бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48 дахь тал),

 

4. Хохирогч С.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 03-нд шөнө 03 цагийн орчим өөрийн хамт ажилладаг ах нар болох Баярсайхан, Гантулга, Санждамба нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын автобусны буудлын хойд талд байрлах Рич бааранд хууч хөөрөнгөө ганц шил архи уух зорилготой орцгоосон. ...Тэгээд би ганцаараа тус баарны бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Намайг бүжгийн талбай дээр гарч бүжиглэхэд ...зүүн гар талд 2 охин, 2 залуу бүжиглэж байсан. Тэгээд би зүүн гар талд бүжиглэж байсан 2 залуу, 2 охины хамтаар 5-лаа тойрог болж бүжиглэсэн. Тэр үед баруун гар талд бүжиглэж байсан залуу намайг дуудахаар нь...тонгойгоод уг залуу руу чихээрээ ойртоход тэр залуу хол очиж бүжиглэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиад юу гэнээ гэхэд хол яв хөгширч үхэх гэж байж, ална шүү гэж хэлсэн. Харин миний зүүн гар талд зогсож байсан залуу намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би энэ хоёр залуу намайг нийлж зодох гэж байна гэж бодоод баруун гар талд зогсож байсан намхан махлаг залууг ...нэг удаа хавсарч газар унагаагаад зүүн гар талын намайг заамдсан туранхай өндөр залуутай барьцалдаж авсан. Тэгээд өндөр залуу нь намайг 2 удаа зүүн нүд рүү цохисон. Тэр үед газар унасан залуу босч ирээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний хамар муруйсан байсан, зүүн нүд хавдсан... гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

5. Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 03-нд шөнө 04 цагийн орчим би өөрийн хамт ажилладаг найз нар болох Батзориг, Санждамба, Гантулга бид дөрөв Цамбагаравын автобусны буудлын хойд талд байрлах Болор нэртэй пабад орж 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол архи хувааж ууцгаасан байсан. Тэгээд уг пабаас гараад 04 цагийн орчим бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рич бааранд ганц шил архи уух зорилготой орсон. Тэгээд ороод сууж байгаад Гантулга ширээндээ үлдээд Санждамба, Батзориг бид гурав баарны бүжгийн талбай дээр бүжиглэсэн. Батзориг бид хоёроос 2 метр орчмын зайтай хэсэг хүмүүстэй бүжиглэж байсан. Тэгээд хүмүүс гэнэт орилж эхэлсэн бөгөөд эргээд хартал Батзориг хамраа дарсан, нүүр нь цус болсон байдалтай нэг залуугийн араас гүйж байсан. Харин нөгөө залуу гүйж байгаад баарны текний ард орсон. ...Батзориг тухайн үед намхан буюу 165-170 см өндөртэй махлаг залуу руу заагаад энэ залуу намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тэгээд би Батзоригийн заасан намхан залуу руу харахад түүний баруун гарын урд хэсэг буюу гарын нударга хэсэг нь цус болсон байсан. ...Уг намхан залуутай хамт явж байсан туранхай өндөр залууг би бааранд барьж аваад чи яагаад манай найзыг нийлж зодсон юм бэ гэхэд өндөр туранхай залуу би зодоогүй, би яагаа ч үгүй гэж хэлэхэд нь би тэр залууг тавьсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

6. Гэрч Б.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: ...Бүжгийн талбай дээр шуугиан гараад би шууд эргэж харсан. Тэгэхэд Батзоригийн хамарнаас цус гарсан байсан... Намайг ширээн дээр сууж байхад бүжгийн талбай дээр шуугиан болж хүмүүс орилсон. Тэгээд би бүжгийн талбай руу эргэж харсан. Энэ хугацаанд 5 секунд байсан, 5 секундээс хэтрээгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

7. Гэрч Б.Санждамбын мөрдөн байцаалтад өгсөн: ...Бүжгийн талбай дээр би бүжиглэж байсан тэгээд хүмүүс шуугилдаж эхэлсэн. Би эргэж харсан тэр үед Батзоригийн хамарнаас цус гарсан байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3335 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний доод зовхинд бүдэг хөх ягаан өнгийн цус хуралттай, хамар бага зэрэг хавантай, эмзэглэлтэй...2016.03.03-ны Brilliance-ийн толгойн томографийн шинжилгээнд:...Гавал яс болон 2 талын нүдний ухархайд гэмтлийн болон бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Нүдний ухархайн арын зайд эмгэг өөрчлөлтгүй. Хоншоор ясанд зүүн талын гайморовын хөндийн урд хана зөрөөгүй шугаман хугаралтай. Уг хугарал нь зүүн талын нүдний ухархайн доод ханын урд хэсгийг хамарсан. Хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн, хянга хэсгээр бага зэрэг зөрүүтэй хугаралтай. Хамрын таславч урд хэсгээр бага зэрэг зөрүүтэй хугаралтай бөгөөд зүүн тийш мурийлттай...ДҮГНЭЛТ

 1. Батзоригийн биед хоншоор ясны зүүн гайморын хөндийн урд ханын хугарал, зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой (хавтаст хэргийн 47 дахь тал),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн давтан шинжилгээ хийсэн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 837 дугаар дүгнэлт ...1. Шүүх эмнэлгийн №3335 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2, 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 144 дэх тал),

10. Гэрч О.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 03-нд шилжих шөнө Рич бааранд зөөгчийн ажлаа хийгээд байж байсан. ...03 цагийн үед өндөр, нам хоёр залуу орж ирсэн. Тэгээд уг хоёр залууг Б заалны 3 дугаар ширээнд 2 хүүхэнтэй хамт суулгасан. Уг хоёр хүүхэн энэ ширээнд сууж байсан. Тэд нар бие биенээ танихгүй. Тэгээд өндөр, нам хоёр залуу 0.45 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг захиалсан. Энэ хоёр залуу бааранд орж ирэхдээ эрүүл байсан.... Тэгээд удалгүй бааранд 35-40 орчим насны 4 ах орж ирсэн. Эдгээр ах нар манайд орж ирэхдээ согтуу байсан. Би эдгээр ах нарт хэдүүлээ явж байгаа юм бэ гэхэд тоохгүй, юм ярилгүй шууд бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн. Эдгээр ах нар бүжиглэхээс өмнө тэдний урд орж ирдэг 2 залуу бүжгийн талбай дээр 2 хүүхний хамт бүжиглэж  байсан. Бүжгийн талбай дээр эдгээр хүмүүс тойроод бүжиглэж байсан. Тэр үед би баарны текний хажуу талд зогсож байтал сүүлд орж ирдэг 4 ахын саравчтай малгайтай ах намхан махлаг залууг хөл рүү нь нэг удаа газар доош хавсарч унагасан. Энэ үйл явдлыг би нүдээр харсан. ...Нөгөө өндөр залуу нь бүжгийн талбай дээр болсон үйл явдалтай огт хамаагүй. ...Тэгээд нөгөө ах нар өндөр залуу руу дайраад байхаар нь бид нар наад залуу чинь хамаагүй, та нар хүн андуураад байна гэж хэлээд, тэдгээр ах нар үг авахгүй дайрч давшлаад байсан. Харин текний ард байсан намхан залуу хавсарч унагаасан ахтайгаа маргалдаж байсан. Нөгөө саравчтай малгайтай ах нөгөө намхан махлаг залууд хандаж чи миний хамрыг хугалчихлаа гэж хэлэхэд нөгөө махлаг залуу нь би хугалаагүй, наад хамар чинь хугарчихсан байсан юм биш үү гэж хэлсэн... миний сонссоноор намхан махлаг залуу саравчтай малгайтай ахад хандаж та намайг эхлээд мөрлөөд байсан биз дээ гэхэд нөгөө саравчтай малгайтай ах чи миний бүжиглэж байсан тайлбай дээр бүжиглэсэн гэж хэлээд хэрэлдээд байсан...баарны бүжгийн ая зогсоход газар унасан намхан махлаг залуу тек рүү гүйгээд ороод ирсэн. Түүний ардаас нөгөө хавсарч унагаадаг саравчтай малгайтай ах хамраа дараад хүрээд ирсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

11. Гэрч С.Отгоны мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Рич бааранд бармен, хамгаалагч хийдэг. ...Өндөр залуу зодоонд оролцоогүй.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

12. Шүүгдэгч С.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнийн 01 цагийн орчим би өөрийн ажлын холбогдолтой ах нар болох Баярсайхан, Гантулга, Санждамба нарын хамт ажлаа тараад 10 дугаар хороололд байх Намуун пабад орсон. Тэнд бид нар юм ярингаа 0.75 литрийн Соёрхол нэртэй архи захиалаад хувааж ууцгаасан. Тэгээд Намуун паб 02 цагт хаах цаг болсон гээд бид нар архиа хувааж ууж дуусгаад гарцгаасан. ...Тэгээд...Цамбагаравын автобусны буудлын чанх хойно байрлах Рич нэртэй пабад 03 цагийн орчим орсон. Тэгээд бид 4 Рич пабад ширээ захиалж суугаад 0.5 литрийн хэмжээтэй Соёрхол архи захиалсан. Тэгээд бид 4 бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Гантулга ах сууж байсан ширээн дээрээ суугаад үлдсэн. Харин Баярсайхан, Санждамба хоёр бүжгийн талбайн баруун талд хэсэг хүмүүстэй бүжиглэсэн. Би бүжгийн талбайн зүүн талд 2 залуу, 2 хүүхний хамт тойрог болон бүжиглэсэн. Тэгээд нөгөө залуучууд хоорондоо солигдож бүжиглэж байсан. Солигдож байхдаа намхан залуу миний баруун хөл дээр гишгэсэн. Тэгэхээр нь би нөгөө намхан махлаг залууг дуудаад хөл нь дээр гишгэчихлээ гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу хол очиж бүжиглэ, хөгширч үхэх гэж байж гэж хэлсэн ба би тэр үед нөгөө залууг хөл рүү нь 1 удаа хавсарсан бөгөөд нөгөө залуу газар доош унасан. Тэр үед цаана зогсож байсан өндөр залуу миний зүүн нүд рүү гараараа цохисон ба газар унасан залуу миний нүүр, хамар руу 2 удаа гараараа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гарсан. Энэ хугацаа буюу намайг цохихоос эхлээд хамарнаас цус гартал 10 гаран секунд болсон. Тэгээд нөгөө хоёр залуу зугтаасан бөгөөд Баярсайхан, Гантулга, Санждамба нар хүрч ирээд намайг цохисон залууг олох гээд бүжгийн талбайгаар тойрсон. Тэгээд хамгаалагч, зөөгч нар ирээд зодоон болохоос урьдчилан сэргийлэх замаар намайг барьж аваад байсан. Тэгээд Баярсайхан ах цагдаа дуудсан. ...Намайг 2 хүн зодсон. Миний хамар зүүн тийш хугараад зүүн нүдний хамрын доод хана цөмөрсөн зэрэг гэмтэл учирсан. Эхэлж намхан залуу үг, амаар доромжлоогүй бол би тийм үйлдэл гаргахгүй байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

13. Шүүгдэгч С.Үнэнболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнийн 03 цаг өнгөрч байсан. Тэр үед би өөрийн найз Б.Эрдэнэбаярын хамтаар Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын автобусны буудлын хойно байрлах Рич бааранд бүжиглэх зорилготой орцгоосон. Тэгээд бид хоёр тус бааранд орж 0.45 литрийн Сэнгүр нэртэй пиво захиалж авсан. Тэгээд бид хоёр пиво задлаад дээрээс нь ганц хоёр балгаад баарны бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. ...бид хоёрыг бүжиглэж байхад бид нарын баруун талд биерхүү нэг залуу, 2 хүүхэнтэй бүжиглэж байсан. Харин зүүн талд 3 залуу мөн адил бүжиглэж байсан. Тэгээд бүжиглэж байтал баруун гар талд зогсож байсан нэг залуу 2 эмэгтэй бид нар нийлж тойрог болон бүжиглэсэн ба хохирогч гэх залуу бид хоёрын дунд бүжиглэж байсан хүүхэн, бид хоёрын дундаас гарч манай найз Эрдэнэбаярын хажуу талд очиж бүжиглэсэн. Тэгээд нөгөө биерхүү залуу бид хоёр зэрэгцээд бүжиглэж эхэлсэн ба тэгж байтал нөгөө биерхүү залуу баруун гараараа миний зүүн дал руу алгаараа цохиод аятайхан байгаарай гэж хэлсэн. Тэр залуу нилээн согтуу байсан ба баар дуу чимээ их байсан болохоор би нөгөө залууд хандаж яасан бэ хө гэж хэлээд нөгөө залуу руу толгойгоороо дөхсөн. Тэр үед нөгөө залуу...хавсараад...газар унагаасан ба би газар доош бөгсөөрөө унасан, миний ахар сүүл болон нуруу маш их өвдөж байсан. ...би босч ирээд юу болсон юм бол гэж бодоод нөгөө залуутай зууралдаад авсан. Тэгээд Эрдэнэбаяр салгах гээд нөгөө залууг ардаас нь тэвэрсэн юм шиг байна лээ, би сайн хараагүй. Удалгүй намайг хавсарч унагаадаг залуутай хамт явсан 3 ах хажуу талаас орж ирээд миний цамцнаас татаад намайг зодох гээд дайраад байсан. Тэр үед би бүжгийн талбайг тойрч зугтаасан ба баарны зөөгч салгах гэж орж ирсэн боловч тэдгээр ах нар тоохгүй намайг барьж авах гээд дайраад байсан. Тэгээд би зугтаж байгаад баарны тек рүү гүйж орсон. ...Намайг газар хавсарч унагаасан бөгөөд би босч ирээд тэр залуу бид хоёр бие биенээ заамдаж авсан. Би тэр залууг цохисон асуудал байхгүй. ...Нөгөө залуучууд их согтолттой байсан. Намайг хавсарч унагаасан залуу нилээн согтуу байсан. ...бааранд орохоос өмнө Эрдэнэбаяр бид хоёр 00 цагийн орчим найз Ариунболдтой уулзаад гэрт нь 2.5 литрийн Сэнгүр пиво 3-лаа хувааж уусан...байсан.  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58, 63, 64 дэх тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (хавтаст хэргийн 14), мөрдөн байцаагчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 17),

Хохирогч, шүүгдэгч С.Үнэнболдын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76, 75, 74), түүний хувийн байдлыг тогтоосон баримтуудын хуулбар (хавтаст хэргийн 79-109), амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар (хавтаст хэргийн 111-114),

Хохирогч, шүүгдэгч С.Батзоригийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 116, 118, 115), түүний хувийн байдлыг тогтоосон баримтуудын хуулбар (хавтаст хэргийн 119-124), эмнэлэгт үзүүлсэн болон шинжилгээний хариу (хавтаст хэргийн 139, 140 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

1. Шүүгдэгч Сүхийн Батзориг нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цамбагарав үйлчилгээний төвд байрлах Рич бааранд нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, олон нийтийг илтэд үл хүндэтгэн ялимгүй зүйлээр шалтаглан иргэн С.Үнэнболдыг хавсарч унаган хүч хэрэглэн танхайрсан болох нь:

-Хохирогч С.Үнэнболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...саравчтай малгайтай залуу миний мөрөн дээр гараараа цохиж дуудсан ба аятайхан байгаарай гэж хэлсэн. ...Тэгээд нөгөө залуу дуудахад баар чимээтэй байсан болохоор би яасан бэ гээд тэр залуу руу толгойгоороо дөхөхөд...үгийн зөрөөгүй намайг...хавсарч газар унагаасан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал),

-Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...саравчтай малгайтай залуу Үнэнболдын мөрөн дээр гараараа цохиж дуудах шиг болж байсан. Тэгээд Үнэнболд нөгөө залуу руу толгойгоороо дөхөөд яасан бэ гэх шиг болсон. Тэр үед нөгөө саравчтай малгайтай залуу Үнэнболдыг 1 удаа хавсарч унагасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3361 дугаар актад:... Үнэнболдын биед бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48 дахь тал),

-Гэрч О.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...сүүлд орж ирдэг 4 ахын саравчтай малгайтай ах намхан махлаг залууг хөл рүү нь нэг удаа газар доош хавсарч унагасан. ...миний сонссоноор намхан махлаг залуу саравчтай малгайтай ахад хандаж та намайг эхлээд мөрлөөд байсан биз дээ гэхэд нөгөө саравчтай малгайтай ах чи миний бүжиглэж байсан тайлбай дээр бүжиглэсэн гэж хэлээд хэрэлдээд байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Сүхбаатарын Үнэнболд нь мөн цаг хугацаанд Рич бааранд иргэн С.Батзоригийг хавсарч унагалаа гэх буюу хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүний хамарт нь цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

-Хохирогч С.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: ...газар унасан залуу босч ирээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний хамар муруйсан байсан, зүүн нүд хавдсан... гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

-Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...Батзориг хамраа дарсан, нүүр нь цус болсон байдалтай нэг залуугийн араас гүйж байсан. Харин нөгөө залуу гүйж байгаад баарны текний ард орсон. ...Батзориг тухайн үед намхан буюу 165-170 см өндөртэй махлах залуу руу заагаад энэ залуу намайг зодчихлоо гэж хэлж байсан. ...Батзоригийн заасан намхан залуу руу харахад түүний баруун гарын урд хэсэг буюу гарын нударга хэсэг нь цус болсон байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3335 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэгт:...Хоншоор ясанд зүүн талын гайморовын хөндийн урд хана зөрөөгүй шугаман хугаралтай. Уг хугарал нь зүүн талын нүдний ухархайн доод ханын урд хэсгийг хамарсан. Хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн, хянга хэсгээр бага зэрэг зөрүүтэй хугаралтай. Хамрын таславч урд хэсгээр бага зэрэг зөрүүтэй хугаралтай бөгөөд зүүн тийш мурийлттай...ДҮГНЭЛТ

 1. Батзоригийн биед хоншоор ясны зүүн гайморын хөндийн урд ханын хугарал, зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой (хавтаст хэргийн 47 дахь тал) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Батзоригийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, шүүгдэгч С.Үнэнболдыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдааны шүүмжлэлд хэргийг хэрэгсэхгүй болгох болон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах тухай тус тус саналыг гаргасан бөгөөд өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь тэдгээрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74, 115)-р тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч С.Батзориг, С.Үнэнболд нарт ял оногдуулахдаа хэн аль нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх, шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Түүнчлэн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

 

Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаар баримт хэрэгт ирүүлээгүй, шүүх хуралдаанд гаргасан хохирогч С.Үнэнболдын хохирлын талаарх нотлох баримтын үндэслэл нотолгоогүй байх тул шүүгдэгч С.Батзориг нь хохирогч С.Үнэнболдод, шүүгдэгч С.Үнэнболд нь хохирогч С.Батзоригт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогч нар цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 201626010771 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн тооцогдож хэрэгт хавсаргагдан ирсэн дүрс бичлэг бүхий цагаан өнгийн си-ди (CD) 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Сүхийн Батзоригийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн,

-Боржигон овогт Сүхбаатарын Үнэнболдыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Батзоригийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үнэнболдыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батзориг, С.Үнэнболд нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Батзориг, С.Үнэнболд нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шүүгдэгч С.Батзориг нь хохирогч С.Үнэнболдод, шүүгдэгч С.Үнэнболд нь хохирогч С.Батзоригт энэ тогтоолоор тус тус төлөх төлбөргүй болохыг, хохирогч С.Батзориг, С.Үнэнболд нар нь цаашид гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцогдож хэрэгт хавсаргагдан ирсэн дүрс бичлэг бүхий цагаан өнгийн си-ди (CD) 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батзоригт оногдуулсан 2 жилийн хорих ялыг, С.Үнэнболдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Батзориг, С.Үнэнболд нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ