Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/0547

 

 

 

Иргэн Ж.А нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга, Э.Намжим, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 607 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ж.А нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны дугаар 96 дугаар тушаалын иргэн Ж.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, шагнал урамшуулал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2010 оны 32, 2014 оны 284 дүгээр тушаалаар геологи, уул уурхайн хяналтыг 6 улсын байцаагч хэрэгжүүлэхээр чиг үүрэг, орон тоог батлан мөрдүүлсэн. Эдгээр тушаалуудаар уул уурхайн хяналт хариуцсан болон геологийн хяналт хариуцсан байцаагч нарын тоог тодорхой заагаагүйгээс тухайн үеийн холбогдох албан тушаалтнууд Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийг геологич мэргэжилтэй боловсон хүчнээр бүрдүүлэн ажиллуулсан байдаг. Үүний улмаас уул уурхайн хяналтыг хэрэгжүүлэх нарийн мэргэжлийн боловсон хүчингүй болж, ашигт малтмалын нөөцийн ашиглалт, хөдөлгөөн, ордын олборлолтын зураг төсөл, маркшейдрийн бичиг баримтын хэрэгжилтэд тавих хяналт, ил уурхайн техник технологи, ашиглалтын системийн мөрдөлт, нөхөн сэргээлтийн чанар, ажлын гүйцэтгэл, осол аваарын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үр дүнд тавих хяналт, эрдсийн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн техник, технологийн мөрдөлт, аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, стандартын мөрдөлтөд тавих мэргэжлийн хяналт үндсэндээ орхигдсон байсан.

Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц орон тоог шинэчлэн баталсан бөгөөд энэхүү тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрыг татан буулгаж, аялал жуулчлалын хяналтын чиг үүргийг нь хасч, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар болгон өөрчлөн зохион байгуулсан байна.

Шадар сайдын энэ тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 95 тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталснаар Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийг уул уурхайн хяналт хариуцсан 4, геологийн хяналт хариуцсан 2 улсын байцаагчийн орон тоотой ажиллахаар болж уул уурхайн болон геологийн хяналтыг мэргэжлийн түвшинд жигд хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн.

Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар нь чиг үүрэг, бүтцийн хувьд ийнхүү өөрчлөн зохион байгуулагдсан, мөн Засгийн, газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 387 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 25 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тоог 15 хувиар цомхтгож, 137 байсан орон тоог 129 болгон бууруулж баталсан зэргээс шалтгаалан олон орон тоогоор ажиллаж байсан геологич мэргэжилтэй улсын байцаагчдаас цомхотгол хийх зайлшгүй шаардлага гарсан юм.

Тухайлбал, Геологи, уул уурхайн хяналтын хэлтэст геологич мэргэжилтэй 6 улсын байцаагч /хэлтсийн даргыг оролцуулаад/, уул уурхайн мэргэжилтэй 1 улсын байцаагч ажиллаж байсан. Ингэж цомхтгол хийсэн нь Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-т Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан ...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн... гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгжийг шинээр бий болгосныг ойлгоно гэж, энэ хэсэгт заасан ...орон тоо цөөрсөн..., гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.2-т орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тайлбарласантай нийцэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу тус газарт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, геологийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжлийн боловсон хүчний ажлын байрны орон тоо цөөрсөнтэй холбогдуулан өмнө нь ажлын хариуцлага алдаж сахилгын шийтгэл хүлээж байсан улсын байцаагч Ж.А-г ажлаас чөлөөлсөн болно.

Ж.А хяналт шалгалтыг удирдамжид заасан хүрээнд хийж гүйцэтгээгүй, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, хяналт шалгалтын баримт бичгийг газар, хэлтсийн даргаар хянуулаагүй, хяналт шалгалтын бичиг баримтыг архивт өгөөгүй зөрчил гаргаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сараар 20 хувиар бууруулах, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.13-т заасан нийтлэг үүргээ үл биелүүлж илт хууль бус захиргааны акт боловсруулж батлуулсан зөрчил гаргаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 428 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан.

Эндээс үзэхэд Ж.А ажлын байр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа бөгөөд ажлын хариуцлага алдаж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж байсныг харгалзан Ж.А-г ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 96 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.4.4-д заасныг удирдлага болгон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсний дагуу Ж.Ад 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буюу 3.764.790 төгрөгийн тэтгэлгийг түүний зөвшөөрлийн үндсэн дээр 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дансанд нь шилжүүлсэн. Иргэн Ж.А нь түүнд олгосон 6 сарын тэтгэлгийн мөнгийг авахгүй гэж хүсэлт гомдол гаргаагүй, харин ч уг тэтгэлгийг яаралтай авах хүсэлттэй байгаагаа тухайн үед манай байгууллагын санхүүгийн ажилтнуудад мэдэгдэж байсан болно.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 96 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд иргэн Ж.А нь орон тооны цомхтголд хамрагдсанаа хүлээн зөвшөөрч, Төрийн албаны тухай хуулийн дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 3.764.790 төгрөгийг хүлээн авсан байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 607 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тушаалын иргэн Ж.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.А-г Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ж.Ад ажилгүй байсан 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан энэ өдрийг хүртэлх хугацаанд өмнө эрхэлж байсан албан тушаалын үндсэн цалин /1 сард 627465/ төгрөгөөс ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын тэтгэмжид олгосон 3.764.790 /гурван сая долоон зуун жаран дөрвөн мянга долоон зуун ер/ төгрөгийг суутган, үлдэх ажлын 26 өдрийн цалин 741.549 /долоон зуун дөчин нэгэн мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч Ж.А нь төрийн жинхэнэ албан хаагч биш байхад Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн бүрэн эрхийг зохицуулсан хэм хэмжээг баримтлан түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ж.А нь гаалийн байгууллагад ажиллаж байгаад Гаалийн ерөнхий газрын даргын 2003 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 326 дугаар тушаалаар гаалийн хууль тогтоомж, гаалийн улсын байцаагчийн ёс зүйг зөрчсөн гэсэн үндэслэлээр гаалийн албанаас халах сахилгын шийтгэл-ээр гаалийн албанаас халагдсан шийдвэр нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Нэхэмжлэгч 2011 оны 10 дугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилд орохоосоо өмнө болон ажиллаж байх хугацаандаа төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй бөгөөд үүнийгээ нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн, маргаагүй болно.

Нэхэмжлэгч гаалийн байгууллагад ажиллаж байхдаа гаалийн албан хаагчийн тангараг өргөсөн гэж тайлбарладаг боловч түүнийг ажлаас халсан дээрх шийдвэр гарснаар уг тангараг эрх зүйн чадамжгүй болсон. Тухайлбал, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм-ийн 6.8-д Гаалийн улсын байцаагчид гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь гаалийн албанд авахаас татгалзах үндэслэл болно..., Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д Энэ хуулийн...25 дугаар зүйл, 26.1.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө. гэж заасан.

Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй нэхэмжлэгч Ж.А-г төрийн албанд томилсон нь эхнээсээ хууль бус ажиллагаа байсан бөгөөд түүнийг томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.6 дахь заалтуудыг зөрчсөн илт хууль бус шийдвэр юм.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 37 дугаар тогтоолын 6-д Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан... хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, ... бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. гэж заасан.

Албан хаагчдын хувийн хэрэг, материалтай танилцах явцад болон Гаалийн байгууллагаас ирүүлсэн албан бичгээр нэхэмжлэгч Ж.А нь төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, өмнө нь гаалийн байгууллагад ажиллаж байхдаа өргөсөн тангараг нь эрх зүйн чадамжгүй болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад шүүх хуульд заасан тодорхой шалгуурыг зөрчиж гаргасан илт хууль бус захиргааны шийдвэрээр, албан тушаалд томилогдсон этгээдийг дахин уг албан тушаалд томилох шийдвэр гаргаж, илт хууль бус шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэж байгаа нь хууль зөрчихөд хүргэж байна гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс энэ асуудлаар шүүх хуралдаан дээр тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүх түүнийг үнэлээгүй, шүүхийн шийдвэрт энэ талаар үнэлэлт өгч тусгаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчим-ын нэг агуулга нь хууль бус шийдвэрүүдийг залруулж, хуульд нийцүүлэн ажиллах асуудал байдаг тул хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй Ж.А-г ажлаас чөлөөлсөн манай байгууллагын шийдвэр нь дээрх зарчим, хуулийн хүрээнд гаргасан шийдвэр юм.

2. ...зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д ....заасныг зөрчиж, Геологи, уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ж.А мэдлэг мэргэжил, мэргэшлийн ямар нэг сонгон шалгаруулалтыг хийлгүйгээр ажлаас чөлөөлж, тухайн орон тоон дээр төрийн захиргааны өөр байгууллагаас хүн авч ажиллуулсан нь буруу байна гэж үнэлсэн нь хэрэгт авагдсан нотлох болон үйл баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байна. Үүнд:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана гэж заажээ.

Гэтэл нэхэмжлэгч Ж.А нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй тул төрийн жинхэнэ албан хаагчид тооцогдохгүй бөгөөд дээрх хуулийн заалтад хамаарч, эрх ашиг нь зохицуулагдахгүй.

Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 4-д ...Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-д заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ. гэжээ.

Дээрх тайлбараас харахад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй Ж.А ажиллаж байгаа албан тушаал-ыг сул орон тоо гэж үзэхээр байна.

Харин түүний ажиллаж байгаа албан тушаал /сул орон тоо/ дээр төрийн захиргааны өөр байгууллагаас хуульд заасан шаардлага хангасан этгээдийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасны дагуу хийгдсэн хууль ёсны томилгоо болно.

3. ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай 95 дугаар тушаалаар Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн орон тоо өмнөхөөсөө нэмэгдэж 7 байхаар батлагдсан байна. Үүнд: Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга 1, уул уурхай хариуцсан 4, геологи хариуцсан 2 хяналтын улсын байцаагч байхаар заасан байна гэсэн нь нотлох баримтыг буруу судалж үнэлсэн байна.

Хэрэгт авагдсан 2014 оны 284 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тоо хүснэгтийн Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхай хяналтын газар гэсэн хэсэгт уг газар нь 2 хэлтэстэй байх, Хэлтсийн дарга-2 гэсэн байх бөгөөд Геологи, уул уурхайн хяналтын хэлтэс-6 улсын байцаагчтай байхаар тусгасан байна. Гэтэл шүүхээс хэлтсийн даргыг /1/ оруулж тоололгүйгээр өмнө нь 6 улсын байцаагчтай ажиллаж байсан гэж буруу үнэлж дүгнэсэн байна.

Иймд Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн орон тоо нэмэгдээгүй, өмнөх орон тоо хэвээрээ батлагдсан бөгөөд энэ талаар шүүхэд маргаан гараагүй болно.

Харин Шадар сайдын тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 95 тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталснаар Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийг уул уурхайн хяналт хариуцсан 4, геологийн хяналт хариуцсан 2 улсын байцаагчийн орон тоотой ажиллахаар болж уул уурхайн болон геологийн хяналтыг мэргэжлийн түвшинд жигд хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн.

Өмнөх тушаалуудаар уул уурхайн хяналт хариуцсан болон геологийн хяналт хариуцсан байцаагч нарын тоог тодорхой заагаагүйгээс тухайн үеийн холбогдох албан тушаалтнууд Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийг геологич мэргэжилтэй боловсон хүчнээр бүрдүүлэн ажиллуулсан байдаг.

4. ...маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь орон тооны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдож, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйл явдалтай маргаж байгаа болохоос ажлын хариуцлага алдсан, сахилгын шийтгэл удаа дараа хүлээж байсны улмаас үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тухай маргаан биш... гэсэн нь хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг үйл баримттай уялдуулан үнэлж үзээгүй байна.

Ж.А хяналт шалгалтыг удирдамжид заасан хүрээнд хийж гүйцэтгээгүй, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, хяналт шалгалтын баримт бичгийг газар, хэлтсийн даргаар хянуулаагүй, хяналт шалгалтын бичиг баримтыг архивт өгөөгүй зөрчил гаргаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сараар 20 хувиар бууруулах, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.13-д заасан нийтлэг үүргээ үл биелүүлж илт хууль бус захиргааны акт боловсруулж батлуулсан зөрчил гаргаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 428 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан.

Дээрх баримтууд нь түүнийг ажил, албан тушаалдаа хариуцлагагүй ханддаг, албан үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлдэггүй, хууль тогтоомжийг зөрчдөг, албан тушаалдаа мэргэжил мэргэшлийн хувьд шаардлагын түвшинд хүрэхгүй байгааг үйл баримтаар нотолж байгаа болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.А нь албан тушаалдаа мэргэжил, мэдлэгийн хувьд бусад албан хаагчдаасаа доогуур буюу тэнцэхгүй болох нь нотлогдож байгаа бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж заасан шаардлагыг хангахгүй байгааг харуулж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шалгахдаа холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үйл баримт, нотлох баримтуудыг буруу үнэлсэн, эргэлзээгүй үнэн зөв үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, хариуцагчаас гаргасан тайлбарт үнэлэлт өгөөгүй, мөн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүйгээс Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй этгээдийг илт хууль бус шийдвэрээр томилогдсоныг хуульд нийцүүлж залруулсан байхад тухайн этгээдийг буцаан томилохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 607 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ж.А Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны дугаар 96 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, шагнал урамшуулал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тооны хязгаарыг, Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тушаалаар тус газрын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай 95 дугаар тушаалаар Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн орон тоог батлахдаа 2014 оны 284 дүгээр тушаалаар батлагдсан орон тоог хэвээр баталсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо цөөрөөгүй байхад хариуцагч маргааны бүхий захиргааны актынхаа албан тушаалын орон тоо цөөрсөн, хасагдсан буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг баримтлан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад хамааруулж улсын байцаагч Ж.А-г ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.

 

Орон тоо шинэчлэн баталсан тушаалаар нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо цөөрөөгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байтал түүнийг уг албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д ...Төрийн байгууллага ... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...-аар заасантай нийцээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Үүнээс гадна хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгч Ж.А-г Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 /Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө/, 17.2 /Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй/-т заасан шаардлага хангасан гэж үзэн 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаар тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн ажилд анх томилсон, үр дүнгийн гэрээ байгуулж, ажиллах нөхцөлийг хангаж, цалин хөлсийг олгох зэргээр ажил үүргийг нь гүйцэтгүүлж байсан, улмаар маргаан бүхий актаар төрийн жинхэнэ албан хаагчийн нэгэн адил баталгааг эдлүүлж, тэтгэлэг олгохоор шийдвэрлэж байсан атлаа төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй тул төрийн жинхэнэ албан хаагчид тооцогдохгүй гэх үндэслэлээр маргаан бүхий актыг зөвтгөн маргаж байгааг хүлээн авч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

 

Мөн байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажлаас чөлөөлсөн агуулгатай маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянахад тухайн актын үндэслэл болоогүй тодруулбал, ажил, албан тушаалдаа хариуцлагагүй ханддаг, албан үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлдэггүй, хууль тогтоомжийг зөрчдөг гэх Ж.А сахилга, ёс зүйн талаар төрийн албанд тэнцэхгүй талаар гаргасан хариуцагч талын гомдолд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн Тогтоох нь хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой хэрэглээгүй байгааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 607 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаас 11 дүгээр зүйлийн 11.6, техникийн гэснийг, 2 дахь заалтаас 28 дугаар зүйлийн 28.2.2 гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР