Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000442 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй,******* овогт**************,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багт байрлах Монос нэртэй дэлгүүрт иргэн Б.Ариунзаяагийн эзэмшлийн А-10 S маркийн гар утсыг шалан дээр шидэж бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Баярмаа овогтой Ариунзаяатай эр, эмийн харилцаатай болоод жил гарангын хугацаа болж байна. Түүний хувьд манай Эрдэнэцогт сумынх юм байгаа. Мөн урьд нь Эрдэнэцогт суманд манай ээжтэй цуг нэг байгууллагад ажилладаг байсан юм. Ерөнхий түүнийг таньдаг болоод удаж байна. Одоо болсон явдлын талаар ярих юм бол тус өдөр нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байсан юм. Тус өдрөөс 3 хоногийн өмнө бид хоёр хоорондоо маргалдсан юм. Үл ялихгүй зүйл дээр маргасан байсан юм. Тэгээд уулзалгүй зөвхөн утсаар ганц нэг удаа ярьж байсан юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр түүнтэй утсаар ярьж байгаад ажил дээрээс нь орой 19 цаг өнгөрч байхад очиж авсан юм. Тэгээд бид хоёр “Монос" дэлгүүр лүү орсон юм. Дэлгүүр лүү ороод ойр зуурын юмнуудаа аваад мөнгийг мобайлдъя гэж бодоод утсаараа мобайл дахь гэсэн чинь миний утсанд Ариунзаяагийн сим карт нь байсан юм Тэгээд түүнд пин кодоо оруулаад өгчих өө гэсэн чинь чамд яахлаараа хийж өгдөг юм бэ Би чамтай явахгүй зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь Ариунзаяагийн утсыг аваад мобайл дахь гэсэн чинь кодоо гаргаж өгөөгүй юм. Тэгээд би “Монос” дэлгүүрийн худалдагч эгчийн утасны 2 зүүг нь аваад өөрийнхөө утсанд байсан Ариунзаяагийн сим картыг гаргаад өөрийнхөө сим картыг хийгээд мөнгийг төлчхөөд гарсан юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Б.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр******* бид хоёр Монос дэлгүүр ороод юм авчхаад тооцоог нь хийхээр миний сим картыг утаснаас гаргаад өөрийнхөө сим картыг хийгээд тооцоог мобайл банк ашиглаж хийсэн юм. Намайг пин кодоо хэлээгүй болохоор уурлаад байсан юм. Тэгэхээр нь гадагшаа гарвал бөөн хэрүүл болох байх гэж бодоод гараагүй юм. Тэгсэн чинь дэлгүүр рүү буцаж орж ирээд миний гар утсыг шал руу шидчихээд яваад өгсөн. Би гар утсаа 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 430.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Самсунг А-10 эс маркийн гар утас байсан. Эвдсэн гар утас бид хоёрын дундын өмч биш би өөрийнхөө мөнгөөр 430.000 төгрөг худалдаж авсан юм. Гар утсыг асаах гэхээр асахгүй байгаа. Дахин ашиглагдахааргүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-9/

4. Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 482 дугаартай шинжээчийн: 1. А-10 S маркийн гар утас 1 ширхэг эд зүйлийн нийт үнэ цэнэ 430.000 /дөрвөн зуун гучин мянган/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх- ийн 15/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 28/, дипозит дансны хуулга / хх-ийн 30-32/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 34-35/, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол / хх-ийн 58/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 26-17ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багт байрлах “Монос” нэртэй дэлгүүрт иргэн Б.Ариунзаяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эзэмшлийн А-10 S маркийн гар утсыг шалан дээр шидэж бусдын эд хөрөнгийг устгаж 430.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч Б.Ариунзаяагийн мэдүүлэг, “Энх-нахиа” ХХК-ийн 482 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ариунзаяа шүүгдэгч ******* нар нь эвлэрсэн талаар бичгээр нотлох баримт үйлдсэн бөгөөд шүүгдэгч ******* нь гар утасны үнэ 350.000 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч *******гээс 80.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ариунзаяад олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар эвдэрсэн гар утас нэг ширхэг, болсон үйл баримтыг бичсэн бичлэг бүхий СД нэг ширхэг зэргийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. Шүүгдэгч *******гийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга 3 хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь шийтгэгдэж байсан эсэх талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт************** нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар******* овогт**************г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******гээс наян мянган / 80.000 / төгрөг гаргуулж хохирогч Б.Ариунзаяад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, бичлэг бүхий СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн 4 тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ