| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0360/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/391 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0360/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818000000389 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б 1979 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, аврагч-гал сөнөөгч мэргэжилтэй, Дархан сумын 8 дугаар багийн ... дугаар байранд орцны цэвэрлэгч ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 сарын 09-ний өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын****** тоотод байх өөрийн гэрийнхээ хашаанд Ц.Ч маргалдан эрх чөлөөнд нь халдаж, цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 сарын 09-ний өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын****** тоотод байх өөрийн гэрийнхээ хашаанд Ц.Ч маргалдан эрх чөлөөнд нь халдаж, цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ц.****** нь манай хашаанд ****** болон манай ээжийн хамт архи уусан байсан. Би ч гэсэн архи уусан байсан учир Ц.Ч муудалцаж, барилцаж аваад хутгаар цохисон.
... үүдний амбаарт байсан хутгыг би өөрөө авч гарч ирээд хатгасан. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан учир хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-7/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-10/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 11/,
-Хохирогч Ц.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 сарын 09-ний өдөр би найзынхаа төрсөн өдөрт эхнэртэйгээ хамт очиж байж байгаад найз болох ******гийн гэрт очсон. Тэнд найзтайгаа архи ууж байгаад тасраад унтчихсан байсан. Тэгээд л эмнэлэг дээр сэрсэн. Намайг ******хутгалсан талаар мэдсэн. Би ер нь уухаараа хурдан муудаад тасарчихдаг юм.
...******ийн талаас надад эмчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Дээр нь хот уруу өөрсдийн унаагаар авч яваад үзүүлсэн. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13, 18/,
-Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ах*****ийн хамт манай хойно байдаг ***** гэх айлаас ээжийгээ авахаар очиход манай хойд эцэг ******, түүний найз ******, ээж ***** нар согтуу байсан. Тэгээд манай ах ******нь ******тай маргалдаад ээжийг дагуулаад гэр лүүгээ явсан. Би араас нь ******г дагуулаад гэртээ ирэхэд ******ах аавын найз ****** гэгчтэй барьцалдчихсан зогсож байсан. Би дундуур нь орж салгаад эргээд хартал ******ах ****** гэгчийн цээжин хэсэгт нь цохих шиг болсон. Тэгтэл гарт нь хутга байсан бөгөөд ****** гэх ах “намайг хутгалчихлаа шүү дээ” гээд хойш болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/,
-Гэрч М.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөртэйгөө хэрэг болдог өдрийн урд өдөр нь найз хүүхнийхээ төрсөн өдөрт очсон чинь нөхөр маань ******тай түрүүлээд явчихсан байсан. Тэгээд гэртээ ирж хоноогүй. Гэртээ байж байсан чинь 13 цаг өнгөрч байхад “цагдаагаас ярьж байна, танай нөхөр хүнд хутгалуулсан байна, эмнэлэг дээр хүрээд ир” гэж ярьсан. Тэгээд эмнэлэг дээр очиход манай нөхрийн архи нь гараагүй, цээжинд нь оёдол тавиад тасагт шилжүүлсэн байсан. Бие нь ерөнхийдөө гайгүй, нэг их зовиурласан зүйл ажиглагдаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 19/,
-Гэрч М.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******той найзалж нөхөрлөөд 10 гаруй жил өнгөрч байна. 2018 оны 09 сарын 08-ны өдөр найз ******той хамт эхнэрийнх нь найзын төрсөн өдөрт очсон. Тэгээд бааранд ороод архи ууж байгаад ****** бид 2 нэлээн муудаад манайд очиж унтаад өглөө босч дахиад тал шил архи уугаад би тасраад уначихсан байсан. Тэгээд нэг мэдсэн манай гэрт цагдаа ирчихсэн намайг “босоорой, хүн хутгалуулчихаад байхад та унтаад байна” гээд сэрээсэн. Манай эхнэрийн хүү ******манай найз ******ийг хутгалсан талаар сүүлд нь эмнэлэг дээр очоод мэдсэн. Тэгээд маргааш өдрөөс нь би эхнэртэйгээ нийлээд ******ийн эмчилгээний зардлыг төлж барагдуулж, хот руу авч явж нарийн шинжилгээнд хамруулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,
-“Ц.Ч биед цээжний баруун өмнө хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Ч биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 940 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 22/,
-Хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 38/,
-Хохирогч Ц.Ч-оос гаргасан “Б.Б нь миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх баталгаа /хэргийн 39/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл /хэргийн 49-59/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ч биед “...цээжний баруун өмнө хэсгийн шарх” бүхий гэмтэл учирчээ.
Энэхүү гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа ба энэ нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 940 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 22/ нотлогдож байх бөгөөд хохирогч Ц.****** нь “...надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13, 18/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 сарын 09-ний өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын****** тоотод байх өөрийн гэрийнхээ хашаанд Ц.Ч маргалдан эрх чөлөөнд нь халдаж, цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хүрэн өнгийн зураастай хуванцар иштэй, 19 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хүрэн өнгийн зураастай хуванцар иштэй, 19 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ