Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/392

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0046/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн     холбогдох 1818006260381 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,   Б.Д / 1985 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 8 дугаар сарын 3-наас 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 379352 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...яллах дүгнэлт үнэн зөв бичигдсэн. Тухайн үед эвдэгдсэн газарт ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж болно гэж бодоод ашигт малтмал олборлолт явуулахаар үйл ажиллагаа эхлүүлсэн. Гэтэл Шарын гол сумын цагдаагийн бүрэлдэхүүн ирж үйл ажиллагааг зогсоосон. Хохирол, нөхөн төлбөрт 1568000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-11/,

-Гар аргаар хийсэн алт угаах төхөөрөмж битүүмжилсэн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгийн үнэлгээ /хэргийн 14-17/,

-Хохирогч  А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би  А-н  гэх хүнийг танихгүй. Хонгор суманд ямар нэгэн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Хонгор сумын 2 дугаар баг “Цэхэр цөөрөм” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ажиллаж байсан Б. А-н ээс байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчинд учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож нөхөн төлүүлмээр байна. Хууль бусаар газрын хэвлийд халдаж, эвдэгдсэн талбайг нөхөн сэргээхэд зарцуулах зардлыг нэмж төлүүлмээр байна.

...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлсэн дүнгээр 1470239 төгрөгийн хохирол учирсан байгаа. Мөн газрын хэвлийг нөхөн сэргээх ажлын зардалд 98125 төгрөг гарсан байгаа. Нийт 1568364 төгрөгийг Б.Д-ээс нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20/,

-Гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2018 оны 8 дугаар сарын 2-ны шөнө ирээд 2018 оны 8 дугаар сарын 3-ны өглөөнөөс эхлээд уг газарт усан буу угсрах, бусад ажилд туслах ажилтан хийж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд экскаватороор хуучин ухагдсан газрын шороог ухаж байсан юм. Тэгээд 2018 оны  8 дугаар сарын 4-ний өглөө цагдаа нар ирээд үйл ажиллагаа зогсоосон.” гэх мэдүүлэг /хэргийн 25/,

-Гэрч Т.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Шарын гол суманд ирээд намайг  А-н  гэж залуу тосож аваад ЗИЛ-131 машинаар уг газарт ирсэн юм. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс өнөөдөр хүртэл экскаваторын операторчноор ажиллаж байна.

...би өчигдөр өдөр ажиллаад 10x10 хэмжээтэй газрын шороог усан буунд хийж угаалгасан, шөнө нөгөө ээлжийн оператор ажиллаад өглөө буухаар нь дахин өөр газар ухаж байгаад цагдаа нарт баригдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 27/

-Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ЗИЛ-131 маркийн машинаар хүмүүсийн хамт уг газарт ирсэн юм. Тэгээд усан буугаа байрлуулаад ус татдаг насос зэргийг нь би зөөж өгөөд алт угаах үйл ажиллагаа явуулж байхад нь би туслах ажилтан хийж байсан юм.  А-н  тээврийн зардал хийх гэж байгаа юм, хуучин угаачихсан шороог дахин жаахан ганц хоёр өдөр угаана гэсэн. Надад өдрийн 30000 төгрөг өгнө гэж хэлсэн байсан юм.

...хуучин ухчихсан газрын шороог экскаватороор зөөж усан буунд угааж байсан юм. Ямар хэмжээний газар ухсаныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 29/,

-Гэрч А.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…нүх ухдаг машин нь цаана нэг төмөр зүйлийн хажуугаас хөдлөөд наана ирээд нүх ухсан. Яг хэдий хэмжээтэй нүх ухсаныг мэдэхгүй байна. 1 цаг гаруй хугацаанд нүх ухдаг машин нь ажилласан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хэргийн 30/,

-Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2018 оны 8 дугаар сарын 4-ний өглөө үйл ажиллагаа нь эхэлсэн. Яг ямар үйл ажиллагаа явагдаж байгааг мэдэхгүй. Бие өвдөөд байсан болохоор унтаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 31/,

-Гэрч А.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2018 оны 8 дугаар сарын 2-ны орой  А-н ийн найзуудтай хамт уг газарт ирсэн. Маргааш өглөө нь  А-н  “зардлаа энэ газраас хийж болно, нэг өдөр хуучин ажиллаж байсан шороог усан буугаар угаагаад орой явна” гээд тэнд байсан экскаватороор уг газарт ажиллаж байх хугацаанд би уг үйл ажиллагаанд оролцоогүй унтаж амарч байсан. 2018 оны 8 дугаар сарын 4-ний өглөө цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон.” гэх мэдүүлэг /хэргийн 33/,

-Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би  А-н ийг хаана ажиллах талаар асуухад зөвшөөрөлтэй уурхай дээр ажиллана гэж байсан болохоор итгээд ашигт малтмал олборлох бичиг баримтыг нь үзээгүй өөрийн экскаваторыг түрээсэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 34/,

-Гэрч Ш.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…нөгөө хэд САТ320 маркийн экскаватороор зөөж ухсан шороог усан буугаар угааж байсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 4-ний өглөө цагдаа нар ирж бид нарыг уулнаас буулгасан.

...би  А-н ийг зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмал олборлож байгааг мэдээгүй.  А-н  надад хэлэхдээ ууланд орхисон усан буу, экскаваторыг уулнаас авчрах ажилд туслаад өгөөч л гэж хэлсэн. Тэгээд ууланд очсоныхоо дараа усан буу, экскаваторыг уулнаас буулгах бензин тосны мөнгө олно гээд усан буугаар шороо угаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 36/,

-Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... А-н  надад хэлэхдээ ууланд орхисон усан буу, экскаваторыг уулнаас авчрах гэсэн юм. Бас уулнаас усан буу, экскаваторыг буулгах, зөөх зардлын мөнгө олно гээд өмнө нь угаасан байсан шороог дахин угааж зардлын мөнгөө олно гэсэн. Тэгэхээр нь би экскаваторыг нь жолоодож өгсөн.  А-н ийг зөвшөөрөлгүй шороо угааж байгаа юм уу? зөвшөөрөлтэй шороо угааж байгааг мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 38/,

-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ны гаргасан шинжээчийн дүгнэлт /хэргийн 41-48/,

-“Капитал зууч” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хэргийн 59-60/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Днь 2018 оны 8 дугаар сарын 3-наас 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Д үйлдсэн гэмт хэргийн улмаас нийт 1568370 төгрөгийн хохирол учирсан болох нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ны гаргасан шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 41-48/ нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Б.Днь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1568370 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 8 дугаар сарын 3-наас 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800000 төгрөгийн үнэ бүхий 3 метр өндөртэй, 4 метр урттай гар хийцийн алт угаах төхөөрөмжийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэснийг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч   Б.Д тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч   Б.Д 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар торгох ялын 5400000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Б.Д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Д анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн 800000 төгрөгийн үнэ бүхий 3 метр өндөртэй, 4 метр урттай гар хийцийн алт угаах төхөөрөмжийг хурааж, улсын орлого болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ