Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 3271

 

 

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       

 

 

                                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Т.Гандиймаа, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Г.Г

Хариуцагч: Ц.М

Хохиролд 2.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г, иргэдийн төлөөлөгч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

                                                                                                           

                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

 

            Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Г миний бие 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанд хариуцагчаар оролцсон бөгөөд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй. Шүүгчийн туслах Ц.М-ийн буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийг хүртэл сэтгэл санаа, эд хөрөнгөөр онц ноцтой хохирсоор явна. Ц.М шүүгчийн туслах миний гарын үсгийг хуурамчаар шийдвэр гардуулсан баримтад зурсан. Энэ үйлдлээсээ болж тушаал буурч нарийн бичгийн дарга болж дараа нь ажлаасаа гарсан. Би урьд өмнө шүүх хяналтын байгууллагаар орж үзээгүй, тухайн хуралд өмгөөлөгчгүй өөрөө ганцаараа оролцсоны улмаас надад шүүх шийдвэр гардан аваарай гэж дуудахыг, гэрийн хаягаар ирүүлэхийг хүлээсэн. Нэг мэдэхэд 11 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр барагдуул гэж ярьсанд цочирч Шүүхийн архиваас материалаа татаж үзтэл миний гарын үсгийг шийдвэр гардан авснаар 2015 оны 08 дугаар сарын 23 ба бүтэн сарын хугацааны дараа шүүгчийн туслах Ц.М дуурайлган хуурамчаар зурсныг олж мэдээд архиваас шийдвэрээ авсан. Би шүүхийн шийдвэрийг гардаж аваад давж заалдах бодолтой байсан. Учир нь би аваагүй мөнгийг хүнд өгөхгүй гэж бодож байсан. 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрээр надаас 2.290.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 129.350 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2.460.000 төгрөг төлж хохирсон. Иймд хариуцагч Ц.М-с хохиролд 2.460.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.М нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байхдаа Б.Э-н нэхэмжлэлтэй Г.Гд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.150.000 төгрөг гаргуулах тухай шүүх хуралдаан болсон бөгөөд тухайн шүүх хурлаар хариуцагч Г.Г гаас 2.290.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Уг шүүх хуралдаанд Г.Г нь өөрийн биеэр суусан бөгөөд хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн баримт, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцсан баримт, шүүх хуралдааны тов зэрэгтэй танилцаж гарын үсэг зурсан байдаг. Өмнө нь энэ хэрэг удаа дараа хойшилж байсан бөгөөд энэ хугацаанд өмгөөлөгч авах болон хууль зүйн туслалцаа авах бүрэн боломжтой байсан хэдий ч өөрийн эрх, үүргийг эдлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийг агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, хэвлэснээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, өөрийн биеэр гардан авна гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг 14 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасан. Шүүх хуралдаанд шийдвэрээ танилцуулахдаа хэрэв шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсан байдаг. Г.Г нь тухайн шүүх хурал болохоос өмнө өмгөөлөгч авах эрхээ эдлээгүй төдийгүй шүүхийн шийдвэр гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэйг дурьдсаар байтал өөрийн хайнга үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлоо надаас нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай байна. Г.Г нь 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гардан авсан баримт дээр гарын үсэг зурсан байдаг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

  Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ц.М-т холбогдуулан хохиролд 2.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр Б.Э-н нэхэмжлэлтэй Г.Гд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.150.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцээд Г.Ггаас 2.290.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 129.350 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэжээ.

            Тус хэргийн хариуцагч Г.Гд 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эрх үүрэг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралдааны товийг хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, тэрээр шүүх хуралдаанд хариуцагчаар оролцож өөрийн тайлбарыг гаргасан ба шүүхийн шийдвэрийг 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “шийдвэрийг гардаж аваагүй. Шүүгчийн туслах Ц.М гарын үсгийг дуурайлган зурсан” гэж тайлбарладаг боловч тайлбарыг нотолсон баримтгүй, шүүхийн шийдвэр гардуулсан баримтанд зурагдсан гарын үсэг  өөрийнх нь биш гэдэг нь нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн  38.1-д заасан өөрийн нэхэмжлэлийн шаардлагын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй буруутай байна.

            Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч Б.Э-д 2.460.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарлан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг баримтаар ирүүлж, хариуцагчийн буруутай үйл ажиллаагаанаас учирсан хохирол гэж тайлбарлан Ц.М-с нэхэмжилсэн боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр бусдад төлөх төлбөрийг төлж барагдуулсан явдалд хариуцагчийн хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр учирсан гэм хор гэж үзэх үндэслэлгүй байна.

            Иймд хариуцагч Ц.М-с хохиролд 2.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Хариуцагч нь энэ өдрийн шүүх хуралдаанд өөрийгөө оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.