| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0378/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/382 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0378/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Хохирогч Н.Н.Б-,
Шүүгдэгч Ш.Ш.Б-, О.О.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш.Б-, О.З- нарт холбогдох эрүүгийн 1718003400196 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш.Б- 1991 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,.
Монгол Улсын иргэн, О.З-, 1986 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ш.Ш.Б- О.О.З- нар нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* байрны гадна иргэн Н.Н.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Ш.Б-, О.О.З- нар нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах байрны гадна иргэн Н.Н.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь “дух, чамархайн хуйхны шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар, хамар, оочны хэсэгт зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацар, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүгдэгч Ш.Ш.Б-ы мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...2017 оны 10 дугаар сарын 30-ны орой би өөрийн найз охин болох М-ийг өөрийн төрсөн эгч О.З-тай танилцуулах гэж рабатын гудманд уулзсан. Тэгээд бид 3 хамт караокед орж хүний нэг нэг шил пиво уугаад тэндээс 19 цагийн орчим эгчийнх рүү очихоор гарсан. Ингээд гадаа гарсан хойно О.З- эгч бие засмаар байна гээд бракийн хажуу харанхуй руу орсон. Тэгээд би М-ийн хамт хүлээгээд байж байтал нэг залуу О.З- эгчийн хажууд ирээд зогсчихсон “юу хийж суугаа юм бэ” гэж асуухад О.З- эгч “бие засч байна” гээд хэлсэн. Тэгэхэд тэр залуу О.З- эгчийг “наана чинь бие засдаг юм уу, муу янхан минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод “уучлаарай ахаа манай эгч байгаа юм, би одоо ингээд аваад явчихъя” гэж хэлэхэд тэр залуу “наад янхануудаа хурдан аваад яваач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд “та одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд яваад очиход тэр залуу шууд намайг заамдаж аваад хажуу талынхаа брак руу чирээд орсон. Тэгээд тэр брак байрны кордор руу орсон хойно эхэлж тэр залуу намайг 1 удаа алгадаж авахаар нь би зөрүүлээд тэр залуугийн зүүн шанаа руу нь баруун гараараа 1 удаа цохиж авахад тэр залуу намайг татаж хаалганы багана мөргүүлээд зууралдаад байж байхад манай эгч ирээд тэр залуугийн толгой руу нэг удаа гараараа цохиж авсан. Тухайн үед миний нүүрний зүүн талаас шалбарч цус гарсан байсан. Тэгээд би эгчтэйгээ нийлээд тэр залууг чирээд тэр бракаас гаргасан бөгөөд салах гэсэн чинь тэр залуу салахгүй О.З- эгчийг түлхээд намайг хавсарч газар унагаад дээр гараад суучихсан. Тэгэхэд эгч тэр залууд хандаж “наад хүүхдийнхээ дээрээс босоо, наад хүүхэд чинь бие муутай” гээд хэлэхэд тэр залуу огт тоохгүй “чи зайл" гэж хэлсэн. Тэгэхэд О.З- эгч гартаа гар утсаа барьсан байснаараа тэр залуу дээр очоод зүүн нүднийх нь дээд хэсэгт 1 удаа цохиод авсан. Тэгэхэд тэр залуу эгчийг түлхэж өөрөөсөө холдуулаад над дээр бүүр дараад лав суусан. Тэгэхээр нь би тэр залуугаас “миний дээрээс босчихоо, миний хавирга хугархай, би зугтахгүй, цагдаа иртэл би байж байя” гэж хэлэхэд босохгүй байсан. Удаагүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Хохирогчид хохирлын 16 000 төгрөгийг өгсөн, куртикыг нь манай эгч оёж өгнө гэсэн. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.О.З-гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлынхаа найз нартай ажлаа тараад жоохон архи уусан. Тэгээд би тосгон руу харих гэсэн чинь таксины мөнгөгүй болчихсон байсан учраас өөрийн дүү Ш.Б- руу залгаад хаана яваа юм бэ би харих гэсэн чинь таксины мөнгөгүй болчихлоо гэж ярьсан. Тэгэхэд Ш.Б- “арбатын гудамжинд байх караокед сууж байна” хүрээд ирээ гэж хэлсэн. Ингээд би Ш.Б- дээр яваад очиход Ш.Б- найз охиныхоо хамт дуулаад нэг нэг лааз пиво уугаад сууж байсан. Ингээд би тэр 2-той нийлж хамт суугаад 1 лааз пиво уусан. Тэндээс гарах гэж байхад манай найз Сайхан сумаас Дарханд ирж байна, танайд очиж хонъё гэхээр нь би арбатын гудманд хүрээд ир гэж хэлсэн. Ингээд Караокеноос гараад арбатын гудманд найзыгаа хүлээгээд байж байтал миний шээс хүрэхээр нь брак руу тойроод харанхуй булан руу ороод бие засаад сууж байсан чинь нэг залуу миний хажуугаар гараад явснаа яг миний ард ирээд зогссоноо “наанаа юу хийж байгаа юм бэ” гэж асуухаар нь би “яанаа шээс хүрээд бие засчихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу “энэ чиний бие засдаг газар юм уу янхан минь бос" гээд элдвээр хэлсэн. Тэгэхэд Ш.Б- цаанаас хүрч ирээд тэр залууд хандаад “манай эгч байгаа юм, би аваад явчихъя, уучлаарай” гэж хэлсэн чинь тэр залуу Ш.Б- руу дайраад тэгээд тэр 2 хоорондоо зууралдаж авсан. Тэгэхэд тэр залуу Ш.Б-ыг заамдаж аваад тэр брак байрлуугаа чирээд аваад орсон. Тэгэхээр нь би босоод өмдөө өмсөөд араас нь очиход тэр 2 зууралдчихсан ноцолдож байсан. Би салгах гэсэн боловч тэр 2 салахгүй байсан. Тэгэхээр нь би тэр залууг би тавиач гэж хэлээд нэг удаа алгадаж авахад тэр залуу буцаагаад намайг мангасдаж хана мөргүүлэхээр нь би тэр залууг эргүүлж доогуураа өшиглөсөн. Тэгэхэд тэр залуу намайг эргүүлж өшиглөж миний баруун гарын чигчий хурууг гэмтээсэн. Тэгэхэд Сайхан сумаас ирж байсан найз маань ирчихпээ гэхээр нь би гараад найзыгаа тосч аваад буцаад хүрээд ирэхэд нөгөө залуу Ш.Б-ыг доороо оруулчихсан, өөрөө дээр нь гараад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаж “наад хүүхдийн чинь 2 хавирга хугархай, бос” гэж хэлээд тэр залуугийн цээж хавь руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Н.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би ажпаа тараад гэр рүүгээ харьж явтал оройн 19:00 цагийн орчимд манай хашаан дотор нэг эмэгтэй шээгээд байж байсан. Тэгэхээр нь би “чи одоо болиочээ” гэж хэлхэд тэр эмэгтэй намайг “зайл" гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи өөрөө зайл гэж” хэлсэн. Тэгээд байж байтал цаанаас нь нэг эрэгтэй ирээд “чи миний эгчийг зайл” гэж хэллээ гэж хэлээд намайг бариад авсан. Тэгээд тэр эрэгтэйтэй би барьцалдаж аваад гэрийнхээ коридор руу ороод хаалгаа тогшоод хадам ээждээ “цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Тэгж хэлэхийн зуур тэр эрэгтэй миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохьсон. Тэгээд цохиулаад байж байтал гаднаас шээж байсан эмэгтэй, 1 эмэгтэйтэй орж ирээд нийлж миний нүүр, ам руу өшиглөөд майжаад байсан. Тэгээд тэр гурав намайг чирээд коридороос гадагшаа авч гарах гээд байсан. Тэгээд сүүлдээ тэр гурав зугтах гээд байхаар нь би тэр эрэгтэйг газар унагаагаад цагдаа нар иртэл дээр нь сууж байя гэж бодоод дээр нь гарч суусан. Тэгээд дээр нь гараад сууж байхад шээж байсан эмэгтэй утсаараа миний толгой болон нүүр рүү цохиод миний толгойг хагалж хоёр газар 6 оёдол тавиулсан. Мөн миний нүүрийг маажиж сорви тогтоосон, нүд хөхөрч хавдаад ажилдаа явж чадалгүй хэд хоносон. Өнөөдөр надад шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр 10 000 төгрөг өгсөн, зодооны улмаас миний өмсөж явсан куртик урагдчихсан. Куртикыг О.З- оёж өгнө гэсэн. Үүнээс гадна би 300 000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх 4/,
Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Тэр өдөр би найз залуу Б- оройн 16:00 цагийн үед Дархан сумын 5-р багийн арбатад байрлах Смайл нэртэй кароакед орсон. Тэгээд удалгүй эгч О.З- ажлын хүмүүстэй жаахан пиво уучихлаа гээд бид хоёр дээр ирсэн. Тэгээд бид гурав тэр кароакед нэмж нэг шил пиво уугаад О.З- эгчийн найзыг тосохоор арбатын гудамж руу гарсан. Тэгээд О.З- эгч шээс хүрээд байна гэж хэлээд наанаа зогсож байгаарай би шээчихээд ирье гэж хэлээд харанхуй байрны тийшээ явсан. Тэгээд удалгүй нэг хартал О.З- эгчийг нэг залуу доромжлоод зогсож байсан. Тэгэхээр нь Б- очоод та яагаад манай эгчийг доромжлоод байгаа юм бэ гэж хэлэхэд тэр залуу Б-г байшин руугаа чирээд хоолойноос нь боогоод орц орж байгаад хацар руу нь нэг удаа цохиод авсан. Тэр үед Б- тэр залуугийн хацар руу нь гараараа нэг удаа цохьсон . Тэгээд О.З- эгч бид хоёр очоод тэр хоёрыг салгах гэтэл тэр залуу Б-г зуураад тавихгүй байсан. Тэгээд тэр залуу Б-гийн дээр гарч суучихаад босохгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн гэх мэдүүлэг /хх 8/,
Гэрч Ц.С- мөрдөн байцаалтад өгсөн:
...Тэр өдөр би хоёр зээтэйгээ гэртээ хоолоо хийгээд байж байхад гадаа коридорт хүмүүс зодолдоод орилоод байсан. Тэгэхээр нь би гараад хартал манай хүргэн Н.Б-ийн нүүрнээс нь цус гарчихсан эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй маргалдаж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан гэх мэдүүлэг / хх 10/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1081 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Н.Н.Б-ийн биед дух, чамархайн хуйхны шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар, хамар, оочны хэсэгт зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацар, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 14/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.О.З- нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 45-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар,
шүүгдэгч Ш.Ш.Б- нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь хавтаст хэргийн 45, 35-39-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож сүүлд буюу 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд тэнсэж хянан харгалзах хугацаа дууссаны дараа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч тус бүрт хуульд заасан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Н.Н.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр 16 000 төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд 300 000 төгрөг ямар нэг баримтгүй нэхэмжилсэнийг хангах боломжгүй гэж шүүх үзсэн.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ эмчилгээ хийлгэсний төлбөр, гэмт хэргийн улмаас тодорхой хугацаагаар ажил эрхлэх боломжгүй болсны улмаас ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх бол нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Б-, О.З- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Ш.Б-, О.О.З- нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Ш.Б-, О.О.З- нарт тус бүр оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар Ш.Ш.Б-, О.О.З- нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Хохирогч Н.Н.Б- нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ш.Б-, О.О.З- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ