Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэгийг суулцуулан

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч О.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,

Шүүгдэгч Д.Ц- нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-д холбогдох эрүүгийн 201622000672 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Ц.

Шүүгдэгч Д.Ц- нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 32 дугаар гудамжны уулзвар дээр улсын дугааргүй Венни маркийн мотоцикль жолоодож уулзвар нэвтрэх үедээ гол замаар явж байсан ...улсын дугаартай Тоёото Клугер маркийн автомашинд зам тавьж өгөөгүйгээс зам тээврийн осол гаргаж мотоциклийн ард сууж явсан О.Б-гийн биед хүнд гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ц- нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 32 дугаар гудамжны уулзвар дээр улсын дугааргүй Венни маркийн мотоцикль жолоодож уулзвар нэвтрэх үедээ гол замаар явж байсан ...улсын дугаартай Тоёото Клугер маркийн автомашинд зам тавьж өгөөгүйгээс зам тээврийн осол гаргаж мотоциклийн ард сууж явсан О.Б-гийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Д.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 10 сарын 24-ний өдөр би өөрийнхөө төрсөн хүүгийн хамт А- /Б юм/ гэж дууддаг хамаатныхаа айлд очиж хоносон юм. Тэдний гэрт хоноод маргааш өглөө босоод байж байтал гаднаас О.Б- ганцаараа явган орж ирсэн. Тэгэхээр нь би О.Б-гээс Зоригоо гэдэг айлын гэрийг мэдэх үү, би очих гэсэн юм гэсэн чинь О.Б- мэднэ гэхээр нь би О.Б-гээр заалгаад явахаар болсон. Тэгж байтал гаднаас манай хадам талын хамаатан Анхаа гэдэг залуу мотоцикльтой ирэхээр нь би мотоциклийг нь гуйж унаад О.Б-г араараа суулгаад 1 дүгээр хороо руу хөдөлсөн. А-гийн гэр нь захын тэнд байдаг болохоор бид хоёр гараад захын ард талын засмал замаар 1 дүгээр хороог чиглэн явсан. Би хоёр уулзвар нэвтрэн гарсан, би 1 дүгээр хорооны уулзвар дээр очоод машин харахад байхгүй байхаар нь шууд уулзвар руу орсон чинь машин өгсөж ирээд мөргөлдсөн. Түүнээс хойш мэдэх зүйл байхгүй байна. …Өөрийнхөө буруутайг мэдэж байна. Хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна…гэв. Хохирогч О.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 10 сарын 25-ны өглөө би 08 цагийн орчимд гэрээсээ ганцаараа явган гараад ажил руугаа явах замаараа захын тэнд байдаг найз Б-ийн гэрт очсон. Тэдний гэрт очиход Б- эхнэр хүүхдүүдтэйгээ байсан, мөн манай сумын Д.Ц-, бас цэргийн татлагаар орж ирсэн гэсэн танихгүй хоёр гурван залуу байж байсан. Д.Ц- тэдний гэрт хоносон гээд босоод байж байх шиг байсан. Намайг орсны дараа Д.Ц- 1 дүгээр хороо руу Зоригоо гэдэг айлд очих гэсэн юм, чи гэрийг нь мэддэг бол заагаад өгөөч гэхээр нь Зоригоо нь манай хамаатны айл байсан болохоор би гэрийг нь зааж өгөхөөр болсон. Тэгээд Д.Ц- нэг ногоон өнгийн хятад мотоцикль унаад, би араар нь суугаад бид хоёр хашаанаас гарч яваад Жугнай дэлгүүрийн тэр хавиар хөндлөн засмал зам руу гараад баруун зүгт 1 дүгээр хороо чиглэлтэй явсан. Бид хоёр явж байгаад гэнэт л тас няс гээд ухаан балартсан. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Асуухад хагалгаанд ороод сэхээнд байж байгаад гарсан гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Хохирогч Б.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 10 сарын 25-ны өглөө 08 цаг 50 минут болж байхад болж байхад ажил дээрээ ирчихээд эргээд гэртээ харих шаардлага гарахаар нь 09 цаг 10 минутын орчимд өөрийнхөө ...улсын дугаартай хар өнгийн Тоёото Клугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 1 дүгээр хороо руу өгсөх хар замаар өгсөж байгаад уулзвараар нэвтрээд гарч байх үед миний баруун гар талаас туслах замаас нэг мотоцикльтой хоёр хүн хөндлөн орж ирээд машины баруун талын дугуйн орчим ирээд мөргөсөн. Би хараад шууд тоормосоо гишгэхэд мотоцикльтой хоёр хүн шууд ирээд мөргөлдсөн, мөргөлдөхөд мотоциклын араар сууж явсан хүн миний эсрэг урсгал руу газарт унаад мотоцикль жолоодож явсан хүн болохоор мотоцикльтойгоо хамт миний явсан чиглэлд урд унасан. Би цаашаа тоормос гишгэсэн чигтээ зогсоох гэхэд зам дээр хэвтсэн хоёр хүнийг дайрах гээд байсан болохоор би жолоогоо зүүн тийш нь дараад замын ертөнцийн зүгээр баруун талын хашааг мөргөөд зогссон...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч Г.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 10 сарын 25-ны өглөө 08 цаг өнгөрч байхад би нөхөр хүүхдийнхээ хамт гэрээсээ гараад Тэмүүлэл нэртэй хувийн цэцэрлэгийн урд би хүүхэдтэйгээ буугаад үлдсэн, нөхөр болохоор машинтайгаа ажил руугаа явсан. Би хүүхдээ цэцэрлэгт нь оруулж өгчихөөд эргээд гэрлүүгээ таксигаар явах гэж байтал манай нөхөр миний гар утас руу өөрийнхөө утсаар залгаад би харихаар болчихлоо хаана байна хамт явъя гэхээр нь би 2 дугаар цэцэрлэгийн урд зам дээр хүлээгээд зогсож байя гэж хэлчихээд тэр газраа хүлээгээд зогсож байтал манай нөхөр машинтайгаа ирсэн. Тэгээд бид хоёр гэрлүүгээ 1 дүгээр хорооны хар зам өгсөөд гэрлүүгээ явсан. Өгсөж явж байгаад уулзвар дээр ирээд манай нөхөр машиныхаа хурдыг хасаад уулзвар руу орсноо гэнэт манай нөхөр ороод ирлээ шдээ гэх шиг болтол гэнэт тас няс гээд мөргөлдсөн. Уулзвар руу нэвтэрч байхад би баруун гар талаас мотоцикль унасан хоёр хүн уулзвар руу ирж байгааг харсан, тэгэхэд тэр хоёр жаахан зайтай явж байгаа хэрэгдсэн, манай нөхөр уулзвараа нэвтрээд гарч байх яг тэр үед нөгөө баруун гар талаас ирж байсан мотоцикль унасан хоёр хүн ирээд машины баруун урд тал руу ирээд мөргөлдсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Б.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 10 сарын 25-ны өглөө 09 цаг жаахан өнгөрч байхад би хоёр хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд гэрээсээ гарч ирээд гэрийнхээ урдуур хөндлөн явдаг засмал замынхаа урд талд зогсож байтал ертөнцийн зүгээр урд талаас бараан өнгийн ...гэсэн дугаартай жип машин нэг цагдаа уначихсан хажууд нь нэг бор куртиктэй эмэгтэй хүн суучихсан өгсөөд ирж байсан. Тэгтэл ертөнцийн зүгээр зүүн талаас мотоцикль унасан хоёр хүн ирж байгаа харагдсан. Урдаас ирж байсан машин нэлээд хурдтай уулзвар руу ороод иртэл нөгөө мотоцикль машины баруун талаас нь мөргөчих шиг болсон, маш их дуу чимээ гараад хамаг юм нь хагарч задраад л явчихсан. Тэгтэл мотоцикль зам дээр хөндлөн унасан, хоёр хүн зам дээр уначихаад хөдлөхгүй байсан, нөгөө машин нь цаашаагаа яваад айлын хашаа руу мөргөөд цөмрөөд орчихсон. Би тэр газраасаа хөдлөхгүй хараад л байсан тэгтэл нөгөө цагдаа машинаасаа гарч ирээд дуудлага өгөөд утсаар яриад хурдан ирээрэй гээд байсан, бас өгөө газарт хэвтэж байсан хүмүүс дээр очоод судсыг нь дараад үзээд байсан. ...Хэдий хэр хурдтай явсан хгэдгийг би мэдэхгүй ямар ч байсан миний хажуугаар хурдтай яваад өнгөрсөн. Би бодохдоо машин нь голын замаар явсан болохоор яваад өнгөрнө гэж бодсон байх, харин мотоциклийн жолооч амжаад гарчихна гэж бодоод орчихсон байх гэж бодсон. ...мотоциклийг хар курткатай хүн жолоодож явсан. Мотоцикль ч гэсэн хурдтай явж ирээд уулзвар дээр ирээд шууд л ороод ирсэн, надад лав хурдаа хасч харагдаагүй. Аль аль нь л хурдтай ирээд уулзвар дээр мөргөлдчихсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Гэрч Ө.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: "....2016 оны 10 сарын сүүлээр санагдаж байна, яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Нэг өглөө гэртээ босоод байж байтал гадаа юм тас няс гэх их чимээ гарахаар нь гарч ирээд харсан чинь манай хашааны зүүн тал руу хураалттай түлээний орчим руу нэг хар өнгийн бага оврын жип машин цөмрөөд ороод ирсэн байсан. Тэр машины дугаар нь ...гэсэн санагдаж байна, би юу болов гээд яваад очиход тэр машин зам дээр мотоцикльтой мөргөлдсөн бололтой зам дээр хоёр хүн хэвтэж байсан, бас нэг ногоон өнгийн мотоцикль хэвтэж байсан. Машины жолооч бололтой нэг бүдүүн цагдаа утсаар яриад эмнэлэг цагдаа дуудаад байх шиг байсан. Машин дотроос жолоочийн эсрэг талаас эмэгтэй хүн буух гээд чадахгүй хаалга нь онгойхгүй байсан... хашааг минь засаад янзлаад өгсөн болохоор надад ямар ч санал хүсэлт байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-40 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 606 дугаартай "...1.О.Б-гийн биед гэмтэл учирсан байна. 2. О.Б-гийн биед нарийн бүдүүн гэдэсний тасрал, урагдалт, зүүн шилбэ ташаанд шарх бүхий гэмтэл учирсан байна. 3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 5 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн "...1.Жолоочийн бүртгэлийн сангаас лавлагаа авахад Б.Н- нь В ангиллын 255071 тоот хүчинтэй үнэмлэхтэй, Д.Ц- нь бүртгэлийн санд байхгүй жолоочийн үнэмлэхгүй байна. 2. Тухайн зам тээврийн осол болсон газар нь замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир буюу уулзварт хамаарна. 3. Хэргийн газрын үзлэг, авагдсан материалын хүрээнд Б.Н- нь тээврийн хэрэгслээ ямар хурдтай жолоодож явсан болохыг тогтоох боломжгүй. 4. Д.Ц-гийн жолоодож явсан мотоцикль ямар хурдтай явж байсан болохыг тогтоох боломжгүй. 5. Тухайн осол суурин газарт гарсан тул Монгол улсын замын хөдөлгөөний дүрмэнд суурин газарт 60км/цаг хурдтай хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн байдаг. 6. Б.Н-, Д.Ц- нарыг тухайн үед ямар хурдтай явсныг тогтоох боломжгүй. 7. Мотоциклийн жолооч Д.Ц- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.3-ийн в, 2.2-ийн а, 12-р зүйлийн 12.9-д заасан мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгүй өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолооны эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, гол ба туслах замын уулзварт гол замаар яваа тээврийн хэрэгсэлд туслах замаар яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчин гол замаар яваа Тоёото Клугер маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй зам тээврийн осол гаргасан." гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн комисстой дүгнэлтэд "...1.Осол болсон замын хөдөлгөөн нь дараалал тогтоосон тэмдгээр зохицуулагддаг асфальтан хучилттай дөрвөн замын уулзвар байна. Энэ нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн ?1, 3-т харуулсан байна. Зам тавьж өгөх үйлдэл нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлдэг. Иймд цагдаагийн ахмад А.Мөнх-Эрдэнийн 2016 оны 11-р сарын 09-ний өдөр гаргасан улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Д.Ц- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө " дүгнэлт үндэслэлтэй байна /хх-ийн 67 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13 дугаар хуудас/,

Хэрэг болсон гэх газрын схем зураг /хх-ийн 14 дүгээр хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2- т зааснаар ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв.

Хохирогч Б.Н- нь мөрдөн байцаалтад …надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй… гэх мэдүүлэг өгсөн, хохирогч О.Б- нь шүүгдэгч Д.Ц-тэй эвлэрсэн болох нь 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх ба шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ц- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэлээ. Эрүүгийн 201622000672 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц- нь цагдан хоригдоогүй, мөн шүүгдэгч Д.Ц- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Ц-г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Д.Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Ц-д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Ц-д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Д.Ц-д ял эдлэх, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн 201622000672 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.ЭРДЭНЭ-ОЧИР