Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/183

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0163/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмөөлөгч Р.Лхамсүрэн,

Шүүгдэгч Н.Н.А- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Н.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918008550187  дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Н.А- ......... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд болосролтой, тракторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Н.Н.А- нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны хойд талд иргэн М.М.У-гийн самсунг А70 маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1200000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Н.Н.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрийн ойролцоо байх З- дэлгүүрээс нэгж асуугаад гарсан. Гараад явж байхад миний урд нэг согтуу хүн утсаар яриад явж байсан. Тэр хүн утсаа унагаах гэж байгаа юм шиг харагдаад байхаар  нь би утсыг нь шүүрээд зугтаасан юм. Гэм буруугаа ойлгосон. Дахин гэмт хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,

 

-Хохирогч М.М.У-гийн Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5/,

 

-Хохирогч М.М.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим Дархан сумын Өргөө багийн нутагт байрлах Төрийн банкны ертөнцийн зүгээр хойд талд байрлах явган хүний зам дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн самсунг А70 маркын гар утсаараа яриад зогсож байтал гэнэт нэг залуу миний гар утсыг шүүрч аваад зугтсан.

... 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Юнител” ХХК-иас 1260000 төгрөгөөр худалдан авч байсан.

...2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 10:00 цагт өөрийн алдсан самсунг А70 маркын гар утастайгаа яг ижил загварын шинэ гар утсыг чихэвч, цэнэглэгч, кейс зэргийн хамт хүлээж авсан. Санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  7-9/,

 

-Гэрч Б.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр ажил дээрээ байж байхад “Ачит” ломбардны ажилтан залуу ирээд “ломбарднаас гарсан утаснууд авах уу?” гээд самсунг А70 маркын цэнхэр өнгийн шинэвтэр гар утас, Iphone7 маркын хар өнгийн утас, самсунг S7 маркын эвдэрхий гэмтэлтэй утсыг нийт 900000 төгрөгөөр худалдан авсан.

...би самсунг А70 маркын гар утсыг 500000 төгрөгөөр бодож худалдан авсан. Би тэр гар утсыг худалдаж аваад 6-7 хоногийн дараа 650000 төгрөгөөр худалдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13/,

 

-Гэрч А.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн самсунг А70 маркын гар утсанд сим картаа хийж нэг хэсэг ашиглаж байгаад 2019 оны 12 дугаар сарын дунд хавьцаа мөнгөний хэрэг гараад бид хоёр гар утсыг ломбарданд тавихаар шийдээд Дархан сумын 14 дүгээр багт байрлах Үйлчилгээний төвийн ойролцоо байх “Ачит” нэртэй ломбарданд миний бичиг баримтаар 380000 төгрөгийн барьцаанд тавьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

 

-Гэрч Х.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 10 минутанд Х- гэх эмэгтэй 380000 төгрөгөөр самсунг А70 маркын цэнхэр өнгийн гар утас барьцаалж зээл авсан.  Тухайн гар утас хугацаа нь дуусаад 2 удаа сунгалт хийгээд дахин хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 01-нд  дуусаад зарагдсан.

...би тус гар тусыг гар утасны ченж Сансарбаяр гэх залууд зарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21/,

 

-“...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 1200000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан /хавтаст хэргийн 23-24/,

 

-“Ачит 1” ломбардны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр самсунг А70 маркын гар утас барьцаалж авсан зээлийн гэрээний баримт /хавтаст хэргийн 29/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Н.А- нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны хойд талд иргэн М.М.У-гийн самсунг А70 маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Н.Н.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Гэмт хэргийн улмаас хохирогч М.М.У-д 1200000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлангаар /хавтаст хэргийн 23-24/ нотлогдож байгаа бөгөөд  хохирогч М.М.У- нь мөрдөн байцаалтын шатанд: “...2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 10:00 цагт өөрийн алдсан самсунг А70 маркын гар утастайгаа яг ижил загварын шинэ гар утсыг чихэвч, цэнэглэгч, кейс зэргийн хамт хүлээж авсан. Санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Н.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Н.А- нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Н.А-г  1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.А-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1200000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Н.А-г 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг шүүгдэгч Н.Н.А-д үүрэг болгож, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Н.А-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.А-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Н.А-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ