Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/388

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимиддорж,

Шүүгдэгч: Д.Төмөрпүрэв, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төмөрпүрэвт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014004260379 тоот хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бямба овогт Дашлхагвагийн Төмөрпүрэв

Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Д.Төмөрпүрэв нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багт байх гэртээ эхнэр Х.Болортуяаг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний зовхи, хамар, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Төмөрпүрэв мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ гэдэс өвдөөд ямар ч тамир тэнхээгүй орон дээрээ хэвтэж байсан чинь эхнэр ажлаа тараад бөөн уур уцаартай орж ирээд намайг “Ажлаа хийхгүй юу хийгээд хэвтээд байгаа юм урьд шөнө хаагуур дэмий тэнэж явж янхандаж байгаад ирсэн юм” гэсэн би үнэндээ гадуур гарсан юм байхгүй 2 Үндэсний телевиз дээр олон ангит кино үзээд л унтсан. Яг үнэндээ манай эхнэр “Чиний нэр гараад миний нэр гарахгүй байна чи л мундаг хүн гээд” юм яриад байсан. Тэгэхээр нь би тэсэж чадалгүй босож ирээд гар, хөл хэсэг рүү гараараа болон хөлөөрөө цохисон бас нүүр хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгтэл хамраас нь цус гоожсон. Яах аргагүй авдартай харшсан байх. Эхнэр цусаа гоожуулаад гараад явсан. Би араас нь гутлаа өмсөөд 2 хүүхдээ авахаар хөдөө яваад 40 минут болоод 2 хүүхдээ аваад гэртээ ирж орондоо ороод хэвтэж байтал эхнэр бас л хэрүүлээ хийгээд эхлэхээр нь эхнэрийн толгойны үснээс зулгаасан тэгсэн 2 хүүхэд уйлахаар нь болиод эргээд орондоо орсон эхнэр бас хэрүүл өдөөд байхаар нь гадаа гарч тамхи татаж тайвшрахаар гарахдаа ахуйн газаар тамхиа асаахдаа эхнэрийг “Амаа хамхихгүй бол газдаад хаячихна шүү” гэсэн эхнэр гараад гүйчихсэн. Би араас нь гараад тамхиа татчихаад эргэж орж ирээд 2 хүүхдээ тайвшруулаад унтах гэж байтал' эхнэр орж ирээд унтсан. Өөр зүйл болоогүй. Би эхнэрээ зодож эрх чөлөөнд нь халдсан. 2 хүүхдээ бол би гар хүрдэггүй. Эхлээд бол бид хоёр л байсан. Дараа нь охин 2 настай хүү 1 ой гарантай бид дөрөв байсан. Тийм зүйл болоогүй. Өмнө 12 сард эхнэрээ зодсон. Учир шалтгаан нь ор үндэсгүй хардалтаас болсон. Манай эхнэр намайг хүмүүстэй харддаг. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хааяа уудаг. Байнга бол уудаггүй. Бид хоёр 2018 онд гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Надад нэмж ярих зүйл бол одоо амьдрах гээд 2 хүүхдийнхээ төлөө зүтгээд Өлзийт суманд хашаа байшин, ногооны хүлэмж, 2000 жимсний мод тарьсан. Энэ бүгдийг болохоор эхнэр “Миний мөнгөөр барьсан чиний нэр гараад миний нэр болохоор гардаггүй” гэх хэрүүлээс болж ийм асуудал үүссэн. Өөр хэлэх зүйл алга. Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулж шийдүүлмээр байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 59/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Төмөрпүрэв мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.

3. Хохирогч Х.Болортуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2020 оны 09 дүгээр сарын 18-ны орой ажлаасаа 18 цаг 30 минутын үед тарж ирээд гэртээ орж ирэхэд манай нөхөр унтаж байхаар нь дуудаад “Юмаа хийгээч ээ өдөржин унтчих юмаа” гэж хэлтэл манай нөхөр босож ирээд над руу ойр байсан гутал, усны 50 грамм ордог сав шидэж байснаа босож ирээд толгой руу гараараа цохиж унагаагаад дээрээс хөл, гар луу дэвсэлж тэгээд миний хамар луу цохиж хамраас цус гоожихоор нь би гадаа гарсан. Тэгсэн араас гарч ирээд “Газаар шатааж ална шүү, шөнө архи ууж ирчхээд чамайг ална” гэж хэлчхээд гараад явсан. Тэгээд удалгүй 2 хүүхдээ аавынхаас аваад ирсэн. Тэгээд надтай юм ярихгүй байж байгаад утасны тоглоом тоглоод байхаар нь би 2 хүүхэдтэйгээ ороо засаад унтах гэж байтал манай нөхөр “Би хаана унтах юм бэ” гэхээр нь цаана өөрөө ороо засаад унтчих гэсэн чинь хүүхдийн цаагуур орж хэвтэж байгаад надтай зөндөө хэрэлдсэн. Тэгээд уурлаад надын толгой руу цохиж, үснээс зулгааж миний баруун талын нуд рүү цохиж гэмтээчхээд унтчихсан. Намайг өмнө 2018 онд баруун нүд рүү цохиж гэмтээж бас зодож байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Намайг зодсон өдөр архи уугаагүй байсан. Ер нь архи нээх хэрэглэдэггүй. Хаа нэг л уудаг. Архи уусан үедээ сайхан зантай болчихдог юмаа. Хүүхдүүддээ зодож гар хүрдэггүй. Бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Миний толгой, хөл, гар луу өшиглөж хамраас цус гоожуулж баруун нүд цохиж гэмтээсэн. Би өмнө нь хандаж байгаагүй. Манай нөхөр баривчилгаанд явж байгаагүй. Баруун нүд хөхөрч хамар үнэр мэдрэхгүй их зовуурьтай бас халуураад байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан түргэн дуусгамаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 29-30/,

4. Гэрч Х.Ариунсангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай дүү, Х.Болортуяа утсаар залгаж “Эгчээ та хүрээд ирэх боломж байна уу” гэж асуусан. Би тухайн үед ажилтай байсан учраас “Яасан миний дүү өнөөдөр хагас сайн өдөр унтаа явахгүй” гэж хэлээд байж байхад “Гадаа хүн ирчихлээ” гэж хэлээд утсаа салгасан. 15 3 цагийн орчим миний утсаар залгаж “Баянхонгор сумд таны гэрт ирчихлээ” гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад “Өглөө ажилдаа яваад өдөр гэртээ унд уух гэж ирэхэд манай нөхөр Төмөрпүрэв унтаж байсан би эм авчирч өгөөд ажилдаа явсан. Тэгээд орой гэртээ ирэхэд нөхөр орноосоо босоогүй унтаж байхаар нь би босож юм хийгээч гэж хэлсэн. Тэр үед Төмөрпүрэв ямар ч шалтгаангүй намайг зодсон.” гэж хэлсэн би “Гэртээ очиж байна” гэж хэлээд утсаа салгасан. Гэрт яваад ороход миний дүү том охины хамт ирчихсэн байсан. Зүүн талын шанаа нь хөхөрч хавдсан хоёр нүд нь хөхөрч хавдсан хөлийн шилбэ нь хөхөрч хагарсан байдалтай нэлээд зодуулсан шинжтэй харагдсан. Би цагдаад маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад хэлсэн. Миний мэдэхээр хоёр удаа зодуулж гэртээ ирж байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Гэр бүлийн хүмүүс учир зүйгээ олох байх гэж бодсон. Мөн нөхөр Төмөрпүрэвээс ахиж дүүг минь зодохгүй гэсэн амлалт авч байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

5. Гэрч Х.Отгонзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний мэдэх зүйл байхгүй. Төмөрпүрэв урьд өмнө нь хоёр удаа зодож байсан талаар бид нар мэднэ. Бид нарын мэдэж байгаагаас өөр зодож нүдсэн талаар бид мэдэхгүй. Сураг сонсоход манай эгч Х.Болортуяаг зоддог гэж сонсож байсан. Тухайн үед хандаж байгаагүй. 2020 оны 09 сард зодох үед нь цагдаагийн байгууллагад хандсан. Хувиараа ногоо тарьдаг гэж мэднэ. Зан авирын талаар бол би мэдэхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 26/

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 535 дугаартай дүгнэлтэд: 1. Х.Болортуяагийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хамар, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 42-43 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Иймд шүүхээс шүүгдэгч Д.Төмөрпүрэв нь 2020 оны 09 дүгээр сарын 18- ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багт байх гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр Х.Болортуяаг мөн хуулийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч Х.Болортуяагийн мэдүүлэг гэрч Х.Ариунсанги, Х.Отгонзаяа нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 535 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Төмөрпүрэвийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Төмөрпүрэвт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч Д.Төмөрпүрэвт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн 4 хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Төмөрпүрэвийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Төмөрпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Төмөрпүрэвт хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Төмөрпүрэв нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон зүйлгүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бямба овогт Дашлхагвын Төмөрпүрэвийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Бямба овогт Дашлхагвын Төмөрпүрэвийг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Төмөрпүрэвт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Төмөрпүрэв нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Төмөрпүрэв нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Төмөрпүрэвт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Төмөрпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн 5 тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Төмөрпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ