| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0370/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/393 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0370/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Н.Д/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 1818007110459 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Д 1984 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Днь 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэр болох “Буянтын алт” гэх газар иргэн С.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэр болох “Буянтын алт” гэх газар иргэн С.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Н.Д мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*****гэж дууддаг ах “ажлын байрны хашаан дотор портер шаварт суусан, ороод татаад өг” гээд үүдний хаалтыг дээшлүүлчихээд цаашаа явчихаар нь би “ор гэж байгаа юм болов уу” гэж бодоод орсон. Тэгтэл харуулын дарга ****** гүйж ирээд миний машины урд зогсохоор нь би машинаа унтраасан чинь жолооч талаар хүрч ирээд “чамайг оруулахгүй, пизда минь” гэж хэлээд миний цамцны энгэрээс заамдахаар нь “хүнээ андуурч дээрэлхээрэй” гэж хэлээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь машины цонхоо доош нь буулгаад адилхан цамцнаас заамдаад машинаа хаалгаа онгойлгосон чинь цамцнаас тавьсан. Тэгээд машинаас буусан чинь ****** дахиад заамдахаар нь би адилхан заамдаад маргалдсан чинь хажууд байсан *****ах, ****** нар салгасан. ****** цааш яваад утсаар ярьж байгаад эргэж ирээд намайг заамдаад толгойгоороо мөргөх гэхэд нь би түлхээд үснээс нь зулгаагаад хэрүүл маргаан болоход ****** эгч дахин салгасан.
...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол /хэргийн 6/,
-Хохирогч С.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Дгэх эмэгтэй ирээд “би өөрийн эзэмшлийн прадо маркийн тээврийн хэрэгсэлтэй ороод шороо авмаар байна” гэж хэлэхээр нь би “машин оруулах боломж байхгүй” гэж хэлсэн чинь “юун сүртэй юм бэ?” гэхээр нь “чамайг ажлын талбай руу оруулах зөвшөөрөл байхгүй, чи даргаас асуу” гэж хэлээд байж байсан чинь *****гэж залуу ирээд ******ыг ажлын талбай руу машинтайгаа ороод портер маркийн машин татаад өг гэж хэлсэн. Гэтэл Н.Д машинаа асаагаад надаас зөвшөөрөл авалгүй ажлын талбай руу машинтайгаа ороод ирэхээр нь би машиных нь урдаас тулаад зогсоогоод жолоочийн талаар очоод С.Д хандаад “чамайг оруулахгүй, хойшоо ухраад гарчих” гэж хэлсэн чинь надтай маргалдаад шууд миний цамцны энгэрээс заамдахаар нь би зөрүүлээд заамдсан чинь миний үснээс зулгаагаад доош дарахад ******, *****нар ирээд “боль” гэж хэлээд бид хоёрыг салгасан. Н.Д машинаасаа бууж ирэхээр нь би цааш яваад сүлжээтэй газраас Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд ирсэн чинь ****** дахиж намайг заамдаад цээж рүү цохиод үстэж доош нь дараад нүүр рүү цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10/,
-Гэрч Р.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 сарын 01-ний өдөр “Буянтын хөндий” төрийн бус байгууллагын ажлын талбайн гадаа хамт ажилладаг С.Д хамт ажил үүргээ гүйцэтгээд харуулын байрны гадаа ажлаас бууж байгаа ажилтнуудыг тарааж байсан чинь уурхайн талбай руу орж ажиллах эрхээ хасуулсан ****** гэх эмэгтэй машинтайгаа ирээд манай харуулын ажилтан С.А-тай маргалдсан. Н.Д машин дотроос, С.А гадаа нь заамдалцаад зодолдох гэж байхаар нь очоод салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа *******, С.А нар дахиж заамдалцаж, үсдэлцээд байхаар нь би очоод “больцгоо” гэж хэлээд салгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,
-Гэрч О.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******гийн гар утсаар над руу эмэгтэй хүн залгаад “энд ****** ирээд ******г зодоод байна” гэхээр нь би “цагдаа дуудсан уу?” гээд тасалсан. Тэгээд өглөө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 2-нд гэртээ байж байтал ****** “бие өвдөөд байна” гээд манайд ирсэн. Би гадна талаас нь харахад баруун эрүүний баруун тал нь хөхөрсөн, дотор талдаа буйл нь язарсан байсан. Бас хоолой өвдөөд юм залгиж болохгүй хүзүү хөшөөд эргэхгүй өвдөөд байна гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,
-Хохиролтой холбоотой баримтууд, эмчийн тодорхойлолт /хэргийн 18-20/,
-“…С.Д биед тархи доргилт, нүүр, хүзүү, хоолой, цээжний баруун өмнө хэсгийн цус хуралт, нүүрний зулгаралт, хуйхны хаван тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.Д биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 909 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21/,
-Хохирогч С.А нь “эмчилгээний зардалд 20000 төгрөг хүлээн авсан. *******аас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх баталгаа /хэргийн 42/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Н.Д үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Д биед “тархи доргилт, нүүр, хүзүү, хоолой, цээжний баруун өмнө хэсгийн цус хуралт, нүүрний зулгаралт, хуйхны хаван” бүхий гэмтэл учирчээ. Хохирогчид учирсан дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч С.Д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 909 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 21/ нотлогдож байх бөгөөд хохирогч ****** нь “эмчилгээний зардалд 20000 төгрөг хүлээн авсан. нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх баталгаа /хэргийн 42/ гаргасан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Н.Д-с гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэр болох “Буянтын алт” гэх газар иргэн С.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Н.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч С.Д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч С.Д анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.Д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч С.Д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ