Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00739

 

З.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00542 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаар магадлалтай,

З.Э-ийн нэхэмжлэлтэй,

Д.Тд холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2.789.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Э-, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Д.Таас 2017 оны 12 сарын 15-нд Nissan patrol Ү-61 маркийн жийп авто машины хуучин ZD30101973 А дугаартай моторыг ярилцан үнэ тохиролцож 2.300.000 төгрөгөөр худалдаж авсан билээ. Тухайн үед Д.Т нь өөрийн хуучин муу, асдаггүй эвдэрхий мотороо бараг шинэ шахуу гэж худлаа ярьж зарсан. Энэ моторын талаар олон хүн надтай уулзаж ийм ч юмыг нь тийм ч юмыг нь зарчих, Моннис төвөөс хүртэл над дээр ирж түлшний өндөр даралтын насосыг нь салгаад зарчих гэж гуйж байсан, би бүхлээр нь зарна гээд салгаж өгөөгүй, энэ моторыг чи тавиад л шууд түлхүүр түлхээд л асна. 100 километрт 8 литр түлш иддэг жоохон хүч муутай. Би өөрөө ГОК-ын чадалтай том мотортой машин унаад муу зан сурчихаж тэгээд зүгээр байсан мотороо авч оронд нь ТD-42 гэдэг чадалтай мотор авч тавьсан гэх мэтийн янз бүрээр толгойг эргүүлж би 2.300.000 төгрөгөө бэлнээр өгч худалдаж авсан. Ингээд мотороо тавиулан тэргээ асаах гэсэн боловч уг мотор асах битгий хэл тэсрэх ч үгүй дүлий байсан тул аргаа бараад Д.Тыг утсаар дуудан өөрөөр нь чирүүлэн асаах гэсэн боловч асаагүй. Тэгээд Тайванжаргал би хүн авч ирж цагаан сараас өмнө тэргийг чинь асааж өгнө гэж хэлээд явсан хэдий боловч өдийг хүртэл сураггүй, утсаа авахаа болиод байна. Энэ хүн зориуд санаатайгаар хөгшин хүнийг хуурч залилан мэхэлж луйврын үйлдэл хийж иргэн намайг хохироож байна. Уг моторыг Орхон аймаг дахь Ниссан моторс ХХК-иар компьютер оношилгоог хийлгэсэн баримт дээр тодорхой байна. Иймд иргэн намайг залилан мэхэлсэн иргэн Д.Таас миний хохирол болох моторын үнэ 2.300.000 төгрөг, моторонд хийгдсэн тос тосолгооны материал 290.000 төгрөг, мотор тавиулсан 150.000 төгрөг, тээврийн зардал 35.000 төгрөг, оношилгоо үйлчилгээний хөлс 15.000 төгрөг зэрэг бүгд 2.789.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Тын шүүхэд гаргасан тайлбарт: ...Би Ниссан патрол Ү-61 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч бөгөөд 2017 оны 12 сарын эхээр өөрийнхөө тээврийн хэрэгслийн моторыг илүү хүчин чадалтайгаар сольж тавиулсан. Миний зарсан мотор нь зүгээр ажиллаж байсан бөгөөд би машиныхаа моторын хүчин чадлыг илүү сайжруулахаар сольж тавьсан. Тэгээд З.Э- нь миний мотор сольсныг сайн мэдэж байсан тул миний моторыг худалдаж авах талаар санал тавьсан. Надаас авсан моторыг миний машинд ажиллаж байсан талаар сайн мэдэж байсан учраас худалдаж авсан. Би машиныхаа моторыг Цагаанчулуутад байдаг засварын газрын засварчин Ганхуяг гээд хүнээр солиулсан юм. Би ажиллагаагүй мотор зарахгүй тийм ч хүнийг залилдаг хүн биш. Миний мотор урьд нь задаргаа ороогүй ба З.Э- нь надаас мотор авснаас хойш чаддаг чаддаггүй олон хүнээр үзүүлж, порсункийг хүртэл сольсон гэж байсан. Тэгэхээр задаргаа ороогүй моторыг одоо задаргаа орсон моторын хооронд ялгаа байгаа шүү дээ. Анх миний өгсөн мотор мөн эсэхэд эргэлзээтэй байна. Тухайн үедээ З.Э- надад хандаж нөхцөл байдлын талаар ярьж байгаагүй, гэнэт хэдэн сарын дараа шүүхэд хандсан байна. Тэр үедээ хүний моторыг элдэв хүнээр задлуулж эвдэрхий болгож байхын оронд надад буцаагаад аваад ирэхгүй яасан юм. Тэгвэл би газар дээр нь яасан талаар шалгах байсан юм. Нэхэмжлэгчийн нэхээд байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Би мотор зарсан болохоос машинд нь хийгдсэн моторын тосны үнийг төлөх учиргүй. Тухайн үед өвлийн хүйтний үе байсан тул машинаа дулаан гаражид тавьж мотороо солиулаагүй байх. Тэгээд машин нь асахгүй болохоор намайг хуучин эвдэрхий мотор өгсөн гээд элдэв хүнээр задлуулж өөрөө эвдэлсэн гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00542 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Таас 2.300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 489.000 төгрөг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 51.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг бодит байдалд нийцүүлж үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч З.Э-ийн худалдан авсан мотор доголдолтой байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ гэжээ. Хэрэгт байгаа аль нотлох баримтаар хэрхэн, яаж тогтоогдож байгааг дурьдах хэрэгтэй, дурьдаагүй байдаг. Хоёр шатны шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ач холбогдол өгч дүгнэсэнгүй, шинжээчийн дүгнэлтээр тус мотор нь Ниссан Ратрол маркийн автомашиных байна, мөн Д.Тын автомашины мотор мөн эсэхийг тогтоох боломжгүй, шинжилгээнд ирүүлсэн мотор нь механик гэмтэлгүй, моторыг машинаас салган авсан тул бүрэн ажиллагааг шалгах боломжгүй гэжээ. Хариуцагч Д.Т нь тайлбартаа “З.Э-эд байгаа мотор нь минийх гэхэд эргэлзээтэй, миний автомашинд ажиллагаатай байсан, моторыг худалдан авах тухай саналыг З.Э- тавиад худалдаж авсан, миний машинд тус мотор нь ажиллаж байсан” гэдэг. Шинжээчийн дүгнэлтээр З.Э-ийн эзэмшилд байгаа мотор нь гэмтэлтэй, доголдолтой, хуучин мотор байна гэж гараагүй байхад шүүх өөрийн үзэмжээр доголдолтой, хуучин мотор худалдсан нь тогтоогдож байна гэсэн нь нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 40.3-ыг тус тус зөрчсөн байна. З.Э- нь тус моторыг анх худалдаж авахдаа доголдолтой байсан эсэхийг шалгах боломжтой байсан боловч шалгаагүй, шалгах шаардлагагүй байсан учир нь Д.Тын автомашинд бүрэн ажиллагаатай явж байсныг мэдэж байсан болохоор шууд худалдаж авсан нь гэрч Ганхуяг, хариуцагчийн тайлбараар нотлогддог. Моторыг худалдаж авах үедээ доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, өөрөө шалгаж аваагүй нөхцөл байдлаас үзэхэд худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдсан байна. Д.Т нь В.Одгэрэлийн эзэмшлийн автомашины моторыг нэхэмжлэгч З.Э-эд зарсан нь эрхийн зөрчилтэй хөрөнгийн худалдан авагчид шилжүүлсэн гэж үзнэ гэж шүүх дүгнэсэн нь буруу. Машин хэдийгээр гэр бүлийн хүн болох В.Одгэрэлийн нэр дээр байдаг ч Д.Т нь ашиглаж хэрэглэдэг. В.Одгэрэлийн эзэмшлийн моторыг эрхийн зөрчилтэй гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх гэрч Э.Галдан, Моннис моторс засварын газрын засвар үйлчилгээний хуудсаар л хариуцагч Д.Тын худалдсан гэх мотор нь доголдолтой байсан нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Харин гэрч гэх Ганхуяг нь анх моторыг хариуцагч Д.Тын автомашинаас авч өөр мотороор сольсон тухай мэдүүлдэг бөгөөд тухайн үед солихоос өмнө машин ажиллаж байсан тухай шүүх хуралд гэрчийн мэдүүлгээр нотлодог. Энэ гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй атлаа тухайн үед мэдэгдээгүй байсан гэрч гэх Э.Галдангийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцсэнгүй. Гэрч гэх Э.Галдан нь тухайн үед таксинд явж байгаад нэхэмжлэгч З.Э-эд үйлчилж моторыг Д.Тынхаас аваад З.Э-ийнд хүргэж өгсөн л хүн байдаг. Гэтэл шүүх хурал дээр илт худлаа ярьж моторыг З.Э-ийн автомашинд угсарахад байлцсан гэж мэдүүлснийг шүүх үнэлсэн нь бодит байдалд нийцсэнгүй. Тус моторыг З.Э- нь худалдаж аваад задаргаа оруулж порсункийг нь сольсон тухайгаа шүүх хурал дээр мэдүүлдэг, мөн олон хүнээр үзүүлж задлуулсан байдаг. Тухайн үед ингэж эд ангийг нь сольж, мэдэх, мэдэхгүй хүнээр задлуулж байхын оронд Д.Тд моторыг аваачиж өгөлгүй хэдэн сар өөртөө байлгаснаас үзэхэд нэхэмжлэгч З.Э- нь задаргаа ороогүй моторыг задалснаас болж ажиллагаагүй болгосон нь тогтоогдож байна. Харин Д.Т нь доголдолгүй мотор өгсөн гэдэг нь нотлогдож байна. Энэ нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр нотлогдож байна. Хоёр шатны шүүх энэ байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Мөн нэхэмжлэгч З.Э- нь нэхэмжлэлдээ ZD-30101973 А гэсэн дугаартай моторыг худалдаж авсан гэх боловч хэрэгт авагдсан тус автомашины техникийн бичиг баримтанд ZD-30101973 А гэсэн дугаар тэмдэглэгдээгүй байна. Нэхэмжлэгч З.Э- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүх шаардлагыг хангасан нь мөн хуулийн 116.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

З.Э-, Д.Тд холбогдуулан гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 2.300.000 төгрөг, хохирол 489.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч З.Э- хариуцагч Д.Таас Nissan patrol Y-61 маркийн автомашины хуучин моторыг худалдан авч, үнэд 2.300.000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй ба хоёр шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцүүлэн дүгнэжээ.

Гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мотор биет байдлын доголдолтойн улмаас  нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхийг, мөн зүйлийн 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үздэг байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч зарим үйл баримтыг өөр өөрөөр тайлбарлаж байгаа боловч зохигчийн тайлбар, Моннис моторс ХХК-ийн засварын газрын засвар үйлчилгээний хуудас, шинжээчийн дүгнэлт, гэрч Э.Галдан, Х.Ганхуяг нарын гэрчийн мэдүүлгийг шүүх  үнэлж, нэхэмжлэгч З.Э- моторыг өөрийн автомашиндаа тавих зорилгоор худалдан авсан боловч уг мотор ажиллаагүй нь тогтоогдсон тул уг эд хөрөнгийг биет байдлын доголдолтой гэж үзснийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Харин хэрэгт авагдсан аль баримт, ямар ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоож, эсхүл үгүйсгэж буйг хоёр шатны шүүх шийдвэр, магадлалдаа тодорхой зааж дүгнээгүй нь учир дутагдалтай болжээ.

Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэйг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заажээ.

Нэхэмжлэгчийн “...мотор хашаанд нь байсан, авч яваад ...өөрийн автомашинд тавихад асаагүй тэр даруйд хариуцагчийг утсаар дуудан өөрөөр нь чирүүлж асаах гэсэн ажиллаагүй” гэх тайлбар, гэрч Э.Галдангийн мэдүүлгийг хариуцагч няцаагаагүй тул доголдол нь эд хөрөнгийг хүлээн авах үед мэдэгдэх боломжгүй, улмаар хуульд заасан хугацааны дотор, доголдол илэрснийг болон арилгуулах талаар хариуцагчид мэдэгдсэн гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт  гаргуулжээ. 67 тоот шинжээчийн дүгнэлтэд, “...шинжлэгдэж буй мотор нь Ниссан патрол маркийн автомашиных мөн, Д.Тын автомашины мотор мөн эсэхийг тогтоох боломжгүй, механик гэмтэлгүй, машинаас салган авсан учир бүрэн ажиллагааг шалгах боломжгүй” гэжээ. Дээрх байдлаас үзвэл шинжээч мотор доголдолтой эсэхийг тогтоож чадаагүй  байна. Тухайн мотор минийх биш гэх татгалзлаа хариуцагч нотлоогүй байна.

Нэхэмжлэгч өөрөө доголдлыг арилгуулж моторыг засуулах санаачлага гаргасан хэдий ч моторыг засах боломжгүйг Моннис моторс ХХК-ийн засварын газар тодорхойлсон байна.

Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Харин мотор нь эрхийн доголдолтой гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үздэг.

Хариуцагч Д.Тын эзэмшиж байсан Ниссан автомашин түүний эхнэр В.Одгэрэлийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Тухайн моторыг автомашины бүрдэл хэсэг гэж үзэх боловч В.Одгэрэл уг моторын өмчлөх эрхийн талаар маргаан гаргаагүйгээс гадна зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь эрхийн доголдолтой холбоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тухай гомдолд заасан нь үндэслэлтэй байгааг дурдав.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаарх маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “...доголдол аль нотлох баримтаар хэрхэн яаж тогтоогдож байгааг дурдаагүй,... шинжээчийн дүгнэлтэд ач холбогдол өгөөгүй, ...моторыг хүлээн авахдаа шалгаагүй, шалгах боломжтой байсан, ...нэхэмжлэгч моторыг задалснаас ажиллагаагүй болсон,...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00542 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Д.Т нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 51.750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ