Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/014

 

Б.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр

Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Н.Энхжаргал /онлайнаар/

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.С, Д.Б, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бд холбогдох эрүүгийн 1714002790283 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Гэндэнням овогт Б.Б, эрэгтэй, дээд боловсролтойулсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

 Б.Б нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Хоолтын ам гэх газар 2017 оны 11 дугээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн хюндэй портер маркийн 99-82 УБС улсын дугаартай автотээврийн хэрэгсэп жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дүгээр зүйлд заасан "Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5 10.а.б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох богөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно" гэх заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, киа бонго маркийн 75-47 БНА улсын дугаартай автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тухайн автотээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Сгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Гэндэнням овогт Б.Бг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2. 3-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ял эдлэж дууссан үеэс хугацааг тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Бгийн эзэмшлийн 99-82 УБС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, ВSВ маркийн зурагтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Бгаас 13273360 төгрөг гаргуулж хохирогч Д Бд 290000 төгрөг, хохирогч А.Сд 9668416 төгрөг, хохирогч Бод 3314994 төгрөг тус тус олгож, хохирогч Б.Бын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас машины 800000 төгрөг хохирогч А.Сгийн сэтгэп санааны хохирол 5 000 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.Сгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 532 676 төгрөг хэрэгсэхгүй болгож, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Бгийн 572992 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт 40-63 УБУ тээврийн хэрэгслийн гэрчилгээг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлиин 1.4-д зааснаар шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогч А.С, Д.Б нар гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/308 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн билээ. Хохирогч А.С, Д.Б бидний зүгэээс гаргасан баримтынхаа хүрээнд хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд шүүхээс А.Сд 9.668.416 төгрөг, Д.Бд 290.000 төгрөг тус тус олгуулахаар тогтоосон билээ.

Бид анхнаасаа эмчилгээнд, бусад холбоотой гарсан зардлаа нэхэмжилж байсан. Ажил албатай, бага насны хүүхэдтэй залуу хүнийг заавал нийгмээс тусгаарлуулах талаар болон өөр ямар нэг гомдол санал гаргаагүй.Б.Б нь шүүх хурлын үеэр гэм буруугаа ойлгож уучлалт гуйж шүүхээс тогтоосон хэмжээгээр төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байсан, уг төлбөрийг одоогийн байдлаар төлж дуусгасан байна.

Иймд түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар шүүхээс харгалзан үзнэ үү гэжээ.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: Иргэн Б.Бд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/308 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10-р зүйлийн 2.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч байна.

Б.Б нь тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаан болох үед хохиролд 4.000.000 сая төгрөг төлж барагдуулсан үлдэгдэл хохирлыг анхан шатны шүүх хуралдаан болсны дараа төлж барагдуулсан байдаг. Түүний хувьд эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ар гэрээ тэжээн тэтгэдэг. Тус хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн.

Б.Б нь шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1-р зүйлийн 1-д Эрүүгийн хариуцлагын зорилго нь... хохирол нөхөн төлөх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэнэ, Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.1-д хорих ялын дээд хэмжээ гурван жил хүртэл түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо нөхөн төлсөн бол ... ялаас чөлөөлөх тухай заасан. Б.Бгийн хувийн байдлын тухайд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх шинж байхгүй.

Иймд Б.Бд оногдуулсан нэг жилийн хорих ялаас түүнийг чөлөөлж тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Б.Б би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болон хохирогч нарт төлөх төлбөрөө бүрэн төлөхөө илэрхийлсэн боловч шүүхээс надад 1 жилийн хорих ял оноосон. Би эхнэр, охин хоёрын хамт Улаанбаатар хотод айлын хажуу өрөө түрээслэн амьдардаг байсан. Эхнэр маань ажилгүй, би хувийн компанид борлуулалтын ажилтан хийж, эхнэр охин хоёроо тэжээн тэтгэж, цалингийн зээл болон байрны түрээсээ төлдөг байсан.

Надад 1 жилийн хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хохирогч нарт төлөх төлбөрөө өөрөө ажил хийж төлөх мөн эхнэр охин хоёроо тэжээх, цалингийн зээл байрны түрээсээ төлөх боломжгүй болгосон. Хохирогч нарт төлөх нийт 13 273 360 төгрөгийн хохирлыг манай ээж, ах нар нийлж төлж барагдуулж хохирогч нарыг хохиролгүй болгосон.

Иймд дээрхи байдлыг харгалзан үзэж надад оноосон 1 жилийн биеэр эдлэх хорих ялыг хөнгөлж тэнсэж гадуур гаргаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ар гэрийн амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.Гэмшиж байна гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатанд болон давж заалдах шатны шүүхэд хэрэг шилжсэний дараа төлбөрийг төлж бүрэн барагдуулсан.Болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг тул тэнсэж хөнгөрүүлэх боломжтой гэв.

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлыг бүрэн төлж барагдуулсан,одоо гомдолгүй гэв

Прокурор В.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ял үндэслэл бүхий болсон, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч А.С, Д.Б, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Хоолтын ам гэх газар 2017 оны 11 дугээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн Хюндэй портер маркийн 99-82 УБС улсын дугаартай автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс Киа бонго маркийн 75-47 БНА улсын дугаартай автотээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч А.Сгийн эрүүл мэндэд хүнд, Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан хэргийн үйл баримт болжээ.

Дээрхи үйл баримт нь эрүүгийн 1714002790283 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б, Д.Б, А.С, гэрч Б.Наранчимэг, Л.Батболд нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын акт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,

 “...Х.Портер маркийн 99-82 УБС улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д эгнээний тоог зорчих дээрх тэмдэглэл буюу 5.10.а.б, 5.11.а.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэгээ байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тусгаснаар /х-6/ “... замын нийт өргөн 7.70 метр...” гэсэн нь тухайн шороон зорчих хэсгийг эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчих боломжтой зам гэж үзэх үндэслэлтэй. Шинжилгээний явцад уг зам тээврийн осолд зам, орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болох” талаар шинжилгээний дүгнэлт гаргасан Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн шинжээч нарын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 284 дүгаар дүгнэлт,

“...Б.Бын биед баруун эгэмний зөрөөтэй хугарал, эрүүний зүүн хэсгийн булчин, зөөлөн эдэд цус хуралт тогтоогдсон нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт,

...А.Сгийн биед зүүн чамархайн яснаас дээш титэм заадас дагуу зүүн дор, зулай яс руу үргэлжлүүлэн шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальс дээрхи цусан хураа, гавлын хөндийд хий хуралт, зүүн дунд чөмөг ясны ил хугарал, зүүн хацар ясны далд хугарал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын сул саа гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хүнд зэрэгт,

 ...Д.Бгийн биед зүүн ХI хавирганы хугарал, тархи доргилт, дух, зовхи, чамархай, чих, хацар, гарт зулгаралт аюулхайд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах...” талаар шинжилгээний дүгнэлт гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 619, 605, 18 тоот дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээрхи нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар зүйлчлэн тогтоосоны дагуу гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй талаар дүгнэсэн мөртлөө 1 жилийн хугацаагаар хүндрүүлэн ял оногдуулжээ.

Иймд шүүгдэгч Б.Бгийн урчуулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нар гомдолгүй болохоо илэрхийлсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, хэрэгт битүүмжлэгдсэн Б.Бгийн эд хөрөнгүүдийг худалдан борлуулж хохиролд тооцсон заалтыг хүчингүй болгож , шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэхийг хүссэн шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, хохирогч А.С, Д.Б нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан мөртлөө 4 дэх заалтад Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж” гэж зөрүүтэй бичсэн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Бгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсон болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.4, 1.5 -д тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ял эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг тоолсугай” гэж,

5 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Бгийн эзэмшлийн 99-82 УБС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, ВSВ маркийн зурагтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж хохиролд тооцсугай” гэснийг хүчингүй болгож шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                                               Б.БОЛОР-ЭРДЭНЭ