Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/0562

 

Иргэн Х.Эы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Х.Э, түүний өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Х.Эы нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/199 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох бичилт хийлгэх,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар албан бичгээр Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: 1. Газрын удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлээгүй, хэлтсийн болон улсын байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллаагүй албан ажилдаа хайнга хандаж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн нь:

1.1. Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын 6 улсын байцаагчтай боловч нэг улсын байцаагчид орчны эрүүл ахуйн болон хүүхэд өсвөр үеийн хяналт тавих чиг үүргийг өгч, ажлын хэт их ачаалал үүсгэсэн. Энэ талаар Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн даргаас удаа дараа чиглэл, үүрэг өгсөөр байтал зөрчлийг арилгаагүй нь Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.2-т Албан хаагчийн өдөр тутмын ажлыг хэлтсийн даргаар дамжуулан удирдана, 3.1.3-д Албан хаагчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулна гэж заасныг, мөн Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн зорилтын 1.1-д хэлтсийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих, үр дүнд шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг авч ажиллах, 1.2-т Газрын дотоод журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих гэж заасныг тус тус зөрчсөн.

1.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-дахь хэсэгт заасан Засаг даргын бүрэн эрхэд заасан асуудлаар Баянгол дүүргийн Засаг даргыг цаг үеийн холбогдолтой мэдээ, мэдээллээр хангаж ажиллаагүй.

1.3. Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Э нь хэлтсийнхээ 2015 оны 03 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээг хангалтгүй мэдээлсэн, ажилтан, албан хаагчдынхаа цаг ашиглалтад хяналт тавьж ажилладаггүй, ажлын байран дээрээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгаагүй нь Газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2-т Ажлын цаг ашиглалтын байдалд харьяалах хэлтсийн дарга, цагийн бүртгэл хөтлөлтийн байдалд Төрийн захиргаа, удирдлагын газар хяналт тавина, 6.1-д ...Ажилтан ажилд ирэх, тарахдаа цаг ашиглалтыг цаг бүртгэлийн аппаратад өөрийн биеэр бүртгүүлэх албан хаагч нь ажлын цагийн дундуур гадуур ажлаар явахдаа хэлтсийн даргад, хэлтсийн дарга нар Төрийн захиргаа, удирдлагын газрын даргад, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга дэд даргад, дэд дарга Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад мэдэгдэнэ гэсэн заалтыг, мөн ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн зорилтын 1.1-д хэлтсийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих, үр дүнд шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг авч ажиллах гэж заасныг тус тус зөрчсөн.

1.4. Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчдаас Төрийн захиргаа, удирдлагын газарт хэлтсийн дарга Х.Эы үндсэн ажил үүрэг болон ёс суртахууны талаар гаргасан гомдлын дагуу шалгахад дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд Албан хаагчдын ажлын цаг ашиглалт хангалтгүй, хоцролт таслалт их байгаа нь газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2-т Ажлын цаг ашиглалтын байдалд харьяалах хэлтсийн дарга, цагийн бүртгэл хөтлөлтийн байдалд Төрийн захиргаа, удирдлагын газар хяналт тавина гэж заасныг хэлтсийн дарга Х.Э өглөө орой явсан цагаа бүртгүүлдэггүй нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудын цагийн бүртгэл, цаг ашиглалтад хяналт тавих журмын 2.1-д ажилтан, албан хаагчид нь ажилдаа ирэх, ажлаас тарахдаа цаг бүртгэлийн аппаратад бүртгүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/199 дүгээр тушаал нь хууль, эрх зүйн үндэслэлтэй гэдэг нь хангалттай нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 10 дахь заалтад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь энэ журмын 9-д зааснаар бусад удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 2.4.2-т хуульд өөрөөр заагаагүй бол яам, агентлагийн харъяа болон Сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагын дарга /төсвийн шууд захирагч/-ын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгөх, 2.4.3-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг.

Тус салбар зөвлөл нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан ... сул орон тоо гарсан... гэж хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ гэж заасны дагуу гарсан сул орон тоонд буюу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд сонгон шалгаруулалт явуулах захиалгаа Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Иймд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүчингүй болгуулах талаар гаргасан иргэн Х.Эы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/199 дүгээр тушаал, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 27 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож, Х.Эыг Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 6 сарын хугацааны цалин 6.851.958 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын 6 улсын байцаагчтай боловч нэг улсын байцаагчид орчны эрүүл ахуйн болон хүүхэд өсвөр үеийн хяналт тавих чиг үүргийг өгч, ажлын хэт их ачаалал үүсгэсэн, энэ талаар Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн даргаас удаа дараа чиглэл, үүрэг өгсөөр байтал зөрчлийг арилгаагүй гэх бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар хэлтсийн хяналтын улсын байцаагчийг томилох чөлөөлөх асуудал орон нутгийн байгууллагын буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын эрх хэмжээнд хамаарч байх тул улсын байцаагчдын хяналгын чиглэлийг тогтоох, өөрөөр хэлбэл сэлгэн ажиллуулах, түр орлон гүйцэтгүүлэх эрх хэлтсийн даргад олгогдоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар улсын байцаагчдыг томилохдоо эрүүл ахуй, халдвар хамгааллын гэх зэргээр ерөнхий чиглэлээр нь томилох бөгөөд хэлтсийн дарга нь Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.2, 3.1.3, 4.10 дугаар зүйлд зааснаар хэлтсийн дотор аль байцаагчийг ямар асуудал хариуцан ажиллах хуваарийг Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар батлуулдаг. Гэтэл Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга байсан Х.Э нь Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн даргаас удаа дараа чиглэл өгсөөр байтал дотоод зохион байгуулалтаа зөв зохион байгуулж ажлын ачааллыг тэнцүүлэлгүйгээр нэг байцаагчид 2 чиглэлийг давхардуулан хариУ улж ажлын ачааллыг ихэсгэсэн.

Мөн Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...мөн хэлтсийн даргыг 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 15.30 цагт ажлын байран дээрээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгаагүй хэмээн анхааруулга өгсөн байх бөгөөд мөн өдөр буюу 3 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагаас дүүргийн Засаг даргын А/160 дугаар захирамжаар тээврийн хэрэгслийн хорт утаа хэмжих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдон хуралд оролцсон болох нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16/175а тоот болон дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/160 дугаар захирамжаар тогтоогдож байна... гэжээ.

Х.Э нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын баталсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Б, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга С.З нар дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцах хуваарь-ийг тухайн өдөр мэдсэн бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр очиход ажлын байрандаа өөрөө байхгүй, албан хаагчдын ирц дутуу, зохион байгуулалт хангалтгүй байсан. Мөн Албан хаагчдын ажлын цаг ашиглалт хангалтгүй, хоцролт, таслалт их, гадуур ажлын дэвтрийн бүртгэл, хөтлөлт хангалгүй байсан, өөрөө ажилдаа ирсэн, явсан цагаа бүртгүүлдэггүй зэрэг нь Газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр баталсан А/61 дүгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудын цагийн бүртгэл, цаг ашиглалтад хяналт тавих журам-ын 2.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.2 дах заалтыг тус тус зөрчсөн. Удаа дараа анхааруулга хуудас авч байсан нь Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.16 дахь заалтыг зөрчиж байсан.

Х.Э нь Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар томилогдохдоо уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлаагүй, Төрийн албаны зөвлөлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулаагүй томилогдсон байсан. Одоо сонгон шалгаруулалтад орох бүрэн боломжтой юм.

Иймд, Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга байсан Х.Эыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар төрийн албанаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Х.Эаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/199 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох бичилт хийлгэх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар албан бичгээр Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/199 дүгээр тушаалаар газрын удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж, хэлтсийн болон улсын байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллаагүй, албан ажилдаа хайнга хандаж үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Х.Эыг төрийн албанаас халжээ.

 

Хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд хяналтын улсын байцаагч, ажилтнуудыг удирдлага арга зүйгээр хангах, хэлтсийн ажилтантай холбоотой мэдээ, мэдээллүүдийг шуурхай гаргах, мэдүүлэх ,,, нь дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын ажлын байрны үндсэн зорилтуудад хамаарах /Хх-91/ бөгөөд Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Х.Эы тухайд уг ажлын байрны зорилтоо буюу үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2014 онд В буюу Сайн дүнтэй гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар /Хх-5-10/ тогтоогджээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.3-д гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэхээр, 5.2-т гэрээний явц байдалд хагас жил тутамд хяналт шинжилгээ хийхээр тусгажээ.

 

Гэтэл хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг Сайн гэж дүгнэсэн атлаа дүгнэх хугацаа болоогүй байхад гэрээнд заасан ажил үүргээ буюу хэлтсийн болон улсын байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллаагүй, албан ажилдаа хайнга хандаж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь хууль, тогтоомжийн дээрх заалтуудыг зөрчжээ.

 

Үүнээс гадна Х.Эыг төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 /Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ/-т заасныг анхаараагүй байна.

 

Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн даргад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нар дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын үйл ажиллагаатай танилцах хуваарийг хүргүүлсэн байтал ажлын байрандаа байгаагүй, албан хаагчдын ирц дутуу, зохион байгуулалт хангалтгүй байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулж, 2015 оны 03 дугаар сарын 16, 17, 26, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд хөдөлмөрийн дотоод журам болон ажилтнуудын цагийн бүртгэл, ажлын цаг ашиглалтад хяналт тавих хурлын хэрэгжилтийг хангаж ажиллах, дээд газраас зохион байгуулж байгаа арга хэмжээ болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах талаарх мэдэгдлүүдийг хүргэж байсан бөгөөд эдгээр зөрчлүүдийг ажлаас халах нэг үндэслэл болгожээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахаар заасан бөгөөд хариуцагч албан тушаалтан Х.Эыг ажлын цаг ашиглалт хангалтгүй, албан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бол уг зүйлийн дагуу түүний зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан уг зүйлийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах байжээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн зөрчлүүдийг нэхэмжлэгч Х.Эыг шууд ажлаас халах үндэслэл болгосон нь буруу байна. Харин анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй боловч нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

 

Хоёр. Нэхэмжлэгчээс ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, тодруулбал, маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянаж, шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад тухайн актаар чөлөөлөгдсөн албан тушаалтны орон тоог сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан Төрийн албаны салбар зөвлөлийн үйлдэл буруу талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээрх байдлаар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас халсан нь тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй, тодруулбал, уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлаагүй, Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулаагүй томилогдсон байсан гэх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хариуцагчийн дээрх үйлдлийг зөвтгөх боломжгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн Тогтоох нь хэсэгт маргааны зүйлд хамаарах хуулийн зүйл, заалтыг оновчтой хэрэглээгүй тул уг алдааг залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын 28 дугаар зүйлийн 28.2.2 гэснийг 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.3 гэж өөрчилж, мөн хэсгээс 36 дугаар зүйлийн 36.1.2 гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР