Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2016/0193/Э/

             Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Хохирогч С.Эрдэнэчулуун, Насанд хүрээгүй хохирогч А.Энэрэлийн хууль ёсны төлөөлөгч Л.Амаржаргал, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Шүүгдэгч З.Насанбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Саарал адуу Загдчулууны Насанбаатарт холбогдох эрүүгийн 201609000403 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Саарал адуу Загдчулууны Насанбаатар, 1986 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 30 настай, яс үндэс халх, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р багийн Цайдамын 8-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ТК86022411 регистрийн дугаартай. Шүүгдэгч З.Насанбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч З.Насанбаатар нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цайдам гэх газар хатуу хучилттай төв зам дээр 97-38 улсын дугаартай Кia Bongofrontier маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, 2.3. б/-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх заалтуудыг зөрчсөний улмаас чигээрээ явж байсан жолооч Г.Батцэнгэлийн 94-79 УБИ улсын дугаартай Тоёото Fielder маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.Эрдэнэчулууны бие махбодид хүндэвтэр, Г.Батцэнгэл, М.Цогзолмаа, 11 настай А.Энэрэл, 17 настай Э.Бумдарь, 1 настай Б.Гүнбилэг нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь Шүүгдэгч З.Насанбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Цайдамаас Хонгор сумын төв орохоор өөрийн 97-83 ДАХ дугаартай Бонго пронтер маркийн автомашинаа жолоодож ээж, дүү хоёроо суулгаад явсан. Бид Хонгор сумын төвд ирээд Баялаг нэртэй дэлгүүр орж хоол хүнсний зүйлээ цуглуулаад буцаад Цайдам руу явсан. Тэгэхдээ дэлгүүрээс тос авахаа мартсан байсан. Тэгээд замдаа ээжтэйгээ Цайдам замын хажуу талд байдаг Мини маркет дэлгүүрээс тосоо авчихья гэж яриад тэр дэлгүүрийн харалдаа ирээд би зүүн гар тийш эргэх дохиогоо өгөөд хурдаа хасаж урдаас ирж явсан 2 машиныг өнгөрөөгөөд зүүн тийш эргэтэл гэнэт урдаас дахиад нэг машин гарч ирээд миний машины кабин, ачаа 2-ын гол руу мөргөж бид 3 машинтайгаа замын хажуу тал руу шарваад зогссон. Нөгөө машин миний машиныг мөргөөд замын эсрэг талд буцаж эргээд зогссон. Тэр машины урд хэсэг нь нилээд эвдэрсэн байсан. Осол гарсаны дараа манай ээжийн толгойноос цус гараад, баруун талын гар нь хөдлөхгүй байсан. Би ээж, дүү хоёроо машинаас буулгах гэтэл зорчигч талых нь хаалга нь онгойхгүй байхаар нь өөрийнхөө талын хаалгаар буулгаж авсан. Дүү бид 2 гэмтэж бэртээгүй байсан. Нөгөө машинд бага насны хүүхэдтэй хүмүүс явж байсан байна лээ. Хүмүүс нь азаар ноцтой гэмтэж бэртээгүй байсан. Тэгээд хажуу талын дэлгүүрээс нэг эгч гарч ирээд эмнэлэг, цагдаа дуудаж өгсөн. Удалгүй Хонгор сумын эмч ирээд манай ээжийг аваад явсан. Нөгөө машины хүмүүс түрүүлээд замын машинаар Хонгор сумын эмнэлэг рүү явсан байсан. Эмнэлэг ирээд явсаны дараа цагдаа ирсэн гэх мэдүүлэг, Хохирогч Г.Батцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016.7.09-ний өдөр өөрийн 94-79 УБИ улсын дугаартай Tоёото Fielder маркийн машинаар Улаанбаатараас Хөвсгөл аймаг руу эхнэр М.Цогзолмаа, өөрийн ач охин 11 настай А.Энэрэл, эхнэрийнхээ хамаатны охин 17 настай Э.Бумдарь, Б.Солонгоо, түүний 1 настай хүү Б.Гүнбилэг нарын хамт гарсан юм. Миний хажууд Солонгоо хүүхдээ өвөр дээрээ аваад суучихсан, ард эхнэр хоёр хүүхэдтэй хамт суугаад явсан. Тэгээд 18 цагийн үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдамын хөндийн цайны газрын ойролцоо ирж байхад урдаас 2-3 машин ирж байсан. Тэгтэл цагаан өнгөтэй нэг Бонго Пронтер маркийн автомашин намайг ойртоод ирэхэд дохиогоо өгөлгүй гэнэт замын дэлгүүр ордог хэсэг рүү зүүн гар тийш эргэж миний урдуур орсон. Би тэр машиныг гэнэт миний урдуур ороод ирэхээр нь тоормосоо гишгэж тойрч гарахаар эсрэг урсгал руу орох гэсэн боловч хэт ойрхон байсан болохоор амжаагүй мөргөлдсөн. Тэгээд бид нар замын эсрэг тал руу машинтайгаа хүчтэй шидэгдэж азаар машин маань 4 дугуйн дээрээ буцаж эргээд зогссон. ...Тэгээд миний хөлнөөс нилээд их цус гараад тогтохгүй Бумдарь, Энэрэл хоёрын толгойноос нь цус гараад байсан болохоор Хонгор сумын эмнэлэг дээр ирж анхны тусламж аваад Дарханы Нэгдсэн эмнэлэг дээр хүргүүлж, хөл, гар хоёрынхоо шарханд оёдол тавиулж тэр шөнөдөө Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очиж маргааш нь хамт явсан хүмүүстэйгээ гэмтлийн эмнэлэгт тархи толгойны зураг авахуулж 20 гаруй хоног гадуур эмчилгээ хийлгэсэн. Би гомдолтой байна. Ослын дараа миний машин өөрөө асаж явах боломжгүй болж, шинжээчийн дүгнэлтээр 4 288 000 төгрөгийн хохирол, машинаа журмын хашаанд хүргэж байршуулахад 100 000 төгрөг, Улаанбаатар хот руу ачуулахад 500 000 төгрөг гарсан. Миний эмчилгээнд 500 000 төгрөг гарч, мөн ослын дараа би өөрөөсөө 580 000 төгрөг гаргаж Энэрэл, Бумдарь, Солонгоо, Гүнбилэг, мөн өөрийгөө Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт тархины томографийн зураг авхуулсан. Энэ хэргийн улмаас эхнэртэйгээ Улаанбаатар хотоос 50 000 төгрөг зарцуулж нэг удаа машинаар ирсэн. Ингээд нийт 6 018 000 төгрөгийн хохирол учирч үүнийгээ нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, Насанд хүрээгүй хохирогч А.Энэрэлийн хууль ёсны төлөөлөгч Л.Амаржаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний охин Энэрэл нь нүдний торлог бүрхэвч нь гэмтэсний улмаас группд байдаг. 117-р сургуульд суралцдаг. Дотуур байранд байдаг болохоор эмээ нь Хөвсгөл аваад явья гээд гуйгаад 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр явсан. Энэ ослын улмаас миний охины хамар битүү хавдсан, хөл, гар нь хөхөрсөн байсан. ГССҮТ дээр ирээд тархины зургийг нь авхуул гэсний дагуу авхуулахад тархи нь зүгээр байна, хамрын яс нь хугараад таславч нь мурийсан байна гэсэн. Харааны бэрхшээлтэйн дээр хамар нь гэмтсэн чинь хэцүү байгаа. Хамарны хагалгаанд ороход 2 сая төгрөг гэсэн 2-3 жилийн дараа ямар ханштай болохыг мэдэхгүй байна. Нүднээсээ болоод одоогоор хамарын хагалгаанд орж болохгүй 2-3 жилийн дараа орж болно гэсэн. Гомдолтой байгаа, эмчилгээний зардал 192 000 төгрөгийг шүүгдэгчээс өнөөдөр хүлээн авсан, хамарын хагалгаанд орох эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, Хохирогч С.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед өөрийн бага хүү З.Насанбаатар, зээ охин Насантогтох нарын хамт хүүгийнхээ 97-38 ДАХ дугаартай Бонго Пронтер маркийн машинтай Цайдамаас Хонгор сумын төв орчихоод буцаад гэр рүүгээ явж байсан. Замдаа Цайдамд байдаг Мини Маркет дэлгүүрээс есийн тос авахаар болж төв дэлгүүрийн харалдаа ирээд зүүн гар тийш эргээд замаар орох гэтэл Улаанбаатар хот талаас чигээрээ явж байсан саарал өнгөтэй жижиг тэрэг манай машины хажуу талаас буюу миний сууж явсан талаас мөргөж бид нар машинтайгаа замаас гарсан. Нөгөө машин бид нарын эсрэг талд буцаж эргээд зогссон байсан. Манай машиныг миний хүү Насанбаатар жолоодож явсан. Нөгөө машины жолооч нь 50 гаран насны буурал үстэй эрэгтэй хүн байсан. Осол болсны дараа нөгөө машины хүмүүс бүгд гэмтэж бэртээгүй, харин манай машинаас би ганцаараа гэмтсэн. Манай хоёр хүүхэд эрүүл саруул байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, Хохирогч М.Цогзолмаагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Хөсгөл аймаг руу явахаар нөхөр Г.Батцэнгэл, өөрийн ач охин 11 настай Энэрэл, төрсөн эгчийнхээ зээ охин 17 натсай Э.Бумдарь хамаатны эмэгтэй Б.Солонго, түүний 1 настай хүү Б.Гүнбилэг нарын хамт нөхрийнхөө 94-79 УБИ дугаартай Tоёото Fielder маркийн автомашинтай явж байсан. Манай нөхөр машинаа бариад хажууд нь Солонгоо хүүхдээ тэврээд суучихсан, би ард нь Энэрэл, Бумдарь хоёртой хамт суугаад явж байсан. Тэгээд би замдаа унтчихсан байсан гэтэл манай нөхөр баларсаан гэх шиг болохоор нь би сэрсэн. Тэгтэл манай машины урд нэг цагаан машин зам хаачихсан байсан. Тэр машин нилээд ойрхон байсан болохоор манай нөхөр ар талаар нь зөрөх гэж зүүн гар тийш нь дараад амжаагүй тэр машиныг мөргөчихсөн. Тэгээд бид нар замын эсрэг тал руу хүчтэй шидэгдэж азаар машин маань 4 дугуй дээрээ буцаж эргээд зогссон. Тэгээд бид нар сандралдаж хүүхдүүд маань уйлаад нэг хэсэг юу болоод байгааг ойлгохгүй байдалд орсон. Тэгэхэд манай нөхөр өөрөө машин дотроосоо бууж чадахгүй байсан. Замд явж байсан 2 залуу нөхрийг машинаас гаргаж өгсөн. Тэгээд манай нөхөр болон Бумдарь, Энэрэл нарын хөл толгойноос нь цус гараад байсан болохоор замын машин зогсоогоод тэд нарыг Хонгор сумын эмнэлэг рүү явуулаад би ганцаараа машин дээрээ үлдсэн. Нөгөө бидэнтэй мөргөлдсөн машин замын эсрэг талд хөндөлсөөд зогсчихсон байхаар нь би очиж хүмүүстэй нь уулзахад жолооч нь гэх намхан бор залуу, настай шар эмээ, 10 гаран насны нэг охинтой хамт явж байсан. Тэр эмээ нь гараа бариад ёолоод байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, Насанд хүрээгүй хохирогч Э.Бумдарийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр том охин болох Бумдарь Хөвсгөл аймаг руу амрахаар хүргэн ах болох Батцэнгэл, эгч Цогзолмаа нарын хамт 13 цаг өнгөрч байхад Батцэнгэлийн эзэмшлийн жижиг суудлын машинтай хотоос гарсан. Яг хотоос гарахдаа 14 цагийн орчимд надтай гарч байна гэж ярьсан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад манай бага дүү Даваасүрэн надруу яриад Батцэнгэлийг аваарт орсон талаар хэлсэн. Шөнө 00 цагийн орчимд манай охин Бумдарь Дарханы эмнэлэгт хүргэгдээд эмчлэгдэж байна гэж бас хэлсэн. Би тухайн үед ажил дээрээ буюу Мааньтын хорих анги дээр байсан болохоор утсаар холбогдож байсан. Тэр шөнөдөө тэр хэдийг Гэмтлийн эмнэлэг рүү авч ирсэн байсан. Манай охин Бумдарь ослоос болоод дух, хөмсөг, нүдний ухархайн яс, уруул, хамар хэсэгтээ гэмтэл авсан байсан ба эмнэлэгт хэвтээгүй. Боолт хийлгээд гадуур амбулаториор эмчилгээ хийлгэсэн. Одоо биеийн байдал сайжирсан байгаа. Эмчилгээ хийлгэсэн баримт гэвэл томографийн зураг авахуулсан 150 000 төгрөгийн баримт л байгаа. Бусад эмчилгээнүүдээ дандаа гадуур хийлгэсэн болохоор жижиг сажиг эм тариа, боолт авсан зардлуудаа баримтжуулж чадаагүй. Болгоомжгүйгээс ийм асуудал болсон болохоор аль алинд нь гомдоод байх зүйл алга байна. Эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжлэх шаардлагагүй гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, Хохирогч Б.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн: ...Батцэнгэл ах машинаа бариад хажууд нь би 1 настай хүү Гүнбилэгийг өвөр дээрээ аваад суусан. Арын суудал дээр Цогзолмаа эгч, Энэрэл, Бумдарь хоёртой хамт суугаад явж байсан. Тэгээд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдам цайны газар руу ойртож ирж байтал нэг цагаан өнгөтэй портероос арай том машин бидний урдаас ирж байгаад дохиогоо өгөлгүй шууд бидний урдуур дараад зүүн гар тийш эргэсэн. Батцэнгэл ах тэр машиныг чигээрээ явах гэж байна гэж бодсон болохоор хурдаа хасаагүй явж байсан. Тэгээд тэр машин гэнэт урдуур нь ороод ирэхээр нь хурдаа хасаж ар талаар нь зөрөх гэсэн боловч амжаагүй тэр машиныг мөргөчихсөн. Тэгээд бид нар замын эсрэг тал руу машинтайгаа хүчтэй шидэгдэж азаар машин маань 4 дугуй дээрээ буцаж эргээд зогссон. Би урд талын суудал дээр бүсээ бүслээд хүүхдээ өвөр дээрээ аваад сууж явсан болохоор бэртэж гэмтээгүй. Харин хүү Б.Гүнбилэгийн толгойн дээр хавдаж, зүүн гар, зүүн гуя нь хөхөрсөн байсан. Одоо хүү бид хоёрын бие гайгүй, ямар нэг өвдөлт зовиургүй хэвийн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, Гэрч Ш.Мартын мөрдөн байцаалтад өгсөн: 2016.7.06-ны өдөр би Хонгор сумын Цайдмын хөндийн төв зам дагуу байрлалтай Буузандаа цайны газарт ажиллаж байсан. Манай цайны газар ачаалал багатай байдаг болохоор тэр өдөр би 18 цагийн үед цайны газрынхаа цонхоор зам руу хараад цай уугаад сууж байтал Хонгор сумын төвөөс нэг цагаан өнгийн Пронтер маркийн автомашин ирж байгаа харагдсан. Тэр Пронтер маркийн машин манай цайны газрын харалдаа ирээд зүүн гар тийш эргэх дохиогоо өгөөд уулзвар руу орох гэж байхад эсрэг урсгалаар нь чигээрээ явж байсан саарал өнгийн комби загвартай суудлын машин хурдтай ирээд мөргөчихсөн гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, Гэрч Ч.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 795 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.С.Эрдэнэчулууны биед баруун бугалганы битүү хугарал, мэс заслын дараах байдал, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх-ийн 35-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9721 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Энэрэлийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булангийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 43-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9722 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Цогзолмаагийн биед баруун бугалга, зүүн суганы цус хуралт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 47-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9720 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Бумдарийн биед духны шарх, зөөлөн эдийн няцрал, духны хөндийн өмнө хана, зүүн нүдний ухархайн дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шүдний сулрал, баруун, зүүн тохойны зулгаралт, баруун зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид зүүн нүдний ухархайн хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх-ийн 51-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9719 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Батцэнгэлийн биед баруун тохойн шарх, зулгаралт, баруун эгэм орчмын зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 55-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9717 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Гүнбилэгийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, тохой, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 63-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9718 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Солонгын биед баруун, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно гэжээ /хх-ийн 59-р хуудас/, Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасгийн 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн №31 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Кia Bongofrontier маркийн 9738ДАХ улсын дугаартай автомашины жолооч З.Насанбаатар нь МУ-ын замын хөдлөгөөний дүрмийн 2-р бүлэг 2.3/б-д заасан жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ, мөн 7 дугаар бүлгийн 7.12-т заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь жолооч З.Насанбаатарын 2016.7.06-ны өдөр өгсөн тайлбар, 2016.7.30-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар хэмжилт хийсэн бүдүүвч, ослын схем зэргээр тогтоогдож байна. 2.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, фото зураг, бусдын тайлбар, тодорхойлолт зэргээс Тоёото Fielder маркийн 9479УБИ дугаартай авто машины жолооч Г.Батцэнгэл нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй байна. 3.Хэргийн газрын үзлэг дээрээс харахад Тоёото Fielder маркийн 9479УБИ дугаартай авто машины тоормос мөр үүсээгүй байх тул уг авто машины хурдыг тогтоох боломжгүй байна гэжээ /хх-ийн 166-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 67-70-р хуудас/, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №33, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №32 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83, 78-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Хохирогч Г.Батцэнгэл нь эмчилгээний зардал болон эд хөрөнгийн хохиролд нийт 6 018 00 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтаар авто машины техникийн эвдрэл 4 288 000 төгрөг, журмын хашааны төлбөр 104 000 төгрөг, авто машины ачилтын хөлс 170 000 төгрөг нийт 4 562 000 төгрөгийг хангаж, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, Насанд хүрээгүй хохирогч А.Энэрэлийн хууль ёсны төлөөлөгч Л.Амаржаргал нь хавтаст хэрэгт баримтаар 177 500 төгрөг нэхэмжилснээс шүүх хуралдаанд шүүгдэгчээс 192 000 төгрөг бэлнээр авсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэлээ. Хохирогч С.Эрдэнэчулуун, М.Цогзолмаа, Б.Солонго, насанд хүрээгүй хохирогч Г.Гүнбилэгийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонго, насанд хүрээгүй хохирогч Э.Бумдарийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваадорж нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, насанд хүрээгүй хохирогч З.Насантогтохын бие махбодид гэмтэл тогтоогдоогүй болохыг дурдав. Шүүгдэгч З.Насанбаатар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтас хэргийн 105 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч З.Насанбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч З.Насанбаатар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016.8.03-ны 2/1587 албан тоот Шүүгдэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн Надад өдөр тутам олдог орлого байхгүй, ногдох ямар нэг эд хөрөнгөгүй гэх мэдүүлэг болон бусад баримтаар түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна гэж үзэн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн С.Загдчулууны эзэмшлийн №0212799 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг С.Загдчулуунд буцаан олгож, шүүгдэгч З.Насанбаатарын эзэмшлийн №965444 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болцогц Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Амаржаргалын шүүх хуралдаанд өгсөн томографийн зураг 2 ширхэг, томографийн дүгнэлт бүхий 1 хуудас баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Саарал адуу Загдчулууны Насанбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Насанбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч З.Насанбаатарт оногдуулсан 2 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч З.Насанбаатарын хувьд ногдох хөрөнгөөс 4 562 000 /дөрвөн сая таван зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12-р хорооны Булгын 20-р гудамжны 1088 тоотод оршин суух хохирогч Г.Батцэнгэлд олгож, насанд хүрээгүй хохирогч А.Энэрэлийн хууль ёсны төлөөлөгч Л.Амаржаргал нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч Г.Батцэнгэл нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн иргэн С.Загдчулууны эзэмшлийн АЯ №0212799 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг С.Загдчулуунд буцаан олгож, шүүгдэгч З.Насанбаатарын эзэмшлийн №965444 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Амаржаргалын шүүх хуралдаанд өгсөн томографийн зураг 2 ширхэг, томографийн дүгнэлт бүхий 1 хуудас баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Насанбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ