Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 46

 

И.Золбоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 154/ШШ2017/00148 дугаар шийдвэртэй, Б.Баттулгын нэхэмжлэлтэй, И.Золбоод холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 7455000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “И.Золбоо эгч бид нар хоорондоо чихэр өгөөд буцаагаад мөнгөө авах байдлаар байнга харьцаж байсан. 2014 онд К.Амаржаргалд явуулсан бараанаас И.Золбоо эгч 3315000 төгрөгийн бараа авсан үнийг нь төлөөгүй. Мөн надаас 100 хайрцаг 7500 кг чихэр аваад үнийг нь өгөөгүй. Чихэр чинь зарагдахгүй байна. Буцаагаад явуулья гэхээр нь би цагаан сар болохоос өмнө явуулбал явуул гэж хэлсэн. Хугацаа хожимдуулж явуулсан тухайн чихрийн хайрцаг савлагаа нь байхгүй том уутанд хийгээд амыг нь боогоод явуулчихсан. Тэр нь замдаа ачаанд дарагдаад муудаад ирсэн хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон байсан.

 

Хүнсний аюулгүй байдлын тухай хуулинд заасан байгаа. Хүнсний барааны баталгаат хугацаа нь нэг жил хадгалах журамтай энэ нь миний буруугаас хадгалалт хугацаа алдалт гараагүй учир чихрийг буцааж авах боломжгүй. Чихрийн үнэ 2800000 төгрөгөө авна. Мөн тооцоо нийлээд үлдсэн 1340000 төгрөг байгаа үүнийг бас төлүүлж авна нийтдээ 7455000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

          Хариуцагчийн хариу тайлбар: Б.Баттулгаас чихэр зээлээр худалдаж аваад зарж борлуулаад тооцоо хийдэг байсан нь үнэн. Чихрийн тооцооноос үлдэгдэл 1340000 төгрөгийг төлж өгнө үүнийг зөвшөөрч байна. Харин 2800000 төгрөгний чихэрийг Б.Баттулга нь буцаагаад явуулчих гэхээр нь хилээс гаргаад буцаагаад Улаанбаатар хот руу ачиж явуулсан. Одоо энэ чихэр нь хотод чихрээрээ байгаа. Үүнийг нь буцааж өгнө.

 

          Харин Амараагаас авсан гэх 3315000 төгрөгний чихэр болон варений үнийг би төлөхгүй, хариуцахгүй. Б.Баттулга нь К.Амаржаргалд ачуулсан падантай бараанаас тухайн барааг ачиж ирсэн жолооч Серик надад өгөөгүй би очиж аваагүй. Яахлаараа хүний бараанаас надад бараа салгаж өгөх юм бэ, би мэдэхгүй гэжээ.

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 154/ШШ2017/00148 дугаар шийдвэрээр:“Нэхэмжлэгч Б.Баттулгын зээлээр худалдсан барааны үнэ 7455000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 3315000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч И.Золбоогоос 4.140.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баттулгад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баттулгын төлсөн 134230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Золбоогоос 81190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтаар хавсаргасан гэрч нарын мэдүүлэг болон миний шүүхэд гаргасан нотлох баримт болох к-201 тоот зарлагын баримт зэргийг дутуу судлаж шийдвэр гаргасан байна.

 

            Би 2014 оны 04 дүгээр сарын 18-нд Булган сумын жолооч Серикээр К.Амаржаргалд гэж хаяглаад 18519900 төгрөгийн бараа ачуулсан юм. Шүүхийн шийдвэр ойлгомжгүй бөгөөд нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Иймд иргэн И.Золбоогоос К.Амаржаргалын нэр дээр шүүхийн шийдвэрт тусгасан үүн дээр 4.140.000 төгрөг дээр нэмж улсын тэмдэгтийн хураамж,  Булган суманд ирсэн болон явсаны зардал зэргийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

             Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 7455000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг И.Золбоод холбогдуулан  гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан   байна.  

 

            Хариуцагч И.Золбоо нь нэхэмжлэлийн шаардлагаас 3315000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй Б.Баттулга нь К.Амаржаргалд ачуулсан падаантай бараанаас тухайн барааг ачиж ирсэн жолооч Ц.Серик надад өгөөгүй би очиж аваагүй гэж   маргаж байна.

 

            Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ К.Амаржаргал 2014 онд  явуулсан  18.519.900 төгрөгийн хүнсний бараанаас 3315000 төгрөгийн хүнсний бараа 2014 оны 4 дүгээр сарын 18-нд  И.Золбоо авсан бөгөөд  үнийг төлөөгүй,К.Амаржаргал, Ц.Серик нар гэрчилнэ гэж тайлбарласан  байна.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  нотлохоор бараа хүлээлгэн өгсөн тухай зарлагын падааныг шүүхэд гаргаж өгснөөс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд К.Амаржаргал, Ц.Серик нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргажээ. Шүүх   К.Амаржаргал, Ц.Серик нарт хууль сануулж гэрчийн мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явуулсан байна./хх-ийн 28,29,32,33 дугаар тал/

 

            Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийн талаар тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулж баталгаажуулсан ба хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс гадна нэхэмжлэгчийн шаардсан  шаардлагын  талаар нотлох баримтад үндэслэн шүүхэд мэтгэлцээгүй байна.

 

            Хариуцагч И.Золбоо нь “3315000 төгрөгийн хүнсний барааг хүлээн аваагүй учир шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй Б.Баттулгын К.Амаржаргалд ачуулсан падаантай бараанаас тухайн барааг ачиж ирсэн жолооч Ц.Серик надад өгөөгүй би очиж аваагүй, яахаараа хүний бараанаас надад бараа салгаж өгөх юм бэ,би мэдэхгүй” гэх  зэргээр тайлбар гаргадаг боловч  энэ тайлбар нь гэрч Ц.Серикийн “ 100 хайрцаг чихэр 50 хайрцаг варенийг К.Амараа утсаар яриад И.Золбоод өгчих гэж хэлсэн. И.Золбоо нөхөр Гансүхийн хамт ирж барааг авсан” гэх мэдүүлэг, гэрч К.Амаржаргалын “Б.Баттулгааас 100 хайрцаг чихэр, 100 хайрцаг варенийг авч Ховд аймгийн Булган сум руу Ц.Серик гэдэг жолоочид ачуулсан, Б.Баттулга нь миний захиалсан бараанаас илүү 100 хайрцаг чихэр, 50 хайрцаг варень илүү явуулсан байсныг Б.Баттулгаас утсаар асуухад И.Золбоод өгчих гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр   үгүйсгэгдэж байна.

 

            Дээрх гэрчийн мэдүүлгээр худалдагч нь 3315000 төгрөгийн хүнсний барааг /пон пон, хад варен/   худалдан авагчид худалдсан үйл баримт тогтоогдсон байна.

            Худалдагчийн худалдсан дээрх хүнсний барааг худалдан авагчид хүлээлгэн өгсөн талаар гэрч К.Амаржаргал, Ц.Серик нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

             Анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой Иргэний  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг хэрэглэх байтал маргааны үйл баримтад холбогдолгүй мөн хуулийн 262 дугаар  зүйлийн 262.1. дэх хэсгийг хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс  өөрчлөн зөвтгөх нь зүйтэй байна.  Учир нь, худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн  өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө  хүлээн авах үүргийг хүлээжээ.   

             Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

           

            Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 64790 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримталж,  хариуцагчаас  64790 төгрөг, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа дутуу төлсөн 3000 төгрөг нийт 67790 төгрөгийг түүнээс гаргуулж  төрийн сангийн орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн   64790   төгрөгийг    төрийн сангийн зохих данснаас гаргаж шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцааж олгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нотлох баримт хавсаргаж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-д нийцээгүй байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 154/ШЗ2017/00515 дугаар шүүгчийн захирамжид тамга дарж баталгаажуулаагүй байгааг анхаарвал зохино.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1.  Ховд аймгийн Булган сум дах сум дундын   шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 154/ШШ2017/00061 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1,2 дах заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д  заасныг баримтлан хариуцагч И.Золбоогоос худалдсан барааны үнэ 7455000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баттулгад олгосугай” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан “нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  И.Золбоогоос 134230 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баттулгад олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж,  нэхэмжлэгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн   64790   төгрөгийг    төрийн сангийн  зохих данснаас  гаргаж шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Баттулгад буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                  

                                                                                    Н.ТУЯА