Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/395

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0362/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Ц.С ,

Шүүгдэгч Х.О /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Х.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818005530395 дугаартай хэргийг 2018 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,    Х.О 1968 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.О нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян” захын орчим Ц.С гийн Самсунг Галакси эс 5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.О нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян” захын орчим Ц.С гийн Самсунг Галакси эс 5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Х.Оы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Буян” зах дээр хохирогч Ц.С тай таарч “архи аваад өг” гэж хэлсэн. Тэгсэн чинь ***** ах уурлаад намайг заамдаад авахаар нь би түлхчихсэн юм. ***** ахыг хойш савахад түүний энгэрийн халааснаас нь газар унахаар нь гар утсыг нь авсан.

...Өөрийн буруугаас болж бусдын гар утсыг хууль бусаар авсан. Миний буруу, гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Ц.С гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ асуудал хэзээ болсныг сайн санахгүй байна. Х.Оыг “нэг шил юм аваад өг” гэж хэлэхээр нь “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Би тухайн үед уруу газар явж байхад Х.О миний араас ирээд тэвэрсэн. Тэр үед би хөл алдаж Х.О бид хоёр газар унасан. Газраас өндийж босоход Х.О нь надаас залуу учраас түрүүлж босоод миний гар утсыг аваад зугтаасан. Гэхдээ Х.Од миний гар утсыг авъя гэсэн бодол байгаагүй гэж бодож байна.

...Х.Оы зүгээс надад 150000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 40.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Энэ хүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 190000 /нэг зуун ерэн мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 16-17/,

-Гэрч С.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр ажилгүй биллъярдны хажууд зогсож байтал “Хүйтний гол”-д байдаг миний танил *****, ****** хоёр хоорондоо маргалдаад, ноцолдож байсан. Тэгсэн ****** нь *****г түлхээд газар унагасан. *****г унахад нэг зүйл газарт унасан. Тэгсэн ****** нөгөө газарт унасан юмыг аваад гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би *****д хандан “наад ****** чинь нэг юм аваад гүйгээд явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд ***** “миний гар утсыг ****** аваад явчихлаа” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26/

-Хохирол, төлбөр хүлээлгэж өгсөн баримт /хэргийн 80/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Х.О нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян” захын орчим Ц.С гийн Самсунг Галакси эс 5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 190000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Х.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С д 190000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 16-17/ нотлогдож байх бөгөөд хохирогч Ц.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Х.Оы зүгээс надад 150000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 40.000 төгрөгийг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.О нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян” захын орчим Ц.С гийн Самсунг Галакси эс 5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 190000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Х.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х.Од тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.О нь энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 8  хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч    Х.О бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч    Х.О-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х.Од тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.Од анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт 8 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.     

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ