| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2017/0220/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/396 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0220/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн 201709000297 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.а 1965 оны 11 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Дархан Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн ***** тоотод оршин суух Т.Б-ийн гэрийн хаалгыг эвдэн орж, Ротензо маркийн хөргөгчийг хулгайлж, 779000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Дархан Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн ***** тоотод оршин суух Т.Б-ийн гэрийн хаалгыг эвдэн орж, Ротензо маркийн хөргөгчийг хулгайлж, 779000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
-Шүүгдэгч Ц.А гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 5 сарын 05-ны өдөр надад мөнгөний хэрэг гараад****** ахын гэрт очиход эзэнгүй байсан. Тэгээд би****** ахын гэрийн хаалгыг хөшиж онойдгийг мэддэг тул гэрт нь орохоор шийдээд Дархан Номин худалдааны төвийн урдаас машин хөлслөөд****** ахын гэрийн хаалгыг хөшиж онгойлгоод хөргөгчийг нь нь авах гэтэл дийлэхгүй болохоор нь машины жолоочийг дуудаж “мөнгөний хэрэг гараад би өрийнхөө хөргөгчийг ломбардад тавих гэсэн юм” гэж хэлээд хамт өргөж гараад Тулгат нэртэй ломбардад 250000 төгрөгөөр барьцаанд тавьсан.
...Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ” гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-4/,
-“Тулгат” ломбардны барьцаат зээлийн гэрээнд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 8/,
-“Тулгат” ломбардны барьцаат зээлийн гэрээ /хэргийн 10/,
-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 12/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 13/,
-Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр өөрийн эзэмшилд байх Дархан сумын 12 дугаар баг ***** тоот байрыг хүнд түрээслүүлэхээр байрандаа ирээд замаараа хажуу талд нь байх хүнсний дэлгүүр рүү орсон. Тэгтэл дэлгүүрийн худалдагч “танай гэрт хүн байгаа юу?” гэхээр нь би “байхгүй, яасан юу болов?” гэтэл “танай гэрийн хөргөгч байгаа юу?” гэхээр нь би “мэдэхгүй байна” гэтэл “танай аавын нөгөө бүжиглэдэг дүүтэй хамт байгаад байсан эмэгтэй өдөр 14-15 цагийн үед энэ гэрээс чинь хөргөгч авч гарч ирээд соната-6 маркийн саарал өнгийн автомашинд хийгээд манай дэлгүүрт орж ирээд уут байна уу? гэж асуухаар нь би байхгүй гэж хэлтэл гараад явсан гэхээр нь би гэр рүүгээ ортол манай гэрийн хаалга онгорхой, тэгээд гэрт байсан Ротензо маркийн цагаан өнгийн 2 хаалгатай хөргөгч алга болсон байсан.
...манай гэрийн хаалга дахин ашиглах боломжгүй болгосон учир хаалганы үнэ нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Цагдаагийн газраас хүмүүс ирээд 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр барьцаанд тавьсан хөргөгчийн талаар асууж ирсэн. Тэгээд “ах та яагаад хулгайн эд зүйл авсан юм, одоо эзэн нь ирэхээр хөргөгчөө өгөөрэй. Харин би 7 хоногийн дараа мөнгийг нь хүүтэй нь олоод өгнө гэсэн юм.
...барьцаанд өгсөн 250000 төгрөгөө олж авмаар байна.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,
-Гэрч Т.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 5 дугаар сарын 5-ны өглөө 10 цагийн үед нэг настай эмэгтэй орж ирээд “танайх хөргөгч авах уу?” гэсэн. Шинэ, мөн бичиг баримттай бол авъя гэтэл “би саяхан Их дэлгүүрээс худалдаж авсан юм” гэхээр нь “аваад ир, үзье” гэсэн юм. Тэгээд 2 цагийн дараа шиг санагдаж байна, тэр эмэгтэй орж ирээд нэг хөгшин, тэгээд нэг залууг гуйж өргөж орж ирээд би шалгаж, барьцааны гэрээ үйлдэж, 30 дугаарт бүртгэж, 250000 төгрөгийн барьцаанд авсан юм.
...Ц.а регистрийн дугаартай бичиг баримтаар тавьсан, өөрийнх нь байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19/,
-“Капитал зууч” ХХК-ны гаргасан хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хэргийн 23-24/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.А г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-гт 779000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Т-д 250000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Ц.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.А нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байгаа тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт хамаарах бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.А д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Ц.А д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.А д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгэж, мөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй, шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 15 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.А-г орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 779000 төгрөгийн хохирол учруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугуй.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.А-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар /хоёр жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.А д оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.А гийн энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.А д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын /хоёр жил нэг сар/ хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ