Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00043

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2018/00043

                        Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нарын бүхэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “МД” ХХК/регистрийн дугаар 5473489/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Г-д холбогдох

“даатгалын нөхөн төлбөр 3 149 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С, хариуцагч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “МД” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МД” ХХК-ийн тээврийн хэрэгсэлийн даатгалын №1300900859 тоот гэрээт даатгуулагч П.М-ын 3342 УНВ улсын дугаартай Тоуоtа приус маркийн авто машиныг 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Хивсний уулзварын замд Б.Д нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед 4057 ОРО улсын дугаартай, Тоёота Карина маркийн автомашины жолооч М.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.10 дахь заалтыг зөрчсөний улмаас П.М-ын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. “МД” ХХК-иас даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулж, 3 149 000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан. Иймд буруутай этгээд М.Г-оос 3 149 000  төгрөгийг гаргуулж “МД” ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2015 оны 02 дугаар сарын 23-ний өдөр Хивсний уулзварт осол болсон. Даатгал дуудахад “МД ХХК”-аас хүн ирээгүй, манай даатгалаас ирсэн. 3-4 хоногийн дараа аудитын үнэлгээ хийлгээд 3 149 000 төгрөгийн хохиролын үнэлгээ гарсан. Даатгалд аваачиж өгсөн чинь миний даатгалын хугацаа дууссан байсан. Тухайн үед Д гэх жолооч машиныг барьж явсан. Тухайн үед М даатгалтай даатгалаасаа гаргуулна гэж байсан. Ингээд М хохиролын үнэлгээний дагуу даатгалаасаа мөнгө гаргуулсан. “МД”-аас Аудитын үнэлгээ гараад авахаар болсон. 2015 оны 03 сар орчимд даатгалаас Мөнхбаатар мөнгөө авсан, түүнийгээ ч хэлээгүй. Би Орхон аймаг Баян-Өндөр сум ..... тоотод байсан. Миний хаяг тухайн үед М-т байсан. Би эхнэр хүүхэд эхнэрийн эгчийн хамт амьдардаг, манай гэр байнгын хүнтэй байдаг. Гэрт ирж даатгалын мөнгө намайг төлдөг гэдгийг хэлж болох байсан. Хохирол 3 149 000 төгрөгийг намайг төлнө гэдгийг сануулах байсан. Худалдаж авсан машинд би 2 950 000 төгрөгөөр засвар хийлгэсэн. Хэрвээ “МД” энэ талаар хэлсэн бол би засуулсан 2 950 000 төгрөгөө “МД”-д өгөх байсан. Эвдэрсэн машиныг би засаж авсан. Тухайн машиныг засаад 14 хоногийн дараа зарсан. “МД” сануулах ёстой байсан. Давааням нь цэргийн ангид ажилладаг байсан. Түүний машиныг цуг ажилладаг хүн 5 300 000 төгрөгөөр авсан. Одоо тэр машин хэрэглэгдээд явж байгаа зүгээр машин. Тухайн үед нэхэмжлэл гаргаагүй байж одоо нэхэмжлээд яваад байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна” гэжээ.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “МД” ХХК нь М.Г-д холбогдуулан “даатгалын нөхөн төлбөр 3 149 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд, даатгалаас П.М мөнгөө авсан гэдгийг надад хэлээгүй. Гэрт ирж даатгалын мөнгийг намайг төлдөг гэдгийг хэлж болох байсан. Хохирол 3 149 000 төгрөгийг намайг төлнө гэдгийг сануулах байсан. Эвдэрсэн машиныг нь би худалдаж аваад 2 950 000 төгрөгөөр засвар хийлгэсэн. Хэрвээ “МД” энэ талаар хэлсэн бол би засуулсан 2 950 000 төгрөгөө “МД”-д өгөх байсан. Эвдэрсэн машиныг би засаж авсан. Тухайн машиныг засаад 14 хоногийн дараа 5 300 000 төгрөгөөр зарсан. Би 2 удаа хохирол төлөх болоод байна. Тухайн үед нэхэмжлэл гаргаагүй байж одоо нэхэмжлээд яваад байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна... гэсэн тайлбар гаргасан.

            “МД” ХХК, даатгуулагч П.М нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1300900859 тоот “тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г 2 жилийн хугацаатай байгуулжээ. /хэргийн 5 дугаар хуудас/

“МД” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 13-ний өдөр 3 149 000 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагч П.М-ын дансанд төлж барагдуулсан байх ба, энэ нь ХААН банкны 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шилжүүлгийн баримт /хх8/, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч П.М-ын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хариуцагч М.Г нь “МД” ХХК-ийн даатгуулагч П.М-ын 3342 УНВ улсын дугаартай Toyota prius маркийн авто машиныг 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Toyota karina 4057 ОРО дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.10 дахь заалтыг зөрчин П.М-ын тээврийн хэрэгсэлд 3 149 000 төгрөгийг хохирол учруулсан болон, “Ашид билгүүн” ХХК-ийн авто машины эвдрэл хохиролын үнэлгээ, гэм буруугийн талаар хариуцагч маргаагүй.

 Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэжээ.

Даатгуулагч П.М нь “МД” ХХК-тай 2015 оны 03 дугар сарын 10-ны өдөр “нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ” байгуулж М.Г-ын 4057 ОРО улсын дугаартай Toyota karina маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ “Мандал женерал даатгал” ХХК-ийн даатгуулагч П.М-ын №1300900859 тоот гэрээний зүйл болох 49-57 УНӨ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас үүссэн хохиролыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг “МЖД” ХХК шилжүүлэн авчээ. /хх-9х/

Иймд “МД” ХХК нь хариуцагч М.Г-оос нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

Хариуцагч М.Г нь даатгуулагч П.М-ын машинд хоёр удаа хохирол төлөх болоод байна гэсэн тайлбар үндэслэлгүй байх ба, эвдэрсэн гэх П.М-ын 3342 УНВ улсын дугаартай Toyota prius маркийн авто машиныг худалдаж авсан гэдгээ хариуцагч өөрөө болон гэрч П.М мэдүүлсэн байна.

Тиймээс П.М-ын эвдэрсэн машиныг худалдаж авсан нь түүний хохиролыг төлсөн асуудал биш юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 3 149 000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Харин нэхэмжлэгч нь “МД” ХХКнь оноосон нэр “МЖД” нэрээ өөрчилсөн талаарх нотолгоог хэрэгт ирүүлснийг дурьдах нь зүйтэй. /хх10/     

            Нэхэмжлэгч хэдийгээр гэм хорын хохирол гэж нэхэмжлэлээ үндэслэж байгаа боловч энэ нь даатгалын нөхөн төлбөртэй холбоотой маргаан байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргуулав.  

             

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг баримтлан М.Г-оос 3 149 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МД” ХХК-д олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65 340 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 65 340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА

 

                  ШҮҮГЧИД                                  Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                     Б.БЯМБАСҮРЭН