Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0091/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Э.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт Э-ийн П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718001370077 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ,,,,,, өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөнгөн хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ,,,,,,,,,,,,,,тоотод оршин суудаг, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Э-ийн П /.............../.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

Шүүгдэгч Э.П нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын ,,,, дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “.....” ХХК-ийн байран дахь үйлчлэгчийн өрөөнд нэвтэрч Б.Б-ын цүнхтэй эд зүйлийг хулгайлж 606,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.П нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын ,,,, дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн үйлчлэгчийн өрөөнд нэвтэрч цүнхтэй эд зүйл хулгайлж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Б-ын “... би 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын ....дугаар багт үйл ажиллагаа явуулдаг А..... ХХК-ийн халуун усны үйлчлэгчийн өрөөнөөс цүнхтэй хувцас, эд зүйлээ хулгайд алдаад танай байгууллагад хандаж байна. Саяхан камерын бичлэгийг нь үзэхэд 40 гаруй насны эрэгтэй хүн орж ирээд аваад гарсан бичлэг байсан. 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 23:40 цагийн орчим Дархан сумын ,,,,, баг, 18-н буудлын тэнд миний хулгайд алдсан бор өнгийн пүүз, цэнхэр өнгийн жинсэн өмдийг маань нөгөө камерт бичигдсэн эрэгтэй хүн өмсчихсөн явж байхтай нь таараад цагдаад дуудлага өгч баривчлуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23/,

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан /хавтаст хэргийн 38/,

Шүүгдэгч Э.П-ийн “... Миний өмсөж  явсан бор өнгийн кет гутал, хөх жинсэн өмдийг тэр залуу миний хулгайд алдсан хувцас мөн байна гээд байсан. Би тэр халуун усны газраас юу авч гарснаа мэдэхгүй байна. Би хэн нэгнээс худалдан аваагүй, надад хүн өгөөгүй, Согтуу явж байгаад өглөө болоход нэг тийм бор өнгийн кетэн гутал, хөх жинсэн өмд өмссөн байсан.Тэр халуун усны газрын камерын бичлэг дээр байгаа хүний эд зүйл аваад гарч байгаа хүний дүрс нь бол би мөн байна. Би хүний эд зүйлийг хаана аваачиж орхисноо санахгүй байна. Би хүний эд зүйл хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд шүүгдэгч Э.П-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол нэхэмжлэлийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б-д хулгайд алдагдсан зарим эд зүйлийг хүлээлгэн өгсөн байх ба шүүх хуралдааны өмнө “надад нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Э.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “хохирогчийн боловсролын диплом зэрэг бичиг баримтыг олоход тусалсан, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1.2, 1.5 дах хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан  ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, Э.П-ийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон.

ТОГТООХ нь:

  1.  Б овгийн Э-ийн П-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Э.П-ээс гаргуулах төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Б овгийн Э-ийн П-д 1 /нэг/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.П-д оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Пд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД