| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1814004930243 |
| Дугаар | 2019/ДШМ/015 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2019/ДШМ/015
Х.Эад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Уламбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор В.Дэлгэрмаа
Шүүгдэгч Х.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа
Хохирогч Д.Б
Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал /онлайнаар/
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлоор Х.Эад холбогдох эрүүгийн 1814004930243 дугаар хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Боржигон овогт Х.Э, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 6 дугаар сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2018 оны 7 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан,
Х.Э нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 05-06 цагийн үед ................... тоотод өөрийн эхнэр Ц.Хд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдан хоолойг нь боон ухаан алдуулан улмаар гарын шууны судсыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан улмаар хохирогч Ц.Х нь Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Х.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Х.Эыг хүнийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар 19 жил 10 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 3-т заасныг журамлан Х.Эад Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаар шийтгэх тоггоолоор оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний эдлээгүй үлдсэн 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож, 1 нэг сар 5 тав хоног хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1. 2 8-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 19 жил 10 сар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 19 жил 11 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар X.Эад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан СD хоёр ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, хар өнгийн өмд нэг ширхэг, LD нэртэй гурван ширхэг тамхитай тамхины хайрцаг, таван хэсэг болж тасарсан утасны чихэвч, хэргийн газраас авсан цусны дээж, цэнхэр өнгийн хөхний даруулга нэг ширхэг, шаргал өнгийн хөхний даруулга нэг ширхэг, ногоон өнгийн бариултай хутга нэг ширхэг, ногоон өнгийн бариултай заазуур нэг ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Х.Эын эзэмшлийн 4 ханатай гэр, эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар X.Эаас 7.945.500 төгрөг гаргуулж. хохирогч Д.Бд олгож, хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжэлийн шаардлага болох эцэг байх эрхийг хязгаарлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийг хуваалгах, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Х.Эын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Миний охиныг сайхан амьдруулна гэж авч суусан байсан нөхөр гэгдэх Х.Э нь харгис хэрцгийгээр зодож амь насыг нь 4 настай том хүүгийнхээ нүдэн дээр хороосон. Энэ хэргээс болж хоёр хүүхэд нь бүтэн өнчирч, одоо миний гар дээр миний асран хамгаалалтанд авагдсан байгаа. Миний охин ааш зангийн хувьд маш сайхан, хүнийг дээр, доор гэж ялгадаггүй, аливаа хүнийг ид уу, ахаа, эгчээ гэсэн, цагаан цайлган, хүнтэй эвгүй харьцаж чаддаггүй, бүдүүлэг үг хэлдэггүй, туйлын ажилсаг, хоол унд сайхан хийдэг, архи ууж, тамхи татдаггүй, бие хаа, царай зүс сайтай 23 настай инээж цалгисан охин байсан.
Харин Х.Э гэдэг хүнтэй танилцаж сууснаас болж эрдэм ном боловсрол эзэмшээгүй. Х.Э гэдэг хүнээс анхны үрээ үнэрлэж, энэ хүнд охин бие, өөрт байдаг хамаг сайн сайхан бүхнээ зориулж хоёр үрийг нь төрүүлж, хань болж явсан байхад хүүхдээ хүртэл гарт тааралдсан бүхнээрээ зодож, гуталтай хөлөөрөө зодож, миний охиныг хүртэл амь хайргүй зодож байсан нь даамжирч энэ хэргийг зориудаар төлөвлөж үйлдсэн гэж үздэг. Миний охин 23 настай зэрлэг араатнаас дор амьтанд амь насаа хороолгосон. Энэ хэргээс болж хоёр хүүхэд нь болоод миний хувьд асар их уй гашуу, сэтгэлийн хүнд дарамтанд орж, үнэхээр хүнд байдалд орсон гэдгийг үгээр хэлшгүй. Одоо хүртэл охиноо санаж, элэг эмтэрч сууна. Даан ч ингэлээ гээд босоод ирэх биш дээ. Үгээр хэлэхийн аргагүй хүнд гарз хохирол тохиолдсон. Энэ хэргээс болж насанд хүрээгүй Эын Гандэлгэр, Хгийн Ган-Эрдэнэ нар ээжгүй болж ээжээсээ өнчирч үлдсэн. Х.Э энэ хүүхдүүдийн эцэг байх эрхгүй. Миний охиныг маш харгис хэрцгийгээр өөрийн төрсөн үрсийнхээ нүдэн дээр хороож, хүүхдүүдээ цустай ээжтэй нь үлдээчхээд айлд очоод унтаад өгсөн байсан.
Хүний санаанд оромгүй, араатнаас ч гардаггүй авир гаргаж 23 насалж байгаа охиныг минь хороож 2 нас, 4 настай хүүхдүүдээ өнчрүүлж үлдээсэн энэ харгис хүнд шүүхээс оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн. Энэ хүн үсрээд л дөч гаран насан дээрээ гарч ирж байхад миний охин байхгүй, хоёр хүүхэд нь дөнгөж насанд хүрэх гээд л байж байх нь ээ.
Энэ хүн гарч ирээд хэрэггүй. Хоёр хүүхэддээ, ар гэртээ эргээд хэцүү байдалд хүргэнэ. Нөгөө талаар ийм хэрэг үйлдсэн хүмүүс гарч ирэх ёсгүй гэж бодож байна. Өөрийн сайн сайхан амьдрах гэж олдсон хувь заяагаа ийм амьдралаар сольж байгаа, хийсэн хэрэг нь хичнээн жигшүүртэй, бусармаг, нийгмийг айдас цочролд оруулсан байхад шүүх түүнд бүх насаар нь хорих ял оногдуулалгүйгээр 19 жил 10 сар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Өмнө нь энэ хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдээ зодож ял шийтгүүлж байсан хүн. Мөн шүүхэд ял шийтгүүлснээс хойш түүний ар гэр болоод ах, дүү нар түүний зүгээс хохирол барагдуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Х.Эыг бүх насаар нь хорих ял шийтгэж өгнө үү гэжээ.
Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хоёр өнчин хүүхэдтэй үлдсэн, шөнө бүр хүүхдээ бодон хонож байна. Энэ хүн надаас нэг ч удаа уйчлалт гуйгаагүй, ар гэрийнхэн нь Улаанбаатар хотоос өмгөөлөгч авч чадаж байгаа юм чинь яагаад хоёр хүүхдэд нь нэг удаа ч гэсэн болов бэлэг өгчиж чаддаггүй юм бэ. Би хүний цус судаснаасаа зүгээр нь урсаад гоождог байх гэж бодож байтал том хүүхэд нь эмээ гарных нь цус пир пир гээд гоождог юм байна лээ гэж одоо хүртэл надад ярьдаг. Би маш их гомдолтой байна, энэ хүнд оногдуулсан хорих ял хөнгөдсөн тул бүх насаар нь хорих ялаар шийтгэж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: /онлайнаар/ Х.Э нь хохирогч Ц.Хг 2-4 настай хүүхдүүд нь харж байхад нь онц харгис, хэрцгий аргаар хүнээс гарах боломжгүй жигшүүрт үйлдэл хийж амь насыг нь хохироосон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.Эын үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон гэдэг нь хангалттай тогтоогдсон тул түүнд бүх насаар нь хорих ял оногдуулах талаар гаргасан хохирогчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.
Шүүгдэгч Х.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Юуны өмнө Х.Эын өмнөөс болон түүний ар гэрийнхэний зүгээс хохирогчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, хохирогч юуны учир нас барсан болох нь тодорхой бус байгаа. Мөн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг дурдсан нь ойлгомжгүй байна. Түүнчлэн яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн 4 настай Э.Гандэлгэрээс гэрчийн мэдүүлэг авахдаа шинжээч томилж хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг нь тогтоогоогүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Дэлгэрмаа гаргасан дүгнэлтэндээ: Х.Эын үйлдлийн улмаас тухайн хэрэг учрал болсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогч Д.Баас гаргасан гомдлыг дэмжиж байна, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хүндрүүлэх эрх давж заалдах шатны шүүхэд байгаа тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл Х.Э нь согтуурсан үедээ буюу 2018 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнийн 05-06 цагийн хооронд Баянхонгор аймгийн Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 10/А гудамжны 11 тоотод хашаанд байрлах өөрийн эхнэр Ц.Хгийн амьдардаг байшингийн цонхыг чулуу мэт хатуу шавараар хагалан орж тухайн хэрэг учрал үйлдэгдсэн байшингийн хойд өрөөнд амь хохирогч Ц.Хг 2-4 насны хүүхдүүдийнх нь дэргэд шүүхэд гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасан, дандаа цагдаа дуудан баривчлуулдаг гэх мэт зүйлээр шалтаглан түүний үснээс зулгаах, гараараа болон чихэвчний утас, эмэгтэй хүний хөхний даруулга зэргээр хоолойг нь боож ухаан алдуулан баруун гарын шууг заазуур мэт, хөрөө шиг иртэй хутгаар зүсэн 2-4 настай бага насны хүүхдүүд болох Э.Гандэлгэр, Х.Ган-Эрдэнэ нартай 5-6 цагийн турш орхин явж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон үйл баримт болжээ.
Дээрх үйл баримт нь эрүүгийн 1814004930243 дугаар хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч Д.Б, гэрч Б.Алтанзул, Д.Саранжав, Д.Пүрэвжав нарын мэдүүлгүүд, хохирогч Ц.Хгийн биед учирсан гэмтлүүд болон түүний нас барсан шалтгааныг тогтоосон Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан талаарх Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Х.Эын үйлдсэн гэмт хэргийн онц харгис хэрцгий арга гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа биед нь шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, тарчлаан зовоосон, түүний учруулсан гэмтлийн улмаас хохирогч нь эмнэлэгт 6 хоногийн турш зовж зүдэрсэн байдалтай байж байгаад нас барсан, амь хохирогчийн ойр дотны хүмүүс болох төрсөн хүүхдүүд буюу бага насны 4 настай Э.Гандэлгэр, 2 настай Х.Ган-Эрдэнэ нарын дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэгт бие махбодийн буюу хохирогчийг өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсан нь дээрх зорилгоор айлган сүрдүүлэх, заналхийлэх, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад хохирогчийг оруулсан байхыг ойлгох бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй зөв болсон байна.
Харин анхан шатны шүүхээс Х.Эад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зарим нэг зүйлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр хууль тогтоогчоос хуульчилжээ. Хуулийн дээрх заалтаас үзвэл тухайн төрлийн хэрэгт оногдуулах ялыг жилээр тоолохоор тогтоосон байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын зарим хэсгийг сараар тооцсон нь буруу юм.
Мөн Х.Э нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг хэрэглэх байтал анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
Хэрэг учралын газраас хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7х4х3.7см хэмжээтэй шар, саарал өнгийн хатуу шаварыг хэрхэх талаар шийдвэрлэлгүй орхигдуулжээ.
Түүнчлэн Х.Э нь өөрийн төрсөн хүү 4 настай Э.Гандэлгэрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлгүй болжээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2, 1.8-д тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудад хамаарах бөгөөд анхан шатны шүүхээс үүнийг анхаарч үзэлгүйгээр түүнд 19 жил 11 сар 5 хоногийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, нийгмийн аюулын болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохироогүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан эрхийн хүрээнд дээр дурдагдсан үндэслэлүүд болон Х.Эад анхан шатны шүүхээс оногдуулсан 19 жил 10 сар хорих ялыг бүх насаар нь хорих ял болгон хүндрүүлэн өөрчилж хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч Х.Э өмнө нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183 дугаар шийтгэх тогтоолоор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн материалуудаас үзвэл тэрээр уг ялыг бүрэн гүйцэд биелүүлээгүй байх тул түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцон түүнд оногдуулсан бүх насаар нь хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Х.Э нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 73 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсон болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4,
39.9 дүгээр зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч Х.Эыг /19/ арван есөн жил /10/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч Х.Эыг бүх насаар нь хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 3-т заасныг журамлан шүүгдэгч Х.Эад Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан /300/ гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний эдлээгүй үлдсэн /280/ хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, / 1 / нэг сар / 5 / тав хоногийн хугацаагаар хорих ял дээр, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан хүнд ял болох /19/ арван есөн жил /10/ арван сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг /19/ арван ес жил /11/ арван нэгэн сар /5/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус заасныг журамлан шүүгдэгч Х.Эад Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан /300/ гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний эдлээгүй үлдсэн /280/ хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон сольж /1/ нэг сар /5/ тав хоногийн хугацаагаар тогтоон уг ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан хүнд ял болох бүх насаар нь хорих ялд нэмж нэгтгэн Х.Эын биечлэн эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоосугай...” гэж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Эад оногдуулсан 19/ арван есөн жил /11/ арван нэгэн сар /5/ тав хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлсүгэй...” гэж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...ногоон өнгийн бариултай заазуур нэг ширхэг...” гэсний дараа “...7х4х3.7см хэмжээтэй шар, саарал өнгийн хатуу шавар...” гэж нэмэн тус тус өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 73 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР
М.МӨНХДАВАА