Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2016/0128/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, Иргэдийн төлөөлөгч Ц.Дэлгэрмаа, Хохирогч Б.Мөнхдэлгэр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуут Батсайханы Хаш-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201509000844 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Алаг адуут Батсайханы Хаш-Эрдэнэ, 1989 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багийн 9-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд: 1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4-р сарын 24-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3-р сарын 25-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял дээр мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялын заримыг болох 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хорих ялаар тогтоож, 5 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 3.Дархан-Уул аймаг Сум дундын шүүхийн 2012 оны 8-р сарын 27-ний өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3-р сарын 25-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хорих ялаар тогтоосон, уг ялыг жирийн дэглэмд эдлэхээр шийтгэгдсэнийг, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 71 дүгээр шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 04 хоногийн хорих ялыг өршөөн хассан, хэрэг хариуцах чадвартай, ТА89032456 регистрийн дугаартай. Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 21 цагийн үед Дархан-Уул аймаг Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ихэр могой худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах цайны газрын цонхоор нэвтрэн орж харуулын үүрэг гүйцэтгэж байсан иргэн Б.Мөнхдэлгэрийг амь биед аюултайгаар хүч хэрэглэн, заналхийлж довтлон 3 давхрын гар утасны хэсгийн хаалгыг онгойлгож 171 ширхэг гар утас дээрэмдэн 30,180,000 /гучин сая нэг зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ихэр могой худалдааны төвийн 1 дүгээр давхрын цайны газрын цонхоор нэвтрэн орж харуулын үүрэг гүйцэтгэж байсан иргэн Б.Мөнхдэлгэрийн амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн заналхийлж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 3 давхрын гар утасны хэсгийн хаалгыг онгойлгуулан 171 ширхэг гар утас дээрэмдэн 30 180 000 /гучин сая нэг зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь Хохирогч Б.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ихэр могой төвд харуулын үүрэг гүйцэтгэсэн. Орой 21:40 цагийн үед Ихэр могой төвийн доор байрлах бааранд хяналт тавьж байхад Ихэр могой төвийн хажуугийн объектын Транс капитал ББСБ-ын хүн миний гар утас уруу залгаад лац хүлээж ав гэж хэлсэн. Би дээшээ гараад Транс капитал-ын үүдний лацыг хүлээж аваад Ихэр могой төв рүү ороод доошоо бууж станцаар мэдээгээ өгөөд гараад ирэхэд гуанзны шилэн хаалганы доод талын шил хагарчихсан байсан бөгөөд гурван давхарт хүний хөлийн чимээ гарах шиг болсон. Тэгээд дээшээ гартал халзан толгойтой эрэгтэй хүн зогсож байсан. Тэгэхээр нь би -чи энд юу хийж байгаа юм бэ гэж асуухад тэр залуу чамд 500 000 төгрөг өгье, 1 000 000 төгрөг өгье гээд над руу ойртож байгаад миний хоолойноос багалзуурдаж барьж аваад би шоронгийн хулгайч шүү, би шийдсэн хүн шүү, чи шоронгийн амьдрал мэдэх үү миний хэлсэн үгэнд ороод амьд үлдвэл үлдээрэй гээд хутга шиг юм гаргаж үзүүлсэн. Тэгэхээр нь би айгаад за за би чиний үгэнд оръё гэж хэлэхэд тэр залуу намайг тавиад 3 давхрын хаалгыг эвдэл гэсэн. Тэгэхээр нь би наад хаалга чинь эвдрэхгүй шүү дээ гэж хэлэхэд тэгвэл тэр дээд талын цонхоор нь намайг ор гээд 3 дугаар давхарт байрладаг гар утасны лангуу байдаг павилон уруу ордог хаалганы дээд талд байрлах шилэн цонхыг заасан. Тэгэхээр нь би энэ дотор дохиололтой, камертай гэхэд тэр залуу тэр хамаагүй би мэдэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би доошоо буугаад өрөөнөөсөө эвдэх багаж авъя гэж хэлээд доошоо буугаад өрөөнөөсөө багаж хайж байхад тэр танихгүй залуу өрөөнд өлгөөтэй байсан гав, бороохой 2-ыг аваад чи ямар нэгэн байдлаар тэр цонхыг онгойлгоно шүү хэрэв онгойлгохгүй бол би чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би айгаад надад түлхүүр нь байгаа гэж хэлээд дээшээ гараад 3 давхрын гар утасны павилоны хаалгыг онгойлгоход дохиолол дуугарсан. Энэ үед төвийн жижүүр Сүхбаатар станцаар юу болоод дохиолол дуугараад байна гэж асуусан. Тэгэхэд нөгөө залуу зүгээр хэвийн байна гэж хариул гэж хэлснийх нь дагуу би хэвийн байна гэж төвд станцаар хэлсэн юм. Дараа нь миний гар утас руу Сүхбаатар залгаад юу болсон юм бэ гэж дахин надаас асуусан. Тэгэхээр нь би хэвийн байна би постоо тойроод явж байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу гар утасны павилон руу надтай хамт ороод тэр залуу өөрөө гэрэл гардаг тамхины асаагуураар лангуунууд дээр байгаа мэдрэгчтэй гар утаснуудыг харж байгаад бүгдийг нь ав гэж надад хэлсэн. Тэгсэнээ хамгаалагчийн өрөөнөөс авсан гавыг надад өгөөд 9 дүгээр лангууны араас гараад ир гэж хэлсэн дараа нь нөгөө залуу 8 дугаар павилон руу ороод өөрөө бороохойгоор лангууны арын шилийг хагалаад дотор нь байсан гар утаснуудыг 8 дугаар павилоноос авсан хар өнгийн гялгар уут руу хийсний дараа тэр залуу 7 дугаар павилон руу ороод авах зүйл байхгүй болохоор нь 6 дугаар павилон руу ороод лангууны ар талыг өөрөө бороохойгоор хагалаад хар гялгар торондоо лангуун доор байсан гар утаснуудыг хий гэж надад хэлсэн би хар гялгар торонд гар утаснуудыг авч хийхэд гялгар тор нь дүүрсэн. Гэтэл нөгөө залуу 6 дугаар павилоны ард байсан ягаан өнгийн цахилгаантай цүнхийг аваад надад өгч энэ цүнхэнд гар утаснуудыг аваад хий гэсэн. Би хэлснийх нь дагуу тэр ягаан цүнхэнд нь 6 дугаар павилоны гар утаснуудыг бариад гарах гэхэд хар гялгар торны бариул нь тасраад дотор нь байсан гар утаснууд шалан дээр асгараад унасан. Би асгарсан гар утаснуудыг түүж байхад нөгөө залуу намайг хурдал гээд миний нуруу руу нэг удаа бороохойдсон. Дараа нь 3 дугаар лангуу руу ороод мөн шилийг нь бороохойгоор хагалаад дотор нь байсан гар утаснуудыг лангуун дотор нь байсан даавуунд ороо гэж хэлсэн. Би лангуун дотор байсан гар утаснуудыг лангуун дотор байсан ягаан өнгийн даавуунд ороогоод лангуун дээр тавьсан. Энэ үед нөгөө залуу 2 дугаар лангуу руу өөрөө яваад орохоор нь би гараад зугтаасан. Тэгээд араас хөөж ирээд намайг 2 давхарт бариад авсан би ноцолдож байгаад нэг давхар руу буугаад хаалга онгойлгоод гадагш гарах үед тэр залуу миний хажуугаар гүйж гараад эмнэлгийн 2 дугаар төв рүү явдаг зам буюу 20-ын 4 дүгээр байр, эмнэлэг 2-ын завсраар гараад зугтаачихсан гэх мэдүүлэг, Гэрч Х.Цэвэгжавын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 11-р сарын 27-ны орой 23 цагийн орчим Bead төвийн 3 давхарт хулгай орсон ирэх шаардлагатай гэж надад хэлсэн. Очиход нэг давхрын цайны газрын шил хагарчихсан байдалтай манай ажлын хүмүүс ирчихсэн байсан. Цагдаа нар ирээд үзлэг хийсний дараа яваад ороход 3 давхрын хаалганы дээд талын цонх хагарчихсан байдалтай байсан. Би өөрийн 1 дүгээр лангууг үзэхэд алдагдсан болон эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. 3-р павилоны 4, 5-р лангууны шил, 6-р павилоны 2-р лангууны шил, 8-р павилоны 1, 5-р лангууны шил, 9-р павилоны 1-р лангууны шил тус тус хагарчихсан байсан. Хулгайч авч явах гэж байсан гар утаснуудаа уут болон бүтээлгэнд боогоод үлдээсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/, Гэрч Б.Нямгаравын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 11-р сарын 27-ны 23 цагийн орчим нягтлан Туул миний гар утас руу залгаад Bead төвийн 3 давхарт хулгай орсон байна ирэх шаардлагатай гэж хэлсэн. Лангууны арыг татаж онгойлгосон байсан. Лангуун дотор байсан гар утаснуудыг аваад 4-р павилоны лангуун дээр бусад хүмүүсийн гар утаснуудтай нийлүүлээд тавьсан байсныг цагдаа нар хүлээлгэн өгсөн. Манай лангуунаас нийт 52 ширхэг гар утас алдагдсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гар утаснуудаа бүгдийг нь авсан гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/, Гэрч Д.Азжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...3 дугаар давхар луу гараад 3-1 дүгээр лангуугаа шалгахад миний лангуу бүтэн, гар утас алдагдаагүй байсан. Харин манай өөдөөс харсан 3-4, 3-5 дугаар лангууг хагалчихсан байсан. Энхжаргалын лангуун дээр бүтээлгэн дээр нь ил тарааж тавьсан гар утаснуудыг тоолж бүртгэхэд нийт 30 ширхэг гар утас байсныг тулгаж үзэхэд бүгд бүрэн байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/, Гэрч Сувд-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: ...лангуун дээрээ ирэхэд манай лангууны арын толийг хагалсан байсан бөгөөд лангууны арын шүүгээг татаж онгойлгосон байсан. Лангуун дотор байсан гар утаснуудыг аваад лангууг бараг хоосолсон байсан. Нийт 63 ширхэг гар утас алдагдсан бөгөөд гар утаснуудаа бүгдийг нь хүлээж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/, Гэрч Г.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 11-р сарын 27-ны өдөр Олон улсын худалдааны төвд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн. Орой 22 цагийн орчим оператор Сүхбаатар станцаар яаралтай Ихэр могой төв рүү яваад оч гэсэн. Шуурхай албаны жолооч Нэргүйгийн хамт Ихэр могой төвийн гадаа очиход 2-р төвд хамгаалагчаар ажиллаж байсан Нармандах ирсэн бөгөөд Нармандах бид хоёр Ихэр могой төвийн урдуур нь тойрч шалгаад буцаад Ихэр могой төвийн хойно ирэхэд Мөнхдэлгэр, Нэргүй хоёр байсан. Мөнхдэлгэр газар явган суугаад амьсгаагаа дарж байснаа яг алуулах гэж байна гэж хэлсэн. Мөнхдэлгэрийн амнаас цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, Гэрч Г.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Орой 22 цагийн орчим би Олон улс худалдааны төвд байрлах Шонхор хамгаалалтын албаны байранд байхад 21:40 цагийн орчим Ихэр могой төвийн 3 давхарт цагийн бус дохиолол дуугарсан. Тэгэхээр нь би оператор Сүхбаатараас юу болсон бэ гэж асуухад –би сая Мөнхдэлгэртэй утсаар холбоо барьлаа пост хэвийн гадуур тойроод явж байна гэнээ гэсэн. Удалгүй 22:00 цагт Сүхбаатар яаралтай Ихэр могой руу яваарай Мөнхдэлгэр станцдаа хариу өгөхгүй байна мөн гар утсаа авахгүй байна гэж хэлсэн. Ингээд би шууд хамгаалагч Батболдын хамт Ихэр могой төвийн гадаа очоод төвийн хаалга цонхыг шалгахад бүрэн бүтэн байсан. 2-р төвд хамгаалагчаар гарч байсан Нармандах ирсэн байсан. Тэгээд Батболд, Нармандах хоёр Ихэр могой төвийн ертөнцийн зүгээр урдуур нь тойроод хойгуур нь шалгахаар яваад арын хашаагаар орж төвийн арын хашааг шалгаж байхад 18 чиглэлтэй нэг эрэгтэй хүн гүйж явсан. Тэгээд буцаад 20/4-р байрны хажуугаар гараад Хилэнц баарны урдуур гараад Ихэр могой төвийн арын хаалган дээр ирэхэд Мөнхдэлгэр газар явган сууж байсан бөгөөд юу болсон талаар асуухад –яг алуулах гэж байна шүү, танихгүй хүн орж ирээд алах гэж байна гэж хэлсэн. Тэр хүн одоо хаана байна гэхэд сая гараад зугтаачихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, Гэрч Я.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...би хүлээж байгаад үзлэг хийж дууссаны дараа 5 дугаар гуанзаа үзэхэд порчик онгорхой байсан бөгөөд цонхны төмөр хаалт уначихсан байсан. Би ажлаа дуусаад явахад цонхны хаалт төмөр бүтэн, салхивч хаалттай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/, Гэрч Н.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 27-ны орой 21:30 цагийн хооронд би Ихэр могой төвд 23 кодтой хамгаалагчаар ажиллаж байсан. Б.Мөнхдэлгэрээс 23 цагт мэдээ авахад тайван байна гэсэн хариу өгсөн. Тэгээд удалгүй Ихэр могой төвийн 3 давхарын дохиолол дуугараад эхэлсэн. Тэгэхээр нь би 23 дуудлагын станц руу 2-3 удаа дуудахад хариу өгөхгүй болохоор нь Мөнхдэлгэрийн гар утас руу залгаад яагаад дохиолол дуугараад байгаа юм бэ гэж асуухад Мөнхдэлгэр -зүгээр тайван тайван гээд сандарсан байдалтай хэлсэн бөгөөд хүүе гэж хэлэхийн завдалгүй утсаа салгачихсан. Тэгэхээр нь би дахиад Мөнхдэлгэрийн гар утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд шуурхай бүрэлдэхүүнээ яваад үзээд ир гээд явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 227-р хуудас/, Гэрч Х.Анхмаа /хх-ийн 54-р хуудас/, Ө.Нямхүү /хх-ийн 55-р хуудас/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-27, 40-р хуудас/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 45-47-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 79-80, 85, 86-87, 88, 93-94, 107/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 12-р сарын 01-ний өдрийн 1417 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй болох нь хавтас хэргийн 231-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 188-194, 242, 243-245-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ нь сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8-р сарын 27-ний өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3-р сарын 25-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хорих ялаар тогтоосон, уг ялыг жирийн дэглэмд эдлэхээр шийтгэгдсэнийг, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 71 дүгээр шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 04 хоногийн хорих ялыг өршөөн хассан болох нь хавтаст хэргийн 194-195-р хуудсанд авагдсан шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль нэг ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна гэж заасан байх тул шүүгдэгч Б.Хаш-Эрдэний Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох боломжгүй байх тул шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийг ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан согтуурсан үедээ болон ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ нь хэргээ хүлээн мэдүүлэхгүй байгаа хэдий ч хохирогч Б.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн ...гуанзны шилэн хаалганы доод талын шил хагарчихсан байсан. ...чи энд юу хийж байгаа юм бэ гэж асуухад тэр залуу чамд 500 000 төгрөг өгье, 1 000 000 төгрөг өгье гээд надруу ойртож байгаад миний хоолойноос багалзуурдаж барьж аваад би шоронгийн хулгайч шүү, би шийдсэн хүн шүү, чи шоронгийн амьдрал мэдэх үү миний хэлсэн үгэнд ороод амьд үлдвэл үлдээрэй гээд хутга шиг юм гаргаж үзүүлсэн, ...Тэгэхээр нь би айгаад за за би чиний үгэнд оръё гэж хэлэхэд тэр залуу намайг тавиад 3 давхрын хаалгыг эвдэл гэсэн. Тэгэхээр нь би наад хаалга чинь эвдрэхгүй шүү дээ гэж хэлэхэд тэгвэл тэр дээд талын цонхоор нь намайг ор гээд ...Тэгэхээр нь би өрөөнөөсөө эвдэх багаж авъя гэж хэлээд доошоо буугаад өрөөнөөсөө багаж хайж байхад тэр танихгүй залуу өрөөнд өлгөөтэй байсан гав, бороохой 2-ыг аваад чи ямар нэгэн байдлаар тэр цонхыг онгойлгоно шүү хэрэв онгойлгохгүй бол би чамайг ална шүү гэж хэлсэн. ...нөгөө залуу намайг хурдал гээд миний нуруу руу нэг удаа бороохойдсон гэх мэдүүлэг нь шинжээчийн 2015 оны 12-р сарын 01-ний өдрийн 1417 тоот дүгнэлт Б.Мөнхдэлгэрийн биед нуруу, зүүн бугалганы цус хуралт тогтоогдлоо /хх-ийн 75-р хуудас/, гэрч Я.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би ажлаа дуусаад явахад цонхны хаалт төмөр бүтэн, салхивч хаалттай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/, хавтаст хэргийн 28-29-р хуудсанд авагдсан цонхны салхивчийг харуулсан зураг /зураг 8-9/ болон гуанзны хаалганы доод хэсгийн хагарсан байдлыг харуулсан зураг /хх-ийн 27-28-р хуудас зураг 5-6/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял оногдуулж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон болох нь хх-ийн 113-114, 118, 154-155, 164, 211-212, 217-218, 232-р хуудсанд авагдсан сэжигтэнг баривчлах тогтоол, шүүгчийн захирамж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан тогтоол, хугацаа сунгасан захирамж зэргээр тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 265 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Алаг адуут Батсайханы Хаш-Эрдэнийг давтан үйлдлээр зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр, 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Хаш-Эрдэний цагдан хоригдсон 265 /хоёр зуун жаран тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Я.ТУУЛ

                             ШҮҮГЧ                     Т.ЭНХЖАРГАЛ