Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 24

 

“Т” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч П.Долгормаа,  Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний  өдрийн 139/ШШ2017/00351 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Т” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Л-д хариуцагдах компаний эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх, 1.5х3.0 хэмжээтэй 5 ширхэг хавтан гаргуулах, олох байсан орлого 9900000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн төлөөлөгч Л.М, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ий захирал С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд “Мандал хүрээ” захаас “*******” ХХК-ийг байгуулахад хүнсний захыг газартай нь худалдаж авсан. Тус газрыг хүлээж авах актаар хүлээж авсан. 2009 онд “Буянт чандмань” ХХК-ий захирал ******* зөвшөөрөлгүйгээр манай хашаанд контейнер тавьсан. Удаа дараа энэ хүнээс шаардсан боловч өнөөдрийг хүртэл газар чөлөөлж өгөөгүй. Үүний дагуу би аймгийн газрын албанд хүсэлт гаргасан. Тэгсэн газрыг нь чөлөөлж өгөх нь зүйтэй гэсэн албан тоот өгсөн боловч хариуцагч тал газрыг маань чөлөөлж өгөөгүй. Ийм учраас газраа чөлөөлүүлэх болон тэр хугацаанд олох байсан орлого, 5 ширхэг хавтангаа нэхэмжилсэн байгаа. 5 ширхэг хавтан нь ямар учиртай юм бэ гэхээр “*******” ХХК-ий хашааны хавтанг хариуцагч тал өөрийнхөө барилгын материалынхаа дэлгүүрт оруулаад нэг хана болгоод барьчихсан байгаа юм. Энэ нь хэрэгт баримтаар нотлогдож байгаа. Энэ хугацаанд удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл газрыг маань чөлөөлж өгөөгүй болохоор газрын албанд шаардлага тавьсан. Гэтэл хариуцагч тал хүсэлтийг хүлээж аваагүй. Шат шатны шинжээчийн дүгнэлт гарсан, өнөөдрийг хүртэл энэ хэрэг шийдэгдэхгүй явж байна. Захиргааны хэргийн шүүхээр ч орсон. Хэн хэнийгээ хүндэтгээд тус газрыг чөлөөлж өгөх боломж байсан. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч талын дэлгүүртээ оруулаад барьчихсан байгаа 5 ширхэг хавтан, хашаанд тавьчихсан байгаа 2 контейнерийн хэмжээтэй газрыг чөлөөлүүлэх, 2009 оноос хойш олох байсан орлогод 9900000  төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Л шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүсээд байгаа газар нь миний эзэмшлийн газар юм. Би энэ газрыг 2002 онд иргэн С.Бямбасүрэнгээс худалдан авч барилгын үйлчилгээний худалдааг 15 жил явуулж байна. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд 2004 онд аймгийн Засаг даргын 32 тоот захирамжийн дагуу өөрийн эзэмшилд авч, 000457340 тоот гэрчилгээтэй болж, 2013 онд иргэн Уранчимэгээс “Өндөр довжоот” дэлгүүрийн баруун талын дэлгүүрийг худалдан авч дахин кадастр хийлгэн аймгийн Засаг даргын 2013 оны А/566 тоот захирамжаар 000426069 тоот гэрчилгээтэй болсон. Иймд уг газар нь миний хууль ёсны эзэмшлийн газар учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, талбайн төлбөрийг төлөхгүй. Харин 5 ширхэг хавтангийн үнэ 400000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 онд манай аав Бямбасүрэн гэж хүнээс “Өндөр довжоот” гэх барилгыг эргэн тойрных нь газартай бичиг баримтаар нь хүлээж авсан. Хүлээж авахад нь тус 2 контейнер байсан. Контейнер нь манай аавын эзэмшилд байгаагүй. Доньддавга, Бат-Өлзий гэсэн хүмүүсийн эзэмшилд одоо байгаа газар дээрээ байсан. 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулахад ямар нэгэн газрын маргаан байгаагүй. Манайх нэхэмжлэгч талтай түрээсийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Бид нар өөрийнхөө эзэмшлийнхээ газар дээр түрээсийн төлбөр төлөх боломжгүй. Нэхэмжлэгч тал захиргааны хэргийн шүүхээр яваад манай эзэмшил бүхий газраас тодорхой хэсэг хувийг нь хүчингүй болгуулсан юм байна лээ. Тэр хүчингүй болгосон гэсэн акт, бичиг баримт нь бид нарт ирээгүй байгаа. С.Өлзиймаа гуай захиргааны хэргийн шүүхэд энэ контейнерийн газартай холбоотойгоор эдний газрыг хүчингүй болгуулах хүсэлтийг аймгийн Засаг даргад тавьсан байна гэж би ойлгож байгаа. 400000 гаран төгрөг төлнө гээд байгаа 5 ширхэг хавтангийн тухайд С.Өлзиймаа гуай 2004 онд хавтангуудыг хүнээс худалдаж авсан нь үнэн байх. Гэхдээ хавтангуудаа хаана хамаагүй тавьдаг. Заримдаа газар дэвсдэг, заримдаа хүний наагуур, цаагуур нь татчихсан байдаг. С.Өлзиймаа гуайд хашаагаар хүний эд хөрөнгийг хязгаарладаг гэсэн ойлголт байдаггүй юм байна лээ. Ш.Төрбат гуайн гэрчийн мэдүүлэг дээр байгаа. Манай эзэмшлийн газар дотор 6х20, 6х30-тай агуулахын байшин барих үед манай аав байгаагүй. Би оюутан байсан учраас сайн ойлгохгүй байсан. Тэгээд юу болсон юм бэ гэсэн чинь Эрээн хот руу бараанд явчихаад ирэхэд нь 6х20, 6х30-тай байшин барьчихсан байсан. Хүний хашааг буулгаад юм барих болохоороо минийх, манайх болоод байдаг, энэ хавтангуудын хувьд энэ хүний эзэмшил газрыг тодорхойлно гэдэгт би эргэлзэж байна. 5 хавтангийн тухайд одоо бид нар байшингаасаа гаргаж өгөх боломжтой. Эсхүл манайхаас хийлгэсэн үнэлгээний компаниас гаргасан үнэлгээг гаргаж өгөх боломжтой. Нэгэнт тэнд байршчихсан болохоор мөнгөн төлбөрийг нь өгнө гэж хэлсэн байгаа. Энэ газрыг С.Бямбасүрэнгээс худалдаж авсан. Өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж, уг газарт түрээсийн төлбөр төлнө гэдгийг огт ойлгохгүй байна Нэхэмжлэлийн шаардлагаас хавтангийн үнийг төлөхийг зөвшөөрч байна, бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Анхан шатны шүүх:

Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ий хүнсний захын хашаанд байрлах 1 ширхэг контейнэр байрлуулсан, 5х6,95 метр харьцаатай газрыг чөлөөлөхийг хариуцагч ******* /ЗЮ56022113/-д даалгаж,

Иргэний хуулийн 106 дугааар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар хариуцагч *******гээс 10319250 /арван сая гурван зуун арван есөн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193650 /нэг зуун ерэн гурван мянга зургаан зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 20858 /хорин мянга найман зуун тавин найман/ төгрөгийг төсвийн орлогод нөхөн төлүүлж, хариуцагч *******гээс 214508 /хоёр зуун арван дөрвөн мянга таван зуун найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзул давж заалдах гомдолдоо:

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.29-ний өдрийн 139/ШШ2017/00351 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

 Манай аав болох ******* нь Дундговь аймгийн Засаг даргын 2004.02.11-ны өдрийн 32 тоот захирамжаар анх 480 мкв газрыг иргэн С.Бямбасүрэнгээс буюу Есөн Эрдэнэ ХК-иас, 2012.11.05-ны өдрийн А/609 тоот захирамжаар 185 мкв газрыг иргэн Ц.Уранчимэгээс, 2012.11.05-ны өдрийн А/610 тоот захирамжаар 84 мкв газрыг А.Өлзийдүүрэнгээс тус тус худалдан авсан. Дээрх газрыг нэг эзэмшигчтэй учир кадастрт оруулж нэг гэрчилгээтэй болгох зорилгоор аймгийн Засаг даргын 2013.11.08-ны өдрийн А/566 тоот захирамж гарсан юм. Уг захирамжинд маргаж байгаа газар нь хамаарч байгаа билээ.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дээр энэхүү маргаан хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байхад нэхэмжлэгч нь Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд манайд газар нэгтгэн олгосон аймгийн засаг даргын 2013.11.08-ны өдрийн А/566 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж улмаар аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нь 2017.07.24-ний өдөр А/254 тоот захирамж гаргаж манай аавын газар эзэмших эрхийг ноцтой зөрчлөө. Бидэнд ийм захирамж гаргах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрээс л би ийм захирамж гарсныг мэдлээ. Бусдын эзэмшлийн газрыг эзэнд нь огт мэдэгдэлгүй шууд хүчээр булааж авч байгаад би туйлын гомдолтой байна. Уг газрыг ингэж багасгасан талаар гарсан захирамжийг албан ёсоор одоог хүртэл аваагүй.

Уг захирамжаар нийт эзэмшиж байсан 633 мкв газраас 153 мкв газрыг ямар ч үндэслэлгүй хасч 480 мкв газар болгон багасгаж газар эзэмших эрхийг зөрчсөн билээ.

Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар аймгийн Засаг даргын 2017.07.24-ний өдрийн А/254 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхий Сайдад 2017.08.07-ны өдөр гомдол гаргасан ба уг гомдлыг албан ёсны шуудангаар хүргүүлсэнээс хойш 30 хоног өнгөрсөн ба энэ хугацаанд ямар нэгэн хариуг ирүүлээгүй ба зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч анхан шатны шуүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж захирамж гаргасан ба, уг захирамжинд гомдол гаргаж гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017.09.27-ны өдөр хуралдаж шүүхээс тогтоол гарсан ба манай гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хуралдаан дээр уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийг захиргааны хэргийн шүүхээс хянаж, маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа энэхүү газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг шийдвэрлүүлэхээр удаа дараа хүсэлтийг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй, нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж уг хангахаас татгалзсан захирамжинд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхийг хааж гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь маргаж байгаа газрыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь ямар эрхийн актаар эзэмшиж байгааг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэс тогтоох боломжтой байхад үүнийг анхан шатны шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт “Аймгийн Засаг даргын 2013 оны А/566 дугаар захирамж мөн газар эзэмших эрхийн 00426069 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болсонд тооцжээ. Аймгийн Засаг даргын дээрх захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байх тул маргаан бүхий /1 ширхэг контейнер байрлуулсан/ газрыг хариуцагч нь эзэмшээгүй гэж үзнэ” гэсэн дүгнэлтийг хийсэн билээ. Энэ нь уг маргаж байгаа газрыг Аймгийн Засаг даргын 2017.07.24-ний өдөр А/254 тоот захирамжаар хүчингүй болсноор уг маргаж байгаа газар өмнө нь хариуцагчийнх байсныг, уг захирамж гарснаар хариуцагчийн эзэмшлийнх биш болсон гэж дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь хууль бус болсныг харуулж байна. Уг маргаж байгаа газар нь хариуцагчийн эзэмшлийн биш болсноороо нэхэмжлэгчийнх болох ямар ч хууль зүйн үндэслэлгүй билээ. Уг аймгийн Засаг даргын захирамж дээр маргаж байгаа талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж болон уг захирамжинд давж заалдах гомдол гаргасан талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Давж заалдах гомдол хүлээн авсан бүртгэл зэргийг хэргийн материалд нотлох баримтаар өгсөөр байхад үүнийг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулиар газар эзэмшихдээ эрх бүхий этгээд болох тухайн аймгийн Засаг даргын захирамжаар газрыг эзэмших талаар хуульчилсан байхад уг маргаж байгаа газрын жинхэнэ эзэмшигч нь хэн болохыг тогтоохыг зорилгүй шууд хэргийг муйхарлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй билээ.

 Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжпэл гаргасан. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа билээ. Нэхэмжлэгч С.Өлзиймаа нь ******* ХХК буюу хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд юм. Компанийн тухай хуулийн 3.4 “Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна”гэх ба ******* ХХК нь ХХК юм. Мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 .Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, 83.2.Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ, 83.3.Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж хуульчилсан билээ. Иймд ******* ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зөвхөн гүйцэтгэх захирал болох Тогтохбаярт хуулиар олгогдсон билээ. Гэтэл нэхэмжлэл гаргасан С.Өлзиймаа нь улсын бүртгэлд Ерөнхий захирлаар бүртгэгдсэн 50 хувийн хувьцаа эзэмшдэг гэдэг тодорхойлолтоор хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх боломжгүй билээ. Хэрэв С.Өлзиймаа шүүхэд хуулийн этгээдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах бол гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэл гаргах эрх нээгдэх ёстой билээ. Иймд ИХШХШТХ-ийн 65.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болохыг шүүх үнэлэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.”Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” энэ нь уг контейнер 2002 оноос эхлэн уг газар дээр байрлаж байгаа талаар хэргийн материалд нотлох баримтаар байгаа. Хэрэв нэхэмжлэгч нь уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэж байсан бол хууль бусаар байгаа өөрийнх газар дээр контейнер байрлуулаад 15 жил өнгөрч байхад гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө мөн хууль бус, мөн хуулийн 75.2.2-т “үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч С.Өлзиймаа нь энэ контейнерийг 2009 оноос эхлэн байршсан байгаа гэж хэлдэг. 2009 оноос хойш одоо 8 жил гарангийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэхээр байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд 1 контейнер байрлуулсан газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах гэж анх гаргасан нэхэмжлэлдээ болох 1 контейнерийнн газар гэснээ нэхэмжлэлийн шаардлагаа 1 контейнер байгаа 2 контейнерийн газар чөлөөлүүлэх гэж нэмэгдүүлсэнийг хариуцагчид гардуулаагүй. Энэ нь угтаа бол чөлөөлүүлэх газрын хэмжээгээ нэмэгдүүлж байгаа нь тодорхой харагдаж байдаг. Мөн уг маргаж байгаа газар нь буюу нэхэмжлэгч нь хариуцагчаас яг хэдэн метр газрыг чөлөөлүүлэхийг хүсээд байгаагаа тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл контейнер болон уг газрыг хэмжээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох нь нэхэмжлэгчийн үүрэг байтал анхан шатны шүүх шийдвэртээ “ хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлүүлэхийг хүссэн газарт үзлэг хийхэд /хх-ийн 209-219-рт/ маргаан бүхий газар нь аймгийн хүнсний захын хашаан дотор улаан хүрэн өнгийн 1 ширхэг контейнер байрлуулсан, цементээр хучаагүй, 5м*6,95мхэмжээтэй газар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага “*******гийн эзэмшлийн 1 ширхэг контейнер байрлуулсан 5м*6,95м хэмжээ бүхий ******* ХХК-ий эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх, 5 ширхэг хавтангийн үнэ 2000000 төгрөг гаргуулах, 2009.6.1-ээс 2017.9.5-ны өдөр хүртэл тухайн талбайг бусдад түрээслүүлсэнээс олох ёстой байсан орлого 9900000 төгрөгийг гаргуулах “ гэж ойлгогдож байх ба нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ёстой байх анхан шатны шүүх өөрийн санаачилгаар чөлөөлүүлэхийг хүссэн газрын хэмжээг 5м*6,95м хэмжээ бүхий гэж тодруулж байгаа нь хууль бус болсон гэж үзэж байна.

 Мөн нэхэмжлэлийн шаардлага болох 2009.6.1-ээс 2017.9.5-ны өдөр хүртэл тухайн талбайг бусдад түрээслүүлсэнээс олох ёстой байсан орлого 9900000 төгрөгийг гаргуулах буюу олох ёстой байсан орлого нь нотлох баримтаар тогтоогддоггүй. Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн 2009 оноос 2016 онуудын Татварын тайланг хэргийн материалд өгсөн ба уг тайлангаас үзэхэд Түрээсийн төлбөр гэсэн хэсэгт огт орлого олоогүй, түүнд ногдох татвар төлөөгүй нь байхад олох ёстой орлогыг мөн хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ ******* ХХК буюу хуулийн этгээдийн нэрээр нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.” гэж тус тус заасан байна.

Хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд цугларсан Тогтохмандал ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээнд “Дорж овогтой Тогтохбаярыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв.” гэжээ.

Нэхэмжлэл гаргагч С.Өлзиймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа Д.Тогтохбаяр бид 2 хэн хэн нь компанид тавин хувийн хөрөнгө оруулагч нар учир хоёулаа компанийг төлөөлөх эрхтэй гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар нотлогдсонгүй.

 

Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, 83.2-т Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ, 83.3.Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж хуульчилжээ.

Дээр дурдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр ******* ХХК-ий шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зөвхөн гүйцэтгэх захирал болох Д.Тогтохбаярт хуулиар олгогджээ.

Тогтохмандал ХХК-ий гүйцэтгэх захирлаас олгогдсон итгэмжлэлгүйгээр  С.Өлзиймаа нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох талаар хуульчилсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-ыг зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан. Тухайлбал: Компаний эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх шаардлагын хувьд хэдий хэмжээний хаана байршилтай газар болох нь нэхэмжлэлийн шаардлагад огт тусгагдаагүй нэхэмжлэлийг хүлээн авч уг хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчсөн төдийгүй нэхэмжлэлийн шаардлагыг үзлэг хийж тодруулан шийдвэрлэж талууд шүүхийн өмнө тэгш эрх байх зарчимд харшилсан үйл ажиллагааг шүүх явуулсан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг / хэргийн 88 дугаар тал / хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан “ нэхэмжлэлийг тухайн шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо цаг минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулна....” гэснийг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэлийн болон нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шатны шүүхэд буцаахаар тогтов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 139/ШШ2017/00351 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хариуцагчийн төлөөлөгч Л.Мөнхзулаас давж гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 243550 /хоёр зуун дөчин гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                             ШҮҮГЧИД                              П.ДОЛГОРМАА

                                                                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ