Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2015/0568

 

 

МЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор МЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Г.Хнарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дүгээр актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: МЭ ХХК-ийн албан татварын ногдуулалт төлөлтөд татварын хяналт шалгалт хийхэд МЭ ХХК-ийн нэр дээр тухайн компанийн тамга тэмдэг бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар борлуулалт хийсэн мэдээ хөндлөнгийн мэдээллийн баазад байсан. Тухайн үед тэр борлуулалтын падаануудыг худалдан авсан аж ахуйн нэгжүүдийг шалгалт хийлгэж тодруулахад тус компанийн тамга тэмдэгтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн байна гэсэн хариуг ирүүлсэн бөгөөд хохирлын хэмжээ их тул татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж хуулийн байгууллагад шилжүүлсэн. Тухайн үед цагдаагийн байгууллага шалгаад Шүүхийн шинжилгээний үндэсний төвд эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд Баянгол дүүргийн татварын хэлтсээс падаан олгосон жагсаалт олдохгүй байгаа тул тогтоох боломжгүй байна гэсэн хариу ирүүлснийг үндэслэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хуулийн дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр бичсэн татварын улсын байцаагчийн дүгнэлтийг акт болгож шийдвэрлэсэн гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дүгээр актыг хүчингүй болгож,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар давж заалдах гомдолдоо: 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд ямар дугаартай падаанууд тусгагдсан болох нь тодорхойгүй, тус компанийн аваагүй дугаартай падаануудыг үндэслэн санхүүгийн тайланд огт тусгагдаагүй байхад дээрх актыг үйлдсэн нь хуульд нийцэхгүй байна гэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасны дагуу захиргааны шүүх дээрх падаануудыг хэдэн оны хэдэн сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан талаар нотлох баримтыг нэхэмжлэгч МЭ ХХК болон Татварын албанаас гаргуулж аваагүй хэргийг бүрэн дүүрэн үндэслэлтэй нотлох баримтаар шийдвэрлээгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг ямар аж ахуй нэгж ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан-татвараас хасалт хийсэн талаар нотлох баримт цуглуулаагүй байна.

 

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч МЭ ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Г.Х нарт холбогдох Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дүгээр актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Баянгол дүүргийн татварын хэлтсээс маргаан бүхий актыг урьд нь эрүүгийн журмаар шалгуулахаар бичсэн татварын улсын байцаагчийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаар дүгнэлтийн дагуу үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан дүгнэлтээ акт болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэх тайлбарыг хариуцагчаас өгчээ.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 922 дугаар тогтоолоос /хх-20/ үзэхэд хариуцагч татварын улсын байцаагч нар МЭ ХХК-ийн 2006 оны 01 дүгээр сарын 01-нээс 2007 оны 06 дугаар сарын 30-ны хугацааг хамруулан албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, тус компанийг 255905,4 мянган төгрөгийн татвар ногдох орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, мөн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төлөөгүй гэж үзэн захирал Б.Эт татвар ногдох их хэмжээний орлого нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар улсын байцаагчийн дүгнэлтийг үйлдэж цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна.

 

Улмаар дээрх прокурорын тогтоолоор улсын байцаагчийн дүгнэлт нотлогдохгүй, Б.Эийг их хэмжээний орлого нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосонд татварын улсын байцаагч нар гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагч нарын өөрсдийн хуулийн дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр бичсэн татварын улсын байцаагчийн дүгнэлтийг акт болгож шийдвэрлэсэн буюу Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д зааснаар маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлтэй гэх тайлбар маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэдгийг үгүйсгэж байна. Тодруулбал, татварын улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дүгээр актаас харахад акт гаргах болсон үндэслэлээ татварын улсын байцаагчийн ***** дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шалгалт хийсэн гэсэн боловч уг актаар төлбөр ногдуулахдаа дүгнэлтэд дурдсан 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны зөрчилтэй бус урьд нь огт шалгаж байгаагүй 2008-2009 оны зөрчилтэй холбогдуулжээ.

 

Эндээс татварын улсын байцаагч нарыг хууль зөрчсөн, тухайлбал, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Үүнээс гадна уг маргаан бүхий акт ямар баримтуудад үндэслэсэн нь тодорхойгүй, татварын албанаас баримтуудыг авсан эсэх нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч компанийн санхүүгийн тайланд огт тусгагдаагүй байхад акт тогтоосныг дурдах шаардлагатай.

 

Нийслэлийн болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс тодорхой баримтад бус зөвхөн мэдээллийн сангаас гаргасан мэдээллийн жагсаалтад үндэслэж үйлдсэн актыг маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 6.2 Татвар төлөгчийн эрх, үүрэг, 6.2.2 маргаантай татварын акт, дүгнэлттэй холбоотой тайлбар, нотлох баримтыг Маргаан таслах зөвлөлд гаргаж өгөх-өөр заасныг биелүүлээгүй гэх үндэслэлээр актаар төлбөр тогтоосныг зөв гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд энэ нь актыг хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Эдгээрээс дүгнэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хуулийг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР