| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0013/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/51 |
| Огноо | 2017-03-18 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Өлзийбуян,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч Ч.О-,
Хохирогчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч А.Ч- нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ч-д холбогдох эрүүгийн 201622000592 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харьяат, А.Ч.
Шүүгдэгч А.Ч- нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд Супер вени-150 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2а, 9 дүгээр зүйлийн 9.2, 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Т-ийг мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ш.Т- нас барсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Ч- нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд Супер вени-150 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2а, 9 дүгээр зүйлийн 9.2, 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Т-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч А.Ч-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016.08.30-ны өдөр Ханх сумын төв рүү Венни маркийн мотоцикльтой ганцаараа явж байсан. Ханх сумын төвийн Хяр гэх газар руу ороод замаар явж байтал замын баруун талаас нэг хүүхэд гарч ирээд урдуур гүйсэн. Тэгээд би хурдаа сааруулаад тэр хүүхдийг өнгөрөөчихөөд буцаад хурдаа нэмээд явтал тэр хүүхэд буцаж гүйгээд миний жолоодож явсан мотоцикльд мөргүүлсэн. Тэгээд би мотоциклио зогсоогоод хүүхдийг очиж тэвэрч яваад машин зогсоогоод тэр машинтай хөдлөх гэж байтал хүүхдийн аав, ээж нь хүрч ирээд бид нар цугтаа эмнэлэг рүү явсан. Тэр хүүхдийг урдуур гүйхэд нь би араагаа хүндрүүлээд тоормозооо гишгэтэл хүүхдийг мөргөсөн...гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.О-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн орой 19 цагийн үед манай хүү Ш.Т- хашаандаа ахтайгаа тоглож байсан, би гэртээ хоолоо хийж байсан. Тэгээд хашаанаас гараад 5 минут ч болоогүй байхад дүү мотоцикльд дайруулчихлаа гээд ах ТөгөлдөрЭрдэнэ гэртээ гүйгээд ороод ирсэн. Бид хоёрыг гараад очиход А.Ч- гэх банди хүүг маань тэвэрчихсэн нүүр ам бүх зүйл нь цус болчихсон байсан. Тэгээд машин дуудаад хүүгээ аваад эмнэлэг рүү аваад явсан. Ханх сумынхаа эмнэлэг дээр очоод эмчилгээ хийлгэж нүүр амыг нь оёж 23 цаг 30 минут гэхэд Ханх сумаас гарч аймгийн төвд маргааш оройн 17 цагт очсон. Замдаа нилээн хүнд байсан. Аймгийн эмнэлэгт очоод сэхээнд ороод эмчилгээ хийгдээд 9 сарын 02-ны өдөр гэмтлийн эмнэлгийн хүүхдийн тасагт ирж хэвтсэн. …Хүүгийнхээ эм тарианы зардалд 14.654.079 төгрөг, хүүгээ асарсан асаргааны зардал 8.655.612 төгрөг, өдөр тутмын хүнсний хэрэгцээнд 2.031.619 төгрөг, лам, бөөгөөр явсан зардал 10.000.000 төгрөг, Улаанбаатараас Мөрөн рүү эмнэлгийн автомашин хөлсөлсөн зардал 1.500.000 төгрөг, ах дүү нарын автомашины бензин 400.000 төгрөг, хоолны зардал 2.580.000 төгрөг, оршуулгын зардал 10.000.000 төгрөг, Ханх сумаас Мөрөн орох зардал 240.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг, нийт 50.761.310 төгрөгийг шүүгдэгчийн хохирол төлсөн 4.269.000 төгрөгийг хасч тооцон А.Ч-гаас нэхэмжилж байна гэв.
Насанд хүрээгүй гэрч Ш.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...дүү бид хоёр гэрийнхээ үүдэнд тоглож байгаад зам гараад урагшаа чигээрээ явж байхад Ш.Т- замын голд байсан /бид нар зургуулаа явж байсан, дөрөв нь миний хажууд зогсож байсан/ Ш.Т- мотоциклиос айгаад эхлээд хойшоо гүйхэд мотоцикль бас дагасан буцаад урагшаа гүйхэд нь бас мотоцикльтой хүн гүйсэн тал руу дарсан тэгээд мөргөсөн. Тэр мотоцикльтой хүн хурдтай давхиж ирээд мөргөчихсөн. Ш.Т-ийг дайруулсны дараа нүүр нь цус болчихсон байсан тэгээд би айгаад гэрлүүгээ аав ээжийгээ дуудах гээд явсан. Тэр мотоцикльтой хүн Ш.Т-ийг өргөөд машинд оруулж суусан байсан. ...Ш.Т- ташуудуу зогсож байхад хажуугаас нь мөргөөд мөр нүүрэн дээгүүр нь гарсан. Хужаа мотоцикль хоёр талдаа төмөртэй байсан. Ш.Т- хажуу тийшээ харж унасан. Мотоциклиос хол унасан. Мотоцикль хурдтай явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016.08.30-ны өдөр би хашаан дотроо контейнерт ачаа буулгаж байсан. Мөргөсөн үйл явцыг хараагүй, намайг харахад мөргөсөн гэх залуу мөргүүлсэн хүүхдийг аваад цэнхэр өнгийн аавын цээжинд тэврээд суух гээд явж байтал мөргүүлсэн хүүхдийн аав Шаравжанцан ирээд хүүхдээ аваад эмнэлэг рүү явсан. Мөргөсөн гэх мотоцикль нь ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай замын зорчих хэсгийн урд талд унасан байдалтай харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Ц.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Намайг ээлжийн сувилагчаар гарч байхад энэ хүүхэд авто осолд орсон гээд ирж байсан. Орой 18 цагийн орчимд ирсэн. Анхны тусламжийг үзүүлж холбогдох мэргэжилтэн эмч нарыг дуудаж үзүүлсэн. Тэгээд гэмтэлтэй эгэм хугарсан духны доод талд гавал ясны цөмрөлттэй ирсэн. Зүүн хөмсөгний дээд талд арьс нь задарсан байсан. Нуруу зулгаралттай байсан. Биеийн байдал их хүнд орж ирсэн. ...аймагт хүргэж өгөхөд шууд сэхээнд орсон. Гавал тархины цууралттай гээд сэхээнд оруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би тэр өдөр дугуй унаад Есөнбулаг дэлгүүрийн тэнд явж байхад дайруулдаг хүүхдийн ах нь өөрийнхөө гэрийн тэндээс намайг дуудсан. Би тэр үед Дөлгөөнтэй хамт явж байсан. Дөлгөөн бид хоёр яваад очиход дайруулдаг хүүхэд бид хоёрын ард үлдсэн юм. Тэгээд эргээд хартал тэр хүүхэд дайруулсан. Нүүр амнаас нь их цус гарч байсан. ...Замын урд талд биллъярдны тэнд байж байгаад хойшоо зам хөндлөн гарах гэж байгаад дайруулсан юм. Ногоон өнгийн мотоцикльтой хүн зүүн талаар баруун тийшээ явах замдаа дайрсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Д-ий мөрдөн байцаалтад өгсөн: ...би хяр дээр байх биллъярдны ширээн дээр найзуудтайгаа цаг аваад биллъярд тоглож байсан юм. Оройхон 17, 18 цагийн орчимд биллъярдны орчимд хүүхдүүд хөөцөлдөж тоглож байсан. Тэгэхэд нэг хүүхэд зам руу гүйж явахад нэг хүүхэд нь тэр хүүхдийн цамцнаас нь зууралдаж барьж байхад цамцнаасаа зууруулсан хүүхэд цамцаа тавиулаад зам руу гүйсэн. Тэгтэл зүүн талаас сайжруулсан шороон замаар ертөнцийн зүгээр зүүн талаас их хурдтай ногоон өнгийн мотоцикльтой хүн ирээд тэр хүүхдийг мөргөсөн. Тэгээд тэр хүүхэд рүү биллъярд тоглож байсан ах нар очсон. Дайрч мөргөсөн ах хүүдийг өргөж аваад цэнхэр өнгийн УАЗ машинд хийгээд аваад явсан. Тэр хүүхдийн аав, ээж нь ч ирсэн. Замын урд талаас хойшоогоо гүйсэн юм. Мотоциклийн урд талын гарны хамгаалалтын хэсгээрээ мөргөсөн. Дайруулсан хүүхэд биеийнхээ баруун талаар унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Ногоон өнгийн мотоцикль Долоон уул дэлгүүрийн тэндээс ертөнцийн зүгээр баруун талаас зүүн зүг рүү чиглээд ирсэн. Тэгсэн чинь хүүхдүүд Есөнбулаг дэлгүүрийн урдаас биллъярдны зүг рүү чиглээд зам хөндлөн гарч явж байхад нь тэр мотоцикль хамгийн сүүлд гарч явсан хүүхдийг мөргөөд унагаачихсан. Тэгээд тэр мөргөсөн хүн нь босч ирээд мөргүүлсэн хүүхдээ аваад машин руу авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13473 дугаартай ...1. Ш.Т-ийн биед тархины баруун төлбөлгийн дух, духны хажуу хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины зүүн талд духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархины эсийн урт сэртэнгийн гэмтэл /ДАП/, эгэм, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хүзүүний 2-р нугалмын цуурал, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаартай ...1. Талийгаач Ш.Т-ийн цогцост гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач Ш.Т-ийн биед их тархины баруун, зүүн зух, зулай, чамархай дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, няцрал, эгэм, хацар ясны далд хугарал, хүзүүний 2-р нугалмын цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх их тархины баруун, зүүн дух, зулай чамархайн дэлбэнгийн бүрхүүлийн доорх цус хуралт, няцрал гэмтэл нь үхэлд хүргэнэ. Үхэлд хүргэх учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. 3. Талийгаач Ш.Т-ийн биед архаг хууч өвчингүй байна. 4. Талийгаач Ш.Т- нь тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, няцрал гэмтлийн улмаас нас баржээ... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай ....1. Мотоциклийн жолооч А.Ч- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.а, 9 дүгээр зүйлийн 9.2, 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2.А.Ч- нь хэрэгт авагдсан материалын хүрээнд үзэхэд хохирогчид анхны тусламж үзүүлэх үүргээ биелүүлсэн байна... гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн нэмэлт шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай …явган зорчигч Ш.Т- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.4, 3.9-ийн в-д заасан явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгч хөндлөн гарна., Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Ш.Т-ийн эцэг, эх асран хамгаалагч нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3-р бүлэг, 13-р зүйлийн 13.2.7-д Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.3-д заасан Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж /тэвэрч/ явна. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. гэх дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ. Иймд шүүгдэгч А.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч А.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Ч.О- нь эм тарианы зардал 14.654.079 төгрөг, асаргааны зардал 8.655.612 төгрөг, өдөр тутмын хүнсний хэрэгцээ 2.031.619 төгрөг, лам, бөөгөөр явсан зардал 10.000.000 төгрөг, Улаанбаатараас Мөрөн рүү эмнэлгийн автомашин хөлсөлсөн зардал 1.500.000 төгрөг, ах дүү нарын автомашины бензин 400.000 төгрөг, хоолны зардал 2.580.000 төгрөг, оршуулгын зардал 10.000.000 төгрөг, Ханх сумаас Мөрөн орох зардал 240.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг, нийт 50.761.310 төгрөгийг шүүгдэгч А.Ч-гаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Үүнээс эмчилгээний зардал 11.890.183 төгрөг /хх-ийн 74-75 дугаар хуудас/, Оршуулгын зардал 9.107.000 төгрөг, нийт 20.997.183 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүгдэгчийн хохирогчид нөхөн төлсөн 4.269.000 төгрөгийг хасч тооцон шүүгдэгч А.Ч-гаас 16.728.183 төгрөгийг хохирогч Ч.О-ад олгохоор хэсэгчлэн хангах нь зүйтэй байна. Харин хохирогчийн нэхэмжлэлээс 29.755.127 төгрөгийг биелүүлэхээс татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд: Барааны худалдан авалтын ПОС системийн баримт/ хх-ийн 76-81 дүгээр хуудас/, тэтгэврийн зээлийн баримт, барьцаат зээлийн гэрээнүүд, депозит дансны хуулга, зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, шашны зан үйлтэй холбоотой 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хохиролд оруулан тооцох боломжгүй байна. Улаанбаатараас Мөрөн рүү эмнэлгийн автомашин хөлсөлсөн зардал 1.500.000 төгрөг, ах дүү нарын автомашины бензин 400.000 төгрөг, Ханх сумаас Мөрөн орох зардал 240.000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүхэд гаргаж өгөөгүй байна. Мөн өмгөөлөгчтэй сайн дурын үндсэн дээр эрх зүйн туслалцаа авах гэрээ байгуулж 700.000 төгрөгийн хөлс төлсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99.2, 100, 101 дүгээр зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзсэн болно. Иймд хохирогч нь 29.755.127 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдлаа.
Шүүгдэгч А.Ч- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 201622000592 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг, шүүгдэгч А.Ч-гийн цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ч-г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч А.Ч-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, 3/ гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Ч-д оногдуулсан 3/ гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч А.Ч-гаас 16.728.183/ арван зургаан сая долоон зуун хорин найман мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.О-ад олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1,59.2-т зааснаар шүүгдэгч А.Ч-гийн цагдан хоригдсон 5/тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 201622000592 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ч.О- нь 29.755.127 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР