Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Ш.Б*******, түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар    

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш.Б*******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015003580249 дугаартай, 163/2020/0014/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр 10-нд Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Булган аймгийн Бугат сумын *-р багЗүүн нарийн гэх газарт оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц******* овгийн Ш******* Б*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б******* нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Бугат сумын * дүгээр баг Зүүн нарийны ам гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 1084409 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б*******гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

2015003580249 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Иргэний нэхэмжлэгч Ц.О******* өгсөн: “...Намайг Бугат сумын Засаг даргын тамгын газраас Булган аймгийн Бугат сумын *-р багийн нутаг дэвсгэр Зүүн нарийн гэдэг газраас ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн хэрэгт иргэни/ нэхэмжпэгчээр томилсон байна. Шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ж*******ы өгсөн: “... Булган аймгийн Бугат сумын 1-р багийн - дэвсгэр Зүүн нарийны ам гэдэг газар өвөлждөг Б******* нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ойгоос босоо мод унагаагаад байж байсан. Б******* надад мод унагаасан чинь нойтон мод унагаачихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41дүгээр хуудас/,

Гэрч Б.Пгийн өгсөн: “... Уг газарт мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт 2020 онд хийгдээгүй болно. Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүүн нарийн гэдэг газар хориотой зурвасын ой учир хамгаалалтын бүсийн ойд багтах учир ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл олгогдохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Яллагдагчаар Ш.Б******* өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед ямар нэг мод бэлтгэх бичиг аваагүй бэлтгэсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 61-62 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-21 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 58-59  дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

  Шүүгдэгч Ш.Б******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Булган аймгийн Бугат сумын * дүгээр баг Зүүн нарийны ам гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн **-** БУА улсын дугаартай HYUNDAI Porter загварын хөх өнгийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.

Иймд шүүгдэгч Ш.Б*******unay гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч Ш.Б*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Б*******гийн үйлдлийн улмаас ойн санд 1084409 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Ц.О******* мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Ш.Б******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гар цахилгаан хөрөө нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Ш.Б*******д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 65.000 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Булган аймгийн Бугат сумын * дүгээр багийн нутаг дэвсгэр Зүүн нарийнгэдэг газарт Ш.Б*******ын гэрийн гадаа битүүмжлэгдсэн 1 м 40 см-ийн урттай буюу 9 ширхэг шинэс төрлийн мод, **-** БУА улсын дугаартай HYUNDAI Porter загварын хөх өнгийн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

шүүгдэгч Ш.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Ц******* овгийн Ш******* Б*******г зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Б*******гаас 3253227 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 65.000 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүүн нарийнгэдэг газарт Ш.Б*******ын гэрийн гадаа битүүмжлэгдсэн 1 м 40 см-ийн урттай буюу 9 ширхэг шинэс төрлийн мод, **-** БУА улсын дугаартай HYUNDAI Porter загварын хөх өнгийн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлийгшүүгдэгчээс тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч Ш.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН