| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0335/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/411 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0335/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин, Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
Хохирогч Д.Д, Я ,
Гэрч С.******,******, Д.******,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Б.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818005880376 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.А 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, З2 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 3, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ань 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар дугаар багийн нутаг дэвсгэр болох “Аргалын гарам” гэх газарт оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Я-ын эрх чөлөөнд, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-2018 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хонгор сумын Аргалын гарам гэх газарт оршин суух гэрийнхээ гадаа Д.Дтай маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ань 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар дугаар багийн нутаг дэвсгэр болох “Аргалын гарам” гэх газарт оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Я-ын эрх чөлөөнд, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-2018 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хонгор сумын Аргалын гарам гэх газарт оршин суух гэрийнхээ гадаа Д.Д-тай маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “найзындаа очоод ирье” гэхэд манай эхнэр явуулахгүй гэсэн. Бид хоёр машины түлхүүрийг булаацалдаж татаж байгаад гараа тавихад манай эхнэр унаад гэмтсэн. Тухайн өдөр манай эхнэр ахыгаа дуудаад улмаар цагдаа ирж, би эрүүлжүүлэхэд хоносон. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө гэртээ эхнэрийн хамт унтаж байхад шөнийн 1-2 цагийн хооронд тавуулаа манай гэр рүү дайрч орж ирсэн. Тэгээд манай эхнэр гэрээс гаран дэлгүүрээ нээгээд худалдаа хийх гэхэд хохирогч Д.Д-гийн мөнгө хүрэхгүй байсан учир манай эхнэр “мөнгө чинь хүрэхгүй байна” гэж хэлээд худалдаа хийгээгүй. Тэгтэл хохирогч Д.Д гэрт орж ирээд надад “чи манай ахын хоёр үхрийг хулгай хийсэн биз дээ” гээд цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаад байж байхад Уламбаяр ирж тэд нийлээд намайг унагаагаад зодсон. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Ц.Я-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр уг үйл явдал болсон. Тухайн үед Хонгор суманд шимийн архи гээд монгол архи гарсан байсан. Манай нөхөр найзындаа очиж шимийн архи ууна гэхээр нь согтуу машин бариад хэрэггүй гэж бодоод машины түлхүүр өгөхгүй гэж булаацалдаж байгаад би өөрөө унаж гэмтэл авсан. Тэгээд тэр дор нь ахыгаа дуудаж, нөхрийг эрүүлжүүлэхэд өгсөн. Би ийм шүүх цагдаа болно гэж бодоогүй.
...одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хонгор сумын Аргалын гарам гэх газар 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө уг асуудал болсон. Шөнө 11 цагийн үед дэлгүүр рүү архи авахаар ороод уг зодоон болсон. Шүүгдэгч Б.А өөрөө тухайн газраас зугтаасан. Тухайн үйл явдал болоод өнгөрөхөд миний биеийн хоёр газар хатгасан байсан.
...гар гэмтээд өвөлжөө барьж чадахгүй байсан учир 2 хүн хөлсөлж ажиллуулсан хөлс, эмчилгээний зардал зэрэгт 734000 төгрөг нэхэмжилж байна, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,
-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,
-Гэрч Д.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ***** буюу ****** гээд найзтайгаа 16 цагийн үед уулзаад А гээд найзынхаа хашаанд морио сольж унасан юм. Тэгсэн А бид хоёрыг “манайд орж цай уугаач” гэхээр нь тэдний гэрт орж цай ууж байхад А 2,5 литрийн пиво задалсан. Тухайн үед А эхнэр ******ын хамт байсан бөгөөд тухайн пивыг бид дөрөв хувааж уусан. А , ***** бид гурав гарсан. Тэгээд сүүдэрт юм яриад сууж байхад Янжидуламын охин нь аав аа “ээж дуудаад байна.” гэхээр нь А гэр рүүгээ орсон. Ингээд А гэртээ орчихоор нь ***** бид хоёр явлаа шүү гэж тэр хоёрт хэлсэн чинь ******цүнхэнд хувцсаа хийчихсэн гэртээ зогсож байхаар нь ***** бид хоёр яваад өгсөн. Ингээд би гэртээ хариад унтаж байхад 22-23 цагийн үед манай гэрт ******ирээд манай эхнэрийн гар утсаар цагдаа дуудна гээд дуудлага өгсөн байсан. Би тухайн үед унтаж байгаад сэрэхэд ******цагдаад дуудлага өгсөн гээд манай гэрт сууж байгаад “одоо цагдаа ирэх болж байгаа байх” гээд явсан. Би эхнэрээсээ “******юу болоод ирсэн юм бэ?” гэж асуухад миний утсаар цагдаа руу ярьсан бөгөөд надад юу болсон талаараа яриагүй ээ, харин утсаар ярьж байхыг нь сонсоход нөхөртөө зодууллаа гээд цагдаа дуудлага өгч байсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 16/,
-Насанд хүрээгүй гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 17-ны орой 17 цагийн үед байхаа намайг ах гэрт байхад манай ахын найз нь гэх хоёр залуу ирсэн бөгөөд тэр хоёр залуутай ах Б. А , эгч Я нар 2,5 литрийн “Сэрүүн” гэдэг нэртэй пивыг хувааж уусан. Тэгээд хоёр найз нь явсны дараа Б.А ах машинаа унаад найзынхаа гэрт очино гэхээр нь Я эгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор машин унуулахгүй гээд маргалдсан. Тэгээд эгч Я нь машиных нь түлхүүрийг нь авах гэхэд ах Б.А өгөхгүй гээд тэр хоёр түлхүүрээ булаацалдаж ахын цамцнаас нь татаж чангаагаад байсан. Тэгсэн Б.Аах ******ын зүүн гарын шуу хэсгээс нь бариад авсан чинь ******эгч гараа авах гээд татаж байгаад хойшоо халтираад бөгсөөрөө унасан.
..хэсэг байж байгаад дүү Нандин-Эрдэнийг гэрт нь үлдээгээд гарсан чинь Я эгчийн зүүн шанаа руу нь нэг удаа ах алгадсан. Тэгэхээр нь би гэртээ буцаад орчихсон. Тэгээд түүнээс хойш юу болсныг хараагүй ээ.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,
-“…Ц.Я-ын биед тархи доргилт, 19-20 долоо хоногтой жирэмсний зулбах аюул /умай агшилт өгсөн байдал/, баруун бугалга, зүүн сарвуу, зүүн чамархай, цээжний зүүн өмнө, баруун шилбэн дэх цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Я-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 761 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 20/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 61/,
-Гэрч С.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Мухрын голын наадам үзээд явж байгаад өөрийн найз ******тай тааралдсан чинь “намайг орой гэрт очихоор хүрээд ирээрэй” гэж хэлэхээр нь би Уламбаярын хамтаар 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво аваад орой 20 цагийн орчимд ******гийн гэрт очоод Уламбаяр бид 3 хувааж уусан. Тэгсэн ****** “Аргалын гарам”-ын хажууд байдаг А ийн гэрт очиж архи авья гээд тэдний гэрт байсан ****** гээд хүнээр машин бариулаад очсон. ****** буугаад А ийн хашаан дотор байдаг дэлгүүр рүү орсон. 5-10 минутын дараа А ийн гэрийн үүдэнд хүмүүс орилох чимээ гарсан чинь Уламбаяр, ****** 2 машинаас явахаар нь би машин асаагаад гэрэл тусгаад очсон чинь ****** гэж залуу ирчихсэн байсан. Тэгсэн ****** “намайг А хутгалаад зугтчихлаа” гэж хэлэхээр нь Уламбаяр, ******, ******, ****** бид 5 Готов гээд ******гийн хадам ахын гэрт ороод үзүүлчихээд эргэж гараад замдаа *******ыг буулгаад ******гийн гэрт очоод би мотоциклоо унаад гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 65/,
-Гэрч Д.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн найз ******тэй хамт наадам үзээд явж байгаад ******тай тааралдсан чинь “намайг орой гэрт очихоор хүрээд ирээрэй” гэж хэлэхээр нь би найз ******гийн хамтаар 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво аваад орой 20 цагийн орчимд ******гийн гэрт очоод ****** бид 3 хувааж уусан. Тэгсэн ****** “Аргалын гарам”-ын хажууд байдаг А ийн гэрт очиж ганц шил архи авъя гэж хэлээд тэдний гэрт байсан ****** гээд хүнээр машин унуулаад бид 4 А ийн гэрийн гадна очоод ****** буугаад А ийн хашаанд дотор байдаг дэлгүүр рүү ороод 5-10 минутын дараа А ийн гэрийн үүдэнд хүмүүс орилох чимээ гарахаар нь би ******тай хамт машинаас буугаад хашаа руу орсон чинь ****** “ А намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь харсан чинь ******гийн зүүн гарын булчин хэсэг болон суганы ар хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Тэгээд “ А яасан бэ?” гэж асуусан чинь “ А *******ы гэрийн зүг рүү зугтсан” гэж хэлэхээр нь ******, ****** бид 3 ******ы гэрийн зүг алхаж байсан чинь урдаас ****** ирэхээр нь ******гийн шархийг үзүүлээд бид 5 Готов гээд ахын гэрт очиж ******гийн шархыг үзүүлээд эргээд явцгаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 66/,
-Гэрч Д.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... А гэж залуу ирээд “баядууд намайг зодоод байна” гээд миний хажуугаар гараад гүйсэн. Тэгсэн ******, Тулгаа, үл таних залуу гурвуулаа ирсэн. Тухайн үед ****** “ А намайг хутгаар хатгаад зугтчихлаа” гэж хэлж байсан. ******гийн нуруу орчимд цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 71/,
“...Д.Д-гийн биед зүүн бугалганы өмнө болон зүүн суганы арын шархнууд, баруун нүдний дээд зовхины зулгаралт, хаван тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Дгийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 791 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 73/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 80-83/
-Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 125-130/,
-Хохирол төлбөр төлсөн баримтууд /хэргийн 147-148/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Я-ын биед “тархи доргилт, 19-20 долоо хоногтой жирэмсний зулбах аюул /умай агшилт өгсөн байдал/, баруун бугалга, зүүн сарвуу, зүүн чамархай, цээжний зүүн өмнө, баруун шилбэн дэх цус хуралт” бүхий гэмтэл учирсан /хэргийн 20/, хохирогч Д.Дгийн биед “зүүн бугалганы өмнө болон зүүн суганы арын шархнууд, баруун нүдний дээд зовхины зулгаралт, хаван” бүхий гэмтэл учирсан /хэргийн 73/ бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Ань гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Я-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 761 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 20/ нотлогдож байх бөгөөд хохирогч Я нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б. А өөс хохирогч Я д гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 791 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 73/ нотлогдож байх бөгөөд хохирогч Д.Д нь хохирол төлбөрт 734000 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа /хэргийн 125-130/ ирүүлжээ.
Хохирогч Д.Дгаас гэм хорын төлбөр нэхэмжилж ирүүлсэн бичгийн баримтуудыг судалж үзэхэд эм тариа авсан 53000 төгрөг /хэргийн 126/, бензин авсан 94000 төгрөг /хэргийн 129-130/, нийт 147000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Б.Ань завсарлага авсан хугацаанд 147000 төгрөгийг хохирогч Д.Дд төлсөн /хэргийн 147-148/ байна.
Харин өвөлжөө бариулсан ажлын хөлс, ажил хийсэн хүмүүсийн хоолны зардалд зарцуулсан хонины өртөг зэргийг нэхэмжилж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул 587000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Ань 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар дугаар багийн нутаг дэвсгэр болох “Аргалын гарам” гэх газарт оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Я-ын эрх чөлөөнд, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-2018 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хонгор сумын Аргалын гарам гэх газарт оршин суух гэрийнхээ гадаа Д.Дтай маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б. А ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ань эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б. А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялын 700000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Б. А д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б. А д анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.А-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.А-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 700000 /долоон зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б. А д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б. А д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хохирогч Д.Дгийн 587000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ