| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2017/0173/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/173 |
| Огноо | 2017-09-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Н.Дэчмаа, Улсын яллагч Э.Гантулга, Хохирогч *******, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянговь сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан гол” гэх газарт 2017 оны 05 сарын 08-ны орой өөрийн эзэмшлийн улсын дугааргүй хенсим маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас араар нь суун зорчиж явсан ******* амь насыг хохироож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан: Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Талийгаач нь манай нөхөр байсан юм. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг өнгөрч байхад утсаар ярьсан. Надтай ярихдаа хөдөөнөөс орж ирлээ *******той явж байна. Тэднийд 2 өдөр ямаа самнах байх. Та 2 дажгүй юу, ээж яаж байна гэж ярьсан. Ингэсгээд хөдөө гарлаа гэж байсан. Ээжтэй утсаар бас ярьсан байна лээ. Талийгаач Баянговь сум руу Бархас гэх айлын ямааг самнахаар төрсөн ах Төрбат, найз Бархас нартайгаа явсан байсан. 2017 оны 05 сарын 08-ны өдөр бол манай нөхрийн төрсөн өдөр нь байсан юм. ******* нь талийгаачийн хуурай дүү гэж бие биенийхээрээ орж гардаг байсан. Буяны ажилд 800.000 төгрөг зарцуулсан. Бусад мөнгийг манай талийгаач нөхрийн дүү Байгалмаа нь ах дүү нартайгаа нийлж зохицуулсан байх. Энэ хэргийг хуулийн байгууллага үнэн мөнөөр шийдэх байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/
Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг хөдөө байхад талийгаач ахын эхнэр Сувдмаа утсаар яриад ах нь Баянговь суманд мотоциклиос унаад бие нь тааруу байна. Ар гэрийнхэнийг нь яаралтай дууд гэж эмнэлгээс хэлүүлсэн байна гэж хэлсэн. Тэгж ахыг зам тээврийн осолд орж гэдгийг мэдсэн. Талийгаач Баянговь сум руу ах Төрбаттай явсан байсан юм билээ. Ах маань нас барж нөхөшгүй хохирол урчирлаа. Талийгаачийг нутаглуулах буяны ажилд ойролцоогоор 4 сая гаруй төгрөгийг зарцуулсан. Гомдолтой байна. Талийгаач ахыг эмнэлэгт шууд аваачаагүй болохоор нь гайхаж сэжиг төрсөн. Хамт явсан ******* гэмтэж бэртээгүй эв эрүүл, бас мотоцикль нь эвдрэлгүй болохоор нь гадны нөлөөтэй нас барж гэж ойлгосон. Урьд өмнө нь талийгаачтай ******* машины наймаа хийсэн. Түүнээсээ болж хэрүүл маргаан болж гэж ойлгосон. ******* талийгаачийн ах дүү нарыг танихгүй гэсэн болохоор нь гайхсан. Мотоцикльтой онхолдсоноос хойш хурдан хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлээгүй, онхолдсоноос хойш 5-6 цагийн дараа тусламж үзүүлсэн. Хэрэв тэгж удаагүй байсан бол талийгаач ахын амь насыг аврах боломжтой байсан гэж би үзэж байна. Бэртэж гэмтсэнийх нь дараагаар мотоцикльтой авч явсаны улмаас доргилт үүссэнээр худан хугацаанд нас барсан гэж үзэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 31-34-р хуудас/
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 00 цаг 20 минутанд *******ийн гэрт дуудлагаар очиж талийгаач Удаанжаргалд үзлэг хийсэн. Үзэлэг хийхэд гэрийн баруун талд газар хэвтэж байсан. Өвчтөн ухаангүй, комын байдалтай хурхирч, царай цонхигор, арьс салст цайвар, үе мөчдийн хөдөлгөөн чөлөөтэй, байрлал хэвтрийн, орчиндоо харьцаагүй, артерын даралт баруун талдаа 130/90, зүүн талдаа 120/80, пульс 74, сатураци нь 93 тай байсан. Зүрхний авиа бүдэг, хэм жигд, уушиг чагнахад хоёр талдаа шаржигнуур амьсгаа сонсогдоно. Хоёр нүдний хүүхэн хараа хоёр талд ижил өргөссөн, гэрэлд хариу урвалгүй, баруун чихнээс цус шүүрч гоожиж байсан. Хэвлий цардгар том, давсагт их хэмжээний шээстэй, булчингийн хөшинг 4 хуруу, толгойных нь төвгөр хэсгээс цус гарч хатсан. Өвчтөний амнаас их хэмжээний архи үнэртэж байсан. Талийгаачийн толгойн хэсэгт гэмтэл, шарх учирсан, өөрийн биеийн ил харагдах хэсэгт шарх, гэмтэл ажиглагдаагүй. Талийгаачид тархины эд эсийг хамгаалах, хаван хөөх эмчилгээ, антиоксидант эмчилгээ, горман эмчилгээ, шингэн сэлбэх эмчилгээ, зүрх судас дэмжих эмчилгээ, катетр тавьсан. Мөн бусад шинж тэмдгийн эмчилгээ, эмч сувилагчийн онцгой хяналт, хүчилтөрөгч О2 өгсөн. Талийгаач 2017 оны 05 сарын 09-ний өдөр 11 цаг 30 минутанд амьсгал хураасан гэх мэдүүлэг/ хх-ийн 35-36-р хуудас/
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн: ******* бол миний төрсөн ах юм. Би Баянговь сумын төв дээр ******* ахын сургуулийн хүүхдүүдийг хардаг юм. 2017 оны 05 сарын 08-ны өдөр 19 цагийн үед хөдөөнөөс ******* ах, талийгаач 2 ирсэн. Би явж ноолоор тушаагаад ******* ахын захисан зүйлүүдийг аваад мөн бензин аваад ирэхэд тэр 2 гэрт юм яриад сууж байсан. Тэгээд удаагүй ******* ах мотоциклио унаад талийгаач араар нь сундлаад явсан. Тухайн үед талийгаач архи уусан боловч яахаа алдатлаа уугаагүй байсан. Талийгаач ах нь ээжтэйгээ утсаар ярих гэж ирлээ өнөөдөр ахынх нь төрсөн өдөр гэж байсан. Гэтэл шөнө ойролцоогор 23 цагийн үед ******* ах талийгаачийг ардаа суулгаад бүсээр нь өөрийнхөө биетэй багласан байдалтай ирсэн. Талийгаач унтаж байгаа юм шиг хурхираад байсан. Тэгээд би эмнэлэг орж Батцэцэг эмчд хэлж эмнэлэгийн хүмүүс 23 цаг 50 минутанд ирсэн гэх мэдүүлэг / хх-ийн 37-38, 44-45-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинижилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаартай: Талийгаачид гавлын баруун чамархай ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун чамархай, духны хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохой, баруун гарын бугуй, баруун ташаанд зулгаралт, цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын үед үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь цөсний хүүдийн архаг үрэвсэл, цөс чулуужих өвчинтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү /гавлын баруун чамархай ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун чамархай, духны хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал/ гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт / хх-ийн 51-52-р хуудас/
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай: Тухайн зам тээврийн осол гархад хинсем маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж замын хөдөлгөөнд оролцож явсан нь осол гархад шууд нөлөөлсөн байна. Тухайн зам тээврийн осол болсон газрын хэргийн газрын үзлэг болон жолооч *******ийн өгсөн тайлбар, схем зургаас үзхэд жолооч ******* нь мотоциклийг зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй байна. Улсын дугааргүй хенсим маркийн мотоцикль жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д зааснаар жолооч нь дор дурдсан үүргийг хүлээнэ. В/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт зөрчсөн байна. Хинсем маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Баяраа овогтой ******* нь 2015 оны 01 сарын 08-ны өдөр жолооч болсон ба №1014365 дугаартай А.В ангилалын эрхийн үнэмлэхтэй байна. Тухайн зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байх үндэслэлтэй байна. Хинсем маркийн улсын дугааргүй мотоциклийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй.
Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д зааснаар 21.8-д хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол, 21.8.ж-д “согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлүүлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 66-67-р хуудас/ -хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 3-11/ -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-21/ -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 22-25/ -эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 26/ -цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 53-63/ -зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, ослын акт /хх-н 91-92/ -Баянговь сумын 3-р багийн Засаг даргын *******ийг тодорхойлсон тодорхойлолт, *******ийн мал тооллогын баримт, *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95-104/ -өвчний түүхийн хуулбар /хх-ийн 107-125/ -хохиролын баримтууд /хх-ийн 129, 179-187/ болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн мөнгөн шилжүүлэгийн баримт, хохиролын мөнгө хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл 2 хуудас, Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би айж сандараад яах учраа олоогүй шууд гэртээ явж очсон. Талийгаачийг гэртээ оруулсан.
Түргэн тусламжийг манай дүү Идэрмөнх дуудсан. Би гэртээ ороод түргэн тусламж дуудаарай л гэж хэлсэн. Осол болсон газраас сум ортол их удаан явсан. Талийгаачийг ардаа арай чүү суулгаад явсан. Талийгаач 2 тийшээ уначих гээд маш хэцүү байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 175-177-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны болон Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шийдвэрлэлээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохиросон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцов. Шүүгдэгч *******ид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Хохирогч *******, нар нь нотлох баримтаар 2.998.394 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулалгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн тольны суурийг устгаж, шүүгдэгч *******ийн эзэмшлийн улсын дугааргүй хенсим маркийн мотоцикль, УНЛ улсын дугаартай бонго портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг энэ үеэс эхлэн тоолсугай.
6. Үүрэг хүлээлгэн, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******ид хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн тольны суурийг устгаж, шүүгдэгч *******ийн эзэмшлийн хенсим маркийн мотоцикль, УНЛ улсын дугаартай бонго протер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ