| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0379/Э |
| Дугаар | 2018/шцт/413 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2018/шцт/413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0379/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч ******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Хохирогч *******,
Шинжээч Э.Отгончимэг,
Гэрч *******,
Шүүгдэгч Б.Хнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэгт Б.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818000000288 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Б.Х 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.Хнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17-18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 17-1-1б тоотод байх өөрийн гэртээ төрсөн эцэг болох Г.Б-г“архи уулаа” хэмээн толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр өдөр намайг гэрт орж ирэхэд аав гэрийн хойморт толгойгоо гудайлган доошоо харсан байдалтай хөлөө жийгээд сууж байсан бөгөөд аавыг очиж харахад нүүр нь цус болсон байсан тул би аавын мөрөн дээрээс нь татаад “яасан бэ?, юу болсон бэ?” гээд өмсөж байсан хүрэмнийх нь дотор талаар цусыг нь арчсан. ******* ах аавыг орон дээрээс татаж унагаасан хүн нь намайг гэж хэлдэг бөгөөд миний хувьд аавыг орон дээрээс татаж унагаасан зүйл болоогүй. Харин “аав яасан юм бэ?” гэж асуухад ******* ах “би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би цонхны дэргэд очиж, ээжийн утас руу залгаад “аавын хөмсөг яасан юм бэ?” гэхэд ээж “мэдэхгүй, зүгээр байсан шүү дээ” гэж надад хэлсэн. Тэр өдөр би шорт, тавчиктай явж байгаад орой сэрүүн орохоор нь гэртээ орж өмд, пүүзээ өмсөөд гараад явсан. Гэртээ харихын өмнө найзтайгаа хамт 2.5 литртэй пиво, 0.5 литртэй архи нэг шилийг уусан байсан бөгөөд буцаж гэрээсээ гараад найзуудтайгаа уулзаж архи уугаад гэртээ очиж хоноогүй. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу байхгүй, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бид эхээс зургуулаа төрсөн бөгөөд талийгаач бол манай 2 дахь ах байсан. Бид нар хоёр том ахаа дараалаад алдаж байгаа учир сэтгэл санааны хувьд хохиролтой байгаа. Талийгаач ахынх маань Дарханд ирээд 20 жил болж байгаа. Бид жилдээ 2-3 удаа талийгаачийхаар орж гардаг, хааяа утсаар ярьдаг байсан. Манай ах архинд жаахан дуртай байсан боловч ажлаа алдахгүй архи уудаг байсан. Архи уухаараа жоохон үглээ зантай боловч хүүхдүүд нь аавтайгаа муу харилцаатай байгаагүй. Зөвхөн гэрчийн мэдүүлгээр гэм буруутай гэж шүүх дүгнэвэл яагаад яллаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэрч Ш.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гаднаас Б ахын бага хүү Х үүдэрээ орж ирснээ “муу сайн юмнууд архи уугаад байгаарай” гэж хэлэхээр нь би “би архи уугаагүй шүү” гэж хэлээд босоод үүдний амбаарт байх буйдан дээр очиж хэвтсэн. Тэгтэл Х нь Б ахыг “арчаагүй лалар” гэж хэлээд 4-5 удаа цохих чимээ гарахаар нь хаалганы завсраар харахад Х аавыгаа куртикнээс нь татаж, Б ах толгойгоороо шалан дээр унаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би очоод “боль” гэж хэлэхэд миний үгэнд ороод больсон. Х ын гэр нь хулдаасаар бүрсэн цементэн шалтай бөгөөд Б ахын хөмсөг нь сэтэрч, нүүрнээс нь цус гарч, шалан дээр 4-5 дусал цус болсон байсан. Тэгээд Х үүдний өрөөнөөс нойлын цаас авчраад цусыг нь арчиж цэвэрлэчхээд хөлөө угаагаад хувцсаа солиод гараад явсан. Гадаа гарчихаад ээжтэйгээ ярьж байгаа бололтой “аавын хөмсөг яачихсан юм бэ?” гэхээр нь би “чи битгий худлаа яриад байгаарай” гэж хэлэхэд Х гэртээ орж ирэлгүй яваад өгсөн. Х ыг явсны дараа ****** эгч ирээд Б ахыг шалан дээр унтаж байхад нь даавуу дэвсэж өгсөн бөгөөд би Х аавыгаа зодсон талаар ***** эгчид хэлсэн.
...Б ахыг гэрт нь оруулахад унах, юм мөргөх зэрэг асуудал гараагүй бөгөөд гэртээ орсон хойноо орон дээр суугаад утсаа оролдож байсан. Маргааш өглөө нь ****** эгч “хөөе босооч, өглөөд хоол цай хийчихдэг байсан, яасан” гэж хэлж байсан. Тэгээд ****** эгч орноосоо босч ирээд Б ахыг татаад дуудсанаа “энэ чинь амьсгалахгүй байна шүү дээ” гэж хэлэхээр нь би босоод харахад Б ах урд шөнө хэвтсэн чигээрээ ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй байдалтай байсан. Ингээд би Б ахыг хажуудуулж хэвтүүлээд нуруун дээр нь дарахад амнаас нь жаахан ногоон шар өнгийн зүйл гарсан. Ингээд эхнэр нь нэг хүүхэн, 2 залуу дагуулж ирсэн ба түргэн дуудсан байсан. Түргэн ирээд Б ахыг аваад явъя гэхэд ****** эгч “бид нар эндээ эмчилгээ хийгээд хордлогыг нь тайлж болохгүй юм уу?” гэхэд түргэний эмч “болохгүй” гэж хэлээд аваад явсан.
...****** эгч эмнэлэг дээр байхад “олон юм яриад яахав” гэж хэлж байсан. Миний өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Хүн гүтгэж худлаа мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг би сайн мэдэж байгаа.” гэх мэдүүлэг,
-Шинжээч Э.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...биеийн гадна хэсэгт духны зүүн талд 2x0.8 см, зүүн хацарт 1см, 0.4 см, доод эрүүний баруун талд 2.5 см улаан хүрэн өнгийн цусархаг тав тогтсон зулгаралттай, баруун бугалганы дотор дээд хэсэгт 3x1 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай байсан. Задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл гарсан. Хуйхны хэсэгт 10x8 см улаан хүрэн өнгийн цус хуралттай, гавлын оройн зулайн яс нь урагшаа дух яс руу чиглэсэн 18 см шугаман хугаралтай, хугарлын ирмэг дух хэсэг рүү нарийссан, арагшаа өргөссөн байсан. Тархины хатуу хальс бүтэн, хөхөлбий өнгөтэй болж чинэрсэн байсан нь тархи хавагнасан байсныг илтгэж байна. Хэрэв багажаар цохиж энэ гэмтлийг учруулсан бол духны яс цөмөрсөн байх ёстой. Гэтэл ийм шинж тэмдэг илрээгүй учир уналтын улмаас энэ гэмтлийг авсан гэж үзнэ. Талийгаач ийм гэмтэл авсан даруйдаа ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй. Харин эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас аврах боломжтой байсан.” гэх мэдүүлэг,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн их эмч Б.Лхагвасүрэнгээс 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг 017-р цэргийн ангийн 1-1-Б тоотоос 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Гэмпил овогтой Б /РД:РЭ65050830/ нь тархиндаа гэмтэлтэй Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 7/,
-Хэрэг учрал гарсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 017-1-1б тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-20/,
-Архи уусан гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 2 дугаар гудамжны 7 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-24/,
-Б.Х биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 25-28/,
-Б.Х 99626371 дугаарын утасны 2018.07.06-2018.07.09-ний хооронд гадагш ярьсан болон мессеж бичсэн дугаарын жагсаалт, гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 34-35/,
-Талийгаачийн өмсөж явсан гэх хар өнгийн ханцуй хэсэгт 3 ширхэг цагаан өнгийн канттай, зүүн энгэр дээрээ activewear гэсэн бичигтэй цамц 1 ширхэг, ногоон өнгийн энгэр дээрээ бичиг бүхий битүү захтай нимгэн цамц 1 ширхэг, хөх өнгийн урд хэсэгтээ Jordon лого бүхий биеийн тамирын өмд 1 ширхэг, бор өнгийн сандаал 1 хос, хэргийн газрын үзлэгээр хашаанд байх хогийн пошикноос илрүүлэн хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон нойтон 00-н цаасны уранхай хэсгүүд, гэр дотроос хураан авсан 00-н цаасны уранхай хэсгүүд, гэрээс хураан авсан ногоон гадартай цагаан дотортой бүтээлэг 1 ширхэг, Б.Х өмсөж байсан гэх хөх өнгийн хос тавчик, салаатай цэнхэр өнгийн сандаал 1 хос, ягаан өнгийн шоотой срочикон цамц 1 ширхэг, хөх өнгийн срочикон цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн поло футболка 1 ширхэг, хөх өнгийн жинсэн шорт 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн даавуун шорт 1 ширхэг, цэнхэр алаг өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн халаас хэсгээрээ улаан өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, 0,75 литрийн “Хараа” архины шил 1 ширхэг, 0,5 литрийн “Хараа” архины шил 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 36/,
-Гэрч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...аав “Б ахыг гэрт нь хүргээд өгчих” гэж хэлэхээр нь би гараад ирэхэд Б ах аавын том машины чиргүүл доор газар хэвтчихсэн унтаж байсан. Тэгэхэд бол хувцас хунар нь шороо болчихсон байсан. Тэгээд би өргөөд гэр рүү нь оруулсан. Б ахын гутлыг нь болохоор ****** ах хашааг нь давуулаад шидчихсэн гэж хэлж байсан.
...Б ахыг гэр рүү нь оруулж өгөхөд эхнэр нь байсан бөгөөд Б ахыг үүдний амбаарт оруулаад буйдан орон дээр суулгах үед гэр рүү нь харахад цаад өрөөнд буйдан дээр нэг эрэгтэй хүн унтаж байгаа харагдсан. Тэр хүнийг би сайн анзаарч хараагүй. Намайг тэднийхээс гарч байхад тэднийд 60 орчим насны эмэгтэй хүн зөрөөд орж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 47-48/,
-Гэрч Ө.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б бид нартай хамт явахдаа ямар нэгэн байдлаар унаж, юм мөргөсөн зүйл бол болоогүй.
...Б бид нартай уулзахдаа духандаа ямар нэгэн гэмтэл шарх аваагүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 51-52/,
-Гэрч Д.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б манайд орж ирэхдээ бага зэрэг архи уусан бололтой халамцуу байсан юм. Тэрнээс биш нүүр аманд нь ямар нэгэн шарх сорви байгаагүй.
...Б ах хүнтэй хэрүүл маргаан хийсэн талаар бол ямар ч зүйл яриагүй.
...Бид нартай хамт явахад бол ямар нэгэн байдлаар унасан, эд зүйл мөргөсөн зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 53-54/,
-Гэрч Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хашаанд орж ирэхдээ хөл нүцгэн орж ирснээс биш биедээ болон нүүрэндээ ил харагдах шарх сорви, цус гэх зүйл харагдаагүй.
...манай хашаанд Занабаяр, Чинбат нартай хоорондоо юм яриад зүгээр байдгаараа байж байсан. Ямар нэгэн өвдөж шаналж байгаа зүйл огт анзаарагдаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 61/,
-Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би талийгаач Б ийг гаднаас орж ирэхэд нь харахад нүүр нь зүв зүгээр байсан. Ямар нэгэн гэмтэл шарх болоод цус гарсан зүйл байгаагүй. Харин хувцас хунар нь шороо л болсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 67-68/,
-“Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулай орчмын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зулай, зүүн чамархайн духны эдийн няцрал, зулай, дух ясны шугаман хугарал, духны хуйханд цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /187гр/, тархины эдийн дарагдал, дух, зүүн хацар, доод эрүүний зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хатуу гадарга дээр хүчтэй унах, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь цөм хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1,3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж төдийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 77-79/,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн гаргасан “Шинжилгээнд авсан Г.Бийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаартай дүгнэлт /хэргийн 80/,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн гаргасан “Шинжилгээнд авсан Г.Бийн цусны бүлэг OI байна.” гэх 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт /хэргийн 81/,
-Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 82-90/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээний хуудас, өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл /91-103/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Тамираагийн гаргасан “Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Г.Бийн хувцас гэх шар ногоон өнгийн цамцны ард 9 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдолт гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн гэрч Б.Х өмcч байсан гэх хагас ханцуйтай цамцанд 70х45мм, саарал өнгийн биеийн тамирын өмдөнд 17мм, 10 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдолтууд байна. Харин дотоожинд 25мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдалт байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.” гэх 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4647 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 108-112/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Тэнүүний гаргасан “...ногоон өнгийн гадартай цагаан өнгийн бүтээлэг, энгэр дээрээ бичигтэй ногоон өнгийн нимгэн цамцны арын хормой хэсэг, цэнхэр өнгийн табочка, сальфетика №2 зэрэгт цус илэрч байна. ДНХ-ийн тогтоц тогтоох шинжилгээ хийгдсэн тул бүлгийн харьяалал тогтоох шаардлагагүй болно. Ногоон өнгийн гадартай цагаан өнгийн бүтээлэг, энгэр дээрээ бичигтэй ногоон өнгийн нимгэн цамцны арын хормой хэсэг, цэнхэр өнгийн табочка, сальфетика №2 зэрэгт илэрсэн цус аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D16S539, CSF1P08 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар нэг эрэгтэй хүний цус байна.” гэх 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 7884 дугаартай дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн хавсралт /хэргийн 118-120/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Тэнүүний гаргасан “Шинжилгээнд ирүүлсэн Б.Х гэх цус ДНХ-ийн шинжилгээнд тэнцэж байна. Б.Х гэх цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.” гэх 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7883 дугаартай дүгнэлт /хэргийн 125/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Тэнүүний гаргасан “Шинжилгээнд ирүүлсэн Г.Бийн гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Г.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов. №7884 дугаартай дүгнэлтээр “ногоон өнгийн гадартай цагаан өнгийн бүтээлэг, энгэр дээрээ бичигтэй ногоон өнгийн нимгэн цамцны арын хормой хэсэг, цэнхэр өнгийн табочка, сальфетка №2” зэрэгт илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Г.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. №7884 дугаартай дүгнэлтээр “ногоон өнгийн гадартай цагаан өнгийн бүтээлэг, энгэр дээрээ бичигтэй ногоон өнгийн нимгэн цамцны арын хормой хэсэг, цэнхэр өнгийн табочка, сальфетка №2” зэрэгт илэрсэн цус нь Б.Х гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэх 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 9256 дугаартай дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн хавсралт /хэргийн 129-130/,
-Нас барсны гэрчилгээний хуулбар /хэргийн 176/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Хнь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17-18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 17-1-1б тоотод байх өөрийн гэртээ төрсөн эцэг болох Г.Б-г“архи уулаа” хэмээн толгойн тус газарт нь цохиж, орон дээрээс татан шалан дээр унагаж, Г.Бийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан болох нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хнь “аав намайг гэрт орж ирэхэд гэрийн хойморт толгойгоо гудайлган доошоо харсан байдалтай хөлөө жийгээд сууж байсан, нүүрнээс нь гарсан цусыг өмсөж байсан куртикных нь баруун урд энгэр хэсгээр арчсан” гэж, гэрч ******* нь “... Х нь Б ахыг “арчаагүй муу лалар” гэж хэлээд 4-5 удаа цохих чимээ гарахаар нь хаалганы завсраар харахад Х аавыгаа куртикнээс нь татаж, Б ах толгойгоороо шалан дээр унаж байгаа харагдсан. ...Б.Х үүдний өрөөнөөс нойлын цаас авчраад цусыг нь арчиж цэвэрлэчихээд хөлөө угаагаад хувцсаа солиод гараад явсан” гэж тус тус зөрүүтэй мэдүүлжээ.
Амь хохирогч Г.Бийн биед учирсан “гавал тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулай орчмын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зулай, зүүн чамархайн духны эдийн няцрал, зулай, дух ясны шугаман хугарал, духны хуйханд цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /187гр/, тархины эдийн дарагдал, дух, зүүн хацар, доод эрүүний зулгаралт, баруун бугалганы цус хуралт” бүхий гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хатуу гадарга дээр хүчтэй унах, цохигдох үед үүсгэгдэх боломжтой” болох нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 77-79/ нотлогдож байна.
Гэрч *******ийн “... Х нь Б ахыг “арчаагүй юм уу лалар” гэж хэлээд 4-5 удаа цохих чимээ гарахаар нь хаалганы завсраар харахад Х аавыгаа куртикнээс нь татаж, Б ах толгойгоороо шалан дээр унаж байгаа харагдсан” гэх мэдүүлэг нь шинжээч эмч Э.Отгончимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “духны яс цөмөрсөн шинж тэмдэг илрээгүй учир уналтын улмаас энэ гэмтлийг авсан гэж үзнэ” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул гэрч ******ийн мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн гэрч ******* нь “Б.Х үүдний өрөөнөөс нойлын цаас авчраад цусыг нь арчсан” гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг бөгөөд энэ мэдүүлэг үнэн зөв гэдэг нь “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Г. Б ийн өмсөж явсан куртикны энгэр хэсэгт цус илрээгүй, харин хогийн пошикноос илрүүлэн хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон нойтон 00-н цаасны уранхай хэсгүүд дээр цус илэрсэн” гэх /хэргийн 36/ мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор нотлогдож байна.
Улмаар “ногоон өнгийн гадартай цагаан өнгийн бүтээлэг, энгэр дээрээ бичигтэй ногоон өнгийн нимгэн цамцны арын хормой хэсэг, цэнхэр өнгийн табочка, цус мэт зүйлээр бохирлогдсон нойтон 00-н цаасны уранхай хэсгүүд дээр илэрсэн цус нь амь хохирогч Г.Бийн цус болох нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D16S539, CSF1P08 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар нэг эрэгтэй хүний цус” гэх 7884 дугаартай дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн хавсралтаар /хэргийн 118-120/, мөн “ногоон өнгийн гадартай цагаан өнгийн бүтээлэг, энгэр дээрээ бичигтэй ногоон өнгийн нимгэн цамцны арын хормой хэсэг, цэнхэр өнгийн табочка, сальфетка №2” зэрэгт илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Г.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 9256 дугаартай дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн хавсралтаар /хэргийн 129-130/ тус тус нотлогдож байна.
Хэрэг учрал болсон үйл баримтаас үзэхэд амь хохирогч бусадтай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэртээ орохдоо ямар нэгэн ил харагдах гэмтэлгүй орсон, шүүгдэгч Х ыг гэрээсээ гарч явахад дух, хөмсөг хэсэгт шарх үүссэн байсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч “амь хохирогчийг цохиогүй, ороход нүүр нь цус болсон байсан” гэх мэдүүлэг үндэслэлгүй байх ба шүүх бүрэлдэхүүн гэрч *******ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт, бусад баримтуудаар Б.Х үйлдсэн хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б. Х ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч ******* нь “шүүгдэгч Б. Х аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Хнь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17-18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 17-1-1б тоотод байх өөрийн гэртээ төрсөн эцэг болох Г.Б-г“архи уулаа” хэмээн толгойн тус газарт нь цохиж, орон дээрээс татан шалан дээр унагаж, Г.Бийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б. Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Хнь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Б. Х ад ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Б. Х ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Х гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Х энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаачийн өмсөж явсан гэх хар өнгийн ханцуй хэсэгт 3 ширхэг цагаан өнгийн канттай, зүүн энгэр дээрээ бичигтэй цамц 1 ширхэг, ногоон өнгийн энгэр дээрээ бичиг бүхий битүү захтай нимгэн цамц 1 ширхэг, хөх өнгийн урд хэсэгтээ лого бүхий биеийн тамирын өмд 1 ширхэг, бор өнгийн сандаал 1 хос, хэргийн газрын үзлэгээр хашаанд байх хогийн пошикноос илрүүлэн хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон нойтон ариун цэврийн цаасны уранхай хэсгүүд, гэр дотроос хураан авсан цаасны уранхай хэсгүүд, гэрээс хураан авсан ногоон гадартай цагаан дотортой бүтээлэг 1 ширхэг, Б.Х өмсөж байсан гэх хөх өнгийн хос тавчик, салаатай цэнхэр өнгийн сандаал 1 хос, ягаан өнгийн шоотой цамц 1 ширхэг, хөх өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн футболка 1 ширхэг, хөх өнгийн жинсэн шорт 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн даавуун шорт 1 ширхэг, цэнхэр алаг өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн халаас хэсгээрээ улаан өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, 0.75 литрийн “Хараа” архины шил 1 ширхэг, 0.5 литрийн “Хараа” архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б. Х ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийн эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Х-д 5 жил 6 сарын /таван жил зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б. Х-д оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Х энэ хэрэгт 2018 оны 07 дугаар сарын 9-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаачийн өмсөж явсан гэх хар өнгийн ханцуй хэсэгт 3 ширхэг цагаан өнгийн канттай, зүүн энгэр дээрээ activewear гэсэн бичигтэй цамц 1 ширхэг, ногоон өнгийн энгэр дээрээ бичиг бүхий битүү захтай нимгэн цамц 1 ширхэг, хөх өнгийн урд хэсэгтээ лого бүхий биеийн тамирын өмд 1 ширхэг, бор өнгийн сандаал 1 хос, хэргийн газрын үзлэгээр хашаанд байх хогийн пошикноос илрүүлэн хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаасны уранхай хэсгүүд, гэр дотроос хураан авсан ариун цэврийн цаасны уранхай хэсгүүд, гэрээс хураан авсан ногоон гадартай цагаан дотортой бүтээлэг 1 ширхэг, Б.Х өмсөж байсан гэх хөх өнгийн хос улавч, салаатай цэнхэр өнгийн сандаал 1 хос, ягаан өнгийн шоотой цамц 1 ширхэг, хөх өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн футболка 1 ширхэг, хөх өнгийн жинсэн шорт 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн даавуун шорт 1 ширхэг, цэнхэр алаг өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн халаас хэсгээрээ улаан өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, 0.75 литрийн “Хараа” архины шил 1 ширхэг, 0.5 литрийн “Хараа” архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б. Х-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ГЭРЭЛТ-ОД
Б.ИХТАМИР
\