Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 00065

 

 

 

       2017 оны 12 сарын 28 өдөр

     Дугаар 102/ШШ2018/00065

                Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл, Цагдаагийн гудамж, “Стандарт” төв 203 тоотод байрлах, “А.Х” ХХК /РД:5021596/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 17а байр, 4 тоотод оршин суух, Цоогон ургийн овогтой Г.Э /РД:ЧА71041961/-т холбогдох, Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,145,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Актив хийц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа, хариуцагч Г.Эрдэнэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

                       

Нэхэмжлэгч “А.х” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2013 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр иргэн Р.Э-тэй Р\/13/0064 тоот “Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж Баянгол дүүрэг 12 дугаар хороо, Хасбаатарын гудамж, 6-2 байршилд ганжуулсан вакум шилэн фасад угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Уг гэрээгээр захиалагч нь нийт 47,487,900 төгрөгийг ажлын хөлсөнд төлөхөөр тохиролцож урьдчилгаа төлбөрт 22,407,465 төгрөг, талбайд рам зангидаж дууссаны дараа дундын санхүүжилт буюу 13,444,479 төгрөг, ажил бүрэн дуусч, актаар хүлээн авсан өдөр буюу 2013 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 11,635,956 төгрөг тус тус шилжүүлэх үүрэг хүлээсэн. Ингээд манай компани гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Металл болон хуванцар рамтай шилэн хийц вакум хана угсарч гүйцэтгэсэн ажлыг хүлээлцэх Р0580016 тоот акт”-аар ажлыг захиалагч талд хүлээлгэн өгсөн. Гэтэл Г.Э-г нь гэрээгээр тохиролцсон төлбөрөө төлж барагдуулаагүй бөгөөд үлдэгдэл 2,043,400 төгрөг, алданги 1,101,700 төгрөг нийт 3,065,100 төгрөгийн ажлын хөлсийг төлж барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч арга хэмжээ авахгүйгээр барахгүй оршин суугаа хаяг нь тодорхойгүй байсны учир 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6949 дугаартай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Эрдэнэцэцэгийг эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан. Тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6949 дугаартай шийдвэрийн дагуу Г.Э-г эрэн сурвалжилж дээрх хаягт оршин сууж байгаа нь тогтоогдсон тул Р\/13/0064 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 3 зүйлийн 3.6-т “...ажлын санхүүжилт заасан графикийн дагуу хийгдээгүй тохиолдолд хоцорсон хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно” гэж заасныг үндэслэн гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 2,043,400 төгрөг, алданги 1,101,700 төгрөг нийт 3,065,100 төгрөгийг төлөхийг шаардах эрхийнхээ дагуу уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр ийнхүү шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч н гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн заалт, Р\/13/0064 дугаартай Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн захиалагчаас гүйцэтгэсэн ажпын үлдэгдэл төлбөр, алданги зэрэг төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймээс 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Р\/13/0064 дугаартай “Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх үлдэгдэл 2,043,400 төгрөг, алданги 1,101,700 төгрөг нийт 3,145,100 төгрөгийг Г.Э-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Би 2013 оны 04 сарийн 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Хасбаатарын гудамж 6-3 тоотод байрлах барилгын вакум шилэн фасад угсруулахад “Актив хийц” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан билээ. Гэрээний дагуу ажлын хөлсийг 44,814,929,28 төгрөгөөр тохиролцож би нийтдээ 45,500,000 орчим төгрөгийг төлж, тус компани нь надаас 1 сая орчим төгрөгийг дутуу хийгдсэн /3, 5 давхаруудын цонхны хагарсан шилийг шиллэх цонхнуудын засварын цонхны хагарсан шилийг шиллэх, завсрын дулаалга силкон/ ажлуудыг гүйцээж хийхэд мөнгө хэрэгтэй байна гээд илүү төлүүлсэн мөнгөө эргүүлэн авах. ...Гэрээний дагуу хийгдсэн ажлыг хүлээлцсэн гэх акт нь дутуу зөвхөн 1 ширхэг деталл хүлээлцсэн, хагарсан цонхийг засварлаж хүлээлгэж өгөхдөө насанд хүрээгүй хүүхдээр актан дээр гарын үсэг зуруулсан байгаа нь хууль зүйн огт үндэслэлгүй байна. Анх байгуулсан 44,814,929.28 төгрөгөөр байгуулсан гэрээг гэрээний үүргийнхээ дагуу илүү төлөлттэй гүйцэтгэсэн байгаа учир уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна . Үүнээс өөр гэрээг манай тал байгуулаагүй учир хуулийн дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх гэрээ хийхдээ 44,000,000 төгрөгөөр тохирч гэрээ хийсэн. Манайх нийт төлбөрт 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “Актив хийц” ХХК-нд төлсөн. Нэхэмжлэгч талаас бидэнтэй ажил хүлээлцэх акт үйлдсэн гэж байгаа боловч бидний зүгээс ажил хүлээж аваагүй. Ажил хүлээлцсэн тухай акт үйлдсэн гэж байгаа боловч зөвхөн 1 металл хүлээлгэж өгсөн гэж бичсэн байсан. Үүнээс гадна нэхэмжлэгч тал ажлаа хийх явцад нь 3 вакум цонх гадны нөлөөгүйгээр хагарсан бөгөөд бид гомдол гаргаж байж 2 цонхыг нь шиллүүлсэн. Дараа нь 1 цонхыг шиллүүлсэн гээд манай эхнэр Г.Э-р гарын үсэг зуруулсан. Ажил хүлээлцсэн гэж байгаа бол ажил хүлээлцэх актыг бүтэн баг очиж шалгаж үзээд хүлээж аваад акт үйлддэг. Түүнээс биш нэг цаасан дээр 1 металл гэж бичиж хүлээлгэж өгдөггүй. Бидний зүгээс илүү мөнгө төлсөн бөгөөд нэхэмжлэгч талаас чанаргүй ажил хийсэн тул бид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Актив хийц” ХХК нь хариуцагч Г.Э-т холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 2,043,400 төгрөг, алданги 1,101,700 төгрөг нийт 3,065,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Актив хийц” ХХК нь хариуцагч Г.Эрдэнэцэцэг нар 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Актив хийц” ХХК нь Баянгол дүүрэг 12 дугаар хороо, Хасбаатрын гудамж, 6-2 байршилд вакум шилэн фасад угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, Г.Эрдэнэцэцэг ажлын хөлс 44,814,929 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож FV13/0064 дугаартай “Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байна.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтад нийцсэн талуудын хүсэл зоригийн дагуу байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Анх гэрээ байгуулахдаа ажлын зурагт /хх-ийн 8 дугаар тал/ 9680 х 15646 хэмжээтэй шилэн фасадыг 44,814,929 төгрөгөөр хийхээр төсөвлөсөн. Гэвч ажлын зурагт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул захиалагчтай зөвшилцөн зурганд өөрчлөлт оруулж хэмжээг 10190 х 15960 хэмжээтэй болсон тул Г.Эрдэнэцэцэг зөвшөөрч гарын үсэг зурж баталснаар нийт ажлын төсөв нь 47,487,900 төгрөг болж нэмэгдсэн. Ажлын хөлс нэмэгдсэнтэй холбоотой төлбөрийн үлдэгдэл 2,043,400 төгрөг, гэрээний 3.6-д заасны дагуу алданги 1,101,700 төгрөгийг гаргуулна” гэж, хариуцагч татгалзлаа “...гэрээний төсөвт өөрчлөлт оруулсан талаар мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй. Гэрээгээр тохирсон ажлыг хийлгэж, хөлсийг нь бүрэн төлсөн. Харин хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, дулаалга зэрэг зүйлд нэмж зардал гарснийг буцаан нэхэмжилнэ” гэж тус тус тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч гэрээ байгуулах үед урьдчилан төсөвлөсөн төсвийн хэмжээ нэмэгдэж ажлын зураг төсөлд өөрчлөлт оруулсан, үүнийг хариуцагчид мэдэгдсэн, ажлын зураг төсөл /хх-ийн 10 дугаар тал/-тэй танилцуулж, ажлын зураг төсөлт гарын үсэг зурсан гэх боловч уг зураг төсөлд Г.Эрдэнэцэцэгийн гарын үсэг зурагдаагүй, харин түүний гарын үсэгийг хуулбарлан оруулж бусад хэсэгт нэхэмжлэгч талаас гарын үсэг зурсан байна. Мөн нэхэмжлэгч нь 9680 х 15646 хэмжээтэй шилэн фасадыг хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан хэдий ч төсвийн хэмжээ нэмэгдэж 10190 х 15960 хэмжээтэй шилэн фасад хийсэн талаар нэхэмжлэгч нотлох баримт гаргаагүй, үүнийг нотолох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Харин хариуцагч Г.Эрдэнэцэцэг нь 9680 х 15646 хэмжээтэй шилэн фасадыг 44,814,929.28 төгрөгөөр нэхэмжлэгч “Акитв хийц” ХХК-иар хийлгэхээр тохиролцсоны дагуу цонхны дулаалга, резин зэрэг нэмэлт матераилын үнийг нэмсэн дүнгээр нийт 45,444,500 төгрөг төлсөн байх тул ажил гүйцэтгэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагч гүйцэтгэсэн байна гэж үзэв.

 

Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардалга үндэслэлгүй байх тул түүнээс алданги тооцох үндэслэл үгүй болно.

 

Иймд хариуцагч Г.Эрдэнэцэцэгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 2,043,400 төгрөг, алданги 1,101,700 төгрөг нийт 3,065,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Актив хийц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Эрдэнэцэцэгээс 3,145,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Акитв хийц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Акитв хийц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,280  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР