| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1814004070265 |
| Дугаар | 2019/ДШМ/016 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2019/ДШМ/016
А.Хид холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч А.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул
Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/310 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын 05 дугаар эсэргүүцлээр А.Хид холбогдох эрүүгийн 1814004070265 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хорчин овогт А.Хэрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяагүй, урьд 2015 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 1 хоногийн баривчлах ялаар, 2016 оны 12 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2018 оны 10 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,
А.Х нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу унины модоор иргэн О.Оийн баруун нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах 3 дугаар халуун усны гадаа тавьсан байсан иргэн Т.Сийн мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Хид хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д, бусдын мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хорчин овогт Адьяадуламын Хийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хорчин овогт Адьяадуламын Хийг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар таван / 05 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан А.Хид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар таван / 05 / жилийн хугацаагаар оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг таван жил зургаан сарын / 05 жил 06 сар / хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан А.Хид таван жил зургаан сарын / 05 жил 06 сар / хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан А Хийн энэ хэргийн учир цагдан хоригдсон хорин дөрөв / 24 / хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.4, 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан А.Хид Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан долоон зуун хорин / 720 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг үндсэн ялыг эдэлж дууссаны дараа тусад нь өдөрт дөрвоос дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялтан А.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар ялтан А.Хээс зургаан сая хоёр зуун наян есөн мянга дөрвөн зуун дөчин 16289440 төгрөг гаргуулж хохирогч О.От 2019 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар энэ хэрэгт хохирогч О.О, Т С нарын бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нарт нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Х нь хохирогч Т.Сд төлөх төлбөргүй болохыг дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар гэрийн унины модыг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх унины модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдор болмогц эзэмшигч О.От буцаан олгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт ялтан А Хийн дөрвөн ханатай гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар ялтан А.Хид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Цогжавхлан 05 дугаар эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 310 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар шийдвэрлэнэ гэж заажээ.
Шүүгдэгч А.Хийн үйлдсэн гэмт хэрэг нь 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болох санкцтай тул хуульд зааснаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр байна.
Анхан шатны шүүхийн 310 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн /ЭХХШТХ-ийн 39.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчжээ.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор Д.Цогжавхлангийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;
Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Хийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, бусдын мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх А.Хид холбогдох хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Монгол улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр... шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, хэргийг шүүгч дангаар даргалж шийдвэрлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2018/ЕШЗ/396 тоот Ерөнхий шүүгчийн захирамж гаргаж албажуулжээ. /Хэргийн 186 дугаар тал/
Улмаар анхан шатны шүүхийн шүүгч хэргийг дангаар даргалан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан гэж үзэх үндэслэл болсон байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/310 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор Д.Цогжавхлангийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ЕШЗ/396 дугаар захирамжийг гаргахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг удирдлага болгох нь зүйтэй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/310 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Хид холбогдох эрүүгийн 1814004070265 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Хид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР
Б.БОЛОР-ЭРДЭНЭ