Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2014/0380

 

2014 оны 09 сарын 24 өдөр                    Дугаар 380                               Улаанбаатар хот

С.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 



Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Бийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2014 оны 01 сарын 16-ны өдөр аймгийн Байгаль орчны газрын даргын Б/05 тушаалаар ажлаас халагдсаН тул уг тушаалыг хүчингүй болгуулж, Говь-Алтай аймгийн Алтай сумын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...С.Б нь ажилд орсон цагаасаа үр дүнгийн гэрээг 2008, 2009 онд Э, 2010-2012 онд С, 2013 онд Р үнэлгээтэйгээр тус тус дүгнүүлж ажил үүргээ хангалтгүй биелүүлэн ажиллаж байсан. Мөн 2008 онд түүний харъяа, хөрш айлаас нь их хэмжээний тарвага агнасан зөрчил илэрсэн. Оршин суугаа багаасаа бусад багууд болон сумын төв рүү чиглэж ажилладаггүй, ажил хийснийг нотлох цагийн бүртгэл байдаггүй, мэдээ тайлангаа хугацаанд нь ирүүлдэггүй. 2013 оны үр дүнгийн гэрээгээ сумын Засаг даргаар дүгнүүлэлгүй, 34 ажлаас 12-ыг нь бичгээр оролдон ирүүлж, ингэхдээ 4-ийнх нь биелэлтийг огт бичээгүй байсан тул 9,58 хувиар Р үнэлгээгээр дүгнүүлсэн. Иймд Төрийн албаны зөвлөлийн тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д зааснаар төрийн албанаас халсан.” гэжээ.

 

 

 

 

 

 

 

Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.2.1 дэх хэсгийг баримтлан Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын даргын Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Бийг Алтай сумын байгаль хамгаалагчийн ажилд нь эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 24- ний өдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалинг бодож олгохыг аймгийн Байгаль орчны газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй ба Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн

  1. 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түшинг үнэлж дүгнэх журам", Байгууллагын дотоод журмын 5.15 болон 6.12 дахь заалтуудыг үндэслэл болгоогүй, нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын аман яриа болон үнэн эсэх нь тодорхой бус нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч талын гаргасан үнэн эсэх нь тодорхой бус нотлох баримтуудыг нягтлан нэмж тодруулга авах. Тухайлбал: нэхэмжлэгч нь 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ сумын Засаг даргаараа дүгнүүлснийхээ дараа манайд ирүүлэх ёстой байтал яагаад шууд ирүүлсэн, мөн зэргэлдээ айл нь тодорхой тооны тарвага агнасан нь нотлох баримтаар тогтоогдсон байхад яагаад хуулийн дагуу хариуцлага оногдуулж, арга хэмжээ аваагүй гэх мэтийг тодруулах шаардлагатай байна.

Тус газрын нэхэмжлэгчийн ажил үүргийн биелэлтийг дүгнэсэн байдлыг хууль бусаар дүгнэсэн гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийн 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг тухайн үед ажиллаж байсан Засаг даргаар нөхөн дүгнүүлж, түүнчлэн нэхэмжлэгчийг сайн ажиллаж, ажил үүргээ хангалттай биелүүлж байсан эсэх талаар нутгийн иргэд буюу төрийн үйлчилгээ авагч/хэрэглэгч/-ын үнэлгээг авч үзэх байсан.

Иймд Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

 

“Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг С.Б гаргажээ.

Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь “ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, хариуцсан нутагт нь удаа дараалан байгаль орчны хэрэг зөрчил гаргасан, оршин суугаа багаасаа бусад багуудад болон сумын төв рүү чиглэж огт ажилладаггүй, ажил хийснийг баримтжуулах цагийн бүртгэл, тайлан мэдээг хугацаанд нь удаа дараалан ирүүлээгүй” гэсэн шалтгаанаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэл болгон Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын Алтай сумын нутгийг хариуцсан байгаль хамгаалагч С.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь буруу юм.

Учир нь С.Б нь 2007 онд “О”, 2008 онд “0”, 2009 онд “С”, 2010 онд “С”, 2011 онд “С”, 2012 онд “С” буюу “хангалттай” гэсэн үнэлгээтэйгээр Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан түүний 2007-2012 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэсэн тухай илтгэх хуудас, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.7 дахь заалтыг зөрчиж Алтай сумын байгаль хамгаалагч С.Бийн 2013 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг “F” гэж үнэлж дүгнэсэн хариуцагчийн үйлдэл буруу болохыг, мөн Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар С.Бид сахилгын шийтгэл ногдуулсан хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар С.Бийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Б нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

 

Хариуцагч хэдийгээр “С.Бийн хөрш айлуудаас нь тодорхой тооны тарвага агнасан нь нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд уг үйлдэл нь байгаль хамгаалагчийн буруутай холбоотой” гэж маргаж, С.Бийг буруутгаж байгаа боловч хариуцагч өөрөө болон холбогдох байгууллагаас уг зөрчилд холбогдуулан Алтай сумын байгаль хамгаалагч С.Бийн ямар буруутай үйлдэл, үйл ажиллагаа байсан эсэхийг тогтоосон баримт байхгүй, мөн хариуцагчийн тайлбараас үзэхэд дээрх зөрчил нь 2008 онд гаргасан бөгөөд түүнээс хойш 6 жилийн дараа С.Бид хамааруулан сахилгын шийтгэл ногдуулах нь буруу юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.