Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0434

 

“Норбу” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Ц.Тогтохдалай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа, Н.Уранчимэг, хариуцагч З.Баяржаргал, Б.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Норбу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Баяржаргал, Б.Халиунаа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагадаа: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Баяржаргал, Б.Халиунаа нарын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 253858 дугаар актыг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Баяржаргал. Б.Халиунаа нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...”Норбу” ХХК-ийн 2008, 2009, 2010 2011, 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын улсын байцаагч З.Баяржаргал, Б.Халиунаа нар шалгалт хийж 500, 942,600.00 төгрөгийн зөрчилд татварын улсын байцаагчийн 253858 тоот актыг 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр бичсэн.

1. 2010 онд “Арга барил” компанитай хийсэн борлуулалтыг дутуу тайлагнасан 45,933,900.00 төгрөгийн зөрчилд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны орлого” 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг

2. 2010 онд “Арга барил” компанитай хийсэн борлуулалтыг дутуу тайлагнасан 45.933,900.00 төгрөгийн зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д /Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна/ гэж, мөн 8.1.1 /бараа, ажил, үйлчилгээг импортлосон буюу экспортлосон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт ногдуулна/ гэсэн заалтыг

3. 2011 онд 77,929,800.00 төгрөг, 2012 онд 18,545,300.00 төгрөг нийт 475,100.00 төгрөгийн зээлийн хүүгийн зардал нь холбоотой компанид хэрэглэсэн зээлийн хүүгийн зардлыг өөрийн үйл ажиллагааны зардал болгож, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д /энэ хуулийн 8.1.1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно/ гэсэн заалтыг

4. 2008 онд 167,923,100.00 төгрөг, 2009 онд 39,042,300.00 төгрөг, 2010 онд 41,649,100.00 төгрөг, 2011 онд 43,985,200.00 төгрөг, нийт 292,599,700.00 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтанд ногдох худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтаар хасч тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Үйлдвэрлэл, үилчилгээний зориулалтаар импортлосон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох уйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг хасч тооцно” гэж заасныг

5. 2012 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш газраас худалдаж авсан бараа материалыг “Хүслэнт хулан” ХХК-иас 10092772 тоот падаанаар 20,000,000.00 төгрөгийн бараа материалын худалдан авалт хийсэн гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т /худалдан авалт нь бэлтгэн [нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй/ гэсэн заалтуудыг зөрчсөн

Нэг. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74 1-т “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого. орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-т “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг үндэслэн:

А. 2010 оны аж ахуйн орлогын албан татвар ногдуулаагүй нь 45,933,900.00 төгрөгийн зөрчилд 4,593,400 төгрөгийн нөхөн татвар, 1,378,000,00 төгрөгийн торгууль, 2,296,700.00 төгрөгийн алданги ногдуулах.

Б. 2011 оны зээлийн хүүгийн зардлын 77,929,800.00 төгрөгийн зөрчилд 7,793,000 00 төгрөгийн нөхөн татвар, 2,337,900.00 төгрөгийн торгууль, 2,485,200 00 төгрөгийн алданги ногдуулах.

В. 2012 оны зээлийн хүүгийн зардлын 18,545,300 00 төгрөгийн зөрчлөөр тайлант оны алдагдлыг бууруулж 47,358,000.00 төгрөг болгох.

Г. 2008 онд нэмэгдсэн өртгийн худалдан авалтыг бууруулсан 167,923,100 00 төгрөгийн зөрчилд 16,792,300.00 төгрөгийн нөхөн татвар, 5,037,700.00 төгрөгийн торгууль, 8,396,200.00 төгрөгийн алданги ногдуулах.

Д. 2009 онд нэмэгдсэн өртгийн худалдан авалтыг бууруулсан 39,042,300.00 төгрөгийн зөрчилд 3,904,200.00 төгрөгийн нөхөн татвар, 1,171,300.00 төгрөгийн торгууль, 1,171,300.00 төгрөгийн торгууль, 1,952,100.00 төгрөгийн алданги ногдуулах.

Е. 2010 онд нэмэгдсэн өртгийн худалдан авалтыг бууруулсан 41,649,100.00 төгрөгийн зөрчилд 4,164,900.00 төгрөгийн нөхөн татвар, 1,249,500.00 төгрөгийн торгууль, 2,082,500.00 төгрөгийн алданги ногдуулах.

Ё. 2011 онд нэмэгдсэн өртгийн худалдан авалтыг бууруулсан 43,985,200.00 төгрөгийн зөрчилд 4,398,500.00 төгрөгийн нөхөн татвар, 1,319,600.00 төгрөгийн торгууль, 1,328,400.00 төгрөгийн алданги ногдуулах

Ж. 2012 онд “Хүслэнт хулан” ХХК-аас авсан 20,000,000 00 төгрөгийн зөрчилд 2,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 600,000.00 төгрөгийн торгууль, 169,200.00 төгрөгийн алданги ногдуулах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: 1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн 253858 тоот актаар тогтоосон төлбөрөөс багасгаж тооцсон төлбөрийн үлдэх хэсэг болох 7,793.0 мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх, 2,337.9 мянган төгрөгийн торгууль. 2,485.2 мянган төгрөгийн алданги, нийт 4,823.1 мянган төгрөгийн төлбөр тогтоосныг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг 253858 тоот актаар тогтоосон төлбөрөөс багасгаж тооцсон төлбөрийн үлдэх хэсэг болох 7 793.0 мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх, 2,337.9 мянган төгрөгийн торгууль, 2,485.2 мянган төгрөгийн алданги, нийт 4,823.1 мянган төгрөгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж, тухайн хэмжээний дүнгээр актын төлбөрийг багасгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “Татварын улсын байцаагч З.Баяржаргал, Э.Халиунаа нар “Норбу” ХХК-ны 2008-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 500,942,600,.00 төгрөгийн зөрчилд бичигдсэн улсын байцаагчийн 253858 дугаар актыг захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрт Санхүүгийн түрээсийн хүүд хамаарах нийт 292,599,700.00 төгрөгийн зөрчилд ногдох 29,259.9 төгрөгийн нөхөн татвар 8,778.1 мянган төгрөгийн торгууль, 13,759.2 мянган төгрөгийн алдангийг хуулийг буруу хэрэглэн хасч шийдвэрлэсэнд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх 13.5.7-д “...банкны болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ...” гэсэн заалтыг барьж шийдвэрлэсэн нь буруу юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх 14.7-д “...Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл үйлчилгээнд буюу ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно...” гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байсан.

2. “Хүслэнт хулан” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 20 сая төгрөгийн худалдан авалт хийсэн гэх зөрчлийн тухайд. Тус компанийн захирал Ш.Жаргалмаад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эцэслэн шийдвэрлэсэн ба хий бичилттэй падаан зардаг гэдгээ хүлээн зөвшөөрч өршөөлд хамрагдсан байдаг. Анхан шатны шүүх хэрэгт холбогдох нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн. Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг ба анхан шатны шүүх дээр гэрчээр дуудан мэдүүлэг авах талаар удаа дараа хэлсэн боловч шийдвэрлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Норбу” ХХК-аас “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Баяржаргал, Б.Халиунаа нарын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 253858 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан байна. Анхан шатны шүүхээс “Хүслэнт хулан” ХХК-аас худалдан авалт хийсэн хэсгийг хангаж, маргаан бүхий актын төлбөрөөс хасч шийдвэрлэсэнтэй холбоотой хариуцагчийн ““Хүслэнт хулан” ХХК-аас бодит худалдан авалт хийгээгүй” гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1–д “... энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох”-оор харин 14.3-т “... нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан байна. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, татвар төлөгчийн нэгэнт төсөвт төлсөн татварыг нийт төлөх татвараас хасах тухай зохицуулалт байх бөгөөд нэхэмжлэгч “Норбу” ХХК-ийн хувьд “Хүслэнт хулан” ХХК-аас худалдан авсан гэх 20 сая төгрөгийн гүйлгээнд ногдох 2 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлсөн гэдэг нь дараахь байдлаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд “Хүслэнт хулан” ХХК-аас 2012 оны 192772 тоот падаанаар 20,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж маргах боловч “Хүслэнт хулан” ХХК-ийн захирал Ш.Жаргалмаагийн “Хүслэнт хулан” ХХК-тай холбоотой падаан ашигласан бусад аж ахуй нэгжүүд бүгд хуурамч хий бичилттэй падаан, манайхаас худалдан авалт хийсэн гэж байгаа бол тэр худлаа” гэх яллагдагчаар байцаагдсан тэмдэглэлээр[1] үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч хуулийн этгээд мөнгө төлсөн гэх эсхүл “Хүслэнт хулан” ХХК-ийн борлуулалтын дэвтэр[2] гэх баримтад “Норбу” ХХК-д 20 сая төгрөг бараа борлуулсан гэж бичигдсэн нь барилгын материалын худалдаа эрхэлдэггүй, борлуулалт хийдэггүй “Хүслэнт хулан” ХХК-аас нэхэмжлэгч хуулийн этгээд 20 сая төгрөгийн худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварт 2 сая төгрөг төлсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй байна.

Анхан шатны шүүх гэрч Ц.Одхүүгийн “хувь хүмүүсээс арматур худалдаж авч байсан” гэх мэдүүлгийг “”Хүслэнт хулан” ХХК-аас арматур төмөр худалдан авч байсан”-ыг нотлох баримт мэтээр буруу үнэлсэн байна.

Дээрхээс үзэхэд “Хүслэнт хулан” ХХК-аас худалдан авалт бодит байдлаар хийгдээгүй гүйлгээнд төлсөн гэх дүнг үндэслэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлвөл зохих нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй байх тул “20,000,000 төгрөгийн зөрчилд ногдох 2,000,000 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин энэ зөрчилд ногдох 600,000 төгрөгийн торгууль, 169,200 төгрөгийн алдангийг энэ шийдвэрээр тогтоосон бусад зөрчилд ногдуулсан хариуцлагын адил үндэслэлээр чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсийн гэрээгээр борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэх зөрчлийн тухайд:

Хариуцагчаас санхүүгийн түрээсийн гэрээний 292,599,700төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг үндэслэлгүй бууруулсан гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.7-д “... санхүүгийн түрээсийн хүү төлөх үйлчилгээг” нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж заасанд нийцэхгүй байна.

Харин, энэ зөрчил гаргасан гэх үйл баримтууд нь 2008-2011 онуудад хамаарах буюу 2015 онд батлагдаж 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн хуулиас өмнө үүссэн харилцаа байхад анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийг хэрэглэсэн нь буруу байна.

Анхан шатны шүүх “Норбу” ХХК авсан зээлээ “Норбу Экьюпмэнт” ХХК-д шилжүүлж, ашиглуулсан тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан тохиолдолд зээлийн хүүг татвар ногдох орлогоос хасч тооцох талаар зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн түүнчлэн, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна.” гэж заасны дагуу “Норбу” ХХК-д татварын актаар тогтоогдсон зөрчилд ногдуулсан 2,937,900 төгрөгийн торгууль, 2,654,400 төгрөгийн алдангиас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.7, 14 дүгээр зүйлийн 14.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан “Норбу” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчдын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 253858 тоот актын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Санхүүгийн түрээсийн хүүтэй холбогдох хэсгийг зөрчилд тооцож 26,833,700 төгрөгийн нөхөн татвар, 8,050,100 төгрөгийн торгууль, 12,546,000 төгрөгийн алданги ногдуулсныг хүчингүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-ыг баримтлан 2,937.900 төгрөгийн торгууль, 2,654.400 төгрөгийн алданги, нийт 5,592.3 мянган төгрөгийн төлбөрийг өршөөж, 253858 тоот актаар тогтоосон төлбөрөөс нийт 53,022,100 төгрөгийг хасч багасгасугай.” гэж өөрчилж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                        ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                        ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ