Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/198

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0175/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Ш.Г- /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Малзан овогт Шилэгийн Галбаатарт холбогдох эрүүгийн 2018000000192 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш.Г 1963 оны 03 дугаар сарын 03-ны өдөр суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ноосны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Төмөр толгойн уурхай явах сайжруулсан авто зам дээр ***** улсын дугаартай “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а, 12 дугаар бүлгийн 12.3-т тус тус заасныг зөрчсний улмаас замын хөвөө хэсэг рүү машинтайгаа унаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Ш.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би Дархан-Уул аймгийн Хонгор сум руу ямаа самнахаар явж, ямаа самнах айлдаа очоод тэнд байсан хүмүүстэй цуг архи уусан. Тэгээд орой нь машинаа бариад буцаад Дархан явах замд том машин шахаад байхаар нь холдох санаатай дарахад замын хажуу руу унасан. Машин унасны дараа хажуудах хүндээ авч явсан архинаасаа 2 балгуулаад, өөрөө бас балгасан юм. Машин барихдаа бол архи уугаагүй. Машин унасны дараа л хажуудах хүнийхээ өвчнийг намдаах гэж архи уусан юм. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,           

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-7/,

-Шүүгдэгч Ш.Г-ын согтуурал 0.133 байсан болохыг тодорхойлсон тэмдэглэл /хэргийн 9/,

 

-Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г, Б хоёр манай Хонгорт байдаг айлд очиж хоёр хоног ямаа самнах ажил хийчихээд тэгээд буцахдаа манай гэрт ирэхээр нь би нэг хонь гаргаад хоол хийж дайлсан юм. Тэгсэн чинь тэр хоёр дэлгүүр яваад хоёр шил архи авч ирэхээр нь тэр авч ирсэн архийг нь бид гурав хувааж уугаад би нилээн согтоод орон дээр хэвтсэн чинь унтчихсан байсан. Намайг унтаж байгаад нэг сэрсэн чинь тэр хоёр явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,

 

-“Д.Б-ы биед сээр нурууны 12 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтлийн зэрэг болно. Д.Б-ы биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 20-21/,

 

-Хохирогч Д.Б-д эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хэргийн 22-23/,

 

-“...Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар 1700000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан /хэргийн 33-34/,

 

-“...Техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн стандартын шаардлага хангасан байна, осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна...

...ослын шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй.” гэх 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 008 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 39-42/,

 

-Зам тээврийн ослын бүдүүвч зураг, ослын газарт хийсэн тэмдэглэл /хэргийн 49-50/,

-“Ш.Г- нь ....ДАХ улсын дугаартай цэнхэр өнгийн “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а-д “жолоочид дараах зүйлийг хориглоно: согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.” гэх 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 51/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай нотлон тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ш.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Төмөр толгойн уурхай явах сайжруулсан авто зам дээр ...ДАХ улсын дугаартай “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас замын хөвөө хэсэг рүү машинтайгаа унаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Г-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Ш.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ы эрүүл мэндэд “сээр нурууны 12 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал” бүхий гэмтэл учирсан боловч хохирогч Д.Б- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 4 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан бөгөөд энэ нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч түүний хувийн байдлыг тогтооход харгалзан үзэх нөхцөл болно.

Шүүгдэгч Ш.Г- нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа байдал, ар гэр болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ш.Г-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, эрх хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ш.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.Г-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуугаар үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Ш.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн  хасаж, 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ш.Г-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Г-т анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ш.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Г-ын 1215910 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ш.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Я.ТУУЛ