Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 142/шш2017/01281

 

 

 

 

2017 оны 12 сарын 14 өдөр                    Дугаар 142/ШШ2017/01281                                       Орхон аймаг

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг ...... тоотод оршин суух Ч.Ш-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг .............. тоотод оршин суух Г.Г-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ш, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 2006 онд Гтай танилцаж 2008 онд охинтой болсон. Бид албан ёсны хурим найр хийгээгүй учир өөрсдийн гэсэн орон гэргүй болохоор хоёр талын аав ээжийнд амьдарч байсан. Энэ хугацаанд би өөрийн гэсэн гэр оронтой болохыг хүсч шаарддаг байсан боловч Г нь ямар ч амьдарлын идэвхигүй, гэр бүлээ тэжээх, өөрсдийн амьдралаа босгох чадваргүй байснаас бидний хооронд хэрүүл маргаан гарч, хөндийрч тусдаа амьдрахад хүрсэн. Аав ээж нь бид гурвыг үл тоон Ггийн дүү болох Мөнгөншагайг тусад нь гаргасан нь миний хувьд доромжлол болсон юм. Иймээс бид 2012 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд Г нь охинтойгоо утсаар ч ярьдаггүй, шинэ жил, төрсөн өдөр, хүүхдийн баяраар мэнд ч үгүй, бэлэг ч өгдөггүй. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд охиндоо ролк, цүнх, хичээлийн дэвтэр, подвалк, тирко, платье гэсэн зүйл л авч өгсөн. Энэ нь охиноо гэх сэтгэлгүй, арчаагүй, эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байгааг илтгэж байна. Иймд хууль журмын дагуу албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 2006 онд Штэй танилцаж 2008 онд охинтой болсон. Бид албан ёсны хурим найр хийгээгүй. Өөрсдийн хоёр талын аав ээжийнд амьдарч байсан нь үнэн. Энэ хугацаанд миний бие амьдралаа босгохын төлөө ажил төрөл хийж байсан. Гэвч энэ бүхнийг Ш ойлгоогүй. Бидний дунд хэрүүл маргаан гарч байсан. Бид 2012 оноос хойш одоо болтол тусдаа амьдарч байгаа нь үнэн. Энэ хугацаанд би охинтойгоо чадах чинээгээрээ тусалж байсан. Ажилгүй болоод, одоо хүртэл ажилгүй болоод шаардсан зүйлийг нь авч өгч чаддаггүй. Хааяа нэг уулздаг. Миний бие Шээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, хүүхэддээ тэтгэмж тогтоолгохыг зөвшөөрч байна” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ш нь Г.Гд холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ч.Ш, Г.Г нар нь 2006 онд танилцаж 2007 оны 08 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 07-нд охин Г.А төрсөн болох нь зохигчдын тайлбар, Г-1220 /0034289/ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-112/ 0133637/ дугаартай Г.Анударийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа, 2012 оноос хойш тусдаа амьдарсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ч.Ш, хариуцагч Г.Г нарын дундаас 2008 оны 01 дүгээр сарын 07-нд охин Г.А төрсөн бөгөөд хүүхдийн асрамжийг эхэд нь үлдээж, тэтгэлэг өгөхийг хариуцагч зөвшөөрсөн.

Иймд охин Г.А эх Ч.Шийн асрамжинд үлдээж, насанд хүртэл нь эцэг Г.Ггаар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 29 534 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Ч.Ш, Г.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 07-нд төрсөн охин Г.А эх Ч.Ш-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 07-нд төрсөн охин Г.А 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Г-гаас сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номинд даалгасугай.    

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 29 534 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА