Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/415

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0336/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн    Б.Хд холбогдох эрүүгийн 1818004310371 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,    Б.Х 1993  оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “******” компанид теллер ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны урд зам дээр ******улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч С.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны урд зам дээр****** улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч С.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

-Шүүгдэгч Б.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Од” цогцолбор сургуулиас хүүгээ аваад хуучин хорооллын 4, 5 дугаар байшин өнгөрөөд явж байхад баруун гар талаас хүүхэд шууд гарч ирж, тухайн хүүхдийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн. Хүүхдийг мөргөсөн даруй цагдаа болон эмнэлэг дуудаж үзүүлсэн бөгөөд хүүхдийг эмнэлэгт үзүүлэхэд эгэм нь хугарсан байна гэсэн. Хохирогчийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байна гээд эмчлүүлсэн. Ээжийнх нь хүсэлтээр 10 хоног хэвтүүлээд хэрэг болох бүх л зүйлийг боломжоороо авч өгч байсан. Тэгтэл хохирогчийн ээж фейсбүүк болон сошиал мэдээгээр буруу ташаа мэдээ гаргаж намайг гүтгэсэн. Үүнээс шалтгаалаад бидний харилцаанд асуудал үүссэн. Үүний дараагаар 300000 төгрөг, 400000 төгрөг, нийт 770000 төгрөгийг шилжүүлсэн. Миний хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр миний нэрийг болон машины дугаарыг гаргаж тавьсанд гомдолтой байна. Үүнээс болж гадуур хүмүүс гадуурхаж, хүүхдүүд хүртэл чулуу шидсэн. Би энэ үйлдлийг санаатай хийгээгүй санаандгүй үйлдсэн. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүүхдийн хонхны баяр тараад 17 цагийн орчим ирсэн. Манай ээж хэвтэрт байдаг болохоор ээжийнхээ эмийг өгчхөөд гэрээс гарч ирэх хооронд энэ хүүхэн манай хүүхдийг машинаараа дайрсан, хүүхэд цонхийсон байдалтай сууж байсан. “Манай хүүхдийг яагаад дайрсан юм бэ?” гэж хэлэхэд шүүгдэгч хүүхэд мөргөснөө ч мэдээгүй байж байсан бөгөөд тухайн үед шүүгдэгч юу ч болоогүй юм шиг цагдаа, эмнэлэг дуудсан байсан. Тухайн үед би яс хугарсан гэдгийг мэдээгүй бөгөөд эмнэлэг лаа хийгээд явуулсан. Лаа хийхээр хүүхдийн өвдөлт мэдрэгдэхгүй байсан ба лаа хийхгүй болохоор өвдөлтөө мэдэрч эхэлсэн. Ингээд манай хүүхдийн яс хугарсан байсан учир эмнэлэгт хэвтэж, ингэж хэвтэхдээ маш их өвдөлтийг мэдэрсэн. 10 хоног үнэхээр тарчилж том хүний дозоор тариулж байсан. Одоо миний хүүгийн гар нь зөрөөд эдгэсэн. Тэгтэл шүүгдэгч “танай хүүхэд яагаад эдгэхгүй байгаа юм бэ?, төрөлхийн гажигтай юм биш үү?” гэж хүртэл хэлсэн. Миний хүүхэд эв эрүүл байсан гэдгийг өрхийн эмнэлгээс хүртэл асууж болно. Би “мөнгө хэрэгтэй байна” гэхэд “мөнгө байхгүй, 400000 төгрөг аваад хэргээ хаалга” гэж хэлж дарамталсан. Би тухайн үед цагдааг солимоор байна гэж утсаар бичлэг хийсэн нь үнэн. Тэгээд тэр орой над руу утасдаад надад 400000 төгрөгийг шилжүүлсэн. Улсын эмнэлэгт үзүүлэхэд хүүхдийн эгэмний ясны хагалгаа хийхгүй гэсэн. Хувийн эмнэлэгт үзүүлэхэд танай хүүхдийн эгэмний яс бүүр зөрчихсөн байна, яаралтай хагалгаанд оруул, 6 сая төгрөгөөр хагалгаа хийнэ. Таны хүүхдийн эгэмний энд хавдах нь наад захын асуудал гэж хэлсэн. Тэгтэл шүүгдэгч намайг яадаг юм шүүхээрээ хохирлоо гаргуулаарай гэж хэлсэн. Би цаашид зүүн эгэмний мэс засалд оруулж хүүгийнхээ ясыг хуучных шигээ болгодоггүй юм аа гэхэд цаашид сөрөг зүйл байлгахгүй талаас нь хагалгаа хийлгэх зардалд 6 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-9/,

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хэргийн 10-11/,

-Зам тээврийн ослын талаархи бичлэгийг эд мөрийн баримтаар хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 15/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 18/,

-Насанд хүрээгүй хохирогч С.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би цэцэрлэгээсээ тараад гэртээ ороод гоё хувцсаа солиод гадаа гарч жаахан тоглох гээд гарсан. Гадаа гараад аниатайгаа байж байхад манай эгч рүү Удвал чулуу шидэх гээд байхаар нь гэр лүүгээ орж ээждээ хэлэх гээд гүйсэн чинь машин ирээд мөргөчихсөн.

...тэр машин хажуу талаас явж байсан. Цагаан өнгийн машин байсан.

...миний зүүн талаас мөргөсөн. Зүүн мөр, гэдсээр өвдөж байсан. Толгой өвдөж байсан.

...Одоо эм ууж байгаа, цэцэрлэгтээ явж байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24/,

-Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байхад хадам ээж Оюунчимэг утсаар яриад “Хулан хуучин хороололд машин жолоодож яваад урдуур нь хүүхэд гүйж ирээд мөргүүлсэн байна, ажлаасаа чөлөө аваад ирж чадах уу?” гэж асуусан. Би даргадаа болсон асуудлын талаар хэлж чөлөө аваад эхнэр дээрээ очсон. Намайг хуучин хорооллын 5 дугаар байрны гадаа ирэхэд эхнэр ганцаараа машиныхаа хажууд зогсож байсан. Би эхнэрээсээ юу болсон талаар асуухад “намайг машин жолоодоод явж байхад хажуу талаас хүүхэд гарч ирээд мөргүүлсэн” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 30/,

-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Дархан-Уул аймагт ээжийндээ ирчихсэн байсан бөгөөд хуучин хорооллын 5 дугаар байрны гадаах сааданд эхнэрийг дэлгүүр ороод ирэхийг нь хүлээгээд сууж байтал миний сууж байсан саадыг нэг хүүхэд тойроод гүйгээд байсан. Тэгж байгаад миний араар гүйгээд явсан бөгөөд пид хийх чимээ гарсан. Тэгэхээр нь эргээд харсан чинь намайг тойроод гүйгээд байсан хүүхэд цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн машин доогуур орсон байсан.

...тэр хүүхэд уйлаад мөрөө барьчихсан байсан. Яг яаж гэмтсэнийг нь би очиж хараагүй.’’ гэх мэдүүлэг /хэргийн 33/,

-Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Одоо он, сарыг нь санахгүй байна. Би байрныхаа орцны үүдэнд сууж байтал 4 дүгээр байрны тэндээс 1 цагаан өнгийн машин ирж явахыг харсан юм. Тэгээд хүүхэд уйлах чимээ гарахаар нь харахад нөгөө цагаан өнгийн машин 5 дугаар байрны 2 дугаар орцны харалдаа хүүхэд мөргөсөн байсан бөгөөд ухраад хүүхдийг доороосоо гаргаж байхыг би харсан юм. Тэгээд тэр машиныг ямар хурдтай явдаг байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /хэргийн 34/,

-“Зүүн мөрний үе орчимд болон хэвлийн баруун талаар зулгарсан шархтай, баруун гарын урд болон алганы дотор талд зулгарсан шархтай, зүүн эгэм орчимд зулгаралттай, бага зэрэг хавдсан байна.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 36/

-“С.А-гийн биед зүүн эгэм ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн ташаа, хэвлийн баруун өмнө, баруун гарын шуу, зүүн гарын бугалган дахь зулгаралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. *****д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 567 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 37/,

-Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар /хэргийн 40/,

-Өвчний түүхийн хуулбар /хэргийн 41-53/,

-ЭХО-д харуулсан зураг, хэвлийн хөндийн хэт авиан оношлогоо, КТ-н оношлогоо хийлгэсэн тухай баримтууд /хэргийн 56-60/,

-“С.А-гийн биед зүүн эгэм ясны хугарал, тархи доргилт, зүүн ташаа, хэвлий, баруун шуу, зүүн бугалгад зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд 2018 оны 5 дугаар сарын 23-ны хэрэг учрал болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна. Энэ нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн №3395 тоот өвчний түүх, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн цээжний рентген зэрэг эмнэлгийн бичиг баримтуудаар тогтоогдож байна. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Жишээ нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. №567 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хэвлийн хөндийн эрхтэнүүдэд гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 899 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 64-65/,

“******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Х нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16-р бүлэг 16.1, 5.30 тэмдгээр тэмдэглэсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

Насанд хүрээгүй явган зорчигч С.А / нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Харин асран хамгаалагч С.А-Гайнбилэг нь 3-р бүлэг 3.3-т “сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж /тэвэрч/ явна гэсэн заалтыг зөрчсөн.” гэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Үнэнболдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт /хэргийн 69/,

“Тоёота Приус-30 маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн боловч явган зорчигч С.А-гийн эх С.А-Гайнбилэг нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.4-т “Эцэг, эх асран хамгаалагч 10 хүртлэх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хэргийн газрын үзлэг дээрээс харахад Тоёота Приус-30 маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозны мөр үүсээгүй байх тул V= (254*St*P) Kэ=2 St*J*= томьёогоор бодож, уг автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. Тоёота Приус-30 маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1-т заасан заалт, явган зорчигч С.А-гийн эх С.А-Гайнбилэг нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.4-т заасан заалт зөрчсөн тул зам тээврийн осол гарсан. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Үнэнболдын гаргасан ослын дүгнэлт үндэслэлтэй боловч учир дутагдалтай байна.” гэх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Нармандах, зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Ганзориг, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Нямцогт нарын гаргасан 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт /хэргийн 74/,

-“Автотээврийн үндэсний төвийн Дархан салбарын техник оношлогооны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 78-81/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 121-124, 181-186,

-Хохирол төлбөр төлсөн тухай баримтууд /хэргийн 127-133, 180/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.А-гийн биед “зүүн эгэм ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн ташаа, хэвлийн баруун өмнө, баруун гарын шуу, зүүн гарын бугалган дахь зулгаралтууд” бүхий гэмтэл учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох баримтаа бүрдүүлж ирүүлсэн бөгөөд гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч нь нотлох баримтын хэмжээнд 770000 төгрөг бэлнээр төлж, 226220 төгрөг эмчилгээнд нь зарцуулсан гэж мэтгэлцэж байгаа бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь энэ талаар маргахгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч С.А-гийн хууль ёсны төлөөлөгч С.А мөрдөн байцаалтын шатанд эм тариа хэрэглэсэн, бариа засал хийлгэсэн, хот хооронд зорчсон, эмнэлэгт үзүүлсэн, үүдэл эсийн бүтээгдэхүүн авч хэрэглэсэн гэж 1732400 төгрөгийн, гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд хүүхдийнхээ дархлааг дэмжих зорилгоор үүдэл эсийн бүтээгдэхүүн авч хэрэглэсэн 1023660 төгрөг, хагалгаа хийлгэх 6 сая төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтуудаа шүүхэд ирүүлжээ.

Хууль ёсны төлөөлөгч С.А-с мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн 1732400 төгрөгийг шүүгдэгч Б.Х төлөх үндэстэй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд бэлэн төлсөн 770000 төгрөгийг хасаж, үлдэх 962400 төгрөгийг завсарлага авсан хугацаанд төлж барагдуулсан болох нь шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Харин 1023660 төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдан авагчаар ****** нэртэй хүн бүртгэгдсэн /хэргийн 186/, хагалгаа хийлгэх зардал нь 6 сая төгрөг болох талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байх тул 7023660 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны урд зам дээр****** улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан байгаа нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Б.Хд үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэснийг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Хг автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч    Б.Хд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Хд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Хд анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.3 дугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан 7023660 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй “Сиди”-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ