| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2016/0101/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2016-09-28 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, нарийн бичгийн дарга Б.Батбаяр, улсын яллагч Г.Цогтгэрэл, хохирогч Б.Оргил, шүүгдэгч Э.Зориг, шүүгдэгч Э.Очир, шүүгдэгч З.Дүгэржав, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг /ҮД:0542/, гэрч Г.Эрдэнэдугар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойрог 53 дугаар байр 6 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:УХ90051993/ Еншөөбуу овогт Энхтайваны Зориг,
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын харилцааны ажилтан мэргэжилтэй, “Бодь Даатгал” ХХК-ийн захирлын туслах, консулын ажилтан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 5дугаар байр 212 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:УХ90072938/ Дайртан овогт Энэбишийн Очир,
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “Голомт” банкны АТМ-ийн албаны мөнгө хураагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 5 дугаар байр 25 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:УУ91030833/ Боржигон овогт Зоригтбаатарын Дүгэржав нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021539 дугаартай 185/2016/0101/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Зориг, шүүгдэгч Э.Очир, шүүгдэгч З.Дүгэржав нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө бүлэглэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Чингисийн талбайн урд талд явган хүний зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Оргилыг үл ялих зүйлээр шалтаглан зодож доод эрүү ясанд хугарал, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Зоригийн: 2016 оны 05 дугаар сарын 19-нд миний төрсөн өдөр болж 3 найзтайгаа хамт “Мийтинг” бааранд орсон. Миний санаж байгаагаар Г.Эрдэнэдугарыг нэг залуу цохиж бааранд маргалдсан. Мөн баарны гадна үл ялиг маргалдсан. Тэгээд бид нар талбайн хойшоо такси барих гээд явж байхад Г.Эрдэнэдугарын хойноос маргалдсан залуус орилоод байсан. Тэгсэн Г.Эрдэнэдугар буцаж гүйж очоод Б.Оргилын цээжин хэсэгт жийгээд цаашаа зугтаасан. Г.Эрдэнэдугарын араас хүмүүс хөөхөөр нь бид 3 араас нь гүйхэд Г.Эрдэнэдугар зам гараад гүйчихсэн. Тэгэхэд Э.Очиртой Б.Оргил нь зууралдаж байхаар нь би очоод Б.Оргилын өгзөг хэсэг рүү хөлөөрөө жийгээд цаашаа зугтаж Г.Эрдэнэдугар дээр очиж цагдаа дуудаж цагдаа ирэхэд Г.Эрдэнэдугар бид хоёр очсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Очирын: 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Э.Зоригийн төрсөн өдрийг тэмдэглэх шалтгаанаар бид нар талбайн хажуу талын “Мийтинг” бааранд орсон. Бид бүжиглэж байтал Б.Оргилын найз гэх хар малгайтай цамцтай залуу Г.Эрдэнэдугарыг 2 удаа цохиж аваад маргалдсан. Тэгээд баарнаас гартал нөгөө маргалдсан залуу найзуудтайгаа гарч ирээд дахин маргаан болсон. Гэхдээ зодоон болоогүй. Тэгэхэд би Б.Оргилын найзад зодоон хэрэггүй хоёулаа найзуудаа аваад явъя гээд салж Б.Оргилын найзууд үлдээд бид талбайн урд талын автобусны зогсоол дээр ирсэн. Тэгээд тамхи татаад зогсож байтал бааранд маргалдсан 4 залуу ирээд Г.Эрдэнэдугар очоод жийсэн. Тэгснээ Г.Эрдэнэдугар цаашаа Централ Таурын зүг зугтаагаад хойноос нь 3 хүн хөөсөн болохоор би араас нь гүйж байгаад Б.Оргилтой таарч маргалдаж зодолдсон. Энэ үед З.Дүгэржав, Э.Зориг хоёр ирээд З.Дүгэржав нь Б.Оргилын куртикний хойд талаас толгой дээгүүр нь давуулж дараад 2-3 удаа өшиглөсөн. Харин би Б.Оргилыг 2-3 удаа цохисон.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Дүгэржавын: 2016 оны 05 дугаар сарын 20-нд бид нар найз Э.Зоригийн төрсөн өдрийг тэмдэглэж бааранд орсон. Бид бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Г.Эрдэнэдугарыг Б.Оргилын найз гэх залуу нударсан. Тэгсэн Г.Эрдэнэдугар “энд зай алга хөгшөөн жоохон цаашаа бүжиглэчих” гэхэд дахиж нударсан. Тэгээд Г.Эрдэнэдугар цааш нь түлхэхэд Б.Оргилын найз эргэж хараад Г.Эрдэнэдугарын нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэнд маргаан болж бид нарыг хамгаалагч салгаад баарны үүдэнд Г.Эрдэнэдугар куртикээ орхичихлоо гээд эргээд орох хооронд үүдэнд хүлээж байсан. Тэгэхэд Б.Оргилын найзууд бас байсан. Тэгээд Г.Эрдэнэдугар куртикээ аваад гарч ирэхэд Б.Оргилын найз гэх хар малгайтай цамцтай залуу дахин Г.Эрдэнэдугар руу дайрч маргаан болж хамгаалагч нар салгаад бид талбайн хойшоо явж байтал Б.Оргилын найзууд араас ирээд бид нарыг хөөгөөд зам гарч зугтсан. Харин Г.Эрдэнэдугар нь цаашаа Централ Таурын зүг зугтаж Б.Оргилын 3 найз араас нь хөөсөн байсан. Бид гурвын араас Б.Оргил гэх залуу ирсэн. Тэгээд бид гурав Б.Оргилыг маргаан үүсгэсэн залуу байна гээд нийлж зодсон. Ингэхдээ би Б.Оргилын куртикнээс дарж байгаад нүүр рүү нь хэд өшиглөөд нуруу, цээж рүү нь цохисон. Э.Очир нь Б.Оргилын толгойн дагз, эрүү, нүүр рүү нь гараараа цохисон. Харин Э.Зориг хамгийн сүүлд ирсэн. Мөн Б.Оргилын найзууд ирээд бид гурвыг салгахад Б.Оргилын шүд нь уначихлаа гээд амнаас нь цус гарч байсан. Тэгээд уг зодоон дууссан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оргилын: Би 2016 оны 5 сарын 19-ний өдөр найзуудтайгаа “Мийтинг” бааранд орж бүжиглэхээр гарсан. Бааранд 1 шил архи аваад ууж дуусаад сууж байтал манай найзыг зодчихлоо гээд ирсэн. Тэгсэн манай найз Чимэд-Очир асуудал гаргах хэрэггүй явъя гээд гарахад үүдэнд маргалдсан залуустай таарч маргалдсан. Тэгсэн манай найз Ууганбаатарыг буржгар үстэй өндөр залуу цохиод хамгаалагч нар салгасан. Тэгээд бид нар үлдээд тамхи татчихаад такси барих гээд алхахад маргалдсан залуустай таарч Ууганбаатар зодуулсан болохоор уураа барьж чадалгүй хэл амаар доромжилсон. Тухайн үед би хамгийн урд нь явж байтал буржгар үстэй залуу намайг жийгээд зугтаагаад явсан. Тэгсэн найз Чимэд-Очир нь Ууганбаатарыг зодсон учраас цагдаад барьж өгнө гээд араас нь хөөсөн. Тэгэхэд би араас нь хөөж байгаад замдаа зогссон боловч үлдсэн 3 залуу буюу шүүгдэгч нартай таарч зодолдож эхэлсэн. Тухайн үед намайг куртикээр толгой дээгүүр дарж тонгойсон байдалтай байсан. Тэгэхэд манай найз Тамир ирж салгасан. Тухайн үед амнаас цус гарч шүд уначихлаа гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход эрүү 2 хугарсан байсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Эрдэнэдугарын: Очир, Зориг, Дүгэржав бид 4 хамт бааранд ороод бүжиглэж байхад хохирогчийн найзтай анх би маргалдсан. Ингэхдээ бүжгийн талбайд тохойгоороо нэг цохисон. Тэгэхээр нь би зайгүй байна гэхэд дахин тохойгоороо цохисон. Тэгээд шууд намайг 2 удаа цохисон. Анх над руу дайрч дахин зодоон болж би зугтаагаад явсан. Намайг баарнаас хувцсаа аваад гарч ирэхэд намайг таниад над руу дайрч бариад ав, ална гэж байсан. Дахиад 2 хүн ирж намайг хэд хэдэн удаа цохисон. Хохирогчийн найзыг жийгээд гарлаа гэж бодсон боловч би Оргилыг жийсэн байсан. Намайг ирэхэд Оргилын амнаас цус гарч байсан. Тухайн үед би цагдаа дуудсан. Тухайн үед Зориг надад нөгөө 2 баригдсан юм шиг байна гээд бид хоёр хоёулаа очсон гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹7020 тоот:
2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/, албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /хх-97-100/, хохирлын баримтууд /хх-104-105/,
шүүгдэгч Э.Очирын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-61/, “Бодь Даатгал” ХХК-ийн тодорхойлолт /хх-62/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-91/,
шүүгдэгч Э.Зоригийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-86/, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-88/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-89/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93/,
шүүгдэгч З.Дүгэржавын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-67/, бакалаврын дипломын хуулбар /хх-68-69/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-96/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-70-71/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-73/, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалснаар тогтоогдон нотлогдов.
Шүүгдэгч Э.Зориг, шүүгдэгч Э.Очир, шүүгдэгч З.Дүгэржав нарыг бүлэглэн 2016 оны 5 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Чингисийн талбайн урд талд явган хүний зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Оргилыг үл ялих зүйлээр шалтаглан зодож доод эрүү ясанд хугарал, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Зориг, шүүгдэгч Э.Очир, шүүгдэгч З.Дүгэржав нар ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-91, 93, 96/ тус тус тогтоогдов.
Шүүгдэгч Э.Зориг, шүүгдэгч Э.Очир, шүүгдэгч З.Дүгэржав нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч Б.Оргил гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ илэрхийлсэн, гэм хорын хохирол арилсан зэрэг байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хуурцгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэв
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Энхтайваны Зориг, Энэбишийн Очир, Зоригтбаатарын Дүгэржав нарыг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Зориг, Э.Очир, З.Дүгэржав нарт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хуурцгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
5. Э.Зориг, Э.Очир, З.Дүгэржав нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Э.Зориг, Э.Очир, З.Дүгэржав нарт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тус тус тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс болон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Зориг, Э.Очир, З.Дүгэржав нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Зориг, Э.Очир, З.Дүгэржав нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ү.ТҮМЭНЖАРГАЛ