Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/017

 

Б.Тэд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* 

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Цогжавхлангийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 04 тоот эсэргүүцлээр Б.Тэд холбогдох эрүүгийн 1814003190269 дугаар хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овогт Б.Т, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүйулсаас авсан гавьяа шагналгүй, 2012 оны 4 дүгээр сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 16 жил хорих ял шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 27-нд эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Б.Т нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “******* *******” нэртэй жуулчны баазын гаднах талбайд 2018 оны 5 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн орчимд иргэн Д.Цийг чулуугаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Б.Тийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тийн өмнөх шийтгэх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 7 сар, 18 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил, 7 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Б.Тээс 11.277.986 төгрөг гаргуулж хохирогч Д.Цд 2019 оны 8 дугаар 15-ны дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Цийн эмчилгээний зардал нэхэмжилсэн бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсэний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт Б.Тийн S-6 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг гар утсыг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Б.Тэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Цогжавхлан 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №04 дүгээр эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар шийдвэрлэнэ гэж заажээ.

Шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болох санкцтай тул хуульд зааснаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр байна. Анхан шатны шүүхийн 315 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг ноцтой зөрчсөн.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

Хохирогч Д.Цийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч нь тухайн хэрэг учрал болох үед *******ад мөн зодуулсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны шатанд мэдүүлдэг. Иймд энэ нөхцөл байдлыг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.Т нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “******* *******” нэртэй жуулчны баазын гаднах талбайд Д.Цийн нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж түүний биед зүүн нүдний салт, эвэрлэгийн нэвтэрсэн шарх, нүдний агуулагдахууны гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алимны доргилт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зовхи, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан байхад Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгчийн 2018/ЕШЗ/435 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх, шүүх хуралдаан даргалагчаар тус шүүхийн шүүгчийг дангаар хэргийг хянан шийдэрлүүлэхээр томилсон нь буруу юм.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр заасан, тухайн үед тус шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан шүүгч хуулийн дээрх заалтад нийцээгүй хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн томилж, уг шүүх бүрэлдэхүүн томилсоны дагуу анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “...шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан...” гэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн тухайн хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй гэх дараах үндэслэлүүд тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Д.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...******* нь миний нүүр хамар, ам хэсэг рүү өшиглөсөн..., ...******* нь дахин ирээд миний гэдэс болон баруун хацар руу нэг, нэг удаа өшиглөсөн...” /хх-ийн 144-145 дугаар тал/ хэмээн мэдүүлсэн, мөн гэрч *******, ******* нарын хавтаст хэргийн 146-149 дүгээр талуудад өгсөн “...******* нь цээж хавьцаа нь 2 удаа өшиглөсөн...”, “...******* нь баруун эрүү хавьцаа нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн..., ...******* нь худлаа баашлаад байна гээд Д.Цийн бөгс рүү нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлгүүдээс үзвэл ******* нь хохирогчиийн биед гэмтэл учруулсан эсэх, ******* тухайн хэрэгт холбогдолтой эсэхийг нарийвчлан шалгаагүй,

Яллах дүгнэлтэд тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацааг зөрүүтэй буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийн тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Б.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Тэд холбогдох эрүүгийн 1814003190269 дугаартай хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, улсын яллагч Д.Цогжавхлангийн бичсэн 2019 оны 04 тоот эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хүлээн авч 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Тэд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

           ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                     М.МӨНХДАВАА