Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2017/02730

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.У-т холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч А.У, нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.У-тай 2000 онд танилцаж, хамтран амьдарсан. 2001 оны 7 дугаар сарын 31-нд охин Н.Цэлмүүн, 2003 оны 7 дугаар сарын 18-нд хүү Н.Тэлмүүн нар төрсөн. Бид 2008 оны 3 дугаар сарын 28-нд гэрлэлтээ батлуулсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2010 оноос тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд охин надтай, хүү аавтайгаа байсан. Миний нөхөр шизофрения өвчний улмаас эмнэлгийн хяналтад байдаг, хүүгээ аавтайгаа байх нь дээр гэж үзсэн, Охин одоо Солонгос улсад нөхрийн ээж Алимаатай байгаа, хүүгээ өөрийн асрамждаа авна. Хүү 2 жил сургууль завсардаад одоо Насан боловсролын төвд сурч байгаа. Иймд гэрлэлт цуцалж, хүү, охин 2-ыг миний асрамжид өгнө үү, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй, тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас авахгүй гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2000 онд танилцаж, 2 хүүхэдтэй болсон, миний хүүхдүүд мөн. 2008 онд гэрлэлтээ батлуулсан, 2010 оноос хойш тусдаа би хүүтэйгээ, Б.Н охинтойгоо амьдарсан. Би жилд нэг удаа Шархадны эмнэлэгт хэвтдэг, хүү миний 80 гарсан эмээ, өвөө 2-той хамт байдаг. Хүүгээ эхэд нь өгөхөд татгалзах зүйлгүй, гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хүүхдийн санал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь А.Ут холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Гэрлэгчид нь 2000 оноос хамтын амьдралаар амьдарч, тэдгээрийн дундаас 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр охин Н.Цэлмүүн, 2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Тэлмүүн нар төрсөн, 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон нь гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Шүүх гэрлэгчдэд эвлэрэх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч амжилтгүй болсон, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй гэж тайлбарласан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан байна.

 

Гэрлэгчид нь тусдаа амьдарсан үеэс хүү эцгийн асрамжид, охин эхийн асрамжид байсан боловч нэхэмжлэгч нь 2 хүүдийг өөрийн асрамжид авахыг хүссэн, хариуцагч нь хөдөлмөрийн 69 хувийн чадвар алдалттай байх бөгөөд асрамжийн талаар хүлээн зөвшөөрч маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2 хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар А.Уыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг Б.Н-д даалгав.

 

Нэхэмжлэгч нь хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгохгүй, тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүй гэж тайлбарласан, зохигч шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн хувьд маргаангүй гэснийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Н, А.У- нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.Цэлмүүн, 2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.Тэлмүүн нарыг эх Б.Н-ын асрамжид үлдээсүгэй.   

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар А.У-ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг Б.Н-д даалгасугай.

 

4. Нэхэмжлэгч нь тэтгэлэг тогтоолгохгүй, тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахгүй, зохигч шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ