| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0174/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/199 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0174/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Хохирогч Д.Э-,
Шүүгдэгч Ц.Л- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Хариад овогт Цэдэндамбын Лхамсүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018000000167 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 05 дугаар байрны Б-01 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Л- нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны оройны 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 05 дугаар байрны Б-01 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Д.Э-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн талын нэг хавирганы хугарал, цээжний зүүн хэсгийн цус хуралт, зүүн сарвууны гаднах зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Ц.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Бид хоёр гэр бүл болж амьдраад 30 жил гаран жил болж байна. Урьд өмнө нь гэр бүлийн явган хэрүүл маргаан гардаг байсан. Гэхдээ эхнэрийгээ цохиж зодож гэмтэл учруулж байгаагүй. Эхнэрийгээ цохиж зодож биед нь гэмтэл бэртэл учруулсандаа үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц.Л- бид хоёр 30 жил ханилсан. Тухайн үед би Ц.Л-гийн танилын дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан юм. Гэтэл дэлгүүрийн эзэн гэнэт лангуугаа зарна гэснээс болж бид хоорондоо маргалдсан. Тухайн үед хавирга хугарсныг нь би мэдээгүй юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эгчийгээ өвчин намдаах эм аваад ирээд гэсэн юм. Уул нь Ц.Л- надад эм, наалт авч өгсөн ч дууссан байсан юм. Эгчийг ирэхэд өөрт мэдэгдсэн зовиураа хэлээд түргэн дуудсан. Миний хувьд цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байхад ийм асуудал үүсчихсэн” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,
-Гэрч Д.П№ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн орчимд миний төрсөн дүү Д.Э- ирээд манай гэрт хоёр шил 0.5 граммын вино байсныг нэг шилийг нь задлаад ганцаараа уучхаад унтаад өгсөн байсан.
...би нөхөртөө 2020 оны 03 дугаар сарын 17-ны орой зодуулаад хавиргандаа гэмтэл авчихсан, өвдөөд байна, архи уухаар гайгүй байна гээд байсан.
...өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр над руу Энхтуяа залгаад “өвчин намдаах эм аваад ир” гэхээр нь эм аваад гэрт нь буюу Дархан сумын 4 дүгээр багийн 05 дугаар байрны Б-01 тоотод очиход амьсгалж чадахгүй өвчиндөө шаналаад байхаар нь би түргэн дуудаад үзүүлсэн. Эмч Д.Э-гийн зүүн талын хавиргыг үзчихээд “хавирга нь хугарсан байна, хэвтэн эмчлүүлээрэй” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7/,
-“Д.Э-гийн биед зүүн талын нэг хавирганы хугарал, цээжний зүүн хэсгийн цус хуралт, зүүн сарвууны гаднах зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Э-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 9-10/,
-Хохирогч Д.Э-д эмнэлгийн тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 11-12/,
-Аюулын зэргийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-34/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Ц.Л- нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны оройны 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 05 дугаар байрны Б-01 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Д.Э-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн талын нэг хавирганы хугарал, цээжний зүүн хэсгийн цус хуралт, зүүн сарвууны гаднах зулгаралт” бүхий хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч Д.Э-гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хөнгөн хохирол болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 9-10/ нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Л-, хохирогч Д.Э- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хавтаст хэргийн 28/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Ц.Л-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Д.Э- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Л-г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Л- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ц.Л- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.Л-д үүрэг болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Л-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Ц.Л 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Ц.Л-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.Л-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.Л-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ