Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000447 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 2-9-20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Налжирмаагийн Сүхбаатар,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******  нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-9-20 тоот хашаанд Эрүүгийн хуулийн 10.1 дүгзэр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.Батцацралын баруун хөл рүү нь хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь баруун шилбэний шаант ясны цуурал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь : Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-9-20 тоотод хамтран амьдрагч Д.Батцацралыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч*******ын ... 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр машины бензинээс болж нөхөр Сүхбаатартай хэрүүл маргаан хийсэн. Би түрүүлээд хашаа руугаа орох үед манай нөхөр миний араас баруун хөлрүү өшиглөсөн юм. Тэгээд хөл сонин болохоор нь би нөхөртөө чи миний хөлийг хугалчихлаа цагдаа дуудна гэхэд миний толгойруу гараараа 2 удаа цохичихоод яваад өгсөн ... ******* надаас уучлалт гуйж бид 2 хоорондоо эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-18/,

Гэрч Ч.Дэлгэрсайханы ... 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр******* нь хөл гэмтсэн гэхээр нь нөхрийн хамт гэрт нь очтол гэртээ хэвтэж байхаар нь гэрээс нь аваад эмнэлэг оруулж хөлийг нь гиписдүүлсэн.******* хэлэхдээ ******* араас өшиглөж хөл гэмтээлээ гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Шүүгдэгч *******ын ... 2020 оны 10 сарын 25-ны өдөр хөдөө яваад гэртээ ирж хоноод 2020 оны 10 сарын 26-ны өдөр эхнэрийн хамт Баян-Овоо сумын нутагт байх Цагаан цахирын уурхайд хүнтэй очиж уулзахаар явах гэж байхад машины бензин дууссан. Тэгээд тэрнээс болж эхнэр хэрүүл хийгээд үглээд намайг өшиглөж аваад байхаар нь би барьж аваад тонгорч унагаасан. Манай эхнэр Батцацрал унахдаа хашаан доторх явган хүний зам хэсэг дээр байсан цемент дээр хөлөөрөө унаж гэмтсэн. Би тэр үед эхнэрийнхээ хөлийг гэмтсэн гэж бодоогүй юун сүртэй юм гэж хэлчихээд гэрээсээ яваад 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хувцсаа солих гээд гэртээ очих үед эхнэр уурлаад цагдаа дуудсан. Өмнө нь 3 жилийн өмнө эхнэрээ зодож шүүхээс 7 хоног баривчлагдаж байсан. Өөрөөр зодож байгаагүй. Би эхнэрээсээ уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 сарын 11-ний өдрийн №636 дугаартай шинжээчийн ... Д.Батцацралын биед баруун шилбэний шаант ясны цуурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой ... гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Хохирогч******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 106 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн *******ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигон овогт Налжирмаагийн Сүхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА